Миний шунал, хүсэл дууссан

Сонирхолтой, шогийн мэдрэмжтэй, баялаг дотоод ертөнцтэй, баггүй ярилцагчтай халуун дотно яриа өрнүүлэх нь сэтгүүлч мэргэжлийн нэг кайф байдаг. Тиймдээ ч би ярилцагчиддаа чамгүй амбицтай хандах гээд байдаг “муу зуршилтай”. Сонгуулиар өвчилж, улс төрийн тогоо улайссан энэ өдрүүдэд чухамдаа З.Алтай гишүүнтэй ярилцахаар зорьсон нь өнөө муу зуршилдаа хөтлөгдсөнийх.  

Өнгөрсөн сонгуулиар Цаг ирлээ хэмээсээр үүргэвчээ тайлж, УИХ-ын сэнтийд заларсан эрхэм гишүүн манай урдаа барих сэтгүүлчдийн нэг. Наяад оны сүүлээр Орост перестройка ид хүчээ авах үеэр цэл залуухан З.Алтай Үндэсний телевизээр “Цаг үе ба залуучууд” нэвтрүүлгийг экс ерөнхий сайд С.Баяртай хөтөлж, сэтгүүлчийнхээ орон зай, хувь хүнийхээ байр суурийг хүчтэй илэрхийлж эхлэв. Москвагийн Улсын их сургуулийг дүүргэсэн шавилхан хүү 70 жил үзэл суртлын зарчмаар явж ирсэн төр засгийн өмнөөс том дуугарч, шинэчлэгч, цогтой тэмцэгч гэдгийг анхлан илтгэсэн юм. Шогийн мэдрэмжтэй, инээж байгаад эвгүйхэн ёж үгээр ширүүхэн шүүмжилчихдэг эрхэм сэтгүүлч Монголын анхны хувийн ардчилсан телевизийн захирал. Монголын сэтгүүлзүйн ноён оргилуудын нэг Ц.Балдорж агсантай ажил мэргэжлийн төдийгүй эрийн ёсоор ойр дотно нөхөр явсан тэрээр 25-р суваг телевизийн тулгын чулууг тавьж, төдийгөөс өдий хүртэл авчрахдаа сэтгүүлзүйд олон шинэ жим татуулж, олон ч үр тариа тарьсныг бид мэднэ. Нэг л өдөр цаг ирснийг мэдэж, УИХ-д бие даан нэр дэвшиж, ялалт байгуулахдаа “Би мөнгө амалж чадахгүй. Харин УИХ-д болж байгаа үйл явдлыг л иргэддээ үнэнээр нь хэлж чадна” хэмээн зөвхөн З.Алтайгаас л гарч болох тэрсүүд гэмээр өвөрмөц пиар хийж, ялалт байгуулсан. Тиймээс эрхэм гишүүнээс тэр л үнэнийг асуумаар санагдлаа. Тиймдээ ч эхэндээ бид хоёр жаахан улстөржлөө. Мэдээж уламжлал ёсоороо эгэл амьдралын дотно яриа ярилцлагын маань гол цөм.

                Түүний тухай дахин хэдэн үгийг заавал дуулгахадаа угсаа гарлыг нь, өдий 54 наслахдаа хувийн амьдралдаа ч тэр өндөр ёс суртахуунтай хандаж ирсэн сайн хүн гэж онцолмоор санагдлаа. Тодруулбал, 20-р зууны их бичгийн хүмүүс, соён гэгээрүүлэгчид болох агуу их Мөрдэндэвийн Ядамсүрэн, Донровын Намдаг нар түүний хоёр талын өвөө. Уулын Зориг хэмээн олноо алдаршсан, М.Ядамсүрэнгийн төрсөн хүү,  спортын мастер эрхмийн ууган хүү З.Алтай насан багадаа ханилсан нэг гэргий, хоёр хүүхэдтэй. Түүний талаар өнөөг хүртэл нэг ч буруу, муу үг дуулдаж байгаагүй нь хувь хүнийх нь цэвэр ёс суртахуун, хүн чанарыг нь илтгэнэ.    

-Сонгуулийн халуун өдрүүд хаяанд ирчихсэн дээр дооргүй л бужигнаж байх шиг байна. Таньтай уг нь улс төр яримааргүй байвч цаг үе нь ярихаас өөр аргагүйд хүргэх  нь бололтой. Пиараа хэрхэн хийж байна?

-Би ч пиар хийхдээ маш муу, туршлага багатай хүн. Сонгууль болно гэдгийг мэдсээр байж олигтой ч юм бэлдэж амжсангүй өдий хүрчихлээ. Ямар сайндаа ганц нэг сонин гаргадаг юм уу, яаж гаргах уу,  хэнээр хийлгэх үү, хэзээ хийх үү, хэдэн төгрөг төлөх үү гээд бөөн асуудал дунд сууж байна. Гэтэл өрсөлдөгчид маань аль хэдийнэ малтийсан малтийсан, том том зураг хөрөгтэй сурталчилгаагаа өлгөөд, балбаад тавьчихсан, элдэв юмнуудаа тараагаад эхэлчихсэн байдаг. Их том зохион байгуулалттайгаар  нүсэр том хүчээр орж байна л даа.

Ер нь сонгуулийг манайхан их мөнгө төгрөгөөр, хүн хүчээр, том зардлаар нүсэр хийх гэж үзэх юм аа. Энэ их утга учиргүй олон зуун сая төгрөг гаргаж, Их хуралд  нэг суудал авахын төлөө ингэж үзэх яг зөв ч юм уу, буруу ч юм уу. Сонгогчид тэр эрээн мяраан хуудастай хуудасгүй 4 жилийн хугацаанд хэн, юу хийж байгааг хараад хэдийнэ сонголтоо сэтгэл зүрхэндээ хийчихсэн байгаа болов уу. Энэ 21 хоногийн дотор гэнэт гарч ирээд, сонгогчдын толгойг эргүүлээд, зүрхэнд нь сум шиг нэвтэрч орно гэдэг юу л бол. Мөнгөнд хууртдаг цаг ч өнгөрчихлөө.

Энэ яасан их мөнгө вэ? Ямар их үргүй зардал вэ?. Утга учиргүйгээр ингэж их хөрөнгө мөнгө зарна гэдэг хувь хүн талдаа ч,  нийгэмд ч хор хохиролтой. Хүний амьдралд хэрэгтэй юм энд нэг ч алга байна ш дээ. Тэр эрээн мяраан цааснууд чинь галд шатаад л алга болно. Орон сууцны айлд бол хог тарихын нэмэр.

