Цэнхэр үст Цэрэн хатагтай 42 настай, зураач мэргэжилтэй, бизнесвумэн. Их дэлгүүрийн зүүнтэйд орших “Цэрэн турс” компанийг үүсгэн байгуулаад хорин жил болж буй. Буйд холын Баянхонгорт адармаат, бараан дурсамжит бага насыг өнгөрүүлж, цэл залуу хорин насандаа хаягдаж, хоринхоёртойдоо амьдралынхаа хань харь эрхэмтэй учирч шагнагдсан, улмаар аялал жуулчлалын бизнест ханцуй шамалсан гээд тун ч сонирхом амьдрал, он цагийг туулж яваа энэ хатагтай өөрөө тэр чигээрээ содон ертөнц, соньхон хувь тавилангийн эзэн. Хар багын бусдаас өөр гэдгээ мэдэрч, мэдрэхдээ зураг зурж, гадаад хэл сурч өөрийнхөөрөө адарсан, эцэст нь гучтайдаа тэсэрч, асгаран өөрийгөө олсон үр дүнд нь өөртөө итгэл дүүрэн, амьдралдаа сэтгэл хангалуун алхаж яваа түүнтэй би фэйсбүүкийн найзууд. Өөртөө шинэ ертөнц, өвөрмөц оршихуй нээнэ гэдэг сэтгүүлч хүний хамгийн том кайфыг хэлэх үү, цэнхэр үст хатагтай маань дэндүү боловсорсон эрх чөлөөт өөрийгөө олсон индивуд байсныг хэлэх үү, амттайхан яриа өрнүүлсэн 3 цаг маань яах ийхийн зуургүй өнгөрч, ухаарал, эрч хүч, өөр ертөнцийн мэдрэмж ханхлуулах ярилцлагаа бусадтай бушуухан хуваалцахын хүслэн болов.
-Та бол манай уншигчдын төдийгүй миний хувьд цоо шинэ танил. Цэнхэр үст Цэрэн хатагтайг би зөвхөн фэйсбүүк орчноос, энэ хүрээнд танил. Яагаад ч юм та нийтлэг дүр биш юм шиг санагдсан учраас ярилцлага авахаар зорин зорин ирсэн билээ. Өөрийгөө танилцуулаач?
-Миний нэр Цэрэндолгор. Баянхонгор аймагт төрж өссөн. 1986 онд дунд сургуулиа дүүргээд Улаанбаатарт Дүрслэх урлагийн дунд сургуульд суралцахаар ирж байлаа. Зураач мэргэжилтэй. Дөрвөн хүүхдийн ээж, жирийн нэг монгол эмэгтэй. Аялал жуулчлалын “Tseren tours” компанийг үүсгэн байгуулаад 20 жил болж байна.
-Одоо та зурдаг уу?
-Үгүй, зурдаггүй. Зурж чаддаг ч үгүй.
-Гэхдээ оюутан байхдаа зурж байсан болтугай зургууд байна биз?
-Бусдад үзүүлээд байх хэмжээний биш ч гэлээ өөрийнхөө хэмжээнд зурсан зурагнууд бий. Тосон, усан гээд цөөн зурагнууд зурсан.
-Таны мэргэжил сонголтонд хэн нэгэн нөлөөлсөн үү эсвэл та хувь заяаныхаа эзэн байж сонголтыг өөрөө хийсэн үү?
-Миний амьдралдаа хийж байсан сонголтонд хэзээ ч, хэн нэгэн нөлөөлж байгаагүй. Бүтсэн ч бай, бүтээгүй ч бай би хэзэд өөрөө сонголтоо хийсээр ирсэн. Дүрслэх урлагийн сургуульд орох нь миний мөрөөдөл, миний сонголт байсан. Би өөрийгөө мэдрэмжтэй, зурах сонирхолтой хүн гэж үздэг. Гэвч сургуулиа төгссөн тэр үеэс хойш зурах боломж байсангүй. Өөрөөр хэлбэл би мэргэжлээсээ тэс өөр салбар руу буюу бизнес хөөгөөд явчихсан юм. Тэр эрчээрээ явсаар байтал нэг мэдэхэд 20 жил өнгөрчихсөн байна. Зурах дургүйдээ биш, ердөө л зурах боломжийг би өөрөө өөртөө олгоогүй л явна.
Зураач мэргэжил, Дүрслэх урлагийн дунд сургууль танд юу юу өгсөн бэ?
Маш их зүйл өгсөн. Гоо сайхны мэдрэмж өгсөн. Хөдөлмөрлөхөд сургасан.Аливаа юмыг тэс өөр өнцгөөс харах, таашаал авч сурах урлагт сургасан.
Өнөөдөр миний хэн байгаа нь сурсан сургуультай холбоотой. Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орох шалгалтаас эхлээд л би тэс өөр хүмүүстэй уулзаж эхэлсэн байдаг. Тухайн үед шалгалт авахаар ирсэн Я.Туяа гэж багш байлаа. Тэр хүнийг хараад л зураач хүн ямар байх ёстой, яасан айхтар зарчимч, шударга, хатуу юм гэдгийг 16 насандаа олж мэдсэн.
Сургуулиа дүүргээд айхтар уран бүтээл хийгээгүй ч би зураачдыг хамгийн их ойлгодог хүмүүсийн нэг нь. Тэдний нэг сайхан бүтээл хийхсэн гэсэн оргилсон хүсэл эрмэлзлийг маш сайн ойлгодог. Манайх шиг жижигхэн зах зээлтэй оронд зураачдыг дэмжих маш чухал. Ерээд оноос хойш хэсэгтээ хэцүүдсэн, хэн ч урлаг ойлгохоо больсон хүнд үеийг манай зураачид даван туулж чадсан. Сүүлийн арваад жил зураг сонирхох хүмүүсийн тоо өсөж, зургийн худалдааны тухай ярьж, зураачид хийсэн бүтээлийнхээ төлөө амьдрах боломжтой болж ирлээ. Би хувьдаа хэр хэмжээндээ зураачдаа дэмжиж туслах, алив төсөл хөтөлбөрийг дэмжих тал дээр тодорхой хувь нэмэр оруулахыг эрмэлздэг.
-Та хэдийгээр өөрөө зурдаггүй ч мэдрэмж өндөртэй урлагийн сайн хэрэглэгчдийн нэг байж таарна. Дэлхийн болон Монголын авьяаслаг зураачидаас та хэнийх нь бүтээлийг илүүд үздэг вэ?
-Энэ л гайхалтай гээд онцолчих урсгал жанр, зураач байдаггүй л дээ. Уран зургийн аль ч цаг үеийн, аль ч төрөлд би дуртай юм шиг байгаа юм. Аль алинаас нь таашаал авч чаддаг. Дэлхийн зураачдын хэмжээнд ярих юм бол гайхалтай зүйл их бий. Олон ч нэр дурдаж болно. Хамгийн их ойр тусдаг нь сюрреалист Сальвадор Далигийн бүтээлүүд одоо ч надад гайхамшиг, оньсого мэт хэвээрээ. Бодит биш тэр дүрс, хэлбэрүүд. Мөн өөрийнхөө дүрс хэлбэрийг ихээр ашигласан байдаг Анри Матис байна. Аль ч цаг үед гайхамшигтай байсаар ирсэн зураачид, жишээ нь Ван Гог нарын томчууд байна.
