Гудамжны худалдаачид Бат-Үүлийг хүлээсээр

Бидний нэрлэж заншсанаар Багшийн дээдийн урд тал, албаны хэллэгээр бол МУБИС орчмын төв зам дагуу цөөнгүй хүн ном, нүдний шил, чихэр жимс зарж зогсоог харж болно. Хуучин ном худалдан авахыг хүссэн хүмүүс бүр энэ газрыг зорьж ирдэг. Уг нь эндээс холгүй Багшийн хөгжлийн ордны ар талд Сэлбэ гол дагуу хуучин ном зардаг хэсэг павилон байдаг байсан. Газар чөлөөлнө гэсэн нэрийдлээр энэ павилонуудыг буулгаж, ном зарж, амьдралаа залгуулдаг байсан худалдаачид эсэргүүцэ,л тэмцэл өрнүүлж байсан нь саяхан.

Тэгвэл павилоноосоо хөөгдсөн номын худалдаачид ч энд мэр сэр нэмэгдэж ирсэн бололтой.  Энд тэр бүр олдохоо больсон ховор номууд ч байдаг болохоор номны хоббитонгууд зорин зорин ирдэг.

Жилийн жилд гудамжинд худалдаа хийлгэхгүй, журамлана, хориглоно гэдэг ч үнэндээ бол явган хүний зам дээр, гудамжны булан тохойд гар дээрээсээ худалдаа хийж байгаа хүмүүсийн тоо өссөөр л байгаа. Дарга нарт адлуулан байж хүнд хэрэгцээтэй жижиг сажиг бүхнийг ширхэг ширхэгээр нь жижиглэн зарж, амьдралаа залгуулж байгаа гэр бүлийг тоолбол хэд хүрэх бол. Чамгүй олон гэдгийг албаныхан мэддэг болов уу? 

Тухайлбал хуучин номын худалдагч С.Оюунцэцэг энд 12 жил ном зарж байгаа. Тэр хуучин ном зарж, гэр бүл, гурван хүүхдээ тэжээж байгаа. Тэрээр Худалдааны дээд сургуулийг технологич мэргэжлээр сурч төгссөн ч тухайн үедээ ажил олдохгүй байсан учир ийн ном зарах болжээ. Тэрээр 2002 оноос хойш эгчтэйгээ хамтарч хуучин ном худалдаж эхэлсэн аж.

-Гудамжинд ном зарахад хэцүү байх. Хүйтэнд хөрөх, халуунд халахаас эхлээд?

-Хүндрэлтэй юм гаралгүй яахав. Биднийг нааш цааш нь хөөж тууна. Хүмүүсийн харцаар л энэ хэдэн номнуудаа зарж борлуулан өдрийн хоол, унааныхаа мөнгийг залгуулж байна. Яриад байх юм бол хүндрэлтэй зүйлүүд их байдаг. Гэхдээ яахав болохгүй биш болж л байна. Тэгээд ч би энэ ажилдаа дуртай. Хүмүүсийг оюуны талхаар хангаж хэрэгцээтэй юмыг нь зарж байгаа болохоор надад сонирхолтой байдаг.

-Хуучин номын худалдаа эрхлэх хэр ашигтай байдаг юм бэ?

-Яахав дээ ямар ч байсан өдрийн хоол, унааныхаа мөнгийг таслахгүй дээ.

-Таны зарж байгаа номноос хамгийн үнэтэй, бас хамгийн хямдхан нь...?

-Янз бүр. Хамгийн үнэтэй нь гэхэд  10 мянган төгрөг. Тэгээд 6-8  мянган төгрөг гээд янз бүр. Хамгийн хямд нь гэхэд нэг мянган төгрөгний ном байна.

-Ямар ном хамгийн их зарагдаж байна?

-Хүүхдийн ном илүү их зарагддаг. Үлгэр, сурах бичиг гээд.

-Номын дэлгүүрүүдэд байдаггүй ховор номнууд энд л байдаг гэх юм билээ. Танд тухайлбал, ямар ховор ном байна?

-“Зүрхний хилэн”, “Манан будан” гээд номнууд байна.

-Та хуучин номнуудаа хаанаас авдаг юм бэ?

-Хүмүүсээс.

-Яаж, хүмүүс өөрөө авчирч танд зардаг юм уу?

-Хуучин ном авах уу гээд хүмүүс их ирнэ ш дээ. Хэд гурван мянган төгрөгөөр аваад түүн дээрээ хэдэн төгрөг нэмээд л зардаг.

-Гадаа худалдаа хийж байгаа болохоор цаг агаарын байдал нэлээд нөлөөтэй байх даа. Тухайлбал улирал, улиралд орлого, гүйлгээ өөр байх уу?

-Өөр, өөр. Намар хүүхдүүд хичээлдээ ороход гүйлгээ харьцангуй сайжирна. Тав, зургадугаар сард орлого маш бага байдаг. Одоохондоо оюутнууд амрах гээд бороо цас ороод орлого тааруу байна даа. Ер нь гадаа хүйтрээд л байвал бидний орлого багасна шүү дээ.  

 -Та олон жил ном худалдаалж байгаа хүн номоо ч, худалдан авагчдаа ч сайн мэдэх байх. Таны бодлоор ямар насны хүмүүс ном их худалдаж авч байна?