Тэгтэл Монголд одоо дөрвөлжин төмөр рам шиг үнэтэй юм алга болчихож цаана чинь. Таван сая л гэх юм, 18 сая  л гэх юм. Юу гэсэн үг вэ?  Зүгээр л нэг угольник төмөр. Надад тийм их мөнгө байхгүй ээ. За байлгалаа гэхэд тэр төмөр рамууд чинь хэдийнэ эзэнтэй болчихож. Гэхдээ би нэг арга бодож олсон. Модны захаас прүс / мод/ худалдаж аваад, прүсээ хадаасаар хадаж зангидаад, айлын хашаанд ах аа, эгч ээ арван хоног тавьчихъя гэж хэдэн цаас өгөөд, тэнд хэдэн халтар зургаа өлгөе гэж бодож байна. Сонгуулийн дараа тэр прүс нь ядахдаа нөгөө айлдаа ч хэрэгтэй. Түрүүчийн сонгуулиар ч надад бас юм олдохгүй, “дугуй нөхнө” энэ тэр гэсэн вагончиг дээр зураг хөргөө өлгөж аргалсан. Тэглээ гээд муу юм алга. Хэн их мөнгөтэй, хэн гоё инээсэн том плакат өлгөдөг нь Их хуралд гарчихдаг бол, хамгийн томыг л  авахсан. Өнөөдрийн сонгогчид плакатанд хууртахаасаа өнгөрсөн л гэж би бодож байна.

-Өнгөрсөн сонгуулиар цаг ирлээ гэсээр та их улс төрд хаалга тогшилгүй орж ирсэн. Дөрвөн жил бие даагч төрийн түшээ байлаа. Гишүүн, улс төрч байх нь танд таалагдаж байна уу?

-УИХ-ын гишүүн байх  нь өөрөө том хариуцлага л даа. Ингэхэд энэ их утга учиргүй мөнгө зарж, үүнээс өөр амь  амьдрал байхгүй юм шиг улайран УИХ руу зүтгэдгийг би хувьдаа ойлгохгүй байгаа. Юу нь амттай байдаг юм? УИХ-д гарахаар  юу нь сайхан байдаг юм. Би лав УИХ-д орсноор миний амьдрал өөрчлөгдөөд, салахын аргагүй чихэр юм гэдгийг ер олж харсангүй. Ашигладаг, аймаар гоё шоколад болгодог улсуудад өөр байх л даа. Би хувьдаа төр түмний төлөө нэгийг бодож, нөгөөг санахдаа бухимдал төрүүлдэг асуудлуудын ганц, хоёрыг ч болов хэрэгжүүлчих юмсан гэсэн санаагаар улс төрд орсон. За яахав, болсон ч юм байна, болоогүй юм ч байна. Одоо ирж би нэг их уйдсан эсвэл гомдсон хүүхэд шиг одоо болъё, үзлээ, ханалаа, цадлаа, онцгүй юм байна гэж хэлмээргүй. Өнгөрсөн 4 жилд санаачилсан хуулиуд байна, батлуулсан нь байна, батлуулаагүй хэлэлцэгдэж байгаа нь байна, бас ирэх парламентад орчихвол өргөн барих хууль, шийдүүлэх асуудлууд ч байна. Энэ бүхнээ дахин нэг боломж олговол гүйцээе гэсэн санаа.

Ер нь улс төрөөр өвчилчихсөн, УИХ-ын гишүүний сэнтийд л суухгүй бол өөрийгөө хүн бишээр төсөөлдөг, улс төрөөс өөр ажил хийж өөрийгөө авч явах чадваргүй болчихсон, энд тэтгэвэрт гартлаа новшрох нэг муухай үзэл манайд байнаа. Би тэгж новшрохгүй. Нэг сонгогдсон, одоо нэг итгэл өгөөд гаргах юм бол эхлүүлсэн ажлаа дуусгачих юмсан гэж бодож байна. Хүн энд нэг насаараа сууна гэсэн асуудал байж болохгүй. “За нөхөр Алтай одоо болсон, үндсэндээ чамаас шинэ соргог юм гарахаа байлаа, цэнэг батерей чинь дуусах тийшээ хандаж байна” гэж дотор хүн маань надад хэлэх л юм бол тун удахгүй эндээс явна. Хүн өөрийгөө мэдэж, мэдрэх л хэрэгтэй байгаа юм.

-Намын гишүүн байх нь үзэл бодлоо илэрхийлэх эрх хаалттай, толгойгүй хоосон цээж, хөндий бие л явна гэж та хэлж байсан санагдах юм. Гэтэл сонгуулийн өмнөхөн ИЗНН-ыг сонгочихдог. Хоосон цээж, хөндий бие явахыг хүсээ юу?

-Би ИЗНН-д гишүүнээр элсээгүй. Намын дотоод ажилд оролцдоггүй. Оролцохыг ч хүсдэггүй. Цаашдаа ч би жирийн бие даасан иргэн Алтай гэдгээрээ энэ амьдралыг дуусгая гэж бодож байгаа. Яагаад энэ  намтай нөхөрлөх болов гэхээр ИЗНН-ын мөрийн хөтөлбөр дотор миний хэлдэг, ярьдаг, хүсдэг, мөрөөддөг, уурладаг, уцаарладаг олон зүйл багтсан байна. Тиймээс улс төрч нөхөдтэйгээ ярьж байгаад ирэх парламентад ядахдаа бүлэг болоод гараад ирвэл хэдүүлээ багийн тоглолт хийе гэж шийдээд, энэ сонгуулиар ИЗНН-аас нэр дэвшиж байна. Дөрвөн жилийн дараа би дахин шийдвэрээ гаргана.

Хүн энэ амьдралд өөрийнхөө үзэл бодлоор,  хэн нэгний захиргаадалтанд орохгүйгээр, хэн нэгний  шийдвэр дагалгүйгээр, бие дааж сонголт, шийдвэрээ гаргана гэдэг хамгийн том эрх чөлөө, хамгийн эрхэм үнэт зүйл шүү дээ. Үзэл бодлоо улс төрийн намуудад тушаадаг, намуудын дохио зангаагаар хөдөлдөг, өөртөө итгэлгүй, өрөөлийн заасан замаар явдаг иргэд байж болохгүй ш дээ. Дэлхийн аль ч улсад үндсэндээ манайх шиг ард иргэдийнх нь талаас илүү хувь нь энэ хэдэн намд гишүүнээр орчихсон ийм хөгийн тоглоомын улс орон байхгүй ш дээ. Энэ бол ичмээр үзэгдэл. Улс орны хөгжлийг ч ихээр хойш нь чангааж байгаа. Тийм учраас би намын хатуу  гишүүнчлэлгүй байх тухай хууль  өргөн барьчихсан байгаа. Ерөөсөө дэмий найз нараа, өөрөө өөртөө эзэн байя, сонгууль болмогц улс төрийн олон намуудаас аль бодит мөрийн хөтөлбөртэйг нь сонгож, дэмжээд сонгодог утгаар нь улс төр хийе гэж уриалж байна.

-Таныг уг нь АН-ыг сонгох байх гэж боддог байснаа нуух юун. Тэд таныг гомдоосон бололтой юм?

-Би өөрийгөө нэг их ардчилагч гэж цолломооргүй байна. Миний үзэл бодол тэгж  харагддаг байх л даа.

Намайг хэн гомдоохов дээ. Ардчилалынхнаас би юу ч гуйхав. Гэхдээ нэг сонин юм байдаг юм. Энэ хэдэн нөхдүүд л Монголд ардчилалыг аваад ирчихсэн юм шиг аашилдаг. Энэ чинь  Монголын нийт ард түмний хүсэл байсан болохоос хэн нэгэн хаа нэгтэйгээс аваад ирсэн юм биш шүү дээ. Ерэн оны тэр хувьсгал, хувьслыг хэн хийсэн юм. Ард түмэн хийсэн. Энэ ардчилал гэдгийг чинь өмчилж болдоггүй юм.

Аль 1986 оноос би “Цаг үе-залуучууд” нэвтрүүлгээрээ нэг намын тогтолцоо элдэв юмыг шүүмжилж, энэ хөгжлийн зам биш ээ гэж ярьж л байсан. Тэгвэл би өнөөх ардчилалын партизан энэ тэрээс чинь өмнөх партизан болж таарах нь ээ дээ. Гэтэл ардчилалыг өмчлөх эрх хэнд ч байдаггүй.

Ардчилал гэдэг энэ сайхан үгээр халхавч хийдэг АН, ардчилагчид гэж өөрийгөө цоллодог улсуудыг хараад байхад сонгуульд илүү суудал авахын төлөө улайран тэмцэхдээ хэнийг ч хамаагүй нэр дэвшүүлчихсэн явж байх юм. Та бүхэн харж байгаа ш дээ. Газрын хар авилгачин, наймаачин, луйварчин гээд цоллуулаад л шүүх цагдаагаар явж байдаг, говь нутгийг юутай хээтэй нь ганцаараа өмчлөөд, цөлмөөд хэдэн тэрбумаар нь халаасалчихсан улсууд өнөөдөр ардчилалынхны дунд орчихсон, ардчилалын төлөө тэмцэнэ гээд суудал аваад, дахиад нэр дэвшээд явж байгааг би яг юу гэж ойлгох вэ? Ард нийтээрээ тэр хүнийг луйварчин, хулгайч гэдгийг мэдэж байхад шүү. Ийм ардчилсан намыг юу гэж ойлгох юм. Зөв нам гэх үү, буруу нам гэх үү? Хариулт олох гээд үзье. Мөнгөнд идэгдчихсэн, юунаас ч буцахгүй олигархийн хар торон сүлжээнд өөрсдөө гүйгээд орчихсон хүмүүс  найз нөхөдөө гаргажээ л гэж харахаар байгаа юм. Хамт хувааж, хуйвалдаж идсэн нөхдүүдэд үзэл бодол бүү хэл сайн хүн, муу хүн гэдэг ойлголт байдаггүй юм байна. Хэн мөнгөтэй нь, хичнээн бохир аргаар ч бай мөнгө хийсэн л бол эрх мэдэлд хүрч, ардчилалын нэрийг бариад ард иргэдийн манлай толгойд суух боломж, нөхцлийг манай ардчилсан нам бий болгож байгаад би үнэнхүү гутаж байна.

-Ингэхэд улс төрийн үүсээд буй нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ? Төрийн түшээгээс гадна мэргэжлийн сэтгүүлчийн тань хувьд асууж байгаа юм шүү. Экс ерөнхийлөгч Н.Энхбаяр, дараа нь Ц.Нямдорж сайдыг огцруулах тухай асуудал гээд төрийн тогоо ёстой буцалж байна. Таны байр суурийг бүр шимтэн сонирхмоор санагдчихлаа.

-Би Ц.Элбэгдоржийг жаахан үнэлэх гээд байгаа. Үндсэндээ Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болсноор, АТГ-ын удирдлага шинэчлэгдсэнээр энэ нийгэмд бугшаад байсан хамгийн муухай булай юм авилгын эсрэг тэмцэл эрчимжиж байна. Өмнө нь бид нийтээрээ аль ч нам, хүчин хамаагүй идсэн уусан, авилга авсан, авилгачин гэдгийг мэддэг, бүр залхатлаа сонсож ирсэн. Гэхдээ хэн ч ял шийтгэл авах нь бүү хэл шалгагдаж байгаагүй. Ийм их бухимдал, дургүйцлийн үе байсаан. Гэтэл өнөөдөр бидний зүхээд, үзэн ядаад, хулгайч луйварчинг нь мэддэг улсуудыг эхнээсээ шүүрдээд, торны цаана суулгаж эхэллээ. Энэ бол маш сайн зүйл. Маш сайн зүйл. Энэ тэмцэл улам эрчээ аваасай гэж бодож байна. Баригдсан, торонд орсон том акулууд бол бие биенээ татан унагаж л таараа. Хэн хэнтэй яаж хуйвалдаж яаж идсэн ууснаа хэлж л таараа. Тийм учраас их олон улсуудыг торондоо бариасай, шүүгээсэй, энэ нийгэмд хэн нь хэн бэ, хэн байсан гэдгийг харуулаасай билээ гэж би бодож сууна. Одоогийн парламентад байгаа улс төрчдөөс ч гэсэн цөөнгүй улсууд энэ торон дотор шүүгдэж орно доо. Ард түмнийхээ төлөө нойр нь хүрч, хоол ордоггүй улс төрчдийн үнэн нүүр царайг арван хэдэн багийг нэг нэгээр нь ховх ховх татаж, харуулах хэрэгтэй.

 

Энэ баг хуулах ажиллагаанаасаа ноён ерөнхийлөгч битгий ухраасай билээ, битгий элдэв юманд автаасай билээ. Энэ эхлүүлсэн ажлаа та дуустал нь, ханатал нь, /ханагдахгүй л дээ гэхдээ/ сайн хийх юм бол таныг ирэх 2013 онд ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн дуу нэгтэйгээр дахин сонгох байх аа л гэж хэлмээр байна.

 

Энэ бүхний эцэст эзэнгүй юм шиг болчихсон байсан Монголын төр байдаг гэдгээ харуулж байна. Төр лүүгээ нулимдаг, төрдөө итгэл алдарсан нөхдүүд төр байдгийг харлаа гэж бодож байгаа шүү.  

Сайд Ц.Нямдоржийн тухайд миний хэлсэн үг Ц.Нямдоржийн асуудал яригдаж байсан учраас энэ хүнтэй холбож ойлгоод байгаа болохоос миний хэлсэн үгийн утга санаа ерөөс та нөхөд олон түмний сонголтыг үл хүндэллээ, нэг нь олонхи болоод, нөгөө нь сөрөг хүчин болоод төрөө төвшин амгалан, хяналттай захиргаатай аваад явдаг жамыг умартаж, нэг хөнжилд орсоон. Эцэст нь кабинетаасаа гарч явчихаад бие бие рүүгээ бухаж байдаг. Үүнийгээ болиод өгөөсэй, шударга байвал  шударга л байна  шүү, муухай зан битгий гаргаарай гэж хэлэх гэсэн санаа, ердөө.

