“Эрвээхий хатагтай”-н түүх

Урин дулаан хавар айлчлан ирж шинэ ногоо дөнгөж цухуйж эхэлж байх энэ үед УДБЭТ, БНСУ-ын DAEJEON хотын дуурийн театрын уран бүтээлчид хамтран "Чио Чио Сан" дуурийг тавих баяртай мэдээ дуулдлаа. Дуурийн урлагт шимтэн дурлагсад, дууриар “өвчилж” эхэлж буй залууст бол хүсэн хүлээн үзэх дуурийн жагсаалтанд дээгүүр бичигдэх уран бүтээл юм.


Энэ дуурь нь Ази төдийгүй Европт алдар цуутай бөгөөд чансаатай чадалтай дуучид л энэ дуурьт дуулдаг бичигдээгүй хууль бий. Анх алдарт Дж.Пуччини 1904 онд Миланы Ла Скала театрт тавихадамжилт олоогүй гол шалтгаан нь чадал муутай дуучинг сонгосных ч гэдэг. Дж.Пуччинин ч энэхүү дууриараа алдарын оргилд хүрснийхээ энэ дуурьд дуртай дуучинг сонгож дуулуулдаггүй гэдгийг  ойлгосон гэдэг.


Японы алдарт дуучин Тамака Миура энэ дуурийг жинхэнэ утгаар нь олон улсын тавцанд гаргаж, өөрийгөө ч тус дуурийг ч гайхамшигтай таниулж чадсан. Тиймээс дуучин Тамака Миураг дэлхий дахинаа Чио Чио Сан хэмээн нэрлэж ирсэн бөгөөд түүний хөшөөг Пуччинигийн дурсгалын хөшөөтэй хамт Нагасакигийн Гловэр цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм. Үүнээс хойш дэлхийн хамгийн том театруудад тасралтгүй тоглогдож эхэлсэн энэ дуурийг манай чадварлаг дуучид тайзнаа тавих гэж байгаа нь хэн бүхэнд хүлээлт үүсгэсэн тоглолт болох нь дамжиггүй.


Манайд "Чио Чио Сан" дуурийг монголчилж орчуулахдаа “Эрвээхий хатагтай” хэмээн нэрийдээд 45 жилийн нүүрийг үзээд байна. “Эрвээхэй хатагтай”-г анх Төрийн шагналт, ардын жүжигчин Э.Оюун орчуулж, тайзнаа Гавьяат жүжигчин М.Найдалмаа тоглож байсан байна. Түүнийг мэргэжилтнүүд уянгалаг намба аясыг товойлгон харуулсан хэмээн дүгнэсэн байдаг. Мэдээж хамгийн анхны гэсэн тодотголтой болохоор одоо хүртэл манайдаа энэ дүрээрээ мөнхөрсөн. Гэсэн ч түүнийг дүрээ найруулагчийнхаа сэтгэлд нь хүртэл гаргаагүй гэсэн шүүмж бас байдаг. М.Найдалмаа зөөлөн өнгө аястай байсан бол дараагийн Эрвээхий хатагтай А.Загдсүрэн гуай маш хүчтэй дүр төрхийг гаргаж ирснээрээ бас тухайн үедээ олны анхаарлыг татсан гэдэг.


Харин манайдаа Чио Чио Санг одоогийн байдлаар хамгийн гайхалтай гаргаж ирж үзэгчдийн таашаалд нийцүүлсэн дуучин бол Ардын жүжигчин Х.Уртнасан. Дуулах болон жүжиглэх ур чадварынхаа гайхамшгаар, сэтгэлийн тэнхээтэй, ухааны цараатай бүсгүйн дүрийг бүтээснээрээ алдаршсан. Одоо хүртэл Х.Уртнасанг гүйцэх дуучин төрөөгүй гэдэг юм билээ. Дуурийн дуучин хүн ялангуяа сонгодог урлагийн дуучид ямарваа нэг дүрээр овоглуулж, ард түмнийхээ сэтгэлд хоногшино гэдэг хэр чансаатай уран бүтээлч болохоо батлан харуулж буй хэрэг. Тэгэх тэгэхдээ хэн хүний хүсээд ч амилуулж чаддаггүй, хүчирдэггүй, мэргэжлийн өндөр түвшний дүрээр шүү!


"Чио Чио Сан"-д тухайн үеийн алдар цуутай олон арван дуучид дуулж байсан. Шинэхэн эрвээхийнүүд Х.Уртнасан гуайгаас дутахааргүй гайхалтай амилуулж үзэгчдийн таашаалд нийцсэн байна. Тэднийг дурдахад, МУГЖ С.Мөнгөнцэцэг, СТА Б.Эрдэнэтуяа нар “Эрвээхий хатагтай”-д тэнцэж тайзнаа амилуулаад байна. Үе үеийн Эрвээхий хатагтай нарынхаа үргэлжлэл болсон энэ хоёр дуучин бол М.Найдалмаа, Х.Уртнасан, А.Загдсүрэн, Б.Жавзандулам, Д.Баадайжав, Ц.Ерөө, Н.Нарантуяа, Б.Цэцгээ нарын үргэлжлэл.
Саяхан Италид болсон алдарт Пуччинигийн нэрэмжит олон улсын фестивальд манай дуучин Б.Эрдэнэтуяа "Чио Чио Сан" дууриар оролцож шүүгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл тун удахгүй манайд тавигдах “Эрвээхий хатагтай” дуурьд дуучин Б.Эрдэнэтуяа дуулах бөгөөд анхны Эрвээхий хатагтай Х.Уртнасан найруулан тавьж байгаагаараа онцлог аж.


Ингээд "Чио Чио Сан" дуурийн талаар цухас дурдахад Чио Чио Сан хэмээх япон эмэгтэй Америк залуутай хайр сэтгэлийн холбоотой болж, хайр сэтгэлийнхээ төлөө гэр бүл, шашин шүтлэгээ ч орхидог. Нутаг буцсан сэтгэлт залуу нь заавал буцаж ирнэ гэсэн амлалтаасаа няцаж өөр бүсгүйтэй гэрлэсэн байдаг. Хайртай залуугийнхаа хүүхдийг нь төрүүлж олон жил сараар хүлээсэн Чио Чио Сан энэ бүхнийг тэвчилгүйгээр амил хорлосноор дуурь төгсдөг. Мятрашгүй үнэнч сэтгэл, аймшиггүй зориг, эмгэнэлт хувь заяатай бүсгүйн тухай өгүүлэх  “Эрвээхий хатагтай” дуурьд та бүхэн морилон саатаж сэтгэлийн таашаал авч мэлмий юугаа баясгана уу хэмээн урьж байна.

Д.ЦЭГЦ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025