Монголын залуу үеийн загвар өмсөгчдөөс өвөрмөц эрлийздүү төрх, ялдам инээмсэглэлээрээ ялгардаг энэ бүсгүйг бид “Жагар орон”-ы Дэлгэрмаа гэдгээр нь сайн танина. 13-хан настайдаа эгчээ дагаж “Шилмэл загвар” дээр очсон түүнийг өндөр болоод ирээрэй хэмээн буцаахад өөртөө томоос том зорилго тавьж байсан тэр бяцхан охин мөрөөдлөө биелүүлж, загварын ертөнцөд хөл тавиад 6 жилийг ардаа орхижээ.
СЭЗДС-ийн оюутан тэрээр телевизийн шаггүй хөтлөгч. Камер техниктэй харьцахдаа үеийн загвар өмсөгчдөөсөө хөл тасархай түүнийг мэргэжлийнхэн ирээдүйд топ модель Э.Одгэрэлийг залгамжлах манер, хувирах чадвар сайтай загвар өмсөгч хэмээн үнэлдэг юм билээ. Тийм ч учраас элдвийн хэл ам, атаа жөтөө түүнийг сүүдэр мэт дагадаг биз.
-Хоол сойх гэдэг хэрийн хүний тэвчээр барсан ажил. Гэхдээ загвар өмсөгчийн хувьд энэ зарчим танд хэр хатуу үйлчилдэг вэ?
-Би өмнө нь нэг их диет барьдаггүй байсан. Арван жилд байхдаа спортоор хичээллэдэг, хөдөлгөөн ихтэй байсан болохоор тийм шаардлага нэг их гараагүй. Харин жил хагасын өмнөөс их сургуульд ороод суудал хэтэрсэн болохоор бага зэрэг жин нэмсэн. Одоо л диет барьж байгаа. Өдөр сайн тэжээллэг хоол идчихээд орой 4-өөс хойш хоол иддэггүй. Даанч би шоколаданд их дуртай. Чихэр, шоколад идэхээр их таргалдаг. Ойрын үед шоколадаа идэхгүй жаахан хэцүү л байна (инээв).
-Хацрын хонхорхой, ялдам инээмсэглэл бол Дээгийгийн имиж гэх хүн цөөнгүй байдаг. Бусад загвар өмсөгчдөөс юугаараа ялгардаг гэж хэлэх вэ?
-”Жагар”-ын рекламаар инээмсэглээд гарчихсан болохоор хацрын хонхорхой, инээмсэглэлээр минь хүмүүс намайг илүүтэй хүлээж авдаг. Нүүрний хувирлаар бусад охидоос ялгардаг гэж өөрийгөө боддог. Зарим нь гоё хөл, биеэрээ ялгардаг шиг миний хувьд ямар ч төрхийг гаргаж чаддаг. Тайз бол маш чухал зүйл. Тайзан дээр зүгээр урагшаа хараад алхах биш, тэнд байгаа үзэгчдийг өөр дээрээ төвлөрүүлэх, хувцсаа үзүүлэх нь загвар өмсөгч хүний хувьд чухал байдаг.

-Загварынхны хамгийн том шоу “Гоёл” мөдхөн болох гэж байна. Бөх хүн унана гэж зодоглодоггүй шиг зорьсон юм байгаа байх гэж бодож байна?
-Жил жилийн “Гоёл”-д бүхий л загвар өмсөгчид амжилт гаргахын тулд дор бүрнээ хичээдэг. Ер нь “Гоёл”-ын шалгаруулалт олон жил ажилласан модельдоо шагнал өгөх маягаар явдаг шиг санагддаг. Манай холбооны удирдлагууд охидуудаа сайн мэддэг. Хамгийн гол нь хүмүүжлийг гол шалгуураа болгодог. Мэдээж дараа нь гадаад төрх, алхаа гишгээ, биеэ хэрхэн арчилж байгаа зэргийг нь хардаг. Загвар өмсөгч хүний хувьд толгойноосоо хөлийн ул хүртлээ бэлтгэлтэй ирэх ёстой байдаг. Мөн цагаа хатуу баримталдаг байх ёстой. Энэ бүхнийг нь харахын зэрэгцээ хувцасаа хэрхэн харуулж чадаж байгааг нь харж шалгаруулалтаа хийдэг.