Монголын орчин цагийн зураачдаас гэвэл төрөл,жанраасаа хамаараад бас өөр өөр л дөө. Жишээ нь Оюунчимэг багшийн эмэгтэйчүүдийг зурсан бүтээлүүдэд их дуртай. Саяхан гавьяат авлаа. Гэтэл би ганцхан Оюунчимэг багшийн зурсан шиг эмэгтэйчүүдийн уян зөөлөн, жинхэнэ натур байдалтай зурганд дуртай байгаад зогсохгүй аймаар абстракт зураачдын бүтээлд ч дуртай байдаг. Жишээ нь зураач Гэрэл байна. Гэрэл сүүдрийг зөвхөн хар цагаанаар зурдаг гэсэн ойлголт хүмүүст байдаг шүү дээ. Гэтэл Гэрэл гэрлийг эмэгтэй хүнд байдаггүй сонин ягаан тунгалаг өнгүүдээр зурдаг. Тэгээд гаргаж ирж байгаа өнцөг, тайлбарлаж байгаа сэлт, сэдэв нь гайхалтай. Тэгж байтал зураач Ж.Мөнхцэцэгийн бүтээлүүд бас сонирхол татнаа. Дан үсээр дагнаж байгаа. Эмэгтэй хүнийг үсээр илэрхийлж байгаа хэлбэр, дүрс, тайлбарлаж байгаа өнцөг, өнгө гээд янзын. Хэдийгээр би Мөнхцэцэгийн өмнөөс тайлбарлаж чадахгүй ч намайг соронз шиг татдаг. Цаашилбал өнөөдөр уулзалдсан П.Байгаль гээд зураач байна. Түүний зурган дээрээ ажиллаж байгаа фактур, бүтээлдээ шингээж байгаа өөрийнх нь бодлууд маш их хүчтэй. Эд чинь тэс өөр зураачид шүү дээ. Тэгэхээр тэр хүн л сайн, тийм бүтээлүүд л мундаг гэж онцлох хэцүү байгаа биз. Бүгд давтагдашгүй өөр өөр ертөнц. Түүнийг олж мэдрэх л чухал юм даа.
-Хэрвээ та уран зурагтаа үнэнч үлдээд, зурсан бол ямар сэдвийг эрхэмлэдэг ямархуу зураач байх байсан бол. Та төсөөлж байв уу?
-Миний сонирхдог мөнхийн сэдэв бол хүн. Өөрөөр хэлбэл би морь, мал зурдаг, хурдны мориор абстракт хийдэг зураач лав болж чадахгүй байснаа би мэднэ. Эсвэл би байгалийг биширтэл зурж чадахгүй байсан. Харин би хүний хөрөг рүү түлхүү ажилласан зураач болох байсан биз.
Хүүхэд байхын л хүний тухай их боддог хүүхэд байж билээ. Миний багад охид ихэвчлэн кино жүжигчин болохыг мөрөөддөг байсан бол би зураглаач болохсон гэж мөрөөддөг байлаа. Тэр нь багаасаа Оросын кино их үзсэн холбоотой. Оросын жар, далаад оны кинонуудад хүний хөрөг, дүрсээр маш их зүйл илэрхийлдэг, хөрөгчилсөн дүрслэлүүд ихтэй, хүний нүүрний хувиралаар дамжуулан эмоци, ааш аранши, баяр гунигийг нь маш мундаг гаргаж харуулдаг. Үүн шиг хүний дотоод ертөнцийг уудлахсан гэж мөрөөддөг байлаа. Одоо ч мөрөөдөл маань унтраагүй байгаа. Миний фото урын санд хүнийг орчинтой нь зохицуулж авсан зургууд их байдаг. Инээж байгаа, уйлж байгаа, ярьж байгаа гээд сэтгэлзүйн өгүүлэмж ихтэй зургууд их байдаг юм. Зураглаач болох мөрөөдлөө зураг авч л биелүүлж байна даа.
-Хүн бол шавхагдашгүй, нээгдэшгүй, бүрэн гүйцэд ойлгох аргагүй том, хязгааргүй сонин ертөнц шүү дээ. Та хүний царай зүс, гадаад төрх, хувцаслалтаас юу олж хардаг вэ? Өөрөөр хэлбэл тэндээс тодорхой мэдээлэл авч чаддаг уу?
Энэ осолтой л доо. Мэдээж гадаад төрх байдал бага сага сэтгэгдэл төрүүлдөг нь үнэн. Гэхдээ бүрэн дүүрэн ойлгож байна гэвэл тун өрөөсгөл. Би зөрүү ойлгож байж болно ш дээ. Надад ер нь ямар ч хүн сонирхолтой байдаг. Ихэнхи хүмүүсийг харж байхад хөндлөнгийн хэн нэгний дүгнэлтээр эсвэл өөрт төрсөн анхны өнгөц сэтгэгдлээр тэр шал тэнэгийг тэгээд орхи ухааны юм ярьсхийгээд өнгөрдөг. Надад ийм зан ер байдаггүй. Харин энэ ямар хүн бол гэж сайн талыг нь харж гүнзгий танихыг хичээдэг. Хүмүүс бие биеэ мэдэхгүй хэрнээ хэт шүүмжлээд, дүгнэлт өгөхөө урьтал болгодог. Ойлгоогүй юм бүхнээ хүн өөрөөсөө үргэлжид түлхсээр байдаг. Надад ийм араншин байдаггүй нь намайг бусдаас их өөр болгодогийг би сүүлийн үед анзаарах болсон. Энэ нь намайг маш олон гайхамшигтай хүмүүстэй уулзуулдаг.
-Хэрвээ таныг өнгөөр илэрхийлье гэвэл ямар өнгө давамгайлах бол?
-Би лав дийлэнх охидын дурладаг ягаан өнгөнд дургүй. Бүр багаасаа маш дургүй байсан. Номин цэнхэр өнгөнд дургүй. Одоо үсээ будсан байгаа шигээ хөх цэнхэр өнгөнд дуртай. Жар, далаад онд түгээмэл байсан хиппи тоддуу ягаан өнгөнд дуртай. Улаан өнгөнд дуртай биш ч бизнестээ энэ өнгийг хамгийн ихээр хэрэглэж байна. Гэхдээ хувцасны шүүгээнд маань улаан өнгө байдаггүй. Ер нь надад хүмүүс шиг тогтсон юм байдаггүй. Шүүгээгээ нээхэд янз бүрийн л хувцас байдаг. Ерөнхийдөө их уйдамхай хүн юм болов уу. Энгийн юманд дуртай. Тансаг юманд дуртай биш. Би айхтар юмны үнэ, брэнд, ид шидэд нэг их итгэл өгдөг хүн биш. Би өөрчлөлтөнд дуртай. Үнэтэй даашинз авчихаад түүнийгээ хоёр жил өмсөх надад үнэндээ сонин биш.

-“Цэрэн турс” аялал жуулчны агентлаг их дэлгүүрийн энэ зүүнтэйд нэр хаягаа зүүгээд чамгүй олон жил болжээ. Нүдэнд дасал, сэтгэлд хоногштлоо. Энэ бизнест хэдийнээс хөл тавив?