-Таныг согтуу байсан гэж дайрсан..

-Улс төрд орсон, элдэв эрүүгийн хариуцлага хүлээж явсан хүмүүсийн муу арга тийм л байдаг. Юу ч гэж гүтгэнэ, гүжирдэнэ. Дараа нь юу ч болоогүй юм шиг явж байдаг улс манай  ангийн 76 хүүхдүүд дотор мэр сэр байгаад харамсдаг л юм. Яалтай ч билээ олон түмэн сонгосон улсыг юу ч гэхэв дээ.

-Хоёулаа улс төрийн сэдвээс хөндийрье. Таны удам судар, угсаа гарал оюуны элитүүд. Үүний гялбаа нь юу юм бол? Танд яаж мэдрэгддэг вэ?

-Би өвөөгийн энхрийлэл хайрыг үзэж чадаагүй хүн шүү дээ. Би байтугай аав маань ч эцгийнхээ хайр халамжийг үзэж чадсан юм уу даа. Нялх балчирт нь 33-хан настай аавыг нь төрийн эсрэг гэмт хэрэгтэн гэж буудаж алсан. Эмээ маань ч шорон оронд хоригдож явсан. Нөгөө өвөө ч бас 11 жил шоронд хоригдож зовж явлаа. Ер нь манайхан төрд өндөр хариуцлагатай алба хашиж, монгол төрийн төлөө чин шударгаар зүтгэж яваад хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүс л дээ. Хайран сайхан амьдрал. Монголын элит, сэхээтнүүд байсан уу гэвэл, байсан. Гадаад дотоодод их дээд сургууль төгссөн тэр үедээ л Монголд байсан цөөхөн хэдэн боловсролтой хүмүүсийн нэг шүү дээ. Гэхдээ хэн нь ч төрд буруу санаж, өс өвөрлөж яваагүйг хожим ч гэсэн нотолсон. Тэдний хойчис энэ төрд шударга үнэний төлөө дуугарах ёстой байсны жишээ нь би юм биз. Өвөө, эмээгээр энэ төрд зүтгэсэн манайхны тэмцэл болоод удам тасарч болохгүй ш дээ. Тасрах ч үгүй болов уу гэж боддог. Тиймдээ ч элдэв муу юманд хутгалдаж болохгүй, чин шударга явах ёстой, болохгүй зүйлийг хэлэх ёстой, энэ нь миний үүрэг гэж боддог. Тэглээ гээд амь насаараа дэнчин тавьж байсан хүмүүсийн дэргэд өнөө цагт намайг арай буудаад алчихгүй биз. Надад ухаан байдаг бол ухаанаа гарга, зориг, хүч чадал байдаг бол түүнийгээ харуул гэж өөртөө хатуу анхааруулж, үүрэг өгдөг нь удам судрын минь надад ирдэг гялбаа юм болов уу даа.

-Та тэгвэл хүүхдүүддээ юу үлдээнэ гэж боддог вэ?

-Юу ч үлдээхгүй. Ялангуяа хөрөнгө мөнгөний хувьд ёстой юу ч үлдээхгүй. Үлдээе гэсэн ч надад овойж оцойсон хөрөнгө мөнгө байх биш. Ер нь хүний бүтээсэн, хүний  асгарсан хөлсөөр амьдрах нь хүнийг хэн ч биш болгож орхидог аюултай эд. Тийм учраас тэр нөхдүүд өөрсдөө амьдралаа бий болгог. Өөрөө мөнгөө олог. Ядахдаа л олсон жаахан мөнгө нь асар үнэтэй, хамгийн хайран, хамгийн сайхан  мөнгө байх болно.

Бид гэр бүлийн хүрээнд нэг дээвэр дор аав ээж, хүүхдүүд гэж 20 гаран жил амьдарлаа. Энэ хугацаанд бид яаж амьдарсан, бидний үнэтэй зүйл юу байсан, алдаа оноо нь юу байсныг хажууд байсных эцэг эхийн хүмүүжил, ёс суртахуунаас тэртэй тэргүй авсан л байгаа. Дээр нь яншаад, загнаад, сургаад байх хүүхдэд төвөгтэй. Тэд өөрсдийнхөөрөө амьдарна.

-Таны гэргий ингэхэд эгэл даруухан бүсгүй байдаг. Гэргийтэйгээ хэрхэн танилцаж байсан, тэр бүсгүйн юу нь таны сэтгэлийг татаж байсан гээд залуу насны гэгээн өдрүүдээ бидэнтэй хуваалцаж болох уу?  

-Бид 2 танилцах гэж сүйд болоогүй ээ. Болзоо ч үгүй. Элдэв захиа занаа ч  бичсэнгүй. Гэргий маань манай 10-н жилийн ангийн хүүхэд. Ангийн олон сайхан охидын дотроос нүдэнд тусаад, сэтгэлд нэг юм үлдээгээд л. Олон жил хамт байсан учраас бие биенийхээ зан араншин, сайн муу талыг мэднэ. Тэгээд 2 биендээ аятай санагдаад л гэр бүл болсон юм байлгүй дээ. Залуу насны  гал халуун хайр дурлал гэдэг гал усанд ч орохоос буцахгүй, амьдралд ганцхан олдох нандин зүйл. Шатсан, хайрласан, дурласан тэр гоё мэдрэмжийг бид 2 залуу зандан насандаа мэдэрсэн. Маш хүчтэй маш сайхан байдаг юм байна лээ. Нэг л шатаад дуусдаг тийм сайхан юм. Олон хүн хайрлах гэдгийг мэдэхгүй. Одоогийн зарим үе тэнгийнхнээ харж байхад анхнаасаа ханилсан, нөхөрлөсөн, амьдралын зовлон жаргалаа хуваалцсан, үр хүүхэдтэй болсон амьдралаасаа уйдах, залхах, амьдралын ханийг гомдоох юм харагдах юм. Шинэ соргог, шинэ залуу 2 дахь амьдралыг хараад ойлгодоггүй. Ер нь амьдралд сонгосон ханиа халж солино гэдэг байж боломгүй хүнлэг бус явдал шүү дээ. Үлдэж байгаа хүнд ямар хэцүү, ямар гунигтай байх уу. Бүх насаараа гомдож, зовж, уйлна шүү дээ. Хэр хүн чанартай хүн бэ чи. Чи нэг бодоорой гэж хэлмээр байдаг. Амьдралд хөл олж ядан эхлүүлж байсан тэр амттай, сайхан он жилүүд, үр хүүхэд сэтгэлээс гарна гэж байхгүй шүү дээ.

-Ихэнх хүмүүс ийм байж чадахгүй юм байна шүү дээ. Энэ асуудал дээр хүний мөн чанарын тухай асуудал илүүтэй нөлөөтэй юм байна гэж гэнэт бодогдлоо доо. Таныхаар амьдрал дахь гуравдагч хүн, нууц амраг, ханиа халж солихын шалтгаан нь юу юм бол?

-Хувь хүний хүсэл сонирхол, үзэл бодол, шохоорхол гэж байдаг байлгүй дээ. Тэгж байгаа улсуудыг хамгийн муухай нь  гэж хэлж чадахгүй нь. Сэтгэлийнхээ дуудлагаар халах, солихыг өөрөө шийднэ. Эрхийн асуудал. Өөртөө зөв гэж бодоод тэр биз. 

Нөгөө талаас амьдрал их өргөн утга агуулгатай зүйл. Хүнд эрх чөлөө гэж байх ёстой. Сайн сайхан руу тэмүүлж байх эрхтэй. Харин нууц амраг байх уу, үгүй юу гэдгийн тухайд бас л хувь хүний шийдэх асуудал. Үнэхээр гоё сайхан байгаад сэтгэл татагдаад байвал нууц амрагтай болно л биз. Гэхдээ үр хүүхдээ өнчрүүлэн, өнчрүүлэн авгайгаа гомдоон гомдоон, хаян хаян дараагийн амьдралыг сонгоно гэдэг боломгүй л байгаа юм. Тэрний оронд хааяа нэг нууц амрагтайгаа уулзаад явна л биз. Хамаагүй дээр биз дээ.

-Нээрээ таныг элдэв хүүхэн шуухны асуудал эсвэл идэж уусан гэдэг үг яриатай хамт сонсож байсангүй. Өдий хүртэл нэр цэвэр, сэтгэл бардам зөв амьдарна гэдэг их хөдөлмөр өө.

-Саяын хэлдгээр өөртөө зорилго тавиад нэг л юмыг сайн хийчих. Ганцхан юмыг гайгүй сайн хийчихвэл улс орон мөн амар хөгжихсөн. Миний хувьд нэг жижиг телевизтэй болъё гэж бодсон. 25-р суваг телевизээ байгуулсан. Одоо охин аваад явж байна. Өөр надад амьдралаас, бурханаас гуйх илүү эд хөрөнгө, мөнгө зоос, байшин барилга алга. Ямар ч шунал байхгүй болчихлоо. Тэгэхээр би сэтгэл тайван, жаргалтай  хүн байхаас яах юм. Тэр муу муухай юм руу би орохгүй. Хүсэл, шунал  дуусчихсан.

-Тэр хүсэл шуналыг хүн оюун ухаанаар хязгаарлаж байх хэрэгтэй л дээ. Ингэхэд эдийн засгийн утгаараа та хэр баян хүн бэ? Эрээ цээргүй асууж байгаад уучлаарай.  Хөрөнгө орлогын мэдүүлгээ ил цагаан өгдөг болсон учраас ийн шулуухан асуучихлаа.

-Би ч эрээ цээргүй л ярьдаг хүн. Надад нуух юм байхгүй ээ. Пөөх энэ муу шаар чинь ямар их хөрөнгөтэй, хаана хэдийдээ байшин барилга хаустай болоод цодойчихов гэх юм надад байхгүй. Тийм хүмүүст л хамаатай асуудал байх.

Манайх нийтийн орон сууцанд амьдарч байна.Гурван өрөө байранд. Наддаа хангалттай. Гурав дахь өрөөндөө тоотой хэд ордог. Тэгээд гал тогоо, 00-ийн өрөө, нэг ор. Хүний амьдралд өөр юу хэрэгтэй юм. Заавал тийм өндөр хаус, олон өрөө тасалгаа. Гай л болно ш дээ.Бөөн зардал чирэгдэл. Илүүдээ гарсан мөнгө гэж хаа байсан юм. Нийтийн жишгээр амьдар л даа. Зуслангийн модон байшин байна. Арван хэдэн жилийн өмнө бариулсан. Нэг унадаг  машин байна. Телевизээсээ жилдээ жаахан  ногдол ашиг авдаг. Их мөнгөтэй хүмүүсийн дэргэд хуушуурын мөнгө, наддаа бол хангалттай их мөнгө. Байгаа хөрөнгө маань л энэ.

-Хайр гэж юу юм бол?

-Хайрын тодорхойлолтыг энэ дэлхий дээр ер хэн ч төгс хэлээгүй ш дээ. Хүн болгон өөрийнхөөрөө л ойлгож, мэдэрдэг зүйл. Их том философитой, агуулга өргөн цар хүрээтэй учраас хайрыг хоёр гуравхан үгээр хэлж илэрхийлж чадахгүй нь. Үндсэндээ ухаан хүрэхгүй л юм байна. Ухаантай хүмүүс л томьёолдог байх.

-54 нас гэдэг эр хүний хувьд ид нас. Энэ өндөрлөгөөс амьдралын утга учир, аз жаргалыг та юу гэж тунгааж байх юм?    

-Хүн энэ амьдралаас нэг их олон юм нэхэж, хүсэх хэрэггүй юм ш дээ. Нэгдүгээрт, өөрийгөө зовооно. Хоёрдугаарт, тэр их шунал тачаалдаа хөтлөгдөхдөө өрөөлийг зовооно. Хууль бус юм хийж эхэлнэ. Хүнээ байна. Их дэмий.

Амьдрал гэж юу юм, аз жаргал гэж юу юм. Хүслээрэээ тайван амьдрах. Та өөрийнхөө амьдралд хийж чадна гэж сэтгэлд буусан нэг л юмаа хийчих. Тэгээд л болоо. Чи хамгийн аз жаргалтай хүн болж хувирна. Өрөөлд гай болохгүй, өөрийнхөө хар толгойг аваад явчихвал чи улс орныхоо өмнө ямар их гавьяа байгуулж байна гээч. Хүнд өөр юм хэрэггүй ш дээ. 

Харж байхад өнөөгийн манай нийгэмд хүсээгүй байхад нь бурхан багш хүн бол гээд төрүүлчихсэн юм шиг улс их байнаа. Бүх юмыг бусдаас, засгаас нэхдэг. Ялархдаг, гомддог. Энэ ардчилсан нийгэмд хүн өөрөө зүтгээд хөлсөө гаргавал хагартлаа баяждаггүй юм гэхэд боломжийн сайхан амьдрах бололцоо бүрэн дүүрэн байна шүү дээ, уг нь.

-Гоо сайхны талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Гоо сайхныг мэдэрч, таашаал авах нь л чухал. Хүн ер нь амьдралаас гоё сайхан зүйлийг олж харж, мэдэрч, таашаал авч байх хэрэгтэй. Яасан сайхан барилга вэ? Ямар гоё машин бэ гэдэг ч юм уу. Энэ л чухал. Хүрээлэн байгаа орчноосоо сайн сайхныг нь мэдэрч, таашаал авч, жаргаж сурах хэрэгтэй. Тэр сайхан орчныг бүрдүүлсэн улсуудад талархаж сурах хэрэгтэй. Сайхан юмнуудыг манай бизнесийнхэн сайхан хийж байна. Харин түүнд бүү атаарх.  

Нэг сайхан юм байна. Манай монгол бүсгүйчүүд. Үнэхээр сайхан. Гоо сайхан гэж юу байдаг юм, бүгд монгол бүсгүйчүүдэд цогцолжээ. Олон ч газраар явлаа. Сайхан бүсгүйчүүд байна л даа. Гэхдээ манай бүсгүйчүүд бие хаа, алхаа гишгээ, юугаараа ч дагуулахгүй дээ. Ер нь европ тивийнх сайхан биетэй улс шүү дээ. Тиймээс би монгол эрчүүдийг их азтай улс гэж боддог. Бурхан багш бид бүхэнд гоо үзэсгэлэнг харамгүй хайрлаж. Харин гамтай эдлээрэй гэж хэлмээр байна /инээв/.

-Хүн бүрт эрхэмлэж нандигнах зүйл байдаг. Тэр нь таны хувьд юу юм бол?

-Өөрөө өөрийнхөөрөө байх,өөрийнхөөрөө амьдрах. Манай Хамба Чой, Гүндсамбуу гээд мундаг лам нар бид хэд нэг үеийнх л дээ. Би шашингүй хүн л дээ. Бид хэд хааяа ярьж суухад тэд чиний зөв чи шүтлэггүй бол түүгээрээ л яв гэдэг. Яагаад гэвэл чи өөрөө бурхан шүү дээ гэж байгаа юм. Би ч итгэдэг. Миний бурхан миний энд /духаа заав.сурв./ байгаа. Амьдрал сайн явах, муу явах, алдах онох, баярлах гомдох бүх зүйл зөвхөн чамаас шалтгаалан. Амьдрал чинь чиний гарт бий. Оюун ухаан чинь эрүүл, сэтгэл чинь зөв бол чи сайхан амьдарна. Хэнээс  ч, юу ч битгий асуу. Өөрийнхөөрөө амьдар. Чи зөв хүн бол чиний бурхан чамайг буруу тийшээ хөтлөхгүй. Миний бурхан лав намайг өдий хүртэл авч ирэхдээ муу байсангүй.Тиймээс би бурхандаа хайртай. Хүний энэ оюун ухаан гэдэг хамгийн эрхэм нандин зүйл юм.

-Та ч ихэнх хүмүүс атаархахаар амьдарч байна шүү. Шунал хүсэлгүй, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө. Сэтгэлгээний эрх чөлөөтэй байх, өөртөө үнэнч үлдэх...тэр бүр хүнд олддоггүй, тэр бүр хүмүүс эдэлж чаддаггүй аз жаргал. Нөгөө талаас улс төрд эрх чөлөөтэй тоглогч байхын тулд эдийн засгийн эрх чөлөөтэй байх ёстой гэж үзэх юм байна шүү дээ. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Би хэлсэн дээ. Нэгдүгээрт, би хүссэн зүйлээ чадан ядан хийчихсэн. Чадан ядан хөлсөө гоожуулж хийсэн юмнаасаа би жил тутам “хуушуурын мөнгө” авдаг гэж чамд хэлсэн. Тэр мөнгө миний амьдралд болж байна. Хэдийгээр бага ч гэлээ надад их амттай, хайр татам, гамнаж хэрэглэмээр мөнгө.

Бүх зүйл харьцангуй шүү дээ.Хангалттай гэж үзсэн хүнд 10 төгрөг хязгааргүй их баялаг. Хангалтгүй гэж үзвэл тэр 10 төгрөг юу ч бий. Би хувьдаа ханачихсан. Одоо надад амьдралаас, бурханаас гуйх юм алга. Энэ миний үнэн. Тэгэхээр би санхүүгийн хувьд ч бие даасан, хэнээс ч хараат бус эрх чөлөөт нэгэн мөн байгаа биз.

-Таны “Цаг үе-залуучууд” нэвтрүүлэг 2 тогтолцооны зааг дахь нийгмийг байлдан дагуулж байсныг олон хүн дурсах дуртай. Наяад оны сүүл үе. Харин зах зээлийн шуурганаар та юу хийж байсан бэ? Гахай зөөж, ганзага үүрч үзэв үү?

-Нэхийний ченж байсан. Тэр үед би Радио телевизийн улсын хороон дарга гээд сайд эрхтэй,  тусгай машин унадаг, гарын үсэг зурдаг, гадаад явдаг, хундага тулгадаг ажилтай байлаа.

-Хэдэн он бэ?

-1992 оны үе. Гэхдээ тэр амьдрал сайхан биш л дээ. Хийх олигтой ажилгүй хоног өдөр аргацаасан дарганцар байна гэдэг хөгийн амьдрал. Нэг л өдөр ажлаасаа гаръя гээд өргөдлөө бариад орсон. Гараад сарын дараа хойд зах дээр нэхийний ченж болсон. Нэхий бөөндлөө, тракторын сэлбэг, элдэв мэдэх мэдэхгүй зүйл наймаалцлаа. Орон сууцны паар, машины аккумлятор гээд хэдэн цаасны ашиг унагаж болох бүхий л ажлыг тэр үед ганцхан би ч биш манай 25-ыг үүсгэн байгуулсан Авирмэд, парик Жагаа, Жагай, Галсаа гээд бид бүгдээрээ зүтгэсэн дээ. Тэр чинь ер нь бүгд хар наймаачин болж хувирсан он жилүүд шүү дээ. Гэхдээ танил талаа ашиглаж банкнаас ахиухан зээл авч, зугтаж, бултсан юм байхгүй. Цэвэр хөдөлмөр, бор зүрхээрээ гахай үүрч, ганзага зөөж явсаар бусдын жишгээр хэдэн цаастай болсон. Түүгээрээ телевизээ байгуулсан. Тийм ч учраас би телевиздээ хайртай.  Яагаад гэвэл маш их хөдөлмөр хүч гаргаж байж олсон үнэхээр нэг хөлс үнэртсэн цэвэр мөнгөөр /бохир мөнгөөр биш/ бид энэ телевизийг байгуулсан юм. Энийг босгох гэж яаж явлаа даа гэж бодохоор л юм болгон нь хайр хүрдэг байхгүй юу.

-Та сэтгүүлч болоогүй бол өдийд хаана юу хийгээд явж байх байсан бол? Энэ талаар бодож үзсэн үү?

-Огт бодоогүй юм байна. Хүний хувь төөрөг шүү дээ. Хоёр өвөө маань хоёулаа зохиолч байсан учраас сэтгүүлч болно гэсэн хүсэл зориг надад лав байсангүй. Яахав ном унших дуртай л хүүхэд байсан. Үнэндээ тэр үед миний оноо ч хүрээгүй юм. Үнэнээ л хэлье. Сэтгүүлчдийн холбооны буянтай хэдэн хөгшин, хэдэн өвөөтэй гайгүй сайн танил, зохиол бүтээлийг нь гайгүй сайн мэддэг улс 2 өвгөн зохиолчийн үр удмаас нэгийг нь үзэг цаас нийлүүлдэг хүн болгочихвол яадаг юм бол дэмжсэн юм байлгүй. Намайг хойшоо сэтгүүлчийн сургуульд явуулсан. Тэнд очиж сурлаа. Учиргүй дуртай ч байгаагүй. Төгсч  ирээд ажил дээр гарсан. Бор зүрхээрээ сэтгүүлч болох гээд одоо хүртэл дөнгөн данган явж л байна. Сайн сэтгүүлч  болох болоогүй байна.

-Таны төгссөн сургууль хувь хүнд олгох боловсрол, төгсөгчид хийгээд нэр хүндээрээ алдартай. МГУ төгссөн гэвэл ярих юмгүй л гэж үздэг нь нууц биш. Ер нь боловсрол гэж юу юм бэ? Сайн хүн байхын төгс эхлэл байж чаддаг болов уу?

-Боловсрол чухал. Хүн болгон боловсролтой болохын төлөө хичээх ёстой. Гэхдээ Ломоносовын их сургуулийг төгссөн гэхээрээ аймшгийн мундаг лут амьтан болно гэж байхгүй. Суурь мэдлэг, цааш нь түүнийг яаж хөгжүүлэхэв, мэдээ мэдээллийг хэрхэн олж авч, боловсруулах вэ гэдэгт анхаарал тавих чухал. Боловсрол их өргөн утга агуулгатай. Дипломоор хэмжигдэхгүй. Дээд сургууль төгсөөгүй хэрнээ юун Харвард, яасан Ломоносовтой харьцуулахын аргагүй мундаг хүмүүс байна. Түүнийг боловсролгүй хүн гэх үү. Тэгэхээр их харьцангуй ойлголт байгаа биз.

-Ер нь оюутан он жилүүд танд юу өгсөн бэ?

-Бие дааж амьдрах, бие дааж шийдвэр гаргах, хариуцлага хүлээх, сурахын төлөө явах … олон зүйл өгсөн. Ээж аавын өврөөс  гараад явсан хүүхэд тэр хол газар очоод алдаж онох, ухаарах, эргэцүүлэх гээд амьдралын олон нугачаан дунд явж орсон. Их зүйл сурч, их зүйл авсан. Оюутан цаг гэдэг хүн бүрийн хувьд хамгийн гайхалтай сайхан он жилүүд шүү дээ. Тэндээс хайр дурлалтайгаа учирсан, тэнд анхны хүүхдээ тэвэрсэн гэр бүлийн хувьд ч сайхан дурсамжууд тэнд бий.  

-Таны хобби юу вэ?

-Ёстой хобби байхгүй ш дээ. Хобби гэвэл үүргэвчээ үүрээд дэлхий ертөнцөөр тэнэж,  танилцаж ухаанаа тэлэх юм уу даа. Өөрөө өөртөө хийж байгаа миний хөрөнгө оруулалт гэж би боддог юм. Хэцүү тэр чинь. Ядарна. Зурагтаар харахад их азтай, жаргалтай нөхөр гэж харагддаг юм шиг байгаа юм. Зарим нь дараа төрөлдөө Алтай шиг хүн болж төрнө гэлцдэг юм гэнэ лээ /инээв/.  Тэгж жаргахын тулд яаж их зүдэрнэ гээч. Зургаа өөрөө авна, ачаа бараагаа зөөнө. Мөнгө санхүү дулимагхан. Тэгсэн хэр нь гайгүй мэдээлэл өгчих санаатай. Гэхдээ биеийн хувьд ядардаг ч сэтгэл тархиныхаа хувьд асар их мэдээлэл дунд ордог нь жаргал юм.

Би боддог юм, манайхан мөнгө хураагаад л, шунал нь хөдөлж даврахдаа баахан дэмий хэрэггүй байшин барилга нэмж аваад л явах юм. Үүний оронд жаахан мөнгө байвал гадаад дотоодоор явж, нүд тайлж юм үзэх хэрэгтэй. Энэ бол таны өөрөө өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт, өөртөө өгч буй аз жаргал юм шүү. Эцэст нь та бурхан болохдоо харамсахгүй. Эх орноо үзчихлээ, амьдрал үзчихлээ. Эх дэлхийгээ үзчихлээ. Хорогдох зүйл байхгүй гээд явах газар руугаа явах хэрэгтэй. Энэ чинь амьдралын аз жаргал юм.

-Та эр хүний хувьд юугаар гангардаг вэ?

-Манайхны хошуураад байгаа тэр фирма гэдгийг чинь ойлгодоггүй нэг нөхөр таны өмнө сууж байна. Өөрт таалагдсан эвтэйхэн хувцас байвал тэрнийгээ өмсөөд явбал яасан юм. Аймаар том цаг зүүж, үнэтэй костюм өмсч, фирмадах нь миний сонирхол, кайф биш. Тэр хэдэн мянган долларын үнэтэй юмыг чинь насаараа өмсөх юм уу? Уйдаж үхнэ биз дээ.

Таньтай ярилцах оюун ухааны хувьд таашаалтай сайхан байлаа. Үнэн байсанд бас талархлаа. Таны улс төрийн үйл хэрэгт амжилт, амьдралд тань аз жаргал хүсье.

Ярилцсан М.УРАНЧИМЭГ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (133)