Манай охидын дунд “Гоёл” болохоос хоёр сарын өмнө гэнэт ухаан орсон юм шиг бэлтгэх тал ажиглагддаг. Би хувьдаа жилийн дөрвөн улиралд загвар өмсөгч хүн арьс, үс, бие хаагаа формд нь байлгаж, бэлэн байх ёстой гэж боддог. Одоо би бэлтгэлдээ орчихсон явж байгаа. Мэдээж тэмцээн уралдаанд орж байгаа хүн болгон өөртөө итгэлтэй зорилготой ордгийн адил өөртөө итгэлтэй байна. Яг үнэндээ өнгөрсөн жилийн хувьд том том өрсөлдөгчид байсан болоод ч тэр үү өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй л дээ.
-Хоёр жилийн өмнө “Miss international” тэмцээнээс Японд дөрвөн жил суралцах эрхийн бичгээр шагнагдсан мөртлөө яагаад явахгүй байгаа чинь анхаарал татаж байна?
-Үүнийг яривал их урт түүх болно. Тухайн үед Японоос хоёр хүн ирж Пүрэвсүрэн эгч, Содоо эгч би гэх мэтийн зургаан охин хамт хоолонд ороод бидний ком картыг аваад явцгаасан. Дараа нь нэг мэдсэн чинь тэмцээний реклам нь зурагтаар яваад эхэлсэн. Нэг өдөр манай холбооны охидыг цуглуулж ийм тэмцээн болох гэж байгааг дуулгасан. Тэгээд тэмцээнд орно гэсэн нэг их бэлтгэлгүй байж байгаад орсон. Тэгэхэд бусад охид эгч, ээж, найз охинтойгоо ч юм уу ирж байхад би гурван том цүнх барьчихсан ганцаараа зогсож байсан. Анх удаагаа тэмцээнд орж байгаа болохоор нэг их юм мэдэхгүй, надад туслах хүн ч байхгүй, үс гэзгээ өөрөө индүүдэж л орж байсан. Аягүй инээдтэй. Тэр үеэр ээж гэртээ өвчтэй, аав ах хоёр хөдөө явчихсан, эгч Германд, дүү маань жаахан болохоор ганцаараа явахаас өөр аргагүй байсан л даа. Ээж, миний охин болгоомжтой яваарай л гэсэн.
Би ч өөрөө шалгарна гэж бодоо ч үгүй. Тэгсэн чинь нэг мэдсэн чинь л дэд байр эзэлж, Японд суралцах эрхээр шагнуулсан. Тэргүүн байранд Содоо эгч орж, Япон явж тэмцээнд оролцох эрх авч байсан. Тэгэхэд бүх хүмүүс л манай Дээгий хамгийн гоё шагнал авлаа гэж байсан юм. Би шалгарсандаа өөртөө ч итгээгүй. Ээждээ очоод хэлсэн чинь зүгээр л уйлчихсан. Тэгээд Содоо эгч л Япон явах ёстой байтал гэнэт намайг бас авч явна гээд хоёулаа цуг явлаа. Тэр шалгаруулалтыг хийсэн хоёр хүний нэг Кода нь тэр сургуулийн хувь нийлүүлэгч том хүн байсан юм билээ. Тэр хүн надад “Чи энэ сургуульд сурна, энд дөрвөн жил амьдрах учраас одооноос эхэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй” гээд дэлгүүрээр ганцааранг минь явуулж, метронд сууж сур гэдэг байсан. Энэ мэтээр их уриалагхан хандаж байсан хүн гэнэт л сонин болоод эхэлсэн л дээ. Японд очсон өдрөөсөө эхлээд л жижиг сажиг зүйлээс болоод биднийг буруугаар ойлгочих шиг болсон.
-Япончууд ёсорхуу улс. Хэрийн юманд зангаа хувиргахгүй. Тэгээд яаж буруу ойлголт төрүүлсэн гэж?

-Содоо эгчийг Японд байх хугацаанд бүх зургийг нь авах ёстой Эрхэмбаяр гэдэг залуу бидэнтэй хамт явсан юм. Тэр залуу уг нь Монгол элчин дээр хонох ёстой байтал оройтчихлоо, та нартай хоноё гээд буудалд хамт нэг өрөөнд хоночихгүй юу. Тэгсэн чинь маргааш өглөө нь нөгөө Япон хүн мэдчихээд та нар эрэгтэй хүнтэй цуг хонолоо гээд уурласан. Содоо эгч арц уугиулчихаад шүдэнзээ хивсэн дээр тавьчихсан чинь тэр нь жаахан шатчихсан байсныг харчихаад “Та нар no smoking, мисс хүн тамхи татаж болохгүй” гэж уцаарласан. Содоо эгч үсээ янзалж байна гээд цагаа барихгүй удаад дургүйг нь их хүргэдэг байсан. Би түрүүлж ирээд Содоо эгч үлдсэн л дээ. Тэгээд явах хугацаа нь болоод онгоцонд суулгасан чинь Содоо эгч буцаад буучихсан гэсэн. Тэгэхээр нь тэр хүмүүсийн бүр их дургүй нь хүрсэн юм шиг байна лээ. Тэгээд онгоцноосоо үлдчихээд манай сумогийнхноос онгоцны билетний мөнгө гуйсан гэсэн. Энэ мэт зүйлээс болж тэр Япон хүмүүс ер нь монгол миссүүд гэж иймэрхүү л хүмүүс байдаг юм байна гээд буруу ойлголттой болчихсон. Энэ тухай би сүүлд орчуулагч эгчээс сонссон л доо. Тэгээд тэр хүмүүс над руу яриагүй. Ясуда гэдэг хүн нь л нэг ярьж байсан.
-Чи энэ талаар Содоотой ярьсан уу? Тэр сургуулийн асуудлаа хөөцөлдөж болоогүй юм уу?
-Нэгэнт өнгөрсөн юм чинь би юугаа ч ярихав дээ. Тэгээд ч би бүр өнгөрсөн хойно нь сонссон болохоор юугаа ч ярихав дээ. Тэгээд ч ээж маань харийн нутагт охиноо дөрвөн жил яаж байлгах юм. Япон чинь эмэгтэй хүнийг 2-рт тавьдаг газар гэсэн. Яваагүй нь ч болсон юм гэж байсан. Нэгэнт өнгөрсөн юм чинь нэг их харамсдаггүй. Уг нь яваад сураад ирсэн бол шал өөр л байх байсан байх.
-Сүүлийн үед болсон болоогүй маш олон миссийн тэмцээн болдог болсон. Ингэхэд Дээгий яагаад миссийн тэмцээнд ордоггүй юм бэ? Хөлд чинь саад тавьсан миссээс болоод ийм тэмцээнд сүжиггүй болсон уу?
-Таны хэлж байгаатай санал нэг байна. Сүүлийн үед болж байгаа миссийн тэмцээнүүд надад огтхон ч таалагдахгүй байгаа. Жил бүр болж байгаа миссийн тэмцээнд хүмүүс өөрийгөө мэдэж ороосой. Дээрээс нь шалгаж оруулж байгаа хүмүүс юмыг өөрөөр хардаг байх ёстой. Анхнаасаа нарийн шалгуураар авдаг байх хэрэгтэй. Ийм тэмцээнд оролцох юм бол миний олж авсан жаахан ч гэсэн нэр хүнд маань уначих юм болов уу гэж боддог. Дээрээс нь өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Дэлхийн хэмжээнд очихын тулд өөрийгөө дээд зэргээр бэлтгэсэн байх ёстой. Наад зах нь ухаалаг байх хэрэгтэй, хоёр салаа хэлтэй, боловсролтой байх ёстой.
-Чамайг топ модель Э.Одгэрэлтэй их адилхан гэх нь бий. Загвар өмсөгчдөөс хэнийг идеаль болгохыг эрмэлздэг вэ?

-Анх намайг “Гялбаа” сэтгүүлийн нүүрэн дээр зургаа авахуулж байхад Анхаа эгч “Дээгий нээрээ хараад байсан чинь Одгэрэл эгчтэй их төстэй юм” гэж байсан. Би тэр үед Одгэрэл эгчийг ч бараг сайн мэддэггүй жаахан охин байсан ч дотроо их баярласан. Сая бас загварын долоо хоног болоход ээж маань үзэгчээр суусан юм. Тэгэхэд Одгэрэлтэй төстэй нэг охин байна гэж хүмүүс чамайг ярьж байна лээ гэж байсан. Тийм мундаг хүнтэй намайг адилхан гэхээр би их баярладаг. Одгэрэл эгчийг өдий хүртлээ өөрийгөө 18, 20-той охин шиг биеэ авч явж байгааг нь үнэхээр биширдэг. Гайхалтай эмэгтэй гэж боддог.
Миний хувьд Цоомоо багшаасаа үлгэр дуурайл авдаг. Анхнаасаа Цоомоо багшийн школоор явсан. Жинхэнэ багш гэж болохоор хүн бол манай Цолмон багш. Би яг сайн мэдэхгүй л дээ, гэхдээ манай загварынхан дунд зарим багш нар шавь нараа худалддаг гэж яриа сонсогддог. Манай багш биднийг зөвхөн тайзан дээр алхах төдийгүй ёс суртахуун, хүмүүжлийн хувьд ч сургадаг.
-Загварынхан атаа жөтөө хов жив дүүрэн улс байж нэрэлхэж нуугаад байдгийг нь би лав ойлгодоггүй. Тэр халуун тогоонд чанагдаж байдгийн хувьд чи энэ талаар юу ярих вэ?
-Ер нь Монголд ч төдийгүй дэлхий нийтийн жишгээр хүссэн хүсээгүй 25 нас хүрээд тайзнаас шахагдаж гардаг хатуу шалгууртай мэргэжил. Миний хувьд зургаан жил загвар өмсөж байна. Япон явах тэмцээнээс хойш миний хувьд дэндүү их хэл аманд орлоо. Хүний хамгийн их итгэдэг сайн найз хүртэл хүнийг эвгүй байдалд оруулж, гомдоохыг үзсэн. Загварын тэр олон охид дотор зүгээр өөрийнхөөрөө явж байгаа жирийн сайн охид ч байдаг, бас үнэхээр атаа жөтөөтэй, бие биендээ хорсож явдаг охид ч бйи. Миний бодлоор тэр охидууд бие биенээсээ давж гарахын тулд дор дороо хичээх ёстой. Тэрнээс биш гайгүй нэгнээ доошоо татах ч юм уу, үүнийг хорлочих юмсан гэж явдгаа болиосой гэж боддог.
-Чамайг Ч.Энхтайван захиралтай холбож бичсэн нь анхных биш. Илэн далангүйгээр чиний хувийн амьдралыг сонирхмоор байна?
