Сэтгүүлчид бид намаар биш мэргэжлээрээ нэгдэх цаг болсон.

-Н.Дуламсүрэн гэдэг сэтгүүлчийг манай телевиз үзэгчид, ялангуяа 30-аас дээш наснынхан маш сайн танина. Одоогийн нэрээр МҮОНТ-ийн нүүр царай болж явсан сэтгүүлчдийн нэг . Тийм болохоор Дууяаг анхнаасаа л сэтгүүлч гэж бодож явлаа л даа. Гэтэл сэтгүүлчээс гадна бас түүхч байсан юм байна лээ. Үүнийг 2011 онд Эрхүүгийн Их сургуулийн ойн баяраар тэнд очоод мэдсэн. Ингэхэд түүхч хүн яагаад сэтгүүл зүйн салбарт “урвасан” хэрэг вэ? Эндээс яриагаа эхлэх үү?

-Би бүр дунд сургуулийн сурагч байхаасаа л  ‘’Архангайн үнэн” сонин, “Пионерийн үнэн” сонинд шүлэг, сурвалжлага бичдэг хүүхэд байлаа. Тухайн үед “Пионерийн үнэн”-ий эрхлэгч Ц. Дашдондов гуайгаас “Идэвхтэн сурвалжлагч Н.Дуламсүрэнд мэдээ нийтлэл, шүлэг, зохиолоо явуулж байгаад баярлалаа, амжилт хүсье” гэсэн талархлын үгтэй захидлууд аваад хөөрч баярлана гэж тоймгүй. Сэтгүүлч болоход урам хайрласан тэр захидлуудаа одоо ч би хадгалж явдаг. Тухайн үед “Утга, зохиол, урлаг” сонин Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран  дунд сургуулийн  сурагчдын дунд  өгүүллэгийн уралдаан зарладаг байв. Халх голын ялалтын ой, хөдөөгийн  аж амьдралын сэдвээр гээд олон уралдаан зохиодог,  би ч долоо, наймдугаар ангийн сурагч байхдаа түүнд оролцоод нэгдүгээр байрт хүртэл шалгарч явлаа. Тэгээд л ер нь сэтгүүлч болъё гэж боддог болсон доо. Архангай аймгийн нэгдүгээр 10 жилийг төгсөөд  нэгдүгээр группээр  шалгалтад орсон ч сэтгүүл зүйн ангийн хуваарь ирсэнгүй. Би орос хэлэндээ сайн хүүхэд байсан.Нэгэнт хүссэн мэргэжлийн хуваарь ирээгүй болохоор МАХН-ын Төв хорооны нэр дээр  малчны хүүхэд явах хуваарь дээр өрсөлдөж,  ЗХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн түүхийн ангид элслээ.Тухайн үед засаг, төрөөс малчдын хүүхдийг ихээхэн дэмжиж байсны илрэл юм л даа.

Төгсч ирэхэд МАХН-ын Төв хороо хаана ажиллахыг хуваарилж, би Архангай аймгийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд зааварлагчаар ажиллах болсон. Эвлэлийн ажилтан гэдэг сайн зохион байгуулагч болдог. Ажилгүй залуусыг ажилд оруулах, хөдөөгүүр явж ноос ноолуур, хадлан тэжээлийн  төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцаж, дүнг нэгтгэх гээд гарч өгнө дөө. Манай ХЗЭ-ийн хорооныхон  өөрсдөө ч хадланд явна. Эвлэлийн ажил бол хурд, эрч хүч шаардсан сонирхолтой ажил. Өдөр бүр олон нийттэй харилцаж, бүх ажлыг  манлайлан, чин сэтгэлээсээ  хийх  эрдмийг эндээс сурсан даа.

-Эвлэлийн ажилтнууд ч үнэхээр тухайн цагийн хөдөлгөгч хүч байсан л даа. Харин эвлэлийн ажилтан бүсгүй сэтгүүл зүйн салбар руу яаж “хөрвөсөн” юм бол гэдэг сонин байна?

-1987 онд Эрхүүд Их сургуулиа төгсч ирчихээд ажилд ороод  удаагүй байхдаа  Архангай аймгийн Хашаат суманд ажлаар очлоо. Очихдоо ирээдүйнхээ ханьтай танилцаж байлаа.  Ирээдүйн нөхөр маань Хашаат суманд биеийн тамирын багш байсан. Би гэдэг хүн эвлэлийн ажлыг нь шалгах гэж очоод  анх нөхөртэйгээ танилцсан. Эрхүүд таван жил сурахдаа  хүнтэй үерхээгүй гэж байгаа. Харин  нөхөртэйгээ анх танилцаад бид хоёр таван долоо хоногийн дотор л нэг гэр бүл болчихсон шүү. Цаг нь ирэхээр цахилдаг хөхөрдөг гэдэг шиг юм болохгүй юү. Тэгээд анхны хүүгээ төрүүлээд 1989 оны өвөл хот руу шилжсэн. Тухайн үед хот руу шилжиж ирэх гэдэг амаргүй даваа байсан. 

Улаанбаатарт шилжиж ирээд сонинд ажиллах юмсан гэсэн бодол салдаггүй.  Архангай аймгийн намын хорооны даргаар ажиллаж байсан Дарамбазар гуай “Үнэн” сонинд ороход тусаллаа.  Дарамбазар агсан  Төв хорооны нэр дээр сургуульд явахад минь  ч малчны хүүхэд гэдгийг  нотолж, миний амьдралын гарааг ивээсэн, төгсөөд ирэхэд ч  бас тусалсанд ач санаж  явдаг. МУСГЗ, нэрт  сэтгүүлч Х.Цэвлээ гуай “Үнэн” сонины орлогч эрхлэгч байсан. Нөмөр нөөлөг нь  уул шиг түшигтэй хүн дээ. Ингээд  “Үнэн” сонины идэвхтэн сурвалжлагч боллоо.  Ямар ч цалин авалгүй зургаан сар ажиллаж сэтгүүл зүйн дөртэй болоод авлаа. Энэ ажилдаа маш сонирхолтой.  Өглөө бүр яг цагтаа үндсэн сэтгүүлчидтэй хамт ажилдаа ирнэ, орой ч бусдын адил зургаан цагт ажлаа тараад л. Уг нь хэн ч тэгж ажилла гэж идэвхтэн сурвалжлагчийг албадаагүй шүү дээ. Энэ хугацаанд Х. Цэвлээ эрхлэгч надад Булганд сурвалжлагаар явах анхны томилолт өгч байсан. Булган аймгийн  даргатай холбоотой  гомдлын мөрөөр сурвалжлага хийх даалгавар авлаа. Тэнд долоо хоног ажиллахдаа  олон хүнтэй уулзаж, олон зүйл тодруулж, цуглуулсан баримт нотолгоо нь  тухайн гомдол гаргасан иргэний талд төвлөрч, ямар ч байсан гартаа бичих сэдвээ оруулж аваад “Хүмүүнлэг чанарын эрэлд” гэдэг нэртэй нийтлэл гаргаж байсан. Бас Оросын цэргийн анги нүүх үеэр балгас болтлоо тонуулаад байсан тухай  ‘’Өлзийтэд бичсэн тэмдэглэл’’, тухайн үедээ улсад мандаж байсан Ингэттолгойн САА-н талаар “Ханхай сууц, хавтгайрсан түрээс” зэрэг асуудал дэвшүүлсэн хэд хэдэн нийтлэлтэй анхны томилолтоос ганзага хоосонгүй буцаж ирсэн. Тэр үед “Үнэн” сонинд Х.Цэвлээ, Л,Түдэв, Ц.Балдорж,  Б.Догмид, Б.Цэнддоо, Х.Дашзэвэг  гээд маш олон  мундаг сэтгүүлчид  ажилладаг байлаа. Ингэж сэтгүүлчдийн том лабаротарид ажиллаж их ч зүйл сурсан азтай хүн дээ, би.

Дараа нь 1990 онд хоёр дахь хүүхдээ гаргаад гэртээ хоёр жил хүүхдээ өсгөсөн. Идэвхтэн бичигч хүнд албан ёсны тушаал, жирэмсний амралт  гэж байх биш. Нэг өдөр Х.Цэвлээ гуайгаас ажилд ор гэсэн санал ирдэг юм байна. Тэр үед манайх гэр хороололд, нөхөр маань оюутан, хоёулаа ажилгүй хэцүү л байсан.  “Засгийн газрын мэдээ” сонины эрхлэгч болоод удаагүй байсан  Х.Цэвлээ гуайн  нарийн бичгийн даргын ажилд  орлоо. Гэтэл  нарийн бичгийн дарга хийхээс гадуур сурвалжлаганд явах нь хавьгүй дээр санагдаад болдоггүй.  Эрхлэгч дээр ороод “Би сурвалжлаганд явмаар байна” гээд л  гуйна. Зүгээр ч үгүй эрэн сурвалжлаганд  явах дуртай. Тэр үед улс даяар шатахууны  хомсдолд ороод байсан. Бензиний талоныг хэрхэн шагладаг байсан талаар эрэн сурвалжиллаа. Шөнөдөө бүр жолооч, шатахуун түгээгч нарыг зүүдэлж, сэтгэл зүрхээ энэ сэдэв рүү бүрэн  зориулж бичдэг байв.  Ингээд бодохоор сэтгүүлч хүн  яг хийж байгаа зүйлдээ шингэж,  сэтгэлээ өгч байж бичсэн нийтлэл сайн болдог.’’Хомсдол далимдуулсан илүүдэл’’ гэсэн нийтлэл бичлээ. Сайхан гарчиг ч өгдөг боллоо. Би  яг л Х.Цэвлээ гуайн гар дороос ургаж гарсан сэтгүүлч. Хийсэн юмаа Х.Цэвлээ гуайд шалгуулахаар  өгөхөд илүү сайхан болгоод гарчиг энэ тэрийг нь солиод бүр “ургуулаад” өгнө дөө. Нэг удаа би жүжигчин  Н.Сувд гуайгаас ярилцлага аваад   шалгуултал “Сувд бол жинхэнэ сувд” гэж гарчгийг нь өөрчилж өгч байж билээ. Би ОХУ-аас зочилж ирсэн нэг төлөөлөгчөөс ярилцлага аваад ‘’Шинэ найз соньхон ч хуучин нь үнэ цэнэтэй’’ гэсэн  гарчиг өгсөн чинь СГЗ,  нэрт сэтгүүлч Б.Лигдэн гуай “хамгийн оносон гарчиг” гэж ойшоож байсныг мартдаггүй юм.

-До.Цэнджав эрхлэгчид сүрхий загнуулж байсан гэж ярьдаг бил үү. Яагаад банга хүртэх болов?

Тэр үед До.Цэнджав гуай манай орлогч эрхлэгч байсан. Нэг удаа Их Британийн Анна гүнж Монголд  ирэхэд “Ардын эрх” сонины орлогч эрхлэгч Цэдэн-Иш, “Засгийн газрын мэдээ” сониноос би гүнжийг дагаж  сурвалжлахаар болов.  Маргааш нь Цэдэн-Иш гуайн нийтлэл сонинд амжаад  гарчихаж.  Би болохоор тийм том айлчлал дагаж  анх удаа явсан болохоор бичиж амжсангүй ээ. Тэгээд орлогч эрхлэгчдээ “Чи юугаараа дутдаг юм бэ.  Адилхан хамт явсан хүмүүс аль эрт сурвалжлагаа бичээд гаргачихсан байхад” гэж  ирээд сүрхий загнуулж билээ.  Тэгж загнуулсан хор шарандаа шөнөжингөө сууж “Анна гүнж баяртай” , ‘’Их Британи дэлхийг дагуулах жинтэй орон’’ гэсэн цуврал  нийтлэл бичлээ. Бүр хор хөдлөөд байгаа юм чинь. Гэтэл  тэр нийтлэл маань тэр ондоо оны шилдэг нийтлэл болж шагнуулдаг юм байна. Мэргэжлийн мундаг хүнээр алдаагаа олуулж, загнуулах амттай сайхан.  Бүр сэтгэл хөнгөрөөд, толгой тархи ч онгойх шиг.

-Дараа нь Анна гүнжийн нутаг руу хэлний курст явсан бил үү. Ямар тохиолдлоор тийшээ явах болов ?

-УИХ-ын 1996 оны сонгуулиар Ардчилсан хүчин ялж, улс төрийн  том эргэлт боллоо. Огт өөр ертөнц, огт өөр харилцаанууд гарч ирсэн.  Манай сонин мэдээж  тухайн үеийн засаг төр,  МАХН-ын талыг баримталдаг сонин байсан юм чинь. Байдал сонин боллоо. Чухам энэ хямралаас цаг хожъё гэж бодогдоод  Английн Манчестер хотод англи хэл сурахаар одсон. Хамгийн хачирхалтай нь надад гадаадад сурахад шаардагдах ямар ч мөнгө байгаагүй.  Мөнгө байхгүй мөртөө явна гээд зориглосон л бол ажил бүтдэг, надад хэн нэгэн тусалдаг, тийм зоригтой байсан. Амьдралд хөл дээрээ баттай зогсоогүй зурвас үеийг туулахад сэтгэл санаа төдийгүй санхүүгийн донор нь  миний төрсөн эгч Н. Дулмаа байсан.  ‘’Монгол савхи’’-ны  дэд захирал хийдэг,  ажилсаг гялалзсан инженер технологич хүн л дээ. Ямар сайндаа Улаан загалмайн нийгэмлэгийн Шура гэж эгчийгээ тоглоом шоглоомоор дуудаж инээлдэж суудагсан. Дулмаа эгчийн  нөхөр намайг “Дуламсүрэн өчигдөр л талхны мөнгөгүй гээд сууж байсан чинь өнөөдөр Англи яваад өгөх юм даа. Мөн сонин юм даа” гээд толгой сэгсрээд инээж байсан гэдэг.  Азтай хүний азарга нь хүртэл унагалж, бух нь тугалдаг  гэж үг бий. Бодсон санасан ажил маш амархан, санаагаар бүтдэг. Англид очоод  би сониныхоо найзуудад “Энэ хугацааг боломж болгоод өөр өөрсдийгөө өсгөөд, өөр талбарт хүчээ үзээрэй” гэж бичдэг байсан.

-Цоо шинэ ертөнцөд очиход ямар санагдаж байв?

-Англид шинэ ертөнц,  капиталист гэгдэж байсан оронд очоод  шууд л  соёлын шоконд орсон доо. Гудамжинд нь  гуйлга гуйгаад сууж байгаа хүн хүртэл гоё харагдана. Яагаад гэвэл тэр хүн англи  хэлтэй, хэлэх гэснээ хэнд ч хэлээд төвөггүй  ойлголцоод байгаа нь сайхан.  Би болохоор хэл мэдэхгүй. Эхлээд дэлгүүрт ороход урдаас ангичууд хүн рүү худлаа инээдгийг нь сурлаа.  Цагийн зөрүүгээс болоод өглөө сэрэхгүй унтана. Манай Удвал эгч тэгэхэд тэнд эрдмийн ажил хийж, мастер хийхээр сурч байсан.

Намайг унтаад байхаар Удвал эгч “Босоорой босоорой. Энд  доллар төлж ирж унтаад яахав” гэж хэлээд босгодогсон. Тэр үед  хэлний нэг сарын  курсын төлбөр гэхэд  Монголын ханшаар 400-гаад мянган төгрөг. Сургалтын төлбөр тухайн үед зах зээлд хөлөө олоогүй мань мэтэд  маш их мөнгө шиг санагддаг байсан. Сүүлд нь нөгөө ах эгчдээ эрхэлж дураараа өссөн  айлын эрх хүүхэд чинь  ресторанд аяга таваг  угаадаг болов оо. Курсийнхээ төлбөрт нэмэрлэх, дээр нь  жаахан хуримтлал үүсгэх санаатай  нь тэр.  Монгол дуугаа хангинатал  дуулаад л өөрийгөө сэргээгээд ажлаа хийдэг байсан даа. Өдөр өдөрт нь  цалин өгдөг болохоор  их баярладаг байсан. Ёстой нөгөө ‘’Хүргэн хүү’’ -д гардагаар  манай хүргэн Дэмбэрэл юм үзээгүй юм болохоор баярлаж байна гэж жигтэйхэн гэдэг шиг.

 Тэр үед BBC телевизийг шимтэн  үздэг байв. Тэгээд л эрэн сурвалжлах сэтгүүл зүйг судалж эхэлсэн.  Телевиз гэдэг ямар гоё, хүртээмжтэй, хүчтэй хэрэгсэл вэ гэдгийг таньж мэдсэн.  Монголдоо ирээд шууд л   телевизийн салбарт ажиллахаар  сонгосон.За тэгээд ММ-д орлоо. Тухайн үед Монгол телевизийн дарга  байсан Ц.Мөнхтөртэй уулзахад шууд л салбараа магтаад үүд хаалгаа уриалгахан  нээж өгсөн. Сонины хүн байсан болохоор түүртэх янзгүй,  өдөрт дор хаяж,  арван мэдээтэй ирдэг бай.. Намайг ММ-ийн Чука ах  “Гоё юм” гэж хочилдог байсан. Мэдээндээ явчихаад “Би ёстой гоё юмтай ирсэн” гэсээр л орж ирсээр байгаад “Гоё юм” гэдэг нэртэй болчихгүй юу. Хожим эрчүүд “чиний чухам юу  гоё юм  бэ” гээд л цаашлуулдаг  байв. Тухайн үеийн ММ  сэтгүүлч Бадамсамбуугаар удирдуулсан хамгийн чадварлаг баг байсан. Одоогийн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, АНУ-д Монгол телевиз байгуулаад ажиллаж байгаа Ц.Сарантуяа, АН-ын генсек Ц.Оюундарь, сэтгүүлч Чулуунбаатар, Л.Цагаандалай, М.Эрдэнэбат, Р.Сэргэлэн, М.Оюунчимэг, Т.Эрдэнэцогт гээд мундагуудтай ажиллаж байлаа.

-ММ-ийн сэтгүүлч Дуламсүрэн улс төрийн хүрээний нэртэй нэртэй хүмүүсээс их ярилцлага авдаг байсан санагддаг. Тийм биз?

-Тухайн үед Монгол Улсын зургаан ерөнхий сайдтай хийсэн шууд нэвтрүүлэг миний  томоохон  ярилцлага болж байсан юм. Нэвтүүлэгт М. Энхсайханаас бусад таван ерөнхий сайд  ирж оролцож байсан.

Монгол улсын Ерөнхий сайдаар  Ц.Элбэгдорж ажиллаж байсан үе. Наадмын өмнөхөн  долдугаар сарын 9-ний өдөр ярилцлагаа орон даяар цацаж байсныг үзэгчид санадаг юм билээ.

Ярилцлагын дараа Монгол телевизийн Программын  захиргааны дарга,  найруулагч Г.Жигжидсүрэн гуай надад “За чи өөрийгөө баталгаажууллаа. Баяр хүргэе” гэж хэлснийг огт мартдаггүй юм. Хэдэн жилийн дараа БНСУ-д байх үед Монгол улсын начин Шаравын Дорждамба тааралдаад  намайг тэр нэвтрүүлгээр минь таньж,  сайшаан магтаж байсан нь телевиз гэдэг бол маш хүртээмжтэй төдийгүй  бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн хаан нь юм байна гэдгийг ойлгуулсан. Нэвтрүүлэг маань маш хүчтэй нэвтрүүлэг болж чадсан юм болов уу гэж би боддог.

Дараа нь  МРТХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн асан, одоо “Үндэсний шуудан” сонины ерөнхий эрхлэгч  Б.Ганболд томилогдсон юм. Б.Ганболд даргад төсөл бичиж өгөөд Программын захиргааны  дарга болох хүсэлтэй байгаагаа уламжилсан. Б.Ганболд дарга ч надад итгэл үзүүлж, хүссэн ажилд минь томилсон.  Тэр үед  өрөөндөө ер зүгээр сууж чаддаггүй байсан юм. Яг л ажилтайгаа тулж, ажлаа мэдэрч, одоо бодоход өөрийгөө их  махалж ажилладаг байж. “Гэрэлтэй цонх”, “Өглөө хөтөлбөр” зэрэг олон сайхан нэвтрүүлгүүд гарч эхэлсэн дээ, миний үед.  Сүлжээний олон  хөтөлбөрийг шинэчилж, Ц.Балдоржийн нэрэмжит шагналт сэтгүүлч П.Алтанцэцэгийг Эрэл ТВ-д  байхад нь дуудаж ажиллуулж байлаа.  Алсын хараатай л байж  гэж  боддог. Учир нь  одоо Алтай маань  нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуайн нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийж,  хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг ч хамгийн үнэтэй сэтгүүлч болсон.

-Б.Ганболд даргаас сүүлд уучлалт гуйх хэрэг гарсан гэдэг шүү дээ. Юунаас болсон юм бэ?

-Сэтгэл байвч туршлага бага, санаа байвч сачий хүрэхгүй олон бэрхшээл тохиолдож л байлаа. “Амар байна уу гэсэн биш гай болов” гэдэг шиг өөрийг нь томилсон Б.Ганболд даргынхаа  гарын аяыг даахгүй, санал  зөрөх явдал  бишгүй гарна. Зөрчил даамжирсаар нэг өдөр ажилд авсан дарга маань намайг халчихав. Өдөр шөнөгүй хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа үнэнч  албатдаа  яагаад  ингэж хатуурхав гэж бодохоор сэтгэл минь эгшээд  болдоггүй.  Хугацаа элэх тусам харуусал арилж,  харин ч миний буруу байсан юм биш үү гэж эргэн бодож,  Б.Ганболд даргаасаа уучлалт гуйж нэг санаа амарсан даа. Миний алдаа  юу байсан бэ гэвэл “ажлаа субботник  мэт хийгээд зүтгээд  л явж  байхад болно доо”  гээд хээвнэг явж  байтал юуны өмнө дарга нартайгаа хэл амаа ололцохгүйгээр ‘’ударник’’  болно гэвэл  лөөлөө гэдгийг л сайн ухааруулсан.

-“Сэтгүүлчнэт”  гэдэг нэртэй сүлжээг байгуулж байсан. Энэ ямар учиртай сүлжээ байсан бэ?

-Сэтгүүлчдээ мэргэжил боловсролын хувьд  өндөр төвшинд сургая, сэтгүүл зүйг жинхэнэ иргэний сэтгүүл зүй болгоё, харилцан  санаа оноогоо  солилцож , томоохон тулгамдсан асуудлыг  хамтарч хийж байя гэсэн зорилгоор санаачлан байгуулж байсан. Бид эдийн засаг, олон улс судлал, гадаад хэл, түүх, соёл, улс төр, хууль эрх зүйн  мэдлэгээрээ  одоогийн улс төрчдийг л давж байж тэдний асуудлыг хөндөн бичнэ шүү дээ. Түүнээс биш тэдний амнаас гарч байгаа хий болгоныг тоть шиг давтаж хуулбарлан буулгаж, хүмүүст хүргэх нь хэр өгөөжтэй билээ дээ. “Өнөөдөр” сонин, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”,   МҮОНТВ зэрэг олон байгууллага нэгдэж, ансамбль болох хэрэгтэй. Улс орны өмнөх тулгамдсан сэдвээр хэлэлцүүлэгт нэгдэх хэрэгтэй. Хүрэх арга замаа тодорхойлоход хүчтэй дуу хоолой болох учиртай. Симфони найрал шиг өөр өөрийн дуу хоолойгоо  нэг л цэгт төвлрүүлэн  эгшиглэх нь  юу юунаас хүчтэй бас чухал гэдгийг анзаарсан.  Улс үндэстний язгуур эрх ашгийг хамгаалж,  зангидах хүмүүс бол сэтгүүлчид байх ёстой гэж бодож явлаа. Сэтгүүлчид шуналгүй, сэтгэл  гэгээрсэн, бодол ариуссан  хүмүүс байдаг болохоор тэдэнд итгэж болно. 1990 онд л гэхэд залуу уран бүтээлчдийн 2 дугаар зөвлөгөөн нь салхийг эргүүлсэн биздээ.

-Одоогийн Медиа групп шиг юм төсөөлж явжээ дээ?

-Өнөөгийн яриагаар бол Медиа групп гэсэн үг. Хэвлэлийн хурал хийж, тойрч суугаад дуусдаггүй  яриа өрнүүлдэг байлаа.  Шар айрагны мухлагаас л хувьсгал эхэлсэн түүхтэй. Гэхдээ тухайн үед менежмент дутагдсанаас болж цаашид үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулж чадаагүй. Тэгээд ч  Засгийн газрийн Хэвлэлийн албаны дарга С.Мягмар  “Боловсролын яамны хэвлэлийн төлөөлөгч хийх  нэг сайн хүн хэрэгтэй байна. Чи тийшээ оч” гэж хэлээд намайг явуулсан юм. Тэгээд тэнд очоод шууд л хэвлэлийн төлөөлөгчөөр ажилд ороод жил гаруй болж байтал  удалгүй ТV9 телевизийн захирлаар ажиллах хүсэлт ирсэн.

-Эндээс таны гайхалтай амжилтууд эхэлж байгаа шүү дээ. Дараа дараалаад л телевизүүд гаргаж ирж байсан даа Дууяа. Гардаж телевиз байгуулахын гайхамшиг юу байв.?

-TV9 телевизэд орох санал анх 2003 оны хоёрдугаар сард ирсэн. Тэр үед миний гар дээр ёстой л юу ч байгаагүй.  Арван хуруу, атга тархи л байв.  Сэтгүүлчнэтийн түрээсийн  өрөөндөө  TV9-ийн боловсон хүчнээ сонгон шалгаруулж, улмаар тэднийг давтан  бэлтгэх  сургалт  явуулж эхэлсэн. Хамгийн анх над дээр ТV9-ийн гэж нэршсэн  сэтгүүлч Б. Отгон ирлээ.  Дөнгөж Радио телевизийн дээд сургуулийг төгсөөд ирж байсан юм.  Тэгээд би зургаан сарын дотор боловсон хүчин, программ, техник, маркетинг, санхүүгийн  албаа бүрэн хөл дээр нь босгоод, Монголд  анхны 24 цагийн эфиртэй телевизийг нээж байлаа. Тэр үед манай нөхөр “Төв телевиз мянгаад хүнтэй ажиллаж байж 24 цагийн эфир гаргахгүй байхад чи 60  хүнтэй  яаж дийлэх юм бэ. Амьдрал дээр болохгүй болоод л хагас эфиртэй хийж байгаа шүү дээ. Гэтэл муйхарлаад чадна гээд байх юм” гэхэд нь би чадна гэж зориглосон бол бүтээдэг, дотоод хүчиндээ найдаж байсан болохоор  зургаан сарын дотор 24 цагийн эфир явуулах боломжийг бүрдүүлж чадсан даа. Телевизээ 2003 оны  9 сард нээгээд дөрвөн сарын дараа  МСНЭ-ийн оны шилдэг телевизээр шалгарч байв.

-Эмэгтэй хүн телевизийн дарга болж байгаагүй шахам үе шүү дээ?

-Миний өмнө одоогийн УИХ-ын гишүүн  Ц.Сарангэрэл ТV5 телевизийн захирал болж байсан юм. Тэгээд л удалгүй хэдэн сарын дараа би захирал болж гарч ирсэн. Тэр үед би үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэдэг байж дээ. Тайзны материал авах гээд л, мөнгийг нь  хайрлаад өөрөө зах руу гүйдэг  байлаа шүү дээ. Хүнд хэцүү үеийг нь туулаад босгоод ирэх үеэр эзэн суух хүн мундахгүй л дээ. Төв телевизийн дарга байсан Ц.Энхбат яг телевизийг хөл дээрээ босох үед ажлаасаа чөлөөлөгдөөд миний ажлыг авч байлаа.  Надад юу гэж хэлсэн бэ гэхээр “Чи миний орлогч болно” гэсэн. Үнэн сэтгэлээсээ өдөр шөнөгүй зүтгэсний хариу шан, ‘’хөдөлмөр өдрийн хөлс’’ ийм байдаг юм бол би энд ажиллахгүй гээд л ТВ9-ийг орхисон доо. Өнөөдөр үүнд би харамсдаггүй.  Унаж байж хүн болдог, майлж байж мал болдог хойно. ТВ9 миний хүчийг сорьсон, өсгөж өндийлгөсөн, олонд намайг таниулсан  хамгийн том талбар байсан.

-Дараа нь телевизийн захирлаар ажиллах саналуудад дарагдаа биз дээ бодоход...

Дараа нь  Боловсрол телевизийг хөл дээр нь босгох санал ирсэн. Гэвч хоёр жил болсон ч  телевиз нээгдээгүй. Яагаад гэвэл санхүүжилт байхгүй. Тэгээд л хэсэг хугацаанд завсарлаад байх  үед SBN-ээс Ерөнхий продюссерийн  ажилд орох, цалин ч ахиухан санал ирсэн. SBN-ийг хөл дээр нь босгоход 2 жил хангалттай байсан. Амжилттай босгосон. Тэгж байтал УИХ-ын 2008 оны сонгууль хаяанд туллаа.   Надад МАХН-аас сонгуулийн сурталчилгаанд ажиллах санал ирдэг юм. Аргагүйн эрхэнд С.Болдхэт, түүний гэргий Ж.Удвал захирал хоёртоо эвтэйхэн тайлбарлаад,  бид гурав   Баянгол зочид буудлын  Таж Махалд үдэлтийн зоогоо бариад, талархлын үг сонсоод  гарсан.  Одоо ч бид холбоотой сайхан явдаг. Удвал хатагтай надад таалагдсан. Хүлээцтэй бас маш сэтгэлтэй, мэдрэмжтэй хүн шиг санагдсан, хүндэлж явдаг. Миний хамгийн  сул тал бол нэг зүйлийг босгоод тэгээд түүнийгээ маш амархан  орхиод явчихдаг. Амархан уйддаг тал л юм даа.

Би SBN-д  ажиллаж байхдаа тухайн үед хэрэг төвөгт ороогдоод байсан  С.Болдхэт захирлыг  авраач гэж тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр дээр орж байв. Н.Энхбаяр Ерөнхийлөгчид хандан  2 хүсэлт тавьсны нөгөөх нь 331 сумаар аялах ТВ нэвтрүүлгийн төслийг дэмжихийг хүссэн. Энэ бол Монголын сайхан орноороо аялж, нуур цөөрөм, уул нурууд, рашаан ус,  эрдэс баялгийг нь бүртгэн эх орноо тоолох томоохон төсөл юм.

Биднийг уулзаж байхад  хажууд манай нэрт яруу найрагч З.Түмэнжаргал агсан байлцсан. Их тусч, нийтэч, хүүхэд шиг цайлган, сайхан хүн байсан.  Ерөнхийлөгчтэй уулзахад надад тусалсан. Ид сайхан насандаа элсэнд харамсч явдаг юм, ахыгаа.

-2008 оны сонгуулийн дараа УИХ-ын Хэвлэл, мэдээллийн албанд ирж, олон жил Төрийн ордны коридороор гэр хийсэн парламентын сэтгүүлчдийг тохилог өрөөтэй болгосныг мартдаггүй юм...

-Хэвлэлийн албанд ирүүт хэдэн сэтгүүлчээ өрөөтэй болгоё гэж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж дээр орж дэмжүүлсэн. Зүгээр ажлаа хийгээд суух биш гэр шиг тохилог байлгая гэж бодсон. Сэтггүүлчдээсээ дундаас нь мөнгөө босгоод цай ёотонгоо авчихна. Хүн орж ирэхэд барууны офисс шиг кофе үнэртэж угтсан орчинг бүрдүүлье гэж хичээсэн. Нэг мэдэхэд тал талаасаа цугласан өөр өөр хэвлэл мэдээллийн байгууллага, сонин, сайт, телевиз, радиогийн  сэтгүүлчид нэг  байгууллагад байгаа мэт нэгэн сайхан гэр бүлсэг баг бүрдэж байлаа. Сэтгүүлчид Төрийн ордноос тухайн сонин, телевиз, сайтдаа мэдээллээ шууд дамжуулах   нь 2 талдаа ашигтай. УИХ-ын мэдээ мэдээлэл иргэдэд шуурхай хүрнэ. Нөгөө талаар сэтгүүлч редакц руугаа гүйж цаг алдахын оронд Төрийн ордноос мэдээгээ шууд дамжуулж, хөдөлмөрийн бүтээмж эрс дээшилсэн гэж санадаг. Парламентын сэтгүүлчид бол төр засгийн шийдвэрийг бодитойгоор хүргэх томоохон хүч. Утас ээрдэг нь тэдэнд байна, уурга барьдаг нь манайд байна гэдэг шиг харилцан  түншилж  ажиллах боломжийг  олгож чадсан.  Би ч сэтгүүлчдийнхээ ‘’өндөр ээж’’ аятай цай, кофег нь чанаж ундаалж, тэдэн дундаа бужигнаж  байхдаа жаргалтай байлаа. Харин шинэ парламентын үед сэтгүүлчдийн ажиллах нөхцөл дордсон сураг байгаа. Ордны зүүн жигүүрт бараг хаалгаар хөөгдөх  шахам зутруу байгааг харсан ч амаа хамхиад л гарсан. Энэ бол миний төслийн нэгдүгээр хэсэг. Дараа нь сэтгүүлчдийн олон улсын сэтгүүлчдийн төв  болж өргөжих төсөл хэрэгжих учиртай байлаа. Энэ нь гадаад дотоодын томоохон гүрнүүдээс ирэх элч төлөөлөгчийг дагалдан ирэх сэтгүүлчдэд мэдээ мэдээллээ дамжуулах боломж хангах зорилготой пресс төв байгуулах төсөл бичсэн. Гадаадын сэтгүүлчдээр дамжин манай улс дэлхийд  танигдах   тул хөрөнгө мөнгөө гар татах хэрэггүй гэж үзсэн. Англи, орос, хятад хэлээр шууд харилцахад  Парламент ажилтнуудаа төдийгүй сэтгүүлчдээ сургах  алсын зорилготой төсөл юм. Гаднын сэтгүүлчидтэй бид чөлөөтэй харилцаж, олон улсын хэмжээний сэтгүүлчид болох хөрс суурь болно гэж тооцоолсон.

-УИХ-ыг Хууль сурталчлах сайхан албатай болгосон нь Дууяагийн гавьяа гэж бас боддог, тэр үнэн биз?

-УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах алба байгуулж телестудитэй болгож, 10 сайхан залууг  ажлын байртай  болгосон. Би УИХ-ын Тамгын газар ажиллаж байхдаа нэг зүйлийг анзаарсан юм. 1998 онд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрөөс хэвлэл мэдээллийг салгасан. Гэтэл төрд өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байхгүй болохоор баахан гуйврын маягаар, сул дорой байдал анзаарагдсан. УИХ-ын дарга дээр  болох янз бүрийн уулзалт, хууль өргөн барих,  гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авч  уулзах үеэр  манай хэвлэлийнхэн орохдоо их хойрго ханддаг. Төрд маань хэвлэл мэдээллийн алба байвч тэдэнд дамжуулах мэдлийн суваг,  мэдээллийн хэрэгсэл алга.  Гишүүд хууль сурталчлахаар орон нутагт явна. Дагаж сурвалжлах сэтгүүлчдийг царайчилна.  Энэ зовлонгоос ангижрах гарцыг хайж,  УИХ-ын Хууль сурталчлах алба байгуулах төсөл бичээд дарга нарт өглөө. Ялангуяа УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Тамгын дарга Ц.Шаравдорж нар нааштай хүлээн авч, УИХ-ын гишүүд ч  дэмжