“Гэгээн Муза”-тай үдэш

Салхи салхилсан тэр нэгэн өвөл гэдэг шиг хүйтэн салхитай, намар ч юм шиг хавар ч юм шиг орой театр, урлагийн их наадам “Гэгээн Муза XI” удаагийн ёслол эхлэхээр тайз юугаа зэхжээ. Хэзээний цахимжсан манай жүжигчид уран бүтээлийн өлгий УДЭТ-аасаа гарахын өмнө хувь хувьдаа патериа дарж фэйсбүүк рүүгээ шэйр хийсэн байлаа. Ерөнхийдөө хэн ямар хувцастай очих нь вэ, ямар дүрд нэр дэвшив гэдгийг мэдээллийн хэрэгсэл рүү шагайгаагүй ч “нүүр ном”-ын буянаар мэдчихсэн л юм даа.

Монголд ер нь цагтаа эхэлдэг арга хэмжээ “NО” шүү дээ. Осолдохгүй галт тэрэг цагтаа явж, кино цагтаа эхэлдэг гэж байгаа. Театрынхан чинь харин хүнд суртал багатай хүмүүс байх чинь. Товлосон цагаас нэг цагийн дараа улаан хивснээ даашинз юугаа намирууланхан алхаж эхлэв. Их хотын зүрх болсон Чингисийн талбайгаар жүжигчид алхаж СТӨ рүү орно гэхээр нь янз бүрээр л төсөөлсөн байв. Талбайгаа бүтэн тойрох юмуу, эсвэл яах бол гэж асуултын тэмдэг гозойгоостой. Талбайн нэг буланд сүр муутайхан шамбааралдаж гурвалжин хэлбэр үүсгэж алхаад байгаа бололтой СТӨ рүү орж байлаа. Нөгөө ганган жүжигчид маань зам гарах гээд, талбайн хажуу талаар машинууд давхилдаад бужигнасан л юм болов.

Энэ удаагийн улаан хивсний эзэд ихэвчлэн 30 орчим болон, 30-аас дээш насны хүмүүс болохоор улаан хивсэнд хэдэнтээ морилсон гэсэндээ намбалагхан алхаж, алдаа мадаг бага байлаа шүү. Харин нэг л зүйл үнэхээр дутаж байлаа, үзэгчид. Хошин шогийнхны улаан хивс болоход сэтгүүлч, зурагчид дотогшоо нэвтрэх бүү хэл ажлаа ч хийх боломжгүй үзэгчид шавж байв. Бүр дайрч алах нь ээ, алах нь.

Харин театрынхан угийн төлөв хүмүүс тул тэгтлээ сүр дуулиан болохыг хүссэнгүй юу. Эсвэл тооны олонд биш чанар чухал гэж үзсэн ч байж мэднэ. Хамтдаа зургаа авахуулах, хөл тавихгүй бүчих мэтийн сүртэй үйлдэлгүй цөөн тооны үзэгчидтэй СТӨ рүү орж явав. Гэхдээ л олон үзэгчтэй байвал ГОЁ. Маркетинг тал дээрээ нэг юм бодно байгаа, музачид аа!

Шагнал эзэндээ саадгүй хүрэв

Аливаа томоохон наадмын шүүлт асар чухал. Тэр дундаа драмын урлагт арын хаалга гэж угаас байдаггүй бололтой. Хэн хийсэн, хэн бүтээсэн, хэн хөдөлмөрлөсөн, хэн чадсан нь шагналын эзэн болно. Энэ жилийн хувьд хэд хэдэн онцлогтой. Хөдөө орон нутгийнхан тэр дундаа Сүхбаатарчууд дөрвөн Муза шагналыг гардсан бол үүд хаалгаа нээгээд төд удаагүй “Black box” театрынхан олз омог арвин байлаа. Ялангуяа нэг хүний жүжгийн төрөлд эрэгтэй, эмэгтэй хоёр жүжигчин нь тэргүүлэв. Харин С.Мягмар өөрөө шилдэг тайзны зураач шагналын эзэн боллоо. Тэд өрсөлдөөн ширүүсэж байгааг, шинэ өнгө төрх, хүчтэй баг драмын төрөлд орж ирснийг ийнхүү Гэгээн Музагийн тайзнаа омог бардам тунхаглав. Мундаг юмаа, “Black Box”-чид.

Хүүхдийн, дуулалт, ганц хүний жүжгийн төрлүүдийг олон нийт төдийлөн сонирхохгүй. Тэгтлээ зорьж үздэггүй болохоор энэ төрлүүд цочир сонин сонсогдож шагналтнуудыг таньж ядан байв. Харин хамгийн их догдлол, хүлээлт драмын жүжгийн төрөлд байлаа.

Шилдэг эмэгтэй гол дүрийн эзнээр МУГЖ И.Одончимэг тодорч үзэгчид ч мэдэж байсан мэт халуун алга ташилт харамгүй хайрлав. Алаг нүдэн Одноо ногоон өнгөөр гоёж, хацраа хонхойлгон инээмсэглэж дэгжин өндөр өсгийт дээр гунхахад харсан болгон хөөрхөн, сайхныг нь гайхаж байлаа. Түүний даруулсан зураг болгон гоё гарч гэрэл зургийн хальснаа үлдэв. Яагаад ч юм нэг тийм гэгэлгэн гэрэл цацарсан сайхан мэдрэмж тэр үзэгчдэд өгч байв. Харин шагнал гардахдаа “Миний амьдралын ачааны талыг үүрч явдаг ...” гэхээр нь нөхрийгөө хэлэх юм болов уу гэтэл “Ээждээ баярлалаа” гэж байна. Одноо угийн гэр бүлсэг, ээж гэхээр амиа тавьдаг хүн л дээ. Хаа ч хэзээ ч ээжийгээ ярьсан, асгартал уйлдаг эрх багийн мэдрэмж нь зүрхэнд нь хадаатай бүсгүй. Ямартай ч цасан хатан гэдэг шиг Одноо энэ үдшийн ногоон сарнай байлаа.

“Хорвоод ердөө хоёрхон найруулагч байдаг нэг нь Баатар нөгөө нь бусад. Хорвоод ердөө хоёрхон жүжигчин байдаг нэг нь би нөгөө нь бусад” гэж МУГЖ С.Жаргалсайхан омогшив. Тэр Кихот ноёны дүрээр энэхүү шагналын эзэн болсон. Аатай ч авьяастай ч сайхан ч жүжигчин түүний насыг хэн ч асууж зүрхлэхгүй. Хэзээний л ийм сайхан эр байсан хэвэндээ шүү. Ямартаа л ноолуурын рекламанд залуу модель бүсгүйтэй хослож байх вэ дээ. Өч төчнөөн модель залуус байхад гагц тэр сонгогддог гэхээр сайхан эр хүний хэмжүүрт одоо ч байсаар байгаагийн илрэл. Тэр баахан хэтрүүлчихэв үү гэсэн царайтай тайзнаас буусан ч үзэгчид, мэргэжил нэгтнүүд нь хэн нь ч хоолойдоо дургүй өнгө аяс гаргасангүй. Жагаа салбартаа Number One гэдэг нь баттай юмаа даа.

Мэдээж энэ мэтчилэн олон сайхан жүжигчид шагналаа хүртсэн. Жүжигчин Н.Сувд “Сэрүүн хасын нууц” жүжгийн дүрээрээ шилдэг туслах дүр, жүжигчин Б.Отгонбат “Норовын намтар” жүжгийн дүрээр мөн шилдэг туслах дүрийн шагнал хүртэв. Яагаад энэ хоёрыг онцлов гэвэл, хоёулаа театртаа удирдах албан тушаалтнууд шүү дээ. Дарга л болвол гэдсээ илээд тансаг хангамж эдэлж, гараа усанд дүрэхгүй шахам амьдардаг бусад салбартай харьцуулахад театр гэдэг үнэхээр өөр ертөнц юм. Б.Отгонбат шагнал гардах үеэрээ найруулагчдаа гоморхон “Би тоглож чадахгүй юм байна. Надаас ер нь юу хүсээд байгаа юм бэ” гэж хаалга саван гарч одсон дурсамжаа хуучлав. Гэхдээ тэр буцаад л орсон. Энэ дүр нь түүнийг өөрөөр нээсэн, жүжигчний хувьд асар их зүйл өгсөн бүтээл байлаа гэж тэр онцолсон. Дарга л гэхээр нэг бол зүгээр сууж эс бол баруун солгойгүй гол дүр бүтээнэ гэсэн ойлголт драмд байдаггүй юм байна, эрүүл тогтолцоо гэж энэ дээ.

