Уилла Катер (1873-1947. АНУ) – “My Antonia” Антониагийн амьдралын баялаг үйл явдлаар дүүрэн энэ зохиол зохиогчдоо асар их нэр хүндийг авчирчээ. Уилла Катер өөрөө Небраскад төрж өсч, тэндээ боловсрол эзэмшсэн болохоор төрсөн нутгийнхаа тухай энэ номондоо гайхамшигтай сайхан дүрсэлж үлдээжээ.
Mэри Бойкин Чэснат (1823-1886. АНУ) “A Diary from Dixie” Амбан захирагчийн охин, сенаторын гэргий, томоохон хэмжээний тариалангийн газрын өв залгамжлагч Мериг хэн ч хүлээн зөвшөөрч, сайхан харьцана. Гэхдээ тэрээр өнөөг хүртэл олонд танигдаж хүлээн зөвшөөрөгддөгийн нууц бол түүний өдрийн тэмдэглэл билээ. Түүний ажигч гярхай зан боолчлолыг үзэн ядах байдал, хар арьстануудыг өрөвдөх сэтгэл түүнийг энэхүү гайхамшигт бүтээлийн эзэн болгожээ.
Кейт Шопен (1850-1904. АНУ) “The Awakening” 1897 онд анх хэвлэгдээд магтаалыг сонссон боловч бас хавчигдаж, хасагдаж байжээ. Зохиолч энэ номноосоо хойш дахин бичээгүй юм. Эмэгтэй хүний дотоод сэтгэл, дотоод өнгийг ил шулуун гаргаж бичсэн энэ хүүрнэл Америкийн утга зохиолд томоохон байр суурийг эзэлдэг.
Агата Кристи (1890-1976. Англи) “The Murder of Roger Ackroyd” Түүний хамгийн сайн бүтээл, бас хамгийн их маргаан дагуулсан зохиол юм. 1926 оноос хойш адал явдалт зохиол сонирхогчдын дуртай зохиолын нэг болоод байгаа. Гэмт хэрэг, ээдрээтэй төгсгөл энэ бүхнийг Агата Кристигийн бүтээлээс уншиж болно.
Эмили Дексон (1830-1886. АНУ) “Complete Poems” Ганцаараа амьдрахыг илүүд үздэг байсан Эмили Дексон ихэвчлэн цагаан хувцас өмсөж, гэрт нь ирсэн зочидтой ч дурамжхан мэндэлдэг байжээ. Үхэл зовлон, гуниг гутралын тухай дураараа бичиж, өөрийн гэсэн ертөнцдөө уран бүтээлээ туурвидаг байж.
Мери Бэкер Эдди (1821-1910. АНУ) “Science and Health” Айхтар хүнд ослын дараа Эддигийн бурхан болоод дотоод сэтгэлийн талаарх ойлголт гүнзгийрч хугарсан яс нь бороолон эдгэхийн зэрэгцээ ертөнцийг үзэх үзэлд нь гайхалтай өөрчлөлт гарч энэ том бүтээлээ туурвисан гэдэг.
Жорж Элиот (1819-1880. Англи) “Middlemarch” Зохиогчийн жинхэнэ нэр нь Mary Ann Evans. Эрэгтэй хүний нэрээр номоо хэвлүүлж байсан нь эмэгтэй зохиолчид ихэвчлэн гэрэл гэгээтэй хайрын романс бичдэг гэсэн нийтийн ойлголтоос болжээ. Зохиолч, сэтгүүлч, орчуулагч энэ номондоо эмэгтэй хүний байр суурь, гэрлэлт, хувийн сонирхол, бялдууч зан, шашин шүтлэг, боловсрол гээд бүхий л зүйлийг олон дүрээр харуулсан.
Сэтгэгдэл байхгүй байна