-Голдуу залуучууд их авдаг шүү. Харьцуулахад. Ер нь ном зарж байгаа хүн номоо сайн мэддэг байх хэрэгтэй. Адаглаад л хүн утгыг нь асуухад тайлбарлаж өгнө. Түүнээс гадна би өөрөө ч, манай гэр бүлийнхэн ч ном унших дуртай. Тийм учраас номнуудаа сайн мэднэ ээ.

-Хуучин номын худалдаа жилээс жилд өсөж байна уу, эсвэл буурч байна уу?

-2000 оны эхээр гүйлгээ маш сайн байсан. Харин сүүлийн үед улам л буураад байна. Энэ нь цахим ертөнц их хөгжсөнтэй холбоотой байх гэж бодож байна.

-Та нарыг худалдаагаа хийх байртай болгоно гээд олон жил ярилаа шүү дээ. Сураг чимээ байна уу?

-Манай Э.Бат-Үүл дарга удахгүй биднийг байр савтай болгоно гэж яригдаад байгаа. Яг хэзээ байртай болохыг мэдэхгүй. Э.Бат-Үүл даргадаа итгэж найдаад хүлээгээд байж байна. Удахгүй байр савтай болно гээд бид чинь баярлаад хүлээгээд л байгаа, удахгүй шийдэж өгөх байхаа. Манай энэ эргэн тойрныхон чинь бүгдээрээ банкны зээлтэй. Зээлийн хүүгээ төлөх гээд халуун, хүйтнийг тоохгүй номын худалдаагаа хийсээр байна. Цаашдаа ч хийх болно.

-Танай гэр хаана байдаг вэ?

-Манайх Дамбад байдаг. Эндээс хол.

-Номоо хаана хадгалж хураадаг вэ?

-Энэ их хэцүү. Унаатай цөөн хэд нь унаагаараа ачаад явчихдаг. Унаагүй нь энд тэнд хүмүүсийг гуйж газар олоод явдаг. Орой энийгээ ачиж зөөнө, хураана гээд хэцүү юм их байна.

-Ганцаараа л номоо зардаг юм уу?

-Тийм ээ. Ганцаараа л бүх ажлаа хийнэ ш дээ.

-Таны хүүхдүүд хаана юу хийж байна?

-Хүүхдүүд бол ихэнх нь тусдаа гарчихсан. Бага нь аравдугаар ангид сурч байгаа.

Номын худалдагч эгчтэй ийн хүүрнэв.

Зөвхөн Багшийн дээдийн ойр орчим гэхэд 30-40 гаруй хүн гудамжинд худалдаа эрхэлдэг.

Голдуу хижээл насны хэдэн хүнтэй уулзаж ярилцахад “Мэргэжил боловсрол муутай болохоор байгууллагын үйлчлэгч, тогооч, барилгын салбарт туслах ажилтнаар ажиллаж байсан. Тэгж ажиллаад ч авсан хэд нь амьдралд юу ч болдоггүй” гэх.

Гэхдээ тэд өөрсдийн одоо хийж буй ажлаа хэцүү гэхгүй, ямар ч гэсэн хоол, амьжиргаагаа залгуулж чаддаг гэж байлаа. Энд худалдаа эрхэлж буй 40 гаруй хүн цаанаа гэр бүлийнхнийхээ 200 гаруй иргэний амьдралыг залгуулж байдаг аж. 

Худалдаачид “Өдрөөс өдөрт бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгааг бидний зиндааны хүмүүс л хамгийн их мэдэрч байна. Зөвхөн хүнс, гэлтгүй хувцас, их, дээд сургуулийн сургалтын төлбөр, хоолны газруудын хоолны үнэ хүртэл нэмэгдчихсэн шүү дээ” гэсэн юм.

Халуун хүйтнийг үл ажран хоногийн хоолоо залгуулж буй энэ хүмүүс байр савтай газар худалдаагаа эрхэлье гэхээр түрээсийг нь төлж дийлдэггүй. Гэхдээ л хэнд ч гай бололгүйгээр, харин ч хүмүүст тус болж, өөрсдийн боломж бололцоогоороо гудамжинд худалдаа хийж байгаа. Тэднийг хотын өнгө үзэмжийг муутгав гэж байсхийгээд хөөж туудаг ч сүүлдээ үүнтэй эвлэрээд байгаа гэнэ.

Тэд баяр ёслолын үеэр өдөрт 30 гаруй мянган төгрөг, жирийн өдөр 10 гаруй мянган төгрөгний орлоготой байдаг байна. Иймд мөнгөний хуримтлал бий болгох аргагүй. Дулааны улиралд түлээ нүүрсний мөнгө гэхгүй хэмнэлт арай гайгүй. Бас орлого ч нэмэгдээд ирдэг. Харин өвөл болж хүйтрэн цас орохоор худалдан авагчид байхгүй заримдаа гэртээ хоосон харих ч үе байдаг. Даарч хөрөхөөс эхлээд хүнд асуудал их. Тийм болохоор хамгийн гол нь биднийг байр савтай болгож өгвөл, цөөн гэлтгүй хүнийг ажлын байраар хангалаа л гэсэн үг. Тиймээс дахин хэлэхэд С.Бат-Үүл дарга амласандаа хүрч биднийг хурдан байр савтай болгож өгнө үү хэмээн дахин, дахин гуйсныг энд уламжилья.

 

М.СОНОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    yahnaw dee ed narig ingej zowooj busdig ni chadahgui baij
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • zochin
    hetsuu shuu de amidrahiin tuld hun yuch hiin shuu gehdee ajilt bgaa saikhan shuu
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025