Н.Сувд хэзээний олон нийтийн хамгийн хайртай, хамгийн хүндтэй, хамгийн дуртай дүр болоод хүн билээ. “Уралдаж сурсан хөгшин морь шиг уяа сойлгоо тааруулан та бүхэнтэй нэг гараан дээр нэр дэвшиж байгаадаа баяртай байна” гэж тэр онцлов. Урлагийн хүн байхын сайхан нь хэзээд алга ташилт нижигнэсэн тайзан дээрээ зогсож үзэгчидтэйгээ уулзаж байдагт оршдог биз. Авьяас тэтгэвэрт гардаггүй гэж энэ дээ.

Залуу шилдэг шагналтнууд олноор тодорч байна. “Би одоо театрын хаалгаар орох эрхтэй боллоо. Авлаа, чадлаа” гэж зарим нь дэвхэцнэ, зарим нь уйлна. Зарим нь хэчнээн жил энэ мөчийг мөрөөдсөн дурсамжаа хуваалцана. Харин зарим нэг нь “Гурван охиндоо гурван цомтой боллоо” гэж омогшино. Ийм л байна, чадаж байгаа юманд арга байхгүй шүү дээ.

Муза ба тайз

Шагнал гардуулах ёслолын дундуур сонгодог дууны аяз намуухан эгшиглэнэ. СТӨ-ний жихүүн жавар хормой хотоор сийгэж бүгд л чичрэх боловч тэр турьхан балетчид бүжихийг хараад дотор хургасан хүйт хийсэн одно. Даарахгүй байна аа, даараагүй шүү. Ардын урлагийн “Домог” хамтлаг, МУГЖ Б.Сарантуяа, поп дива С.Наран ... Ай даа, энэ чинь л “Гэгээн Муза”-гийн тайз шүү дээ. Харин тэр Б.Амархүү нэг л явсангүй. Яагаад энд ирэв ээ, нөгөө шүүгч чинь гэж бодсон чинь бас ч гэж драмын жүжгийн дууг дуулж байсан шүү дээ, цаадах чинь.

Сониноос, С.Өлзийхүүгийн охин байхгүй бол Муза болохгүй байж балрах вий дээ. Жилийн жилд тэр тайзнаа байх болж. Нэг л их улаан даашинз намируулсан, гунхсан бүсгүй шагнал гардуулах болгонд гарч ирж олны нүдийг хужирлана. Зарим үед дугтуй задлагсдыг хажуунаас нь нудчин гэнэтхэн цочоож орхино. Х.Баярмаа ерөнхийдөө тайзны зохион байгуулагч хийгээд байна уу даа. Гэхдээ жаахан болхи л юм.

Ядахад яасан ч тод царайтай юм тээр холоос нүүр нүд, хувирал нь мэлтийтэл нүдэн дээр унаж ирэх юм. Тэгэхэд хажуудах “жинхэнэ“ загвар өмсөгч нь түүний сүүдэрт дарагдаад юу ч харагдахгүй. Жижигхэн V хэлбэрийн нүүр тайзан дээр гоё уу, том бие том толгой юу гэдгийн ялгаа харагдах шиг боллоо. Ер нь бол тэгээд стандартаа л барьсан нь дээр байх даа.

Энэ удаагийн наадмын хөтлөгчөөр С.Чимгээ, Б.Батзаяа нар ажиллав. С.Чимгээ оросоор хүн ярьсан ч орчуулаад ямар ч алдаа мадаггүй хөтлөх нь аргагүй олон жилийн туршлага. Бүтэн дөрвөн цагийн турш ихэнх хугацааг тайзнаа өнгөрөөхдөө С.Чимгээ жишим ч хөдлөхгүй байгаа нь бас л тэвчээр. Тэнд сууж байгаа мань мэт хүртэл энэ хугацаанд нэг чичирж, нэг биеэ займчина янз бүр болж байхад С.Чимгээ яг л нэг поза авсан хэвэндээ шүү. Б.Батзаяагийн хувьд хөтлөлтөөрөө эрхгүй ялгарч байгаа эрэгтэй хөтлөгчдийн эгнээнд дээгүүрт бичигдэнэ. Микрофоноо юунд ч юм цохиж гэнэ гэнэ чих дөжрөм чимээ гаргадгийг эс тооцвол тэр дажгүй ээ, like!