-1992 онд нөхөртэйгөө танилцсан юм. Дараа жил нь Австралийн жижигхэн баг жуулчидтай хамт говь руу явлаа. Адилхан мөнгөө төлөөд зүгээр л хамт явцгаасан хэрэг. Тэгэхэд тэр жуулчид “Цэрэн чи англи хэл мэддэг, мундаг гал тогоо барьдаг, эх орноо мэддэг байж компани байгуулаач” гэсэн. Тухайн үед нь айхтар юм бодоогүй ч дараа жил нь Рик бид хоёрт Монголд унадаг дугуйны том аялал хийж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Тэгээд нөхөртэйгээ хамт хийлээ. Энэ бол санаандгүй хийсэн аялал л даа. Цаашид яаж амьдрах тухайгаа бодож байх үед ийм явдлууд болж аялал жуулчлалын компани байгуулахаар шийдсэн. Хорин жилийн түүхтэй компани гэхээр хүмүүс айхтар хөл дээрээ босчихсон, суурьтай том компани гэж бодоод байдаг. Харамсалтай нь аялал жууллалын бизнес Монголын нөхцөлд ийм боломжийг олгодоггүй л дээ. Жил ирэх тусам юмны үнэ дотооддоо нэмэгдэж байна. Зургаан жилийн өмнөхтэй харьцуулахад бензиний үнэ 48% өссөн байна. Бензинээ дагаад бүх зүйлийн үнэ өсөж явдаг. Гэтэл бид гадаадад зарж байгаа үйлчилгээнийхээ хөлсийг таван ч хувь нэмж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл гаднаас нь хархад сайхан юм шиг боловч яг тогоон дотор нь орж харвал улирлын чанартай аялал жуулчлалын бизнес маш хүнд нөхцөлд байна.
-Хорь гаруй жилийн өмнө гадаад хүнтэй гэр бүл болж байжээ. Тэр үед ёстой л зоригтой алхам, сонин хачин явдал байсан байх шүү?
-1993 он ш дээ. Сониноор барах уу жигтэй явдал гэж хүлээж авч байсан. Би жирийн нэг бор охин байлаа. Гэтэл намайг яахаараа ийм юмтай суудаг юм, яаж тоодог байнаа гэх мэт яриа хаа сайгүй. Нөхөртэйгээ зам гарах ч дургүй байлаа. Өөрөөр хэлбэл маш их доромжлол дунд амьдарч байсан. Тийм ч амар байгаагүй. Өнөөдөр гэтэл гадаад хүнтэй суух моод болчихсон юм уу даа. Гэхдээ би тэр хүмүүстэй өөрийгөө харьцуулах дургүй. Моод ч биш, хэцүү байсандаа ч суусан биш, бид ердөө хувь заяаны эрхээр бие биеэ олсон хүмүүс. Цаг хугацаа бидний хайрыг шалгаад бид хамтдаа байсаар байна.
-Хэдэн хүүхэдтэй вэ?
-Дөрвөн хүүхэдтэй.

-Тэр үед англи хэлтэй хүн ч нүдний гэм байсан үе. Гадаад хүнтэй амьдрал хувь заяагаа холбоход хэлний давуу тал нөлөөлсөн байж таарна. Яаж танилцаж байснаа яриач?
-Анх нөхөртэйгээ уулзахад би 22 настай байсан юм. 19 настайгаасаа Англи хэл сонирхож, бие дааж үзсэн. Тухайн үед англи хэлний толь бичиг байдаггүй, юун СД пянз тоглуулагч ч байдаггүй байлаа. Хэл сурах гэсэн хүсэлдээ хөтлөгдөж янз бүрээр үзнэ. Сүүлдээ гадныхантай захиагаар харилцаж эхэллээ. Ирсэн захиаг хэд дахин уншиж байж багцааг нь олж байгаа юм л даа. Тэгээд яг тэр хариуг өөр нэгэнд нь бичээд явуулчихдаг байсан юм. Нэлээн галзуу хүний захиа аятай юм л очдог байсан байх даа. Бодохоор заримдаа инээдтэй ч юм шиг, ичмээр л юм хийж байсан байх л даа. Нэгнийх нь захиаг яг л тоть шиг хуулаад нөгөөд нь явуулчихдаг ямар л эрүүл хүн байхав дээ. Тэгж л англи хэл сурах анхны оролдлогоо хийж, тэр нь амьдралын минь ханьтай учрахад ч бас дэм болсон.
-Нууц биш бол яг яаж танилцсан бэ?
-Эриктэй танилцахаас өмнө би дэлхийн 55 оронд захиагаар харилцдаг найзтай болчихсон байсан юм. Тэр үед интернет ч гэж байхгүй, шуудангаар захиа ирж, очно. Одоо ч хүртэл тэр захианууд надад байдаг юм. Африкуудын ядуу орнууд, Америк, Франц, Хятад гээд байхгүй улс байхгүй.
-Яаж олж авдаг хэрэг вэ?
-Гадны сонинд гадаад найзтай болмоор байна, эсперанто хэл сурмаар байна гээд захидал бичтэл тэр нь сонинд нийтлэгдэж надад маш их захиа ирдэг болсон юм. Би эсперанто хэл сурч байсан юм л даа. Бодвол тэр зар Дэлхийн Эсперанточдын сэтгүүлд гарсан юм шиг байгаа юм. Газар болгоноос захиа ирж байсан. Гэхдээ надад голланд найз байгаагүй. Нөхөр маань голланд хүн шүү дээ.
1992 онд над дээр Италийн нэгэн баян найз ирлээ. Тухайн үед зочид буудал гэж олон байсангүй, тэр бүү хэл Улаанбаатарт рестораны хоол олддоггүй байсан үе. Зөвхөн “Улаанбаатар”, “Баянгол” хоёрт л гадны хүмүүс орж хооллох боломжтой. Монгол хүн оруулдаггүй, үндсэндээ арьс өнгөний үзэлтэй юм шиг л үе байлаа шүү дээ. Итали найз ирснийх “Баянгол” зочид буудалд орох боломж гарч, хооллохоор ордог юм байна. Суух газаргүй, дүүрэн аялагчид хооллож байна. Нэг л ширээнд сул сандал байсанд очиж суулаа. Хажууд манай нөхөр швейцарь хүнтэй хамт хооллож таарсан. Танилцаад ярилцаж суухад тэдэн дундаас Рикийн яриа огт өөр, их даруухан. Дэлхийгээр унадаг дугуйгаар тойрон аялж яваагаа хэлж, чононоос айдаггүй юм уу гэж би хачин инээдтэй юм асууж, орой нь ахиад “Баянгол” зочид буудалд таарч, тэр гурав “Танай Улаанбаатарт диско байдаг юм уу, оръё” гэж цаашлуулаад, би насандаа ч дисконд орж үзээгүй байж байдаг гэж шаралхаад, гэвч диско олж орж чадаагүй. Тэгж л танилцсан даа.

-Эрик мэдээж нутаг буцсан. Эргэж ирнэ гэж бодоогүй байтал дараа жил нь эргэж ирсэн. Анх амьдралаа эхлүүлж байхад хэцүү юм их байсаан. Харвасан сум шиг 20 жилийг үдэж дээ. Маш их хөдөлмөрлөж буй хүмүүст цаг хугацаа харвасан сум мэт хурдан өнгөрдөг. Та хоёр их л хөдөлмөрлөсөн гэсэн үг дээ?
