Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн агуу нь хэмээн Ленин зүгээр ч нэг хэлээгүй байх. Киногоор дамжуулж нийгмийн сэтгэлгээг өөрчилж, түүхийг тархи оюунд урнаар сийлж, басхүү алив зүйлийг сурталчлан таниулах хамгийн шилэгдмэл арга учраас кино урлаг хэзээ ч тайзнаас бууж ирсэнгүй. Америк бол кино урлагийн амин сүнс, нийслэл нь болсон газар. Энд кино урлагаа дагаж Холливуд хэмээх энэ дэлхийн бүх хүн төрөлхтнөөс том оюуны болоод байлдан дагуулалт, гоо үзэсгэлэнгийн ертөнц бууриа засаад удаж буй. Холливудыг үзэх гэж хүн төрөлхтөн хошуурж, Холливудад хүлээн зөвшөөрөгдөх гэж киночид уралддаг билээ. Чухам кино урлагаараа дамжуулж Америкчууд энэ дэлхийд ноёрхлоо, идеалаа тогтоосон ч юм билүү. Чухам киногоороо дамжуулж тэд Бенз хамгийн тансаг хөлөг, виски хамгийн үнэтэй ундаа, Юлий Цезарь хамгийн гарамгай жанжин, Напалеон хамгийн баатарлаг хаан гэдгийг бидний тархи, зүрхэнд сийлж чадсан бус уу. Бусдаар өөрсдийнхөө ч түүхийг олигтой мэддэггүй Азийн монголчууд тэртээ Америк, Европын тэр их түүх, соёлыг хэрхэн таниж, мэдэх. Наад захын жишээ авъя л даа. Бидний ойрын хөрш Солонгос гэж улс байна. Талх шиг хийдэг савангийн дууриараа дамжуулж бидний монголчуудад бүр холын Америкт хүртэл хангүг соёлыг сурталчилж, нөлөөгөө баттай тогтоосоор байна. Зүгээр нэг савангийн дууриар шүү. Үсээ шарлуулж, этгээд сонин хувцаслаж эхэлсэн шинэ үеийнхэн зөвхөн солонгос киноноос суралцаж, хайр дурлалаа илэрхийлэхдээ хүртэл тэднийг дуурайдаг гэвэл та маргахгүй биз дээ. Үүнийг дагаад солонгост үйлдвэрлэсэн хувцас, солонгос хоол, солонгос эм тан, элдэв бүхэн хамгийн их гүйлгээтэй болж хувирна. Ер сурталчилгаа хийх шаардалагагүй. Урлаг, тэр дундаа киногоор дамжуулж аж үйлдвэрийн соёлын аттакыг ингэж л хийдэг. Ингэж их гүрнүүд өөрсдийгөө хүн төрөлхтөнд сурталчилж, түүнээс орж ирэх эдийн засгийн баялгаараа баян, тансаг амьдардаг. Солонгосын төр жилд тэдгээр савангийн дууриуддаа зориулж 9 тэрбумыг төсөвлөдөг гэсэн баримт бий. Америкийг бол ярих ч юм биш. Назарбаев хүртэл кино урлагаа төрийн ивээлд авчихсан дуулдана лээ. Саявтархан манай жүжигчид Казакстаны “Мянганы хөвгүүд” хэмээх кинонд тоглосныхоо төлөө, зүгээр нэг туслах дүр бүтээснийхээ төлөө 10 мянган доллар авсан гээд бөөн баяр ирсэн. Зүгээр нэг отог омгийн тухай өгүүлэх эл түүхэн кинондоо Казакстанчууд 12 сая доллар төсөвлөсөн гэдэг. Ингэсэнээрээ эдгээр гүрнүүд эдийн засгийн үр ашгаас гадна түүх, соёлоо хүн төрөлхтөнд үнэгүй, шахалтгүй сурталчилж, оюун санааны тусгаар тогтнолоо тунхаглаж байгаа хэрэг. Энэ бол урлагийн хамгийн гайхамшигтай тал нь.
Тэгвэл монголчууд бид энэ их аж үйлдвэржсэн соёлын аттак дунд хаахна нь юу бодож явна вэ? Манай кино урлагт хаашаа чиглэж байна вэ? Ямартай ч кино урлаг зах зээлийн ороо бусгаа үеэ даван туулж, сүүлийн үед киноны бизнес шоу бизнесийн ертөнцөд томоохон байр суурь эзлэх боллоо. Нэгэн үе хэрэггүй болчихсон байсан кино театрууд өглөө үдэшгүй олны хөл холхисон газруудын нэг болж. Олон арван кино дэлгэцэнд гарах оочер дугаараа хүлээгээд байж байдаг гэсэн. Харин тэрхүү оюун санааны тусгаар тогтнол, бусдын сэтгэлд, сэтгэлгээнд нөлөөлөх талаа хэр хэмжээнд биелүүлж байгаа юм бол доо?