“Гэгээн Муза XI” наадам ийнхүү болж өндөрлөв. Үзэх юмтай, шагнах уран бүтээлүүд нь ширүүн өрсөлдөөнтэй дахин шинийг хийх урам зоригтой үзэгчид ч уран бүтээлчид ч сэтгэл дүүрэн гарцгаав. Ирэх жилийн Муза юухан байхав, хүрээд л ирнэ.

У.ЦАХИРМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • Зочин
    Хөөе Баярмаа чи юундаа бухимдаад хэрүүл хийгээд байгаан.Энэ доорхи сэтгэгдэлүүдийг бүгдийг чи өөрөө л бичсэн байна ш дээ.Үнэн ш дээ.Дарвайтал будчихаад л эцэг эхийнхээ нэрийн дор юм юмны түрүүн гүйгээд байдаг чинь үнэн ш дээ.Монголын урлаг танай гэр бүлийн урлаг биш шүү дээ.Энэ эцэг эхийнхээ далбаан дор гарч ирж байгаа юу ч мэдэхгүй чадахгүй бацаанууд жаахан юм бодох хэрэгтэй дээ.Эцэг эх нь ч гэсэн.Юугаа ч мэдэхгүй шалдар бульдар хүүхдүүдээ өмнөө барьчихаад л юм юмны өмнүүр зүтгүүлээд л.Юманд чинь бас дэс дараа гэж нэг юм баймаар даа.
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • Setgvvlch guai
    UURUU YU BOLCHOOD YU BICHEED BGN. MANAI ZARIM SETGVVLCHIIN DIPLOMIIN GOL BOLSON NUHDVVD NEG L IH SHVVMJ MUNDAG BICHDEG AMITAN BOLOH GEED YDCHIHIINMAA UURUU ESTOI YU CH CHADAHGVI HVN L INGEJ BUSDIIN NER TURD HALDAJ MUULJ SUUDAG BIZ CHADWARTAI SETGVVLCH BOLCHOOD HUTSAJ BAI...SETGVVLCH GDG CHAM SHIG HOW JIW YRISAN DOLDOIG HELDEGGVI YM
    2014 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин
    өөрөө Баярмаагийн хаана ч хүрэхгүй юм байж яахаараа ингэж хүниий нялх амьтанг гоочодог бна аа. Урлагын царайтай хөөрхөн охин шүү дээ. Бас амьдрал дээр их даруухан айхан сэтгэлтэй цайлган охин гэж бусад жүжүигчид нь ярилцдаг гэсээн
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Гэгээн Муза сайхан болсон шүү баяр хүргье нийт уран бүтээлчдэдээ
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • Зочин
    Өө чи чинь эрэгтэй юм уу, эм нэрийн ард нуугдаж байхаар эр гэдгээрээ л байгаач
    2014 оны 05 сарын 20
  • Зочин
    өө эгч ш дээ хөгшөөн өөрөө нөгөө Х.Баярмаа юу их л уурлажээ дээ. Тэгээд тэрийгээ л гаргахгүй худлаа Чимгээгийн нэрийг барьж хүн хэрэлдүүлэх гээд. Ахын дүү дуугүй л юмаа унш, уншсан бол гар за
    2014 оны 05 сарын 20
  • Зочин
    Цахирмаа чи Чимгээгээс хэд эгч юм, Чимгээ Чимгээ гэж бичээд ах захаа мэдэхгүй юу. Зүгээр мандат аваад орсон бол чимээгүй л үзээд гарна биз. Хүний толгой том, царай тод байх чамд ер нь ямар хамаатай гэж??? Соёлтой, ёс суртахуунтай бай, Шүүмж гэж хүн доромжлохыг хэлдэггүй гэдгийг сайн санаж яв!!!!
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Өө чи чинь эрэгтэй юм уу, эм нэрийн ард нуугдаж байхаар эр гэдгээрээ л байгаач
      2014 оны 05 сарын 20
    • Зочин
      өө эгч ш дээ хөгшөөн өөрөө нөгөө Х.Баярмаа юу их л уурлажээ дээ. Тэгээд тэрийгээ л гаргахгүй худлаа Чимгээгийн нэрийг барьж хүн хэрэлдүүлэх гээд. Ахын дүү дуугүй л юмаа унш, уншсан бол гар за
      2014 оны 05 сарын 20
  • Зочин
    гоө болсон байна даа
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025