-Би өмнө нь үеийнхээ охидын адилаар хөвгүүдтэй найзлаад л явдаг байсан. Нэг залуутай хоёр жилийн өмнөөс их удаан хугацаагаар үерхсэн. Тэрнээс хойш янз бүрээр бичсэн. Жил гаруйн өмнөөс бид хоёр салсан. Тэрнээс хойш найз залуугүй байгаа. Өмнө нь намайг бүр жаахан байхад бөх залуутай хүртэл холбож бичиж байсан. Ядаж байхад би тэр бөхийг нь таних ч үгүй. Дахиад нэг залуутай хуримаа хийлээ л гэж ярьсан. Сүүлд Ч.Энхтайван захиралтай холбож бичсэн. Анхандаа би ийм асуудалд их нервтэж уурладаг байсан. Одоо бол надад нервтэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл би угаасаа тийм биш, тийм явдал болоогүй. Энхтайван захирал бол том хүн, Монголчууд “Цагаан шонхор”-ын Энхтайван гэхээр бүгд л мэднэ. Тэр хүнтэй холбож бичих юм бол сонин нь сайн борлогдоно гэж бодсон юм байлгүй. Ийм явдал болоогүй учраас би их тайван хандсан. Сүүлд ямар хүмүүс бичүүлснийг нь олж мэдсэн л дээ. Тэр хүмүүст өөрт нь хор хийгээгүй байхад заавал тэгэх шаардлага байсан юм уу. Та нар зүгээр өөрсдийнхөөрөө амьдарч болохгүй гэж үү? Өөр өөрсдөө дор бүрнээ хичээгээд байж болохгүй юм уу гэж хэлмээр байна.
-Чамайг “Женко” Х.Баттулгын хүүтэй олон жил холбож шуугисан. Яриад байгаа салсан найз залуу чинь тэр байх, тийм үү?
-Мөн л дөө. Бид хоёр үерхэж байсан. Одоо салсан. Нэг л өдөр ярилцаад, за за одоо больцгооё гээд салсан.
-Эр хүнээс юу хүсч, ямар занг үнэлдэг вэ?
-Анх би ийм тийм гэж боддоггүй байсан. Зүгээр л надад таалагддаг, надтай харьцаж байгаа нь гоё байвал танилцаад найзалдаг байсан. Анх Жавхаатай ч гэсэн тэгж танилцаж найзалж байсан. Тэр хүний харьцаа надад таалагдаж байсан. Одоо бол миний хувьд ухаалаг, буурь суурьтай, одоо хэн байгаа нь чухал биш хамгийн гол нь ирээдүйд хэн болох, надад хэр хайртай, миний мэргэжлийн онцлогийг ойлгодог хүн байгаасай.
-Хааяа би ингэж заавал загвар өмсөхөөр гэж шантрах үе чамд байсан уу?
-Байлгүй яахав. Нэг хэсэг яг тийм бодол төрж байсан. Би уг нь өөрийнхөөрөө байх дуртай. Тийм ч учраас хүмүүс намайг юу гэж хэлэх, бичихийг анзаарахгүй байхыг хичээдэг. Тэгж хичээх тусам улам над руу зүү шигтгээд байх хэцүү байдаг. Нэг хэсэг миний сайн найз ч юм уу, найз залуу маань намайг хуурч байсан. Тэр үед бүх юмнаас шантраад халшраад, би ер нь ингэж загвар өмсөх шаардлага байгаа юм уу гэж бодож байсан. Би өмнө нь өөрийгөө их дайчин, юунд ч шантардаггүй гэж боддог байсан. Гэхдээ тэр үе аягүй хэцүү байсан. Юм болгоноос ухарч шантраад намайг хүмүүс ч гомдоогоод, гэр бүлийн амьдрал маань ч хэцүү тийм үе байсан. Одоо бол тэгэхээ больсон. Ном их уншдаг болсон. Тиймээс ийм зүйлээс болж би шантарч ухрах ёсгүй юм байна, миний хөлд тороод байгаа энэ жижигхэн зүйлд би бүдэрч болохгүй, харин ч илүү том алхаж гарах ёстой юм байна гэж бодсон. Нэгэнт л би өөрөө хүсээд энэ загварын ертөнцийг сонгосон. Тийм учраас Монголдоо цаашилбал дэлхийн загварын ертөнцөд өөрийнхөө байр суурийг олохыг хичээнэ. Энэ бол миний зорилго.

Ярилцсан М.УРАНЧИМЭГ
“Монголын нэг өдөр”, /2006.12.05/
Сэтгэгдэл (21)