  • Зочин
    Яг зөв шүү !!!!
    2016 оны 10 сарын 20
  • Зочин
    Яг зөв шүү !!!!
    2016 оны 10 сарын 20
  • Зочин
    Яг зөв шүү !!!!
    2016 оны 10 сарын 20
  • Зочин
    тэгээд тэтгэвэртээ гараач. худлаа шаагаад л
    2016 оны 09 сарын 08 | Хариулах
  • zochin
    alban tushaal gorilj dahiad songuulid ursulduh ni altaa. odoo bnoo za... shal hudlaa gar
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • zochin
    ih hurliin gishuun bolohoorsso umnu ovoo duugarad shuumjleed bdag bsan.daraa ni ih hurald orood 4jilee duusgad gadaad ru elchin ruu tomilogdson.. tegeher ene hunii shuumjlel zugeer l uuriinhuu erh ashgiin tuluu ard tumnii neriig barij duugardag bsan ni oilgomjtoi. odoo chamaig hen ch songohgui ee. iim hudlaa garuud zuger l setguulchee hiighed yavj bai daa altaa mini
    2016 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Гишүүн байсым уу ёстой мэдээ ч гүй 4 жил болсым байна юу ч хийдгүй хуралдаа суудгүй л гар байж дээ одоо болноо боль!
    2016 оны 06 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Яг зөв шүү !!!!
      2016 оны 10 сарын 20
  • Зочин
    Шулал аа оффшоордоор хүслээ хүний газар гээгээд сууж байгаа юм биздээ...
    2016 оны 06 сарын 06 | Хариулах
    • Зочин
      Яг зөв шүү !!!!
      2016 оны 10 сарын 20
    • Зочин
      Яг зөв шүү !!!!
      2016 оны 10 сарын 20
  • Зочин
    АЛТАЙ гишүүн ахиад БЗД-ийн 4 дүгээр тойргоосоо нэр дэвшвэл ахиад л сонгоно. 2012 оны сонгуулиар миний таних, таилын хүхрээ, үг сольсон бүх хүмүүс л Алтайг дугуйлсан хэрнээ гарч ирээгүй болохоор битүүхэндээ гайхсан.
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Зочин
    ene ugaasaa hugiin buzar gar sh de swedees zailaach
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • зочин
    чи ч худалаадаааааааааа хөгийн гар
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • Зочин
    25tv iig oligarhyydiin tald vilchlvvlj edin zasgin alyrchdin gar hul blj bayjad hanacha yu 1byry zamaar yabbal hanahgvi nobch
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин
    25tv iig oligarhyydiin tald vilchlvvlj edin zasgin alyrchdin gar hul blj bayjad hanacha yu 1byry zamaar yabbal hanahgvi nobch
    2016 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин
    битгий атаарах энэ үгийг нь сайтар эрэгцүүл залуусаа Амьдрал сайн явах, муу явах, алдах онох, баярлах гомдох бүх зүйл зөвхөн чамаас шалтгаалан. Амьдрал чинь чиний гарт бий. Оюун ухаан чинь эрүүл, сэтгэл чинь зөв бол чи сайхан амьдарна. Хэнээс ч, юу ч битгий асуу. Өөрийнхөөрөө амьдар. Чи зөв хүн бол чиний бурхан чамайг буруу тийшээ хөтлөхгүй.
    2016 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин
    Алтайгийн шунал ДАЛД,НУУЦ үедээ орсон байх.КККК
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • ИРГЭН
    ШУДАРГА царайлаад ГАДААДАД ТОМИЛОЛТ АВААД НАМ ЖИМ БОЛОВ. БАС Л НЭГ ЮМНЫ БАРЬЦААНД ОРООД ДУГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛЖ ДЭЭ. ХӨӨРХИЙ ХҮН ГЭЖ ДЭЭ ШУЛАМ Л ЮМ ДАА
    2016 оны 02 сарын 15 | Хариулах
  • chalh doroi bol
    bugiin chiv idvel sainn gediish dee
    2016 оны 02 сарын 08 | Хариулах
  • ӨВӨӨ
    МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГТЭЙ Л ХҮН ДЭЭ УДАМ САЙТБН УГ НЬ ХААЧИХАВ
    2016 оны 01 сарын 30 | Хариулах
  • aagii
    ard tumen molhoj baina a daa altai mini chi ch yahav gadaada saihan l haragdaj baina daa
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • kk yu ch uldeehguee?
    yamar balai hun ve, yu ch uldeehgui genee, taniig hugshirhuur chine huuhduud chine tanid bas yu ch uguhgui gevel ? ehneree hundeldgui yum bna , zugeer yavj bgaad suutsan ain, uuriin uhaan bdgiimuu, ursgalaar ursagch amiaa bodogch soliootoi hetrtsgii hun bna shuu bas , hadnii manga
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin
    Elbegdorj d mongoliin buh ard tumen durgui Altaagaas busad ni tegtel Erunhiilugch bolson sonin yum shu neg ch mongol Elbegdorjiin tuluu sanlaa uguugui baihad songogdchihdog!! Amerkiin buusug huhugch hujaa Elbagdorj!!!!
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • zochin
    yanaa Altaa songuulid yamarch chance baihgui heden bor tsaasaa hyamagtai zartsuulaarai da tertee tergui songogdohgui ni baina sh te unene zuv songuuli boldog eshiig ajiglana a herev ene hun songogdchihvol songuuli gej shaaal hudlaa yum baidiin bna gedgiig medej avah yum bna AMERIK hyanalt huseltiin dor bolodog yum bna gej oilgoj avna
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • lll
    ene ch jinhene shaamar bailee dee chaavaas ... nogoo delhiigeer ayaldag nevtruulegiig ni uzeed tal ogdog bailaa ih hurald songogdloo tegsen yasan hudlaa baahan shaaj bgd daraa ni sweded said bolj luivarchdad ooriin husleeree amaa taqluulaad alga boloo bizdee ... novsh
    2015 оны 11 сарын 19 | Хариулах
  • lll
    ene ch jinhene shaamar bailee dee chaavaas ... nogoo delhiigeer ayaldag nevtruulegiig ni uzeed tal ogdog bailaa ih hurald songogdloo tegsen yasan hudlaa baahan shaaj bgd daraa ni sweded said bolj luivarchdad ooriin husleeree amaa taqluulaad alga boloo bizdee ... novsh
    2015 оны 11 сарын 19 | Хариулах
  • zochin
    altai odoo bolison deer dee
    2015 оны 10 сарын 26 | Хариулах
  • mongol,
    itgel huleelgevel ehluulesen ajlaa duusgana gene uu ene nuhur.. odoo bolio altaa. saihan zaluu hoich uydee zaigaa tavi. ih hurliin gishuun bolj turd hul tavisan ach gaviya chini taniig gadaadad elchin saidaar uchnuun jil suulgallaa .odoo dahiad ih hurald devsheed neg ulsad elchin saidaar suuh sanaa uvurluud bna uu.muruuruu setguuliin ajlaa hiiged uurgevchee ureed yavda
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • zochin
    unen hudlaa gar...chamaig odoo ard timen songohgui ee.. uuriinh erh ashgiin tuluu ard tumnii duu hooloi bolj bna gej TV-eer baahan orilj bgaad garch irsen etgeed de
    2015 оны 10 сарын 23 | Хариулах
  • Зочин
    Цаг ирлээ гэдэг нь цөвүүн цагыг хэлсэн юм. Алтай мундаг сэтгүүлч хүн. Муусайн гахайнууд битгий хуцацгаа. Та нарын хажууд дэлхийг монголчууддаа таниулсан хүн. Амьсгаанууд жирэмсэн эмийн шээх газарт ч явж үзээгүй байж бүү хуц. Муусайн шүгэлнүүд та нар жинхэнэ амьтан болох өдөр чинь ирлээ. Тэр үхсэн хүний сэгээ шүтээд, Чой ламын шээсийг насаараа зөөмөрүүд.
    2015 оны 10 сарын 22 | Хариулах
  • mongol e
    Ene urdan ih hurald garaad ard tumnii tolooo ajilaj chadsanuu hun yagad ingej hudlaa yarij chaddag b.aa kkkkkkkkkkkkkk
    2015 оны 10 сарын 21 | Хариулах
  • Xezee
    Xezee yabaldavaa
    2015 оны 10 сарын 13
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025