-Их хөдөлмөрлөсөөн. Гэхдээ эргээд бодохоор бид юу бариад босгочихсон юм гэхэд бас л хэцүү. Баахан зураг авч, эх орноороо хөндлөн гулд тэнэж, бүтсэн бүтээгүй эх орноо сурталчлах гэж оролдсоор өдий хүрчихэж. Монголд аялал жуулчлалын компаниуд айхтар хүчирхэгжсэн юм алга. Улам л юм хэцүү болоод, давжаараад байна. Би бодит байдалд дуртай хүн. Өнөөдрийн өндөрлөгөөс харахад арав, хорин жилийн дараа ийм, тийм байна гэж хэлэхэд хэцүү, тийм л тогтворгүй, найдваргүй орчинд бид бизнесээ явуулж байна. Үнэ өсдөгөөрөө өсөөд, уул уурхай тэлдгээрээ тэлээд, сүүдэрт нь аялал жуулчлал оршин тогтнох, тэсэж үлдэхийг өнөөдөр хэлэхэд хэцүү бэрх байдалд байна.
-Магадгүй аялал жуулчлалын бизнесийн өөрийнх нь орчны онцлог нөлөө юм болов уу, эсвэл энэ бизнесийг эрхэлж байгаа хүмүүсийн аливаад шунал, хүсэлгүй ханддагтай холбоотой байж болох юм. Өнөөгийн хөрөнгө капитал босгож томорсон компаниуд ихэвчлэн ямарваа нэг төсөл, тендер, улс төртэй холбогдож байж томорсон байдаг л даа.
-Зөв л дөө. Аялал жуулчлалын компаниуд их ёс зүйтэй. Миний мэдэхийн шунаж улайраад, төсөл тендер лүү орсон компани алга. Бид юу хүсэж байна вэ гэвэл зөвхөн улс төр, инфляци, эдийн засгийн тогтвортой байдал л хүсэж байна. Шатахууны үнэ 48% өссөн байна гээд бод доо. Хэдийгээр долларын ханш өсөөд байгаа боловч шатахуун түүнээс давж гараад байна. Бид Монголдоо биш дэлхийтэй өрсөлддөг онцлогтой юм шүү дээ. Дээр нь бусад улс орнууд шиг Монголын аялал жуулчлалыг сурталчилсан сурталчилгаа өдий хүртэл яваагүй. Шинэ засаг, шинэ яамтай болох тоолонд бид горьдлого тээж хүлээсээр байна. Гэвч одоо л өөрчлөлт хийхгүй бол бид дууслаа гэсэн айпас байна. Төр засгийг дорвитой шийдвэр гаргана гэж хэлсээр, хүлээсээр байгаад сүүлдээ хад мөргөсөн дүйнгэ амьтад шиг л болчихоод байна.
-Таны амьдралын 20 жил харвасан сум шиг өнгөрсөн ч юм бүтээж босгосонгүй гэж та ярьж байна. Ингэхэд хүний амьдралын утга учир юу юм бол? Хүн юуны төлөө амьдардаг юм бол?
-Миний хэлснийг айхтар битгий хүлээж аваарай. Би өнөөдөр юу ч бүтээж босгоогүй гэвэл өөрөө өөрийгөө үгүйсгэсэнтэй адилхан болно. Барилгын компаниуд шижигнэсэн өндөр өндөр барилга барьчихдаг шиг хүний гараар бүтэх юу хийв гэхээр л нүдэнд үзэгдэх юм байхгүй байгаа юм л даа. Бусдаар бид маш их зүйл хийсэн. Монголын олон олон залуусыг ажлын дөртэй болж, амьдралд хөл тавихад аялал жуулчлалынхан асар их үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өнөөдөр хэлний өндөр боловсролтой хүмүүс, банкинд нарийн бичиг хийж байгаа залуус, уул уурхайн томоохон менежерүүд эхэндээ guide буюу хөтөчийн ажил хийж байсан байдаг. Өөрөөр хэлбэт тэдний албан тушаалын аян замыг аялал жуулчлал засаж өгсөн байдаг. Энэ тухай гэхдээ тэр улсууд ярьдаггүй, аялал жуулчлалынхан ч өөрсдөө даруухан загнаад юм хэлдэггүй. Зөвхөн энэ л гэхэд улс эх орондоо хийж буй том хөрөнгө оруулалт мөн биз.
-Тэгэлгүй дээ. Оюун санааны бүтээн босголт гэдэг байшин барилгаас ч том, үнэтэй, буянтай бүтээн байгуулалт шүү дээ. Өөр нэг том бүтээн байгуулалт бол хүн бүрийн хувьд зөв, эрүүл үр хүүхэд гэж ярьдаг. Та санал нийлнэ биз?
-Яахав дээ, хүн бүрийн ертөнцийг үзэх үзэл өөр өөр. Гэр бүл бол хүнд тайван орчин, аз жаргалыг өгдөг орчин юм. Бизнесийн талбарт өрсөлдөөд явж байхдаа бид тэр бүр хүсэл хайрын тухай бодож, таашаал авч чаддаггүй. Хүүхэд гэдэг маш их цаг авдаг ч эргээд бидэнд аз жаргал өгдөг өвөрмөц ертөнц юм.
-Та Цэрэндолгор гээд эршүүд ч гэмээр ховорхон нэртэй юм. Нэр хэр чухал юм бол? Жишээ нь таныг Хонгорзул гэдэг нэртэй гээд төсөөлөөд үзье л дээ. Таны дүр төрх, ааш араншин, туулах амьдрал их өөр байх ч юм шиг.
-Нөлөөлнөө. Наадах чинь их чухал. Би төрчихөөд гэдэс нь цэрдийсэн амьтан 6 сар гаруй үхлүүт байсан гэдэг. Тэр үед лам хар гэж хамаагүй явж болох биш. Анагаахаар бол ингээд л өнгөрнө гэж байсан гэнэ лээ. Аргаа барсан ээж маань лам дээр очиж үзүүлсэн чинь, нэр нь ахадаж гээд Цэрэндолгор нэртэй болсон түүхтэй. Нэрээ сольмогцоо л сэхчихсэн байгаа юм. Би Цэрэн гэж нэрэндээ дуртай. Төвдөөр урт насан гэсэн утгатай. Компаниа урт настай байхыг билэгдэж “Tseren tours” нэрийг өгсөн гэх үү дээ. Долгор гэдэг нь дарь эх гэсэн үг. Урт настай дарь эх гэсэн утгатай байгаа биз. Заримдаа миний нэр хэтэрхий хүчирхэг нэр юм гэж боддог. Нэрэндээ их хайртай. Өөр нэр надад зохихгүй байх аа.
-Үсээ цэнхэрээр буддагийн учир юу вэ?
Үсчин дээрээ очоод үсээ өөр болгомоор байгааг хэлсэн. Намайг золбин харагдуулахааргүй гэхдээ өөр үсний өнгө гаргаад өг гэсэн. Ногоон өнгө санал болгосон. Их заваан өнгө. Тэгээд л цэнхэр өнгө гэж байдаг уу, байдаг, тэгвэл цэнхрээр будуулъя. Асуудлыг хэдхэн хормын дотор их хялбар шийдсэн.
