Х.Сэлэнгэ:Би бүх шагналаа өмөөрнө

Бүх зүйл төсөөллөөс эхтэй, хүний оюун ухаан ямар гайхамшигтай, хүчтэй болохыг би мэднэ хэмээн яриагаа эхэлсэн түүнтэй анх танилцахад юун түрүүн нүд нь сэтгэгдэл төрүүлснийг нуух юун.
 

Тув тунгалаг, хүүхдийнх шиг нялхамсуу, цэвэрхэн нүд. Загвар, урлагийн ихэнх охид гаднаа ганган, хээнцэр, нүд гялбам байдаг ч дотоод сэтгэл нь хэдийнэ, цагаас эрт буртаглагдсан байдгийг би нэг бус удаа тэдгээр хөөрхөн охидын нүднээс “уншиж” байсан билээ. Үүнийг топ модель Х.Сэлэнгэ бас дахин батлах шиг.
 

Арвангуравхан наснаасаа эхлэн өнөөдрийг хүртэл 12 жил загвар өмсөж, тайзны одын амьдралаар амьдрахдаа тэрээр ямар нэг эрчүүдтэй нэр холбогдож, хөнгөн хийсвэр зугаа цэнгээнтэй холбоотой хэл аманд ороолоцдож байгаагүй нь загварын ертөнцдөө л үнэ цэнэ.
 

Харин яг энэ мөчид тэр хайрлачихсэн, ханиа олчихсон, залуу насны бал бурам мэт аз жаргалтай өдрүүдийг дурсамжиндаа хэлхэж, зэрэгцүүлээд хувийн бизнесээ эхлүүлчихсэн яваа.
 

Өвчнөө эмчлэх гэсээр загвар өмсөгч болж, бүр топ моделийн зэрэгт хүрсэн түүний амжилтын, амьдралын түүх сэтгэл хөдөлгөм байсныг энд онцолмоор санагдана. Яг л ихэнх амжилттай алдартнуудын нэгэн адил замыг тэр туулж.
 

Чухам тийм учраас та заавал энэ ярилцлаагыг уншаарай. Магадгүй танд бяцхан ч болтугай хүчит цэнэг өгөх байх гэж итгэнэм.  


- Агентлагаа нээж, хувийн бизнесээ эхлүүлсэнд баяр хүргэе!
 
-    Баярлалаа. Аливаа зүйл төсөөллөөс эхтэй. Төсөөлж, мөрөөдөж чадвал оюун ухаанд гайхалтай хүч, гайхамшиг оршдог гэж би боддог. “Nine Dots” агентлаг маань ч миний төсөөллөөс амьдралд бодит болсон нэг ажил маань. Найз нөхөд, гэр бүл, ойр дотныхон маань маш их дэмжиж байна.

Найз залуу маань хүртэл дэмжиж, тушиг тулгуур болж, дэргэд байна. Үйл ажиллагаагаа эхлээд сар болж байна, цаг хугацаа өнгөрөх хэрээр хүсч байсан амжилтандаа хүрэх байхаа.

Угаас хүн өөрт байгаа боломжийнхоо багахан хэсгийг ашигладаг гэдэг шүү дээ. Би гэхэд өөрт буй боломжийнхоо 20, 30 хувийг л зарцуулж байна гэж хараад байгаа. Илүү их тэмжүүлж хүсээд, зориод, ёстой нөгөө 24 цагийг бүтэн ашиглах юм бол өшөө илүү зүйл гарна байх.

Хүн бүрт мөнгөнөөс илүү үнэт зүйл олон байдгийн нэг нь амжилтанд хүрэх юм.

- Найз залуугаа илүү ойр дотно танилцуулаач?

-    Б.Одбаяр, 1988 онд төрсөн, надаас нэг насаар ах. Үндсэн мэргэжил нь маркетингийн менежер, мэргэжлээрээ ажилладаг.

Бид хоёр харьцангуй багаасаа найзалсан. Найзалсан гэдэг нь үерхэхээс өөр утгаар, best friend, хүйсгүй нөхөрлөл таван жилийн өмнө эхэлсэн.

Пүүжээ /топ модель О.Пүрэвдулам.сурв/ маань “Catwalk” хамтлагтаа, Б.Одбаяр АПУ-гийн маркетингийн албаны дарга байсан үед танилцаж, удалгүй ёстой үй зайгүй найзууд болсон. Хамтдаа кино үзнэ, зугаална, бүх зүйлээ, сэтгэлээ хуваалцана.

Тэр үед бие биеэ эрэгтэй хүн, эмэгтэй хүн гэдэг нүдээр хардаггүй байсан учраас нууж хаах юм ч байхгүй, нээлттэй, комплексгүй байсан нь дотносоход нөлөөлсөн юм болов уу. Бид хоёрын үзэл бодол, амьдралыг харах өнцөг их адилхан. Тэр утгаараа бие биедээ татагдаж, эмэгтэй хүн их дасамхай байдгийг ч хэлэх үү, нэг л өдөр дотноссон байсан.

Нөхөрлөлөөс үүссэн хайр, амьдрал илүү оюунлаг, сүнслэг түвшинд үүсдэг учраас ч тэр үү, маш бат бөх байх нь элбэг. Гэхдээ нөхөрлөлөөс хайр үүссэн тэр нюанс, шилжилт яаж өрнөх нь бас их сонирхол татдаг?

- Мэдээж бүх зүйл нэг л өдөр өөр болчихоогүй л дээ. Жирийн найзууд байхдаа ч гэнэ гэнэхэн гэгэлздэг байсан /инээв/.

Чимх чимхээр бие биенээ таньж, ойлгож, яг тийм ритмээр бие биедээ татагдаж, дурласан юм болов уу. Товчхондоо таны хэлдгээр гадаад өнгөц биш дотоод сэтгэл, оюун ухаан, үзэл бодлоороо хайрлалцсан гэх үү дээ.

Танилцаад надад анх төрсөн сэтгэгдэл гэвэл үеийнхнээсээ сэргэлэн, хурдтай чанар нь маш их таалагдаж байсан.

-Таньтай дотуур хувцасны рекламанд тоглосон залуу мөн үү?

- Мөн л дөө. “Cosmopolitan” сэтгүүлийн Валентины баярт зориулсан сэтгүүлийн зураг авалт. Өнгөрсөн жид манай загвар өмсөгч Төгсөө нөхөртэйгээ оролцож байсан. Бодож байснаас өөр зураг авалт болсон.

- Залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Өөрт чинь залуу насны чимэг зүүлт хэр их байдаг вэ?

- Юу ч хийгээгүй, залхуурч өнгөрөөсөн цаг хугацаандаа их харамсдаг. Их завгүй болсон үедээ өөрийгөө олж авч, өөрийгөө нээсэн учраас энэ харамсал төрсөн байж болох юм.

Залуу насны алдаа гэвэл ихэнхдээ хөнгөн хийсвэр, хайр дурлалтай холбоотой зүйлийг хүмүүс ярих байх. Миний хувьд хүүхэд нас, залуу нас, загвар өмсөх болсон нь хүртэл бусдаас их өөр замаар, магадгүй хувь тавилангаар эхэлж, өнгөрсөн учраас тэр л дээ.

Багадаа шөрмөсний өвчнөөс болж хөлний хагалгаанд орсон юм. Арвангурван настай байсан юм байна. Физик эмчилгээний хажуугаар алхаагаа тэгшрүүлэх зорилгоор загварын агентлагт явж эхэлсэн. Чухам энэ л амьдралын минь хамгийн зөв, сайн сонголт байсан.

Миний дутагдалтай тал давуу тал болон хөгжсөн байгаа биз. Арвантавтайдаа дахиад хагалгаанд орсон. Үеийнхэн маань өөрийгөө хөгжүүлж, дэгэж дэрвэж явахад би дахин нэг асуудалтай тулгарч, эмнэлгийн орон дээр хэвтэж байдаг. Сэтгэлзүйн хувьд өөрийгөө маш их дайчилж байсан /уйлав/...

Би ингэж боддог юм, хүн зорилгодоо хүрэхийн тулд ойр дотныхоо чин сэтгэлийн хүмүүстэйгээ ярих их чухал хөшүүрэг болдог. Тэр үед аав, ээж хоёр маань тийм их сэтгэл, хичээл гаргаж байхад би бас хичээх ёстой гэсэн бодол л байсан.

Ингэж би их багадаа бүхнийг өөрөө хийж, өөртэйгөө тэмцэлдэж, өөрийгөө ялахын төлөө, зорилгодоо хүрэхийн төлөө хичээж эхэлсэн. Үүний үр дүн нь өнөөдрийн миний хүрсэн амжилт. Бусад хүмүүсийн хувьд миний өнөөдрийн байгаа байдал ажмилт биш байж болно, харин наддаа бол том амжилт /уйлав/.

Хайртай хүмүүсээ баярлуулах мэдрэмж шиг тийм үнэт, чухал зүйл байхгүй юм шиг надад санагддаг. Их мөнгө, шагнал, алдар нэр биш хайртай хүнээ баярлуулах мэдрэмжээс авах кайф миний хувьд маш чухал. Энэ бүхэн надад нэг зүйл ойлгуулсан нь хүн хичээж, зорьж чадвал болохгүй зүйл гэж нэг ч байхгүй.

Хүн эхэлсэн цэгээ мартаж болохгүй гэдэг дээ. Өнөөдрийн миний хийж байгаа бизнес би эхлэл цэгээ үргэлж санаж явдагтай холбоотой.

Өөрийгөө олъё, өөрийгөө хөгжүүлье, өөрийгөө ялан дийлье гэсэн маш олон хүүхдүүд байгаа. Тэдэнд тусалж дэмжин, нийгэмд бие даасан, өөртөө итгэлтэй хувь хүн болоход нь өөрийнхөө хувь нэмрийг оруулахыг чин сэтгэлээсээ хүсч байгаа учраас агентлагийнхаа үйл ажиллагааг эхлүүлсэн.

- Өвчнөө эмчлэх, алхаагаа тэгшрүүлэх зорилготой загварын агентлагт яваад топ модель болсон...Гайхалтай сэтгэл хөдлөм, хайрлам түүх. Сэтгэл хөдөлж байна?

-Намайг хэн ч загвар өмсөөд бүр топ модель болно гэж төсөөлж байгаагүй. Энэ бол мөрөөдөл, зорилгынхоо төлөө тууштай, хичээнгүй явсны минь хариуд хайрласан том шагнал юм. Саяхан багш маань нэг түүх ярж байна.  

АНУ-ын бодибилдингийн тамирчинд аварга болсонд баяр хүргэе, таны дараагийн мөрөөдөл юу вэ гэхэд “Би Холливудын хамгийн алдартай жүжигчин болно” гэж хэлсэн гэнэ. “Та энэ мөрөөдөлдөө яаж хүрэх вэ?” гэсэн чинь “Би яг одоо аварга болоод зогсож байгаа шигээ адилхан аргаар хүрнэ” гэсэн. Энэ хүн бол Арнольд Шварцнегр байсан.

Тэр Холивудын алдартай жүжигчин төдийгүй АНУ-д төрөөгүй хэрнээ мужийн амбан захирагч болсон. Хэрэв АНУ-д төрсөн бол нэгдсэн улсын ерөнхийлөгч болох байсан гэдэг хошигнол ч байдаг юм билээ.

- Тэгэхээр мөрөөдөл гэдэг ямар агуу вэ? Маш олон хүний амжилтын түүхийг харахад мөрөөдлийг бодит амьдралд буулгасан гайхалтай алхмууд байдаг. Тэр хүч нь зогсолтгүй хөдөлмөрч чанар юм.  

Өөрийнхөө амьдралыг заримдаа эргэцүүлэн бодоход “Secret”-ийн хууль үйлчилсэн юм шиг санагддаг. Хүн дотоод ертөнцдөө чин сэтгэлээсээ хүсч мөрөөдөж чадвал тэр нь байгалийн жам, хуулиар биеллээ олдог.

Би багадаа Сисигийн даашинзыг их зурдаг байсан юм. Толгойдоо гурван шовгортой титэмтэйгээр зурна. 2007 онд “Мисс Монголиа” тэмцээнд ороод авсан хамгийн анхны титэм дээрээ гурван товгортой байсан. Миний өмссөн даашинз Сисигийнх шиг дэрэвгэр байсан.

Сүүлд бодоход магадгүй өөрийгөө зурж байсан юм болов уу. Тэр төсөөлөл маань амьдрал дээр эргээд бодит болсон юм болов уу.

Би загвар өмсөгч мэргэжилдээ маш их хайртай. Миний амьдралыг, намайг бүтээсэн мэргэжил минь юм.

- Сэлэнгэ аав, ээжээсээ хэдүүлээ вэ? Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Аав ээжээсээ хоёулаа. Дээрээ нэг тэрсхэн эгчтэй. Манай эгч 1985 онд, би 1989 онд төрсөн.Одоо бол миний хамгийн сайн найз.

Аав маань “Оюутолгой” компанид ажилладаг, ээж тэтгэвэрт. Өсвөр насандаа өөрийгөө гоё сайхан харагдуулахдаа их анхаардаг байсан бол одоо бол аав ээж, эмээгээ баярлуулах нь амьдралын минь хамгийн том утга учир болоод байна.

Намайг хэн нэгнээс дутаахгүй амьдруулахын төлөө гаргасан хичээл, зүтгэлийг нь бодохоор тэгтлээ их хайр хүрч, өөрийн эрхгүй нулимс гараад байдаг юм.

- Та их гоё нүдтэй юм. Гэхдээ давхраа энэ тэр биш шүү, нүдний тань өнгө тунгалаг цэгээнийг хэлээд байна. Уулзмагцаа л анзаарч, тод мэдрэмж төрүүлсэн зүйл чинь нүд чинь байлаа. Ихэнх моделиуд дор хаяж нэг косметик хагалгаа хийлгэсэн байдаг. Өөрөө арай өөр бодолтой бололтой. Гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ?   

- Баярлалаа. Нүдэндээ нэг их юм хэрэглэдэггүй. Нэг хэсэг линз зүүдэг байснаа аав, ээж хоёр жорлон руу хийснээс хойш хэрэглэхээ больсон. Ерөнхийдөө загвар өмсөгчдийн нүд их зовлон үздэг.

Сормуус наана, линз хийнэ, тайзны тень түрхэнэ. Энэ бүхнээс их бохирдол авч байдаг. Тийм учраас нүдээ их хайрладаг болчихож. Контакт линз, хямдхан будаг хэрэглэхээсээ зайлсхийдэг болсон.

Миний бодлоор гоо сайхандаа тохирсон бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна цэвэрлэгээ маш чухал юм шиг санагддаг.

- Ингэхэд хэр их болзоонд зогсдог байв?

- Бараг үгүй гэж болно. Багаасаа үеийнхнээсээ их өндөр хүүхэд байсан. Арвангуравтайдаа 168 см байсан. Дараа жил нь 170 гараад явчихаж байгаа юм. Дээр нь загвар өмсдөг байсан болоод тэр үү, их оворжуу хувцасладаг байж.

Дунд сургуульд байхад бага ангийн сурагч, багшаа цаг хэд болж байна гэж асууж байсан гээд бодохгүй юу /инээв/. Тэгээд ч тэр үү, 10 жилдээ хайрын захиа ч юм уу, болзооны урилга авч байгаагүй.

Арай анхны хайртайгаа сууж байгаа юм биш биз дээ?

-Өмнө нь найз залуутай байсан. Цаг хугацааны шүүлтүүрээр орж түүх болон үлдэж. Зүрх сэтгэлийг минь хамгийн их татаж, гүн хайрласан хүн нь Одбаяр маань учраас анхны хайр гэж болох юм.

Хүн ер нь анхны хайртайгаа л суудаг юм биш үү. Бусад нь тухайн үедээ хайр гэж боддог л болохоос үнэндээ шохоорхол, дурлал байдаг гэж боддог.

- Хуримаа хэзээ хийх вэ?

-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Гол анхаарлаа ажил дээрээ төвлөрүүлж байна.

- Төлөвлөгөөндөө хүүхдээ бодолцсон уу?

-Би одоо 25-тай, аав ээж хоёр хүлээж байгаа /инээв/. Төлөвлөгөө гэхээсээ илүү бурханы бэлэг гэдэг утгаар нь хүрээд ирвэл тосоод авна гэж боддог.

- Залуу хосууд хаана амьдардаг нь бас сонин байна?

-“Вива сити”-д амьдарч байна.

- Ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилье. Та бол топ модель өргөмжлөлтэй загвар өмсөгч. Сэлэнгийн ямар чадвар топ модель гэдэг өргөмжлөлийг авахад хүргэсэн гэж та боддог вэ?

-Магадгүй миний мөрөөдөл, Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд оролцсон тэмцээн уралдааны амжилт, дээр нь өөртөө итгэлтэй байдал, тайзан дээрээс авдаг хүчтэй мэдрэмжээс үүдэлтэй дотоод энерги нөлөөлсөн юм болов уу. Мэдээж олон жил өмссөн туршлагыг минь нэг гол шалгуур болгосон юм болов уу.

-Туршлага, олон жил өмссөн хугацаа гэв үү? Уучлаарай, чухам яг үүндээ л топ модель гэдэг өргөмжлөлийн гажиг нь оршино уу гэж би хардаг. Баруунд бол топ модель гэж нэр томъёо ч байдаггүй, супер модель гэдэг нь нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн, нас зүс хамааралгүй, тухайн хувь хүний техник, онцгой нэг чадвар, характерт олгодог нэг тодотгол, үнэ цэнийг тодруулах алдар хүнд байдаг. Гэтэл манайд олон жил өмссөн учраас гээд өгдөг нь үнэндээ л утгыг нь алдуулсан хоосон өргөмжлөл гэж боддог л доо.

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Тэгэх тусмаа идэр залуу 14, 15, 16-тайдаа гялалзаж байх үед нь супермодель өргөмжлөл олгож, тэр хэрээрээ хамгийн high зэрэглэлийн түвшинд загвар үзүүлж, ашиг орлогоо өсгөж, тэр үнэ цэнээ насан туршдаа хадгалж явдаг.

Энэ бол хувцас загвар нь соёл болоод аж үйлдвэрийн хэмжээнд хөгжсөн, брэнд гэдгийг утгаар нь үйлдвэрлэдэг, хэрэглэдэг томоохон хотуудад утгаараа хөгждөг зүй тогтол. Гэтэл манайд яг эсрэгээрээ явж байна.

Одоохондоо хараахан нөхцөл байдал нь бүрэлдээгүй байгаа учраас, нөгөө талаас барууны биш Оросын системээр анхнаасаа явчихсан учраас өнөөдрийн ийм нөхцөл байдал үүссэн гэж би бодож байна. Гэвч цаашид өөрчлөгдөж, хөгжих байх гэж итгэдэг. Тэгэх ч ёстой.

Миний хувьд би өөрийнхөө авсан том ч бай, жижиг ч бай бүх шагналдаа хайртай. Яагаад гэвэл би энэ бүхэнд би өөрийнхөө хөлс хүч, сэтгэл зүрхийг зориулж байж энэ амжилтын ард гарсан. Одоо ч гэсэн амжилтын төлөө мацсаар байна. Тийм болохоор би бүх шагналууддаа хайртай. Тийм ч учраас би бүх шагналаа өмөөрнө.
 
-Ингэхэд Сэлэнгэ эдийн засгийн утгаараа хэр баян эмэгтэй вэ? Агентлаг байгуулж, хувийн бизнесээ эхлүүлсэн гэхээр хүмүүсийн нүдэнд бас ч гэж баян гэж харагдаж байгаа болов уу?

-Хуруу хумсаа хуйхлан байж гэдэг шиг /инээв/ хамаг юмаа эхлүүлж байна. Эхлэл хасах цэнэгтэй байна, удахгүй тэг болоод цаашдаа нэмэх болох байх.

Бүх зүйлийг ашгийн нүдээр харахыг хүсэхгүй байна. Мэдээж аливаа бизнесийг ашигтай байлгах гэж эхлүүлэх нь зүйн хэрэг. Гэхдээ хэтэрхий ашгийн араас хөөцөлдвөл хувь хүний үзэл бодол маань зөрчилдөхөөс гадна хэт ашиг хөөсөн зүйл ихэнхдээ алсдаа урт насгүй байж болох юм.  

Цаашдаа модель болох ирээдүйтэй хүүхдүүдийг агентлагтаа үнэгүй сургана. Магадгүй хэн нэгэн ирээдүйд загварын ертөнцөд цахиур хагалахад нь гүүрнийх нэг хэсэг нь байхыг хүсч байна. Одоохондоо арван жилийн сургуулиудаар явж байна, тэдэн дундаас шинэ дүр төрх болох хүүхдүүд олдох байх.

Тэр ийм л гэгээлэг, алсыг харсан буянлаг мөрөөдөл тээж явна. Мөрөөдөл бүхэн нь биелээсэй. Дашрамд нэмж дуулгахад саяхан анхны төгсөлтөө хийсэн “Nine Dots” загварын агентлаг Монголын анхны PMA буюу Promotional Model Agency юм байна.

Энэ нь тус агентлагт сурсан мэргэжлийн загвар өмсөгчид зөвхөн загвар өмсөхөөс гадна компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх идэвхжүүлэлтийн цоо шинэ боломж буюу promotional model-ын чиглэлээр түлхүү ажиллах аж. Өөрөөр хэлбэл илүүтэй бизнес, зах зээлийн харилцаант моделиуд мэргэжлийн түвшинд оролцоно гэсэн үг.
 

Ярилцсан М.Саян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (4)

  • Зочин
    ene bas yun model genee bi l lav sonsoogui baagii bna daa
    2014 оны 05 сарын 13 | Хариулах
  • Зочин
    Naiz zaluugaa tegeed nuudagan yaaj baigaam
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    амжилт сайхан хүн шүү.
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    uhaalag aytaihan ohin
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025