“Камертон”-той он жилүүд

Уйлахдаа ухаарч, шивнэх үгсээр би чамд хайртайгаа хэлж, харууслын аязаар зүрхний үгээ илчилж, хайрлая чамайгаа гэж дөрвөн цагийн хайраа илчилсэн. Амьдралд дахиад тохиохгүй 18 насандаа хэн нэгний алхах зам дээр цэцэг дэлбээлүүлэн түүнийгээ зэрэглээ мэт замхрах вий гэхээс битүүхэн гуниг төрнө. Мод үүл хоёрын дууль шиг шаналалт хайр дурлал хүн төрөлхтний мөнхийн сэдэв билээ.

Ийм л мөнхийн сэдвийг дуулдаг мөрөөдлөөрөө даль жигүүр хийсэн өсвөр насны дөрвөн хөвгүүн “Камертон” нэрийг олон хүний зүрхэнд сийлсэн.

Чиний явсан зам дээр унасан цэцэг

Нулимс болон хоцорлоо амраг минь ...

Зүрхнийхээ үгийг чамд хэлюу гээд

Зөн билгээр мөрөөдөн суух нэгэн мөчөө санаач

Хайрт минь чамдаа би яаж хүрэх вэ

Харцаар чамтай би ярьж билээ ...

Танил мөртнүүд одоо ч зүрхнээ бичээстэй. “Камертон”-ы дууг сонсоод гэгэлзэж, хэн нэгнийг үгүйлж, анхны болзоонд догдлон толины өмнө эргэлдсэн дурсамж хэн бүхэнд бий. Шаналант хайр гуниг орхин одох тэр мөчид мөн л “Камертон”-ы дууг сонсон уярдаг сан. Нулимс хацар дагаж урсаад л ...

Тэртээ 1995 оны зургадугаар сарын 24-нд “Камертон” хамтлаг байгуулагдсан. Их олон жил, урт хугацаа өнгөрч. Гэсэн ч Болдоо, Мээдээ, Эба, Ганаа дөрөв нөгөө л сайхан залуус хэвээрээ. Хоолой нь эцэж цуцахгүй юмаа, хувь хувьдаа бие даасан уран бүтээл туурвисан нь ч чихэнд нэг л наалдацтай. Тэд магадгүй их урлагийн төлөө биеэ зориулах эрхэм үүрэг, тавилантай хүмүүс биз ээ. Хэдийнэ гэр бүлийн амьдрал зохиож, зарим нь бүр дөрвөн хүүхдийн аав болсон ч охидын мөнхийн шүтээн хэвээрээ.

Бид “Камертон”-д үнэхээр дуртай, дурлаж шатаж тэднийг харан хөглөгддөг мэдрэмж хэзээд хэвээр. Урлаг гэдэг ийм л гайхамшигтай зүйл билээ. Тэд бол урлагийн ертөнцөд харвасан гялбаа, цацарсан оч, мөнхөд гялалзах од. Хоёр дуу дуулаад л тоглолтоо хийчихдэг хурган одуудтай тэднийг жиших ч юм биш. Оюун санаа, бүх эд эсээрээ урлагийн төлөө амьдарч, хамтдаа нэгэн дээвэр дор амьсгалж, идэж, унтаж зөвхөн уран бүтээлээ л бодож нойргүй хоносон олон олон шөнүүд тэдэнд бий.

Жинхэнэ уран бүтээл сэтгэлээс төрдөг. Авьяас магадгүй сэтгэлд хөглөгдөхөөрөө тийм аялгуулаг, хэзээ ч сонссон уйдамгүй сайхан дуунуудыг эгшиглүүлдэг байх. Хоолойны махаа чичрүүлэн дуу гаргаж олон түмэнд хүргэдэг дуучин хэмээх өвөрмөц мэргэжил сэтгэлгүй бол хөндий хоосон хонгио, хоосон хуурай аялгуу зүгээр л зугаа гаргах нэг хэрэгсэл болох биз.

“Камертон” үргэлж бидний сэтгэл рүү дуулжээ. “Зүүд” дууны клипээ хийхээр Баянхошуунд эзгүй байшинд унтах ор дэр ч үгүй идэх хоолгүй бүтэн гурав хонохдоо бороонд цохиулж байсныг үзэгчид дөнгөж саяхан л тэдний дурсамж ярианаас сонссон. Сэтгэл байхад юуг ч хийдэг юм байна. Чин сэтгэл. “Би хэнтэй ч учирч болох байсан” дууны клип бас л сорилт. Хэчнээн их нунтаг элс хамар, нүд чихээр нь орж салхин сэнс хүүгтэл үлээхэд тэсэн хэр удаан сууж зургаа авахуулсныг бас хэн ч мэдэхгүй.

Тэдний дуу болгон түүхтэй. Клип болгон хөгжилтэй дурсамжтай. Гар хоосон, мөрөөдлөөс өөр юу ч үгүй, бурханы бэлэг болох бяцхан авьяастай өсвөр насны хөвгүүдэд урлаг зөөлөн боорцог байгаагүй нь тодорхой. Тэд хэзээ ч бууж өгөөгүй учраас сайн уран бүтээлүүд амилсан.

Хоёр хүн хоорондоо ойлголцож хэчнээн хайр сэтгэлтэй байсан ч гэр бүлийн амьдралаар амьдрах гэдэг амаргүй даваа. Гэтэл дөрвөн өөр орчинд өссөн өөр хүсэл мөрөөдөлтэй, өөр амьдралын дадал хэмнэлтэй ид бүгдийг сонирхох насандаа яваа залуус нэг дээвэр дор амьдарна гэдэг тэрнээс ч амаргүй. Хатуу дэг жаяг, өндөр зохион байгуулалт, цагт баригдсан бэлтгэл сургуулилт энэ бүгдийг орхиод зүгээр л үеийн охины тормогор нүдийг ширтэн хамтдаа гудамжаар хөтлөлцөн зугаалахыг хүсдэг л байсан байх. Гэвч тэгж болохгүй олны танил хүн гудамжаар зүгээр ч алхах амаргүй.

Амьдралынхаа туршид олны нүдэн дээр, хараа хяналтанд амьдарч од байхын шагнал шийтгэлийг амссан “Камертон”-чууд энэ бэрхшээлийг даван туулсан. Энэ урт хугацаанд нэг удаа ч тэднийг “миарсан” талаар сонсож байсангүй. Алдах эрхгүй олны танил хүн гэдгээ үнэхээр мэдэрч хариуцлагатай амьдарсан гэсэн үг. Тийм учраас тэд фэнүүдийнхээ зүрхэнд үргэлж сайхнаар дурсагдаж, санагалзуулж битүүхэн хүлээлгэж байдаг.

Баярлалаа, “Камертон”-чуудаа урлагийн хүн ямар байх ёстойг үлгэрлэн үзүүлж олон олон хүнд багш нь болсонд.

Өнөө орой “Камертон”-чууд удаан хүлээсэн үнэнч фэнүүдтэйгээ уулзана. Тэд хэзээ ч уулзсан фэнүүд нь бэлэн байх болно. Догдлол хүлээлт байсаар л байна. Энэ чинь л “Камертон” шүү дээ.

У.ЦАХИРМАА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025