-Манай хотод үсээ цэнхрээр будах таны насны зоригтон одоохондоо төдий их биш учраас өөрийн эрхгүй сонирхол татад байх юм. Та бусдаас өвөрмөц эмэгтэй гэдэг нь бэлээхэн харагдаж байна. Үүнийгээ илэрхийлж, тунхаглах гэж ийм өнгөөр үсээ буддаг хэрэг үү, эсвэл аяндаа ингэмээр санагддаг уу?
-Би үүнийг зориг гэж ер бодохгүй байна. бусад хүмүүсийн хувьд л зориг байх. Хүүхдийнхээ сургууль дээр очоод багшид нь “Чиний үс ийм шингэвтэр шаравтар юм чинь цэнхэр өнгө хурдан орно доо” гэсэн чинь “Гэхдээ би бүргэд биш л дээ” гэж үү. За яахав хүмүүст зориг гэж харагдаад байдаг юм байна. Надад бол тийм биш. Дуртай юмаа хийчихлээ л гэж боддог. Эхэндээ хүмүүс цочирдож байгаа нь мэдрэгдэж байсан, харин сүүлийн үед тоохоо байчихсан байна лээ.
Би товчхондоо ний нуугүй байхыг хүсдэг. Би үеийнхнээсээ өөр байхыг хүсэж байна. Би өөрөө өөртөө сонирхолтой байхыг хүсэж байна. Түүнээс биш бусдад харагдахын тулд, таалагдахын тулд ердөө биш юм шүү.
-Бусдаас өөр байхын давуу тал гэж юу юм бэ?
-Хүн яах гэж амьдарч байгаа юм. Би лав бусдад таалагдах гэж амьдардаггүй. Яахав, хүмүүс өөрийгөө олоогүй 20, 30 хүртэлх насандаа хүнд таалагдах гэж янз янзаар үздэг байх л даа. Би хувьдаа ч хэзээ ч хүнд таалагдах гэж яваагүй байдаг. Их өөрийнхөөрөө явсан. Охин байхдаа хөмсгөө засуулж мэддэггүй хүүхэд байлаа. Миний хувьд мөн чанар л чухал. Гуч хүртлээ би нүүрэндээ юу ч хүргэж үзээгүй. Гуч гарсан хойноо чихээ цоолж, бага багаар өөрчлөгдсөн. Нас явах тусам өөртөө итгэлтэй болж, өөрөө өөрийгөө илүү сайн мэдэрдэг болж байна. Одоо бол өөрийгөө олчихсон.
Би багаасаа бусдаас өөр гэдгээ мэддэг байсан. Энэ нь сайн ч гэсэн үг биш, муу ч гэсэн үг биш, би ердөө л өөр хүүхэд байсан. Миний юманд хандах хандлага, харах өнцөг өөр. Миний бодож байгаа өөр, бусадтай маргалдах өөр. Бусдаас өөр байхыг хүсдэг боловч үүнийгээ яаж илэрхийлэхээ мэддэггүй байж. Одоо бол өөрийгөө олж таньсан учраас яаж өөр байхаа ч мэддэг болж байгаа нэг илрэл юм уу.
-Амьдралын хамгийн гэгээн жаргалтай өдрүүд хүүхэд нас, харин хамгийн дурсамж дүүрэн өдрүүд залуу насных байдаг. Жаргалтай хүүхэд нас хийгээд халуун дурсамж бүтээж, хайр дурлалдаа шатаж явсан залуу насны өдрүүдээ дурсаач. Жишээ нь та багадаа ямархуу хүүхэд байсан бэ?
-Аймаар сахилгагүй хүүхэд байсан. Бас зураг зурах дуртай. Хамгийн жаргалтай өдрүүд гэв үү. Надад бол тийм дурсамж, мэдрэмж байдаггүй. Миний хүүхэд нас эсрэгээрээ дурсаад баймааргүй үе санагддаг. Би сахилгагүй боловч Цэрэн гэж хүүхдийн дотор үргэлж гал асаж байсан. Түүнийг хүн бүхэн ойлгодоггүй байсан.
-Тийм хэцүү байсан гэж үү?
-Хэцүү, хэцүү. Хүн чамайг ойлгохгүй байна гэдэг маш хэцүү. Нэн ялангуяа хүүхэд насанд. Яагаад гэхээр чи хүүхдээрээ байдаг, нэг юм хийгээд ёстой гоё гэж бодож байтал бүгдээрээ чамайг хачин, тэнэг, болохгүй гээд байвал яах уу. Зүгээр л асаж байгаа гал дээр ус асгахтай адил. Ийм юман дундаас унтарчихгүйхэн шиг давж гарч ирнэ гэдэг хэцүү. Нас яваад хэн байсан, хэн болсон гэдгээ эргэцүүлэн бодож мэдрэх тусам шүүж тунгаах, ойлгох юм их гарч ирдэг. Ингээд жинхэнэ бөглөрөөгөө гаргаж байгаа юм.
Ер нь хүүхэд нас маш чухал. Чамайг өтлөх хүртэл чинь сүүдэр шиг дагаж явдаг зүйл бол хүүхэд нас. Өөрийгөө таниагүй хүн тэр бөглөрөөнөөсөө гарахгүйгээр дуусна. Өөрийгөө таньсан хүн бол шууд задгайрна. Задгайрна гэдэг нь өөрийгөө таньчихсан, эрх чөлөөтэй болчихсон бие хүн гэсэн үг.
-Таны хүүхэд насны тэр бөглөрөө тэгээд хэзээ гарсан бэ?
Гучин насанд. Энэ бол их хэцүү. Төвөгтэй байдалд орооцолдож байсан бол, ямар нэгэн таагүй дурсамжууд үлдсэн бол түүнийгээ бусдаас тас нууна. Тэгж хэсэг явна. Тодорхой нас хүртэл үргэлжилдэг. Миний бараан дурсамжууд их байсан болохоор өөрийнхөө нөхрөөс хүртэл нуусан өдрүүд бий. Энэ чинь чи өөрийгөө илчлээгүй, өөртөө шударга биш байсан гэсэн үг л дээ. Өөрийгөө буруутгаж явах энэ байдал цаг хугацаа өнгөрөх тусам аюултай байдалд хүргэнэ. Тэгээд нэг л өдөр тэсэрнэ. Тэгээд чи нууж байсан юмнуудаа бүгдий нь ил гаргана. Энэ нь гэхдээ хүн болгонд адилхан биш. Насаараа нууж дарсаар байгаад нүдэндээ гунигтай, сэтгэлдээ ачаатай гундаж байгаа эмэгтэйчүүд ч зөндөө байдаг. Тухайн хүний хандлага, өөрийгөө илэрхийлэх байдлаас л хамаарах юм даа.
Нууц биш бол яаж тэсэрсэн бол?
Яг тэр үед шинэ жил болж байсан юм. Шинэ жил надад гуниг тээж ирдэг байв. Гэрээ санана, ээжийгээ санана. Энэ мэдрамжүүд тэсрэх эхний суурь болдог юм билээ. Шинэ жилд дуртай мөртлөө дургүй хогийн баяр гээд л. Сүүлдээ уйлаад, бүр орилж сад тавиад л. Энэ үйл явц яг ямар дэс дараалалтай явсныг би мэдэхгүй байна. Ямартай ч орилж, чарлаад болсон болоогүй хамаг юмаа яриад л байсан. Ямартай ч би өнөөдөр чиний өмнө энэ бүхнээ яриад сууж байна гэдэг нь би өөрийгөө олсны шинж байхгүй юу. Миний амьдрал бусдад сонин биш, гэхдээ би яагаад үүнийг ярьж байна вэ гэвэл над шиг амьдрал туулсан олон эмэгтэйчүүд өөрийгөө зөв таниасай, сэтгэлдээ ачаагүй сайхан амьдраасай гэж бодсных. Танай “Гранд”-ыг ямар хүмүүс уншихыг би мэдэхгүй л дээ.
Гэхдээ тэр олон уншигч дундаас хоёр ч гэсэн хүн ойлгож, амьдрал нь сайнаар эргэвэл би баярлах болно.
-Ганцхан амьдрах богинохон он жилүүдэд сэтгэлдээ ачаагүй амьдрах хамгийн сайхан байх шүү. Тэр лав амьдралын ачаанаас хэд дахин хүнд тээртэй байж таарна. Түүнийг тэслээд уудлаад хаячихлаар дахин төрсөн шиг болж байсан байх, тийм үү?
-Дахин төрөхөөсөө гадна чи чөлөөлөгдөнө. Чи нууж байсан юмаа хэлнэ. Магадгүй амьдралдаа бусдаас нууж байсан юмаа хэлнэ гэдэг бол амар биш л дээ. Гэхдээ чи нууцгүй болбол айх түгших юмгүй эрх чөлөөтэй болно. Хүний ханиас их зүйл шалтгаална л даа. Миний нөхөр, намайг чи ямар ухаантай юм, ямар их зүйлийг давж гарсан юм бэ, ингэж ер төсөөлж ч байсангүй, чи ямар гайхамшигтай юм бэ гэж байсан. Ингэж хүлээж авч байгаа хайр гэдэг их сайхан юм.
-Зориглоод асуучихад таны тэр амьдралын сэтгэлзүйн ачаа, бараан дурсамжууд яг юу байсан юм бэ?
-Тэрнийг яг одоо энд хэлэх эсэхээ би сайн мэдэхгүй байна. Шаардлагагүй гэж бодож байна. Хүүхэд насныхаа бараан дурсамжуудыг яг одоо чамд хэлдэг энэ л түвшинд би бусдад ярьж ирсэн. Яг юу гэдгийг одоо хүртэл хэнд нь ч хэлээгүй. Нөхөр бол мэдэж байгаа. Нэг л өдөр нухацтай асуусан нэвтрүүлэгүүдэд би хэлнэ. Одоогоор хэн нь ч тэгж асуугаагүй байгаа. Хэд хэдэн ярилцлага өгөхөд хэн нь ч надаас тань шиг дотогш нь өнгийж асуугаагүй. Танай сэтгүүлд хэлэх ёстойгоо мэдэхгүй юм. Ингээд л орхичихьё. Айхтар нуугаад байх зүйл биш л дээ. Харин Монголын маш олон залууст сургамж болох болов уу.
-Би хүний амьдралд, дотоод асуудалд дурладагтаа биш, харин энэ ярилцлагын уншаад хэн нэгэн ухаарал, урам зориг, эрч хүч аваасай гэсэндээ асуусан хэрэг л дээ.
-Сурвалжлагчийн хувьд чи хүний амьдралд дурлаж болно ш дээ. Энэ нэг эмзэглээд байх ч юм биш ээ. Харин хариулах, хариулахгүй нь тухайн хүний асуудал. Түүнээс биш сурвалжлагч буруу асуулт тавина гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл чи намайг мэддэг бол надтай ингэж ярилцаж суух шаардлагагүй ш дээ. Мэдэхгүй учраас л ярилцаж байна. Манайхан мэдчихээд юм асуух ёстой гэж боддог нь заавал албатай биш л дээ.
-Би таны бага наснаас улбаатай бусдаас өөр оршихуйн тухай л бодоод байна л даа. Яагаад ч юм индиго хүүхэд байсан ч юм шиг санагдаж байна. Тэд их сэргэлэн, бусдаас өөр, ойлгоход бэрх, зөв хөгжүүлбэл зөв сайн, буруу хөгжүүлбэл буруу муу тал руугаа хөгждөг гээд олон шинж байдаг л даа...
-Үгүй, тийм биш байх. Энэ бол мэдрэмж, зан чанарын тухайд л даа. Би бол бусдаас илүү соргог, илүү авьяастай биш. Хичээлдээ нэлээд тааруу хүүхэд байлаа. Тааруу байх хангалттай нөхцөл байсан. Жишээ нь, багш нартайгаа таарахгүй. Тэд тэнэг, хачин гэж шавь нараа доромжилж байгаа мэт санагддаг байсан. Түүнд нь зөрүүдлээд хичээлээ хийхгүй. Их л зөрүүд хүүхэд байж дээ. Гэтэл дарж болдоггүй авьяас гэж байна. Жишээ нь, би хэлэнд их сонирхолтой байсан. Тухайн үед орос хэл үздэг байсан бол би ямар ч тусламжгүйгээр англи хэл сурч эхэлсэн. Зургийн хичээл орохоор би өөрийн ертөнцдөө орж чаддаг байлаа. Гэтэл нэг их гоё зурах гэхээр болж өгдөггүй. Авьаяс нь дутагдаж байгаа байхгүй юу.
-Индигочуудад байдаг л шинж чанарууд л даа.
-Би Индигог сайн мэдэхгүй л дээ. Зан чанарын хувьд л их өөр байснаа мэддэг. Эмэгтэй хүүхэд хэрнээ хөдөлгөөний асар их хурд, чадвартай. Хашаа давахдаа ганц гар дээрээ үсрээд л давчихна. Гадуур тэнээд гэртээ тогтохгүй. Охин хүүхэд ээждээ хань бараа болоод байж байдаг атал би эсрэгээрээ. Үүнийг хүмүүс ойлгохгүй. Тэгээд зөрүүдлэнэ. Зөрүүд зан гаргахаар хүн болгон намайг ад үзнэ биз дээ. Яг үнэндээ намайг ойлгоод жаахан өнгийгөөд харсан бол би ямар зөөлөн хүн гээч. Заримдаа үүнийг бодохоор уйлмаар. Энэ л намайг хатуу болгосон доо. Хүмүүс бие биеэ таньж ойлгодоггүйн нэг жишээ л дээ. Тэр тусмаа тэд чинь бүгд сурган хүмүүжүүлэгч хүмүүс шүү. Чухам тэд л намайг доош нь хийж байсан.
-Магадгүй та цаг үе, орчноо онож төрөөд таны авьяасыг, таны дотоод ертөнцийг, таны тэр зөөлөн сэтгэлийг хэн нэгэн ойлгож, олж хараад хөгжүүлсэн бол үр дүн их өөр байх ч байсан юм билүү?
-Яахав дээ, үзэх ёстой юмаа үзээд, туулах ёстой амьдралаа туулж яваа гэж би боддог. бага насны тэр зөрчлүүд байсандаа өнөөдөр би өөрийгөө илэрхийлж чадаж байгаа ч юм билүү. Яагаад гэвэл би түүнийг давж гарсан байхгүй юу. Хэн нэгний дэмжлэг байсан бол хэр хол явахыг би мэдэхгүй. Туулах зам нь энэ байсан биз гэж боддог. Тиймдээ ч сэтгэл хангалуун амьдардаг. Хүмүүс мэддэггүй хэрнээ бусдыгаа шүүмжилж дүгнэж байгаа нь хэзээ ч зөв байдаггүй л би сайн мэднэ. Чи анх асуусан даа, хүмүүсийг хараад ямар мэдээлэл авдаг вэ гэж. Хүнийг хараад түрүүлж дүгнэлт өгдөггүй нь үүнтэй холбоотой. Хүний сэтгэл рүү өнгийж, хүнийг танина гэдэг маш хэцүү ажил. Тэр бүр өнгийснөөр ч харагддаг юм биш.
-Хүүхэд нас тийм юм байж. Залуу насныхаа дурсамжаас яриач. Яагаад гэвэл та өөрөө их сонирхолтой өвөрмөц ертөнц учраас зүгээр байдаг л хэн нэгний залуу нас, гал халуун дурлал хайрын өдрүүдийг туулаагүй, бас л өөр байсан байх гэж бодогдоод сонирхол татаад байна.
-Гал халуунаар дурлаад байсан юм надад байхгүй ээ. Сэтгэл татагдаж, гэгэлзэж дурласан өдрүүд байдаг. Миний анхны хүүгийн эцэг намайг жирэмсэн болонгуут хаяад явчихсан. Эргээд бодоход би туулах ёстой хувь тавиланг даваад явж байна. Хорьхон насанд хүн хаяад явчихаар одоо намайг хэн ч тоохгүй гэж бодож байгаа юм л даа. Гэхдээ амьдрал баян. Би сайхан хүнтэй учирсан. Нөхөртэйгөө учрах хүртлээ ч маш сайхан хүнтэй уулзаж байсан. Эцсийн дүнд би өөрийнхөө нөхөр Эрикийгээ сонгосон. Амьдрал намайг маш томоор шагнасан гэж боддог. Салалт ихсэж, өрх толгойлсон эмэгтэйчүүд олон болсон одоогийн залууст хэлэхэд ийм зүйлээс болж амьдралд гуньж гутах хэрэггүй, амьдрал маш баян, түүнээс ч илүү сайхан хүмүүстэй та таарна гэж хэлмээр байна.
-Хүссэн зүйлээ авч чадахгүй байх нь заримдаа асар том аз дайралт болдгийг сана гэж Далай багш сургасан байдаг нь санаанд орчихлоо.
-Тухайн үедээ их өчүүхэн бодож байж. Гал халуун дурлал энэ тэрийг би сайн мэдэхгүй л дээ. Анх Эрикийн нүдийг хараад ямар гоё нүдтэй юм бэ гэж бодож байсан. Одоо хааяа нөхөртэйгөө муудалцсан үедээ анх олж харсан тэр л нүдийг бодохыг хичээдэг. Нэн ялангуяа байнгын асуудал, проблемтой өнөөгийн нийгэмд амьдралын аахар шаахар өдрүүдэд бид бусдын адил жаргаж зовохдоо их жаргалтай байсан үеэ дурсан санаж, зөөллөх хэрэгтэй юм шиг санагддаг.
-Нээрээ хүн өөрөө л амьдралаа сайн сайхан болгож, амьдралаас аз жаргалыг ухааныхаа хэрээр амталж мэдэрдэг юм шиг ээ?
-Яг зөв. Түүнийг мэдэрч, өөрсдөө л бий болгох хэрэгтэй. Угаас аз жаргалыг хүмүүс бид өөрсдөө бий болгодог зүйл. Бусдаас, холоос хайх хэрэггүй. Гэр бүлтэйгээ эвсэг сайхан байж, менежмент хийж бүхнийг хайр болгож хараад байвал тэнд л аз жаргал байдаг юм шүү дээ. Хүмүүс өөр бусдад аз жаргал байна, өөрт байхгүй гэж хараад байдаг. Энэ бол том андуурал.
-Гэр бүл, гэрлэлт гэх энэ нэр томъёо, тогтолцоо таны амьдралд юу авчирсан бэ? Сэтгэлийн долгисол үүссэн цагт яах ёстой юм бол? Амьдрал тогтсон хойно ийм байдалд та орж байв уу?
-Байсаан. Сэтгэлээ шууд илэрхийлэх нэгэн байна. Зүгээр байгаа байдлаараа татах хүмүүс ч бий. Хүмүүс хооронд ямар нэг долгион үүсч, бие биеэ ойлгох нь сайхан мэдрэмж ш дээ. Үүнд гайхаж цэрвээд байх юм байхгүй. Байгаа нь сайхан, харагдаж, мэдрэгдэж байгаа нь, тоож байгаа нь сайхан юм. Бас харж байгаа миний нүд байгаа нь сайхан. Мэдрэмжгүй бол бөөн гуниг ш дээ. Харин ухамсартайгаар ямар нэгэн харилцаанд орох уу, үгүй юу гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй. Гэр бүл бол ухамсарын асуудал. Харсан болгон руу далбагнаад байх уу, хамтын амьдрал, гэр бүлтэй гэдгээ ухамсарлах уу? Гэр бүлээ эрхэмлэх нь юунаас ч зөв сонголт байдаг.
-Тэртэй тэргүй тээртэй байдал нь дийлдэг, дуунд гардагчлан хад чулуунаас хатуу бэрх энэ амьдралд өөртөө үнэн үлдэх, чанга хатуу байх хамгаас чухал чанар юм шиг ээ. Амьдралд хүч алдаж, цухалдсан үедээ та юу хийдэг вэ?
Амьдрал хэдийгээр хүнд юм шиг боловч эсрэгээрээ гайхалтай сайхан тал нь хавьгүй их. Бидний харах өнцгөөс л шалтгаална. Бэрхшээлийг жаргал болгож харах, сорилт болгож хувиргах чадвар их чухал юм болов уу. Ингэж чадвал бас ч тийм хэцүү эд биш л дээ. Хүүхэд насны тухай би түрүүн ярьсан. Хүүхэд насны хувьд их өөр. Дөнгөж бүрэлдэж, оюун санаа нь орчноо ойлгох гэж, орон зайгаа мэдрэх гэж яваа тэр үед туссан сүүдэр их хэцүү. Тийм ч учраас би хүүхэд насны тухай ярьж байгаа юм. Нэгэнт 20, 30 нас хүрсэн бол хэрвээ чи ухаантай бол өөрийгөө бага багаар олж эхэлнэ. Энэ үед амьдралыг зовлон гэж харсаар байвал тэр хувь хүний асуудал байхгүй юу. Өөрөөр хэлбэл чи өөрөө өөртөө асуудал тариад байгаа хэрэг. Зовлонтой байгаа нь ганц тэр биш, дэлхий дээрх бүх хүмүүст тулгардаг асуудал. Үүнийг шийдэж зохицуулах нь талхаа идэх үү, байх уу гэдэгтэй адилхан юм.
Бид хүүхдүүддээ их анхаарах ёстой. Тэгж байгаад л хүн болчихно гэж манайхан их ярьцгаадаг. Тэр цаг одоо өнгөрчихөөд байна. Нийгэм улам ээдрээтэй, төвөгтэй болж байна, хүүхдийн сэтгэл санаа, оюун ухаан нь эцэг эхээс улам л холдож байна. Биднээс өвлөж авдаг гэр бүлийн хүмүүжил дээр бид анхаарал тавихаа болиод байна. Төөрсөн мал шиг болж байгаа энэ нийгэмд бид хүүхдүүддээ илүү анхаарах хэрэгтэй.
-Хайр гэж юу вэ? Сартр өөрийгөө хайрлуулах төлөвлөгөө хэмээн нэлээн эгоист байр суурь бүхий тодорхойлолт өгсөн байдаг. Таны тодорхойлолтыг сонсмоор санагдлаа.
-Хайр гэж бие биенээ ойлгохын хэлбэр байх. Хайр өдөр бүр ундарч байдаг зүйл биш. Харин бид өөрсдөө тордож байх ёстой. Хайрыг тордохын тулд бид ойлголцох хэрэгтэй. Гадны өчүүхэн нөлөөнөөс болж бие биентэйгээ сөргөлдөж, хайраа үгүй хийгээд, мартаад байдаг. Энэ л буруу юм. Хайрыг хүн өөрөө ундрааж, бий болгож, тордож байх хэрэгтэй. Заримдаа өглөө босоход бүхнийг эргүүлчихмээр эрч хүчтэй өдрүүд байдаг даа. Нас явах тусам ийм их эрч хүч, хүсэл мэдрэмж улам л багасаад байдаг юм байна. Гэхдээ энэ сэтгэлээ алдаж болохгүй. Бид хичээх ёстой.
Ер нь явж явж хүнийг хүн болгодог ганц зүйл бол хайр гэдэгт би итгэдэг. Өнөөдөр миний ингээд сууж байгаа нь миний ээжийн хайрынх юм. Ээж минь хайраараа намайг хүн шиг хүн болгосон. Шилжилтийн насан дээрээ аймаар зэрлэг, өөр хүн болоод явчихаж ч мэдэхээр тэр л зөрөг зам дээр ээжийн минь хайр намайг зөв замд хөтөлсөн юм шүү дээ.
-Сэтгүүлийн маань нэр гранд. Агуу их хэмээх энэ ойлголтын талаар та ямар бодолтой явдаг вэ? Агуу их зүйл, агуу чанар гэж таныхаар юу вэ?
-Өршөөх, уучлах сэтгэл юм. Аливаад хор санах биш, уучилж чадах байдал гайхамшигтай агуу том байхын нэр юм. Үүн шиг том сэтгэлийн тэнхээ байхгүй дээ. Хэдийгээр би өдөр бүр боддог ч гэлээ дандаа ийм байж чаддаггүй л дээ. Дөрвийн дөрвөн хүүхдийн ээж, хүний хань би ууч сэтгэлтэй байхсан. Үе хойчдоо үлгэр жишээ үзүүлэхийн тулд өршөөж, уучилж, нэгнийгээ хайрлаж байхсан гэж би боддог юм.

-Тэртэй тэргүй ертөнцөөр дүүрэн хэт албархаг, хиймэл, гашуудмаар, галзуурмаар юмс байхад хааяа ч болов тань шиг өөрийнхөөрөө, дур зоргоороо, хэнээс ч хараат бус гэгээн ертөнцтэй уулзаж ярилцах сайхан байна шүү. Ийм орон зай, цаг хугацааны дайдад хүрч ирэхдээ бас ч гэж зам бартаа туулсныг тань би олж мэдлээ. Гэтэл бусдад л таалагдах гэж амьдарч буй мэт хүмүүс их олон болж. Тэр нь маш том комплекс болж илэрдэг байх жишээтэй. Тань шиг хүн олон байгаасай гэж бодном
-Өөртөө таалагдаж байж бусдад таалагдана гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хүний татах чанар ч гэж би ойлгодог.
Би нэг зүйлийг ер ойлгодоггүй юм. Монголчууд маань бүгд солонгос хүүхнүүд шиг нэг л хөөрхөн хөмсөг, тэгш дүүрэн шүд, толигор арьстай байх ёстой юм шиг нүүр нүдээ татуулаад яах юм. Тэгснээ эмэгтэй хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэнэ. Миний ордог гоо сайхны хүүхнүүд хүртэл тэгж ярьцгаадаг. Энэ одоо юу гэсэн үг вэ? Эмэгтэй хүн бараа таваар биш биз дээ. Би яахаараа тийм байх ёстой гэж. Нэг ийм загвар яваад байх. Би хүлээн зөвшөөрдөггүй. Тэглээ гээд хүнийг татахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй байгаа юм. Яахав хэсэг зуур татаж болох юм, хэт холдоо үгүй ш дээ. Дотоод татах чанар гэж бий. Өөрөөрөө байна гэдэг гайхамшиг юм.
Жишээ нь, Америкийн дуучин Тина Тернерийг харъя. Миний дуртай дуучин л даа. Сая 73 насандаа хуримаа хийлээ. Миний мэдэхийн залуудаа нэг хуримласан, сая хоёр дахь хурим нь болж байгаа юм. Тэр хэзээ ч тайзан дээр “элегантный” гэж ярьдаг даа, гоёмсог хүүхэн хүн шиг бүжиглэдэг эмэгтэй биш. Гэхдээ л түүний өөрөөрөө байгаа байдал, бүжиглэж байгаа нь, арзайлгаад тавьчихсан үс нь бусдыг татаад байдаг.
-Та хэр шүтлэгтэй хүн бэ?
-Бараг шүтлэггүй гэж болно. Гэхдээ лус савдаг байдагт итгэдэг. Хөдөөгүүр их явдгийг ч хэлэх үү, зул, хүж бариад айхтар болдоггүй ч очсон газар болгондоо, хоноглосон газар бүртээ лус савдагт нь залбирдаг. Намайг битгий айлгаж ичээгээрэй, би газар ухахгүй, хог хаяхгүй гэж ярьдаг.
Түүн шиг сэтгэж, түүн шиг амьдралыг, орчноо хүлээж авч мэдэрч чадаж гэмээнэ амьдрал үнэхээр баян, гайхалтай сайхан юм гээч. Нүцгэн ирээд нүцгэн буцах энэ л амьдралын тойрог, төөрөг дунд бид амьдарч, оршихын тулд, аз жаргал амтлахыг тэмүүлэн тэмүүлэн өсч ургадаг байтал юунд ихэнх нь сэтгэлдээ хүндээс хүнд ачаатай, зүрхэндээ олноос олон шархтай гуниг ханхлуулан алхана вэ? Цэрэн хатагтай шиг сэтгэл тэнүүн, аз жаргалтай амьдарч болохгүй гэж үү? Үүний тулд зөвхөн сэтгэлийн чөлөөлөлт, оюун санааны өөртөө итгэлтэй хүч байхад л болох биш үү. Энэ хаа нэгтээ хол байдаг зүйл биш, зөвхөн бидний дэргэд, дотор оршдог хүч юм. Түүнийгээ нээе, ашиглацгаая, тэгээд сэтгэл, бие хөнгөн аз жаргалтай амьдаръя гэж хэлмээр санагдав. Явж явж хүн өөртөө үнэнч үлдэх, амьдралд, өөртөө шударга хандах хамгийн чухал чанар юм шиг ээ.
Ярилцсан М.УРАНЧИМЭГ
Гранд сэтгүүл. 2013 он. №34
Сэтгэгдэл (2)