Сүүлийн нэг жилд гарсан кинонуудыг аваад үзье л дээ. Өнгөрсөн намар нээлтээ хийсэн “Бодлын хулгайч”-ийн Монголын кино урлагт гарсан нэг дэвшил гэж онцгойлох нь зүй. Кино зохиол, хийж, өгүүлэмж, утга санаа, нөлөөлөх чадвар гээд бүх талаараа дэлхийн луглагаруудыг гүйцэхгүй ч манайдаа л социализмын үеэс хойш гарсан кино шиг анхны кино. Сэдэв нь түүхэн байсанд, гол баатар нь амьд байгаад, үйл явдал нь бидний үед хамрагдах учраас ийм амжилт үзүүлсэн байж ч болох. Кино зохиолыг бичсэн сэтгүүлч Д.Төрмөнх, найруулагчаар ажилласан Жанчивдорж агсаны хүү Сэнгэдорж, гол дүр Б.Амарсайхан нарыг энд магтахаас аргагүй. Ер нь сүүл үеийнхнээс Ж.Сэнгэдоржийн кинонууд арай нэг ялгараад байгааг ч дурдахгүй өнгөрч болохгүй.
Сар гаруйн өмнө нээлтээ хийсэн “Долоон бурхан харвадаггүй” кино байна. Ур хийц болоод зохиолын хувьд гойд юмгүй ч сэдэв нь яах аргагүй сонирхолтой. Нэн шинэ үеийн түүхийг уран сайхны аргаар харуулсан анхны кино. Маш гоё эхлэлтэй. Хэдийгээр нам, үзэл суртлын нөлөө орсон ч гэлээ олны хэсэг, Хиагтын тулаан зэргийг маш сайн харуулсан. Хөрөнгө мөнгө ч хаясан нь харагдаж байсан. Мэдээж намын захиалгын кино учраас зарим логикийн алдаа, үг хэллэгийн зөрүү байсан ч дараа өгүүлэх “Аравт”-ын дэргэд бол ёстой кино. Сэтгэл догдлуулах юм ч ихтэй. Ер нь аливаа киног үзсний дараа хүнд баяртай эсвэл гунигтай сэтгэгдэл үлдэх ёстой байдаг. Ухаарал өгөх ёстой байдаг. Ямар нэг утга санаа, үзэл бодол харуулах ёстой байдаг. Энэ талаасаа дажгүй.
Гэтэл хамгийн сүүлд “Аравт” хэмээх киног зорьж очиж үзлээ. Бараг энэ нийтлэлийг бичих шалтгаан нь ч энэ кино байсан гэж болно. Гурав, дөрвөн жилийн өмнөөс сүр бадруулан, дуулиан дэгдээсээр энэ кино сарын өмнө нээлтээ хийсэн билээ. “Гоёл” наадам үзэхээрээ нэг үгээ барж, дэмий нервтдэгсэн. Энэ удаад “Аравт”-ыг үзэж цаг гучин минут тэгтлээ бухимдлаа. Уг нь эзэн богд Чингисийн бий болгосон 13-р зууны цэргийн зохион байгуулалтын хамгийн шилэгдмэл хэлбэр аравтын тухай өгүүлэх юм. Даанч тэр гайхуулдаг, гайхамшигт аравтынх нь зорилго нь үнэн жуль, инээд хүрмээр. Шуудхан болоод товчхон хэлчихэд “Аравт” ердөө л урт хэмжээний мюзикл клип.
Зохиол ч байхгүй, диалог текст гэж бүр авах юмгүй. Эхлэл, өрнөл, зөрчил, зангилаа эцэст нь сэтгэл догдлуулах тэр л мэдрэмж. Аль нь ч байхгүй. Ядахдаа ямар ч престижгүй нь яана. Үнэхээр бусдын хийж бүтээснийг үгүйсгэж, муулах гэж байгаа юм биш л дээ. Төрсөн сэтгэгдэл л энэ.
Кино эхлэхэд Догшин ноён гэж нэг эр гарах юм. Төрийн шагналт Д.Сосорбарам тоглочихжээ. Мянганы ноён юм байх. Орд өргөө бүү хэл гэр орон ч үгүй хээрээр гэр хийдэг, хэцээр дэр хийдэг тэнэмэл ноён бололтой. Дахдаа аяны асар майхангүй нэг л их морин дэл дээр хийссэн догшин ноён цэргүүддээ л томроод байх. Кино дуусахад ч мөн хээр хэдэн цэргүүдэд томорсоор төгссөн. Өвөрмонголын 1-р дэсийн жүжигчин, Чингисийн дүрээрээ бидэнд танил Баасанжавын дэргэд манай Төрийн соёрхолтын жүжиглэлт, амны хайрцаг, ерөнхий дүр төрх өчүүхэн жуль харагдаж байсныг ч нуугаад яахав.
Догшин ноёноос хойш киноны үйл явдал 10 морьтой цэрэг давхиад л байхаар үргэлжилнэ. Ямар ч утга санаа, ач холбогдолгүй кадрууд мөн ч их гарах юм. Ядаж байхад хөгжим нь чихэнд чийртэйг хэлэх үү. Эхлэлээс төгсгөл хүртлээ хөгжим дүнгэнэсээр ямар юмных нь кайф бүү хэл нервтээд гарсан. Муу дээр муухай, муухай дээр улцан гэгч л энэ байх. Төгөлдөр хуурч Б.Чинбат “Аравт” түүхэн киноны хөгжим хийж байгаа гэж мөн л олон жил сүр бадруулсан. Үнэндээ энэ киногоо алаад хаячихаж гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хөгжмийн зохиолчтой кино гэхээрээ эхлэлээс төгсгөл хүртлээ хөгжимтэй байх ёстой мэтээр ойлгосон юм уу даа. Уг нь кинонд хөгжим зөвхөн чимэглэх үүрэгтэйгээр ордог, сэтгэлзүйн драмтай хэсэг дээр эгшиглэдэг, айдас, баяр хөөр эсвэл дотоод сэтгэлийн гунигийг диалоггүйгээр илэрхийлэх үүрэгтэй гэдгийг захын хүн мэддэг баймаар. Гэтэл “Аравт” яана гээч. Эх хэлээрээ үзэж байж юу гэчив, юу гээд хэлчив гэсээр байж дуусах.
Кинонд ямар ч гол дүр, туслах дүр байхгүй. Бүгд гол дүр эсвэл бүгд туслах дүр. Арван морьтой цэрэг давхиж, дайтсаар эцэс сүүлдээ зургаа нь үлдэнэ. Тэдний зорилго нь их инээдтэй. Чингис хааныг эмчлэх өвгөн оточийг залж авчрах үндсэн даалгавартай. Тэр даалгавараа ч биелүүлсэн юмгүй давхисаар, цавчилдсаар дуусна. Ямар ч өрнөл, зөрчил, зангилаа байхгүй. Дүрийн шугам гэж байхгүй. Хайр дурлал, зорилго, тэмцэл, амлалт байхгүй. Амарсайхан Ганцэцэгт дурлаад ч байгаа юм уу, үгүй ч юм уу, тун ч учир битүүлэг. /Киноных нь нэрийг сайн сонсож, тогтоож чадаагүй учраас жүжигчдээр нь л нэрлэж үлдсэн/.
Бүр престиж ч үгүй гэдэг нь энэ кинонд ердөө 2 эмэгтэй дүр байгаа юм л даа. Өвгөн оточийн охин буюу драмын залуу жүжигчин Д.Ганцэцэг, аравтын нэг, нусгай, уйлхай баатар Алтаншагайгийн ээж нэг нас тогтсон бүсгүй хоёр. Тэр Д.Ганцэцэгийн өмссөн хувцас, нүүр амаа будсан байдал, үс гэзэг гэж хэлэх ч юм алга. Нэг нэвсгэр хүрэн дээл, үсний ядмаг гоёлтой залуу бүсгүй. Г.Алтаншагайгийн ээж, зүүдэнд орохдоо эрүү өвдөг нь нийлсэн үү гэмээр хижээл насны эмэгтэй хүүгийнхээ араас сүү өргөсөөр гарлаа. Манайхан яагаад дандаа ээж гэхээр үс гэзэг нь өрвийж арвайсан, эрүү өвдөг нь нийлсэн, хир дагтай дээлтэй, хачин царай муутай эмэгтэйчүүдийг гаргаж, өөрсдийгөө доош хийж сурталчидаг байнаа хэмээн бухимдтал их өөр учир шалтгаантай юм гэнэ. Тэрхүү сүү өргөсөөр үлдсэн ээжийн дүрд Өвөрмонголын баян бизнесмэн эмэгтэй тоглохын тулд хэдэн арван сая төгрөгийг уг кинонд хандивласан юм байх. Ер нь энэ кино тэрбумаар боссон юм гэнэ лээ. Мөн ч их мөнгө шүү. Хаашаа хайлж, урсаад орчихсон мөнгө юм бүү мэд. Хятадын 1-р дэсийн жүжигчин Баасанжавт тийм ихийг төлсөн юм болов уу. Баасанжав гэснээс энэ киноны ганц гялбаа нь энэ жүжигчин эр. Үнэхээр их гүрний шороон түмэн амьтдаас шилэгдэж, ялгарч 1-р дэсийн жүжигчин буюу манайхаар Төрийн шагналт жүжигчний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг үнэхээр зүгээр ч нэг гавьяа зүтгэл биш гэдэг нь харагдаж байсан.
Нэг иймэрхүү бухимдал дүүрэн кино үзсэнээ уншигчидтайгаа хуваалцахад ийм байна. Дараа нь киноны багийг сураглахад “Монголфильм”-ийн Д.Золбаярын кино гэнэ. Монголын толгой, том найруулагчдын нэг хэмээн энэ эрхмийг манайхан үнэлдэг юм байна. Цагдаагийн сургууль дүүргэж, хожмоо киноны сургууль төгссөн товариш гэнэ. Хэдэн жилийн дуулиан шуугианы дараа ёстой үхэхийн даваан дээр дэлгэцэнд гарсан “Үхэж үл болно, Чингис хаан”-ы 1-р найруулагчаар ажилласан юм байна. Мөн л тэрбумаар боссон энэ кино тарьсан дуулиан, зарцуулсан мөнгөндөө дүйцэхүйц дориун бүтээл болж чадаагүйг бид мэдэх билээ. Үүнд нөхөр Д.Золбаяр багагүй үүрэг, роль гүйцэтгэсэн гэнэ лээ. Цаашаа лавшруулаад судалсан чинь өвөл Өргөөд кино үзэх гэж очоод зорьсон киноны суудал дүүрснээс сонголтгүй болж “Учиртай гурван толгой” гэж нэг кино үзсэн юм. Бүр хөх инээд хүрмээр, хөнгөн чанарын клип шиг кино байсан. Тухайн үед хэний бүтээл болох талаар ч төдийлөн сонирхоогүй. Гэтэл энэ киноны эзэн нь бас л өнөөх Д.Золбаяр гэнэ. “Монгол контент”-оос 130 сая төгрөг гаргуулж аваад салхинд хийсгэж орхисон нь дээрх “Учиртай гурван толгой”. Ингээд бодохоор энэ эрхэм авьяасгүй ч гэлээ их сайн ярьж, өөрийгөө пиардаж чаддаг толгой бололтой. Бас л ховор чанар л даа. Түүнээс найруулагч Д.Золбаяр гэж хэлэхээр, үнэлэхээр зүйл кинонуудад нь лав байхгүй байна лээ.
Эцэст нь өгүүлэхэд энэхүү нийтлэлийг хэн нэгний хийж бүтээснийг үгүйсгэж, доромжлох гэж бичсэнгүй. Гагцүү бодит үнэнийг өөрийнхөө хэмжээнд бичсэн минь энэ. Кино шүүмжлэгч биш ч гэлээ сэтгүүлчийн нүдэнд, бодолд орж ирсэн зүйлс. Чухамдаа ийм гашуун болоод хатуу үнэнийг бид хайр найргүй бичиж, ярьж хэлж байж Монголын кино урлаг, ер юм бүхэн хөгжих учиртай гэж бодсны үүднээс үүнийг бичиглэлээ. “Аравт” киноныхон энэ бүтээлээ хийх гэж өч төчнөөн цаг хугацаа, оюун бодол, хүч чадлаа шавхсан байх л даа. Хоёр улс дамнан хэдэн жил зураг авч, тэр олон мянган киноны кадрыг эвлүүлж, цаг гучин минутын дүрс гаргаж авах л зөвхөн хичнээн хөлс, хөдөлмөр урсгадагийг гадарлах учраас үүнийг зориглож хийсэн сэтгэл, хөдөлмөрийг тань үнэлж байна, эрхэм уран бүтээлчид ээ.
"Гранд" сэтгүүл №21
Сэтгэгдэл (7)