Төрийн шагналт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн ач, алдарт зураач Я.Үржинээ гуайн охин Ү.Юмжиртэй ярилцлаа.
-Залуухан, үзэсгэлэнтэй, дэгжин, өөрийн гэсэн брэндтэй, өөрийн ялгарах ертөнцтэй дизайнер бүсгүйтэй уулзах тун сонирхолтой байна. Дотоод ертөнцөө, би ертөнцөө тодорхойлооч?
-Миний ертөнц тэр аяараа урлагаар хөглөгдсөн орон зай юм. Өсөж торнихоос эхлээд өнөөг хүртэл энэ л орчинд байж, явсан газар болгондоо урлагтай холбогдож амьдарч байна.
-Урлаг, шашин хоёр бол хүний сүнслэг оршихуйг хөглөж, хөгжүүлж, оюунлаг, сэтгэл зүрхлэг байлгадаг гол түлхүүр шүү дээ. Тэр утгаараа та зөөлөн, оюунлаг хүн байх нь? Та санал нийлэх үү?
-Угаасаа урлаг хүнийг араатан шинжээс нь ялгадаг, хүнийг хүн байхад тусалдаг зүйл. Урлагаар олон хүн хүмүүжиж, урлагийг олон хүн мэдрэх тусам тэр хэрээр бидний эргэн тойрон амар амгалан тайван байх нөхцөл бүрдэнэ.
-Өнгөөр илэрхийлвэл Юмжир ямар өнгө бол?
-Би бол солонгын долоон өнгө. Олон өнгөөр гэрэлтэж явдаг. Гэхдээ өнгөний хязгааргүйн дунд гэгээлэг өнгө нь давамгайлна. Амьдралын гэгээтэй талыг олж хардаг. Өнгөөр өөрийнхөө дотоод ертөнцийг илэрхийлж болдогтой адил миний хийж буй ажил, загваруудад маань миний дотоод шинж чанарууд шингэсэн байдаг. Би дизайнерын хувьд энгийн, амьдрал болоод хүмүүст ойрхон загварын бүтээлүүд гаргадаг ч тэр нь ялгарч харагдаж чаддагаараа онцлог болоод бусдаас ялгарах таних тэмдэг юм уу даа.
Таны загварт ямар өнгө голлодог вэ? Миний анзаарснаар хөх өнгө юм уу.
-Өнгөний мэдрэмж бол хамгийн өндөр мэдрэмж юм. Өнгийг зөв, сайн хослуулахад уран бүтээлч хүнээс маш өндөр мэдрэмж, ур чадвар шаарддаг. Өөрөөр хэлбэл хичнээн гоё зурдаг, эсгэдэг, өөгүй оёдог байгаад өнгийг гое хосуулж чадахгүй л бол төгс үр дүн гарахгүй.
Хөх өнгөний тухайд та миний энэ хананд буй зургуудыг хараад тэгж хэлэв бололтой. Энэ бол оюутан байхдаа үндэсний хувцас судалж зурж байсан үеийн зургууд. Ер нь монгол үндэсний хувцас загвар өнгөлөг гэгээлэг аяс, тэр дундаа хөх өнгө их давамгайлдаг нь үндэсний онцлог гэж болно. Миний хувьд үндэсний хэв загвар, өнгө эдемент дээр үндэслэж загвараа гаргадаг учраас хөх өнгө давамгайлсан харагдаж байж болох юм.
-Юмжир гэдэг нэр загварын болоод цахим ертөнцөд тун ч танил, алдартай ч гэж болохоор. Мэдээж үргэлжид таны өвөө Ү.Ядамсүрэн, аав Я.Үржнээгийн нэр тодотгол, зүүсгэл болж явдаг. Нэг талаар бахархууштай, нөлөөтэй мэт боловч нөгөө талаар энэ нь танд заримдаа тээртэй санагддаг уу?
-Яах аргагүй нөлөөлнө л дөө. Оюутан байхаас эхлээд түүний охин, тийм хүний ач, мундаг хүний хүүхэд мундаг л байх гэдэг ч юм уу, хүлээлт маягийн зүйл байсаар ирсэн. Миний хувьд миний өвөө тэр, миний аав энэ гэж нэр сүрийг нь барихдаа биш харин тэр мундаг хүмүүсийн үр сад, ген нь гэгдэхдээ хийж байгаа зүйлээрээ хүлээн зөвшөөрөгдөхийг л хүсдэг. Би мөн ялгаагүй бусдын адил өвөө, аав хоёроо хүндэтгэж явдаг. Хийж бүтээсэн нь нүдэнд илт байдаг учраас харах болгондоо бахархдаг. Чадах чинээгээрээ нэр төрийг нь өндөрт өргөж явахсан гэсэн чин хүсэл бий. Үйлсийг нь үргэлжлүүлж хойч үедээ хүргэх зорилго бий. Тиймдээ ч хийх ажил маш их байна. Одоо монгол хувцасны хэв маяг орсон орчин үеийн өдөр тутмын хувцасны брэнд гаргах зорилго тавин ажиллаж байна. Оны өмнөхөн өөрийн нэрийн фэйсбүүк хуудас нээж хийсэн загваруудаа оруулж эхэлсэн. Тэгэхэд хүмүүс маш сайхнаар хүлээж авч, санаанд оромгүйгээр хурдан цар хүрээгээ тэлсэн нь миний загваруудыг хүмүүс өндрөөр хүлээж авсанд их урамшсан. Бас хүмүүст үгүйлэгдэж буй загварууд болох нь сэтгэгдэлүүдээс нь харагддаг. Эндээс л их урам зориг авч байна даа.
-Ингэхэд та хувцас загварын ертөнцтэй холбогдоод хэдэн жилийг өнгөрөөж байна? Хэр олон өөрийн гэсэн хэрэглэгч, үйлчлүүлэгчтэй болж амжсан бэ?
-Дизайнер мэргэжил эзэмшээд 12 жил өнгөрч. Хүний амьдралын нэг үе гэсэн үг. Гэвч хувцас загварын салбар, нийгмийн хөгжил хоёр ямар уялдаа холбоотой билээ, тэгтлээ хурдан түргэн, шууд амжилтанд хүрчихгүй. Энэ хугацаанд мэргэжлээсээ гадна янз бүрийн л ажил хийж үзлээ. Санхүүгийн чиглэлээр суралцаж төгсөөд ажиллаж ч үзсэн. Надад янз бүрийн бэрхшээл шалтгаан тулгарч байсан ч өнөөдрийг хүртэл чамлахааргүй олон бүтээл туурвисан гэж боддог. Өнөөдөр бүх зүйл өөрчлөгдөж, хөгжиж байгаа нь анзаарагдаж байна. Би АНУ-д сүүлийн 3-4 жил ажиллаж амьдраад ирэхдээ уг нь буцаад явах төлөвлөгөөтэй байсан юм. Туршилтын маягаар фэйсбүүк хуудас нээж шинээр хийсэн загваруудаа оруулж эхлэхэд санаанд оромгүй үр дүн өгч урамшсанаар монголдоо үлдэж Монголынхоо хувцас загварын хөгжилд өөрийнхөө хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

Үйлчлүүлэгчдийн тухайд тасралтгүй мэргэжлээрээ ажиллаагүй ч байнгын захиалагч нартай байсан, одоо бол тоогоо алдчихаад байна. Миний хувьд зүгээр нэг хувцасны салон ажиллуулах биш өөрийн нэрийн брэнд гаргах зорилготой. Одоохондоо судалгаа, эхлэл шатандаа явж байна гэх үү дээ.
-Ямархуу дүр төрх, ирээдүй харагдаж байна?
-Ирээдүй маш гэгээтэй, хувцасны үйлдвэрлэл хөгжих боломж харагдаж байна Бараг л фэйсбүүк хуудсаараа хүмүүс ямар хандлагатай байна юуг хүсэж байгааг судалгаа хийчихэж болж байна.
-Америкт мэргэжлээрээ ажиллаж байсан юм уу?
-Тийм. Анх би Вашингтон ДС хотод олон улсын загварын шоунд оролцхоор явсан. Ерөнхийдөө орчноо сольж туршлага хуримтлуулъя гэж бодсон хэрэг.
Хувцас загварын ном гаргах нь миний оюутан байхын мөрөөдөл. АНУ-д байхдаа энэ мөрөөдлөө биелүүлж номоо бичсэн. Монголдоо мэргэжлээрээ ажиллая гэхэд ажиллах газар нь цөөхөн, юм хийе гэхэд саад бэрхшээл ихтэй байсан. Дан уран бүтээл л хийгээд явна гэдэг хүндрэлтэй, бизнес болгож мөнгө олох бас хэрэгтэй шүү дээ. Тэгээд л Америк явсан даа. Их ч зүйл сурч ирсэн. Тэдний ажиллах арга барил, хийсэн зүйлээ хүмүүст хүргэх нь хүртэл өөр. Сайн туршлага хуримтлуулаад ирсэн гэж бодож байгаа.
-Манайд жил бүр “Гоёл” гээд нүсэр наадам болдог. Загвар зохион бүтээгчдийн гэхээсээ илүүтэй загвар өмсөгчдийн наадам гэхээр. Маш олон загвар зохион бүтээгчид байдаг ч нийтийн хэрэглээний зах зээлд товойж, түрж гарч ирдэг нь ховор, байхгүйтэй адил шахуу гэж болно. Амьдралаас арай хол, хийсвэр загваруудтай нь холбоотой юм болов уу гэж дүгнэхээр байдаг. Та бодлоо хуваалцаач?
-Миний бодлоор “Гоёл” тэмцээн биш загварын долоо хоног маягаараа явбал илүү зүгээр болов уу. Өөрөөр хэлбэл дизайнерууд хоорондоо өрсөлдөх бус харин хийж бүтээснээ, ур чадвараа бусдад харуулж, танигдах нь чухал. Дэлхийн хаана ч дизайнерууд өрсөлддөг тэмцээн уралдаан байдаггүй. Өрсөлдөж, уралдлаа гэхэд оюутан юм уу залуу дизайнеруудын дунд зохион байгуулагддаг. Энэ нь шинэ залуу дизайнерууд өөрсдийгөө таниулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэд нь туслах зорилготой байдаг. Би хувьдаа оюутан байхдаа “Гоёл” наадамд жил болгон оролцдог байсан. Тухайн үедээ их нэр хүндийн хэрэг санагдаж, догдолж хүлээдэг байлаа. Одоо бол би “Гоёл”-д оролцохгүй. Хэнд үнэлүүлж хэнд шүүлгээд байгаа нь сонин л доо. Дизайнер бүр бие даасан загварын шоу хийх боломжгүй учраас тэр боломжийг л Гоел наадам нь загварын 7 хоног болгож жилдээ 2 удаа зохион байгуулдаг байвал зөв гэж боддог. Миний бодлоор “Гоёл” одоо хэв маягаа жаахан өөрчлөх шаардлагатай.
Загвар зохион бүтээгчдийн тухайд арай ч бүгдээрээ амьдралаас хол тасархай загвар хийдэг гэдэгтэй би санал нийлэхгүй нь. Дизайнерууд дотроо олон чиглэлээр ажилладаг. Магадгүй “Гоёл” наадамд зориулаад материалаар тоглосон, ажиллагаа ихтэй, өдөр тутамд өмсөхөөргүй хувцас хийдэг байж болох юм. Энэ тохиолдолд дараа нь яахуу гэдэг асуудал л бий. Яахав санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн бол хааяа нэг бүтээлийн шоу хийж , ур чадвар, фантастик сэтгэлгээгээ харуулсан бүтээл хийж болно л доо.
-Монголын хувцас загварын хөгжил дэлхийн дэвжээн дээр хаахна яваа бол?
-Хувцас загвар яах аргагүй нийгмийн сэтгэлгээ, эдийн засгийн хөгжилтэй нягт холбоо хамааралтай хөгждөг салбар. Манайхны хувьд нэг хэсэг эдийн засгаасаа болоод хоцрогдож, даган дуурайсан маягтай олон жилийг үдсэн. Одоо бол байдал огт өөр болж байна. Дэлхийн тавцанд дөхөж очсон гэж боддог шүү. Манай чадалтай дизайнерууд гадаад, дотоодод төгсөөд гадны орнуудад ч Монголынхоо нэрийг гаргаад ажиллаж байгаа нь олон байна. Сүүлд би Нью-Йоркт мэргэжлээрээ ажиллахад огт гологдоогүй. Манай сургалтын стандартыг муу гээд байдаг даа. Үнэндээ бол сайн юм билээ. Би Монголдоо сургууль төгссөн. Хэдийгээр эхэндээ ажил олж ороход амаргүй байсан ч орсон хойно намайг тэндээс явуулах дургүй байсан. Монголын гар урлал гэхэд л гайхалтай. Нарийн ширийн оёдол, гар урлал маш сайн хөгжсөн гэдгийг тэнд очсон хойноо ойлгосон. Анх ажилд орохдоо хийсэн загваруудаа үзүүлж орж байсан л даа. Тэр оёдлыг хараад тэд “хөөх” гэж дуу алдаж байсан. Би анх оёдолчноор орж байсан. Дараа нь мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Ямартай ч бидэнд маш их давуу тал бий. Бид заавал хүний хийсэн юмыг даган дуурайх шаардлагагүй, үндэснийхээ ялгарах онцлог, давуу сэдвүүдийг барьж аваад ажиллахад л дэлхийд танигдаж, орон зайгаа тодорхойлох боломжтой. Дэлхийн томоохон брэнд, загвар зохион бүтээгчид Монголын үндэсний хувцсыг судлаад л байна. Загварын шоунууд дээр монгол хувцасны деталиуд ихээр түрж орж байгаа нь анзаарагдаж байна.
-Нээрээ зуны дэлгэр цаг ирчихлээ. Удахгүй намар болно. Энэ зун болоод намрын загварын чиг хандлагыг бидэнд сонирхуулаач?
-Зун угаасаа өнгөлөг, тод хувцаснууд чиг хандлагыг тодорхойлдог. Гэхдээ би дэлхийн загварын чиг хандлага гэхээсээ илүүтэй өөрийнхөө гаргаж байгаа чиг хандлагыг санал болгохыг хүсэж байна. Миний зорилго бол монгол стиль хэв маягийн өдөр тутмын хувцсыг монголдоо төдийгүй дэлхийн дахинд таниулан сурталчлахаар ажиллаж байгаагийн хувьд миний санал болгож байгаа загвар чиг хандлагаар монголчууд маань гоёосой л гэж хүсэж байна.
-Тэгвэл таны энэ зуны чиг хандлагад ямар өнгө, загвар давамгайлах нь вэ?
-Ерөнхийдөө завсрын өнгө голлосон. Завсарын өнгөн дээрээ тод хурц өнгөөр тодотгож хослуулсан монгол хэв маяг бага ч гэсэн хадгалагдсан загварууд байгаа. Би өнгөөр тоглож олон өнгийг хольж байхгүй өнгө, сонин шийдэл гаргах дуртай.
-Моод, стиль гээд тэнгэр, газар мэт холбоотой хэрнээ ялгаатай хоёр ойлголт бий. Та “моодный” эмэгтэйг илүүд үзэх үү, эсвэл стильтэй бүсгүйг илүүд үзэх үү?
-Стильтэй эмэгтэйг илүүд үзнэ. Ер нь хүн өөрийнхөө стиль, хэв маягийг олох маш чухал. Яагаад гэвэл хүн бүр өөр өөрийн онцлогтой байдаг. Тэр онцлогоо тодотгосон, зөвхөн өөрт нь зохидог байна гэдэг жинхэнэ сайхан хувцаслалт юм. Түүнээс сохроор моод дагаж хувцаслах өрөөсгөл. Хэрэв өөрийнхөө стилийг олж чадахгүй байвал мэргэжлийн хүнд хандаж болно. Загварын сонин сэтгүүл үзэж өөрт дөхөж очих стилийг сонгож болно.
Хувцаслах соёл өөрөө бие даасан маш том урлаг. Стиль нь үзэл бодол, амьдралын хэв маягтай хүртэл холбоотой нэрийн хуудас юм.
-Моодонд цаламдуулж, брэндэд дулдуйдаж амьдарч буй хүн олон байх юм. Стилийг өөрийн болгох хэмжээнд хүртлээ боловсорч чадаагүй хүмүүсийн аврагдах гарц нь моод гэх. Та санал нийлэх үү?
-Брэндийн хэрэглээ бол шууд санхүүгийн чадвартай хамаатай асуудал. Хэн ч гоё сайхан, үнэтэй чанартай хувцас өмсөхийг хүснэ биз дээ. Түрийвчнийхээ хэмжээгээр хувцаслана гэдэг энэ байх. Гэхдээ тэнд хүмүүс брэндээр хувцаслаж байна, энд брэнд биш ч гэлээ тэднээс дутахгүй сайхан хувцаслаж бас болно. Энэ чинь л нөгөө стиль юм. Би жишээ нь дунд сургуульд байхдаа голцуу дипломат баячуудын хүүхдүүдтэй нэг ангид суралцдаг байлаа. Манайх жирийн уран бүтээлч, дундаж амьдралтай айл. Надад гадаадаас ирдэг үнэтэй, гоё хувцас хунар байгаагүй. Гэхдээ хувцсаа өөрчилж янзалж өөрийнхөөрөө ялгарч чаддаг байсан юм.
Брэнд сонголоо гээд тухайн хүнийг буруутгах аргагүй. Брэндийн хувцаснууд үнэхээр л чанартай, сайхан байдаг ш дээ. Би үнэхээр таалагдсан хувцас байвал авна аа. Гэхдээ “Аан энэ нөгөө Chanel-ийн сүүлд гарсан загвар”-г өмчихсөн байна гэж хэлүүлснээс энэ ямар сонин, содон гоё хувцас өмсөө вэ хаанаас авсан юм бол гэж бодогдхоор хувцаслахыг би илүүд үзнэ.
-Ингэхэд таны хувцасны шүүгээнд ямар өнгө, ямар загвар, ямар төрлийн хувцас давуу орон зай эзэлдэг вэ?
-Загасчины морь усгүй гэдэг шиг нэг хэсэг ихэвчлэн бэлэн хувцас худалдан авч өмсдөг байлаа. Өөртөө юм хийх цаг зав ч байгаагүй юм уу. Одоо бол өөрчлөгдсөн. Өөрөө юм хийгээд эхэлсэн чинь өөрийнхөө загваруудыг өмсөх дуртай болж байна. Өмд ч бай, цамц ч бай, юбка ч бай өөрийнхөө загварыг л өмсөхийг эрхэмлэж байна.
-Хоёулаа баахан хувцас загвар ярилаа. Ингэхэд ярилцлагын баатартайгаа илүү дотно танилцаж болно биз дээ. Та аав ээжээсээ хэдүүлээ вэ? Таниас өөр аавынхаа авьяас, мэргэжлийг өвлөсөн нь бий юу?
-Бид ээж, ааваасаа зургуулаа. Гурван охин, гурван хүү. Миний өссөн орчин урлагийн ертөнц, аав маань зураач ээж маань сурган хүмүүжүүлэгч гээд энэ мэргэжлийг сонгохгүй байхын аргагүй орчинд хүмүүжсэн. Бодоод байсан чинь давуу, өнгөөр тоглох дуртай хүн нь аав маань байж. Жаахан байхад намайг оёдлын газруудаар дагуулж явдаг байсан. Концерт тоглолтуудын хувцасны загварыг аав маань гаргадаг байсан юм. Гэрт зөндөө их давууны өөдөс байдаг байсан. Голцуу Франц зэрэг европын орнуудаас авчирсан, нүд унахгүй байхын аргагүй даавуунууд байх. Үүний нөлөө биз, гоё даавуу харахаараа бараг л ухаанаа алдчихдаг юм (инээв).
Урлах-Эрдэм дээд сургуулийг дизайнер, загвар зохион бүтээгчээр, СЭЗДС-ийг санхүүгийн менежмент мэргэжлээр төгссөн. Миний доод талын дүү Равжир Америкт амьдардаг. Зураач мэргэжилтэй ч одоохондоо зургаа зурахгүй байгаа. Аавын мэргэжлийг өвлөсөн нь гэвэл бид хоёр.
-Ингэхэд хувийн амьдралаа төвхнүүлж амжсан уу?
-Яг үнэнийг хэлэхэд гэрлэх завгүй л явна (инээв). Аль нэгийг нь хөөх болчихоод байна. Би бурханы зурсан зураг байдаг гэдэгт итгэдэг. Бурхан намайг өшөө их юм хийж бүтээ гээд гэрлэх зав өгөхгүй байгаа ч юм болов уу гэсэн тайлбар өөртөө өгчихсөн байгаа/ инээв/. Бүх юм болох цагтаа болдог гэж боддог.
-Хайрлаж, дурлаж, гэр бүл болоход цаг зав тийм ч чухал биш гэдэг юм билээ?
-Хайр дурлал байлгүй яахав. Гэр бүлийн талаар асуусан болохоор чинь тэгж хариулсан хэрэг. Хайр дурлал угаас залуу насанд хүн болгонд байдаг, байх ёстой зүйл шүү дээ. Үнэндээ тэгтлээ эрт гэрлэлтийг дэмждэг хүн би биш. Манайхны уламжлалт сэтгэлгээний өнцгөөс л харвал ганц бие байгаа нь сонин хачирхалтай болохоос Америкт бол юун хүнтэй суух, залуу байна гэцгээх. Гэхдээ манайхны эрт гэрлэлтийг дэмждэг сэтгэлгээ нь бас багасаад байх шиг ажиглагдсан шүү.
-Гэр бүлд хамгийн чухал зүйл юу гэж боддог вэ?
-Нандин харилцаа. Хоёр хүний ойлголцол, хэн хэнийхээ хүсэл сонирхлыг ойлгож дэмждэг хүндэтгэл юм уу. Ер нь хүндэтгэл, итгэлцэл хамгийн чухал нь байх аа. Тэгээд хайр сэтгэлээр сонгосон сонголт байх ёстой гэж боддог. Хэн нэгний шахалт эсвэл нийгмийн шахалтаар эсвэл аргагүй байдалд орсны улмаас гэр бүлээ сонгож болохгүй ээ. Яагаад гэвэл маш олон жил хамтдаа амьдарна. Тэгэхэд хуучиршгүй, шавхагдашгүй хайрын сэтгэл л гол хөдөлгүүр болж явна байх.
-Магадгүй та бие даасан, өөрийн гэсэн үзэл бодолтой, санхүүгийн чадамжтай, хэн нэгэн эр хүнээс хараат бус учраас гэр бүлийн амьдрал зохиогоогүй, айлын гэргий болоогүй яваа ч юм билүү. Ихэнх эмэгтэйчүүд өөрсдөө бие дааж амьдрах чадваргүйгээс эрт гэрлэдэг гэсэн судалгааны дүн бас байх юм билээ.
-Тэр ч арай өрөөсгөл ойлголт байх аа. Ерөнхийдөө хүчирхэг эмэгтэйчүүдээс эрчүүд айж, дөлдөг нь үнэн байх. Харин гэрлэсэн эмэгтэйчүүдийг бүгдийг нь эр нөхрөөс, санхүүгээс хамааралтай гэж болохгүй ээ. Өрөөсгөл дүгнэлт гэж бодож байна. Мэдээж тийм хэсэг байхыг үгүйсгэх аргагүй л дээ. Үр хүүхдээ өсгөөд, гэрийн сайн эзэгтэй байх хүсэлтэй хүн ч байж болно. Гэтэл зарим нь карьер хөөхөө илүүд үздэг нь ч бий.
-Хайрын тухай олон тодорхойлолт бий. Та хайраас юу авдаг вэ?
-Хайраас эрч хүч авдаг. Би бол хайргүй амьдарч чадахгүй. Бүх хүмүүсийн хувьд л адилхан байх. Хэн нэгнээс заавал хайр авах л ёстой байх. Зөвхөн эр эм хүмүүсийн хооронд ч биш эргэн тойрон байх найз нөхөд, эцэг эх, ах дүүсээсээ хайрыг мэдэрч , өөрөө ч хайраа өгч амьдрах нь энэ ертөнц оршин тогтнох үндэс нь гэж боддог.
-Хайраар дутахгүй амьдарна гэдэг том хувь заяа. Та ийм хувь заяаны эзэн байж чадаж байна уу?
-Намайг хайрладаг хүмүүс эргэн тойронд минь байна. Би хайраар дутаагүй аз жаргалтай амьдарч байна.
-Залуу нас гэдэг юугаар ч арилжиж, орлуулж боломгүй их эрч хүч, гоо сайхан бас омголон бардам сэтгэл, хайрлам оршихуй. Дурлалдаа шатаж, хүлээж, шархалж, бас баярлаж дурсамж бүтээж, алдаж онож явдаг залуу насыг юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. Та залуу насны өдрүүдээ хэрхэн өнгөрүүлж байна даа?
-Хайр дурлал уран бүтээлч хүмүүст хийж бүтээхэд их нөлөөлдөг шүү (инээв). Хийж бүтээх сайхан. Надад телевиз үзэх ч зав гардаггүй. Өглөөнөөс орой хүртэл ажил дээрээ, ажлаа тарчихаад “сошиал” ертөнцөд ажлаа хийнэ. Хийсэн зүйлээ харж, түүнээс таашаал авч, бахархаж амьдрах гоё шүү дээ. Ажил амралтаа зохицуулж салхи агаарт гарах дуртай. Аялах дуртай. Сүүлд Шанхай яваад ирсэн. Өөртөө бас нэг өөр ертөнц нээчихээд ирлээ. Хүн ер нь болж өгвөл орчноо байнга сольж байх хэрэгтэй юм шиг ээ. Ажлын өдрүүдийг ажлаа хийж, зургаа зураад өнгөрөөдөг. Уйдах, гуниглах завгүй л өнгөрөөж байна. Ер нь завгүй амьдрах хэрэгтэй гэж залуустаа хэлмээр байдаг.
-Найз залуутай биз дээ?
-Болох гэж байгаа.
-Эмэгтэйчүүд гэж хэн юм бол?
-Би эмэгтэй хүн болж төрсөндөө баярладаг. Төгс төгөлдөр, гоо үзэсгэлэнтэй бурханы харамгүй бүтээсэн бүтээл нь бүсгүй хүн юм. Тэд хүчирхэг байж чаддаг, уяхан байж чаддаг. Өөртөө бүхий л зүйлийг шингээсэн өвөрмөц ертөнц юм уу. Би эмэгтэйчүүдийг үнэхээр их хайрладаг. Голдуу эмэгтэйчүүдэд зориулсан хувцас хийсэн байгааг минь та бодвол анзаарсан байлгүй. Тэднийг үргэлж эрчүүдийн сэтгэлийг татдаг гоё байгаасай, дотроосоо ч гаднаасаа ч ертөнцийг гэрэлтүүлж яваасай гэж хүсдэг.
-Эмэгтэйчүүдэд зориулсан мөн ч олон дүрэм журам, зөвлөмж сэлт байх юм. Гэтэл эрчүүдэд зориулсан нь тун цөөхөн. Үүний учир шалтгаан нь юу гэж та боддог вэ?
-Магадгүй эрчүүд тийм өөгүй хүмүүс үү эсвэл эмэгтэйчүүд энэ амьдралд тэгтлээ их хичээл зүтгэл гаргах ёстой гэсэн утга санаа юм уу.
Үүнд л эрэгтэй эмэгтэй хүний ялгаа байгаа байх даа. Эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдээ сонсож чаддаг ярилцаж чаддаг бол гэр бүлүүдэд асуудал бага гарах байхаа. Ихэнх эрэгтэйчүүд олон үгэнд дургуй байдаг байх. Эмэгтэйчүүд бол ярих дуртай улс. Мөн олон дүрэм, журам заавар зөвлөгөө уншиж сохроор дагаснаас нэг нэгнээ сайн судалж харьцах хэрэгтэй юм болов уу.
-Эрчүүдийг ямар байгаасай гэж боддог вэ? Тэдний юу нь таныг сэтгэлийг татдаг вэ?
-Сайхан харц миний сэтгэлийг татдаг. Эрчүүдийг хамгийн түрүүнд суурь хүмүүжил сайтай дээр нь боловсролтой байгаасай гэж боддог.
-Таны гоо сайхны идеалыг сонирхож болох уу?
-Би өөрөө өөртөө идеал. Надад хэн нэгнийг дуурайсан, хэн нэгэнтэй адилхан зүйл байдаггүй. Өөрийн гэсэн ялгарах зүйл надад бий.
Сэтгэгдэл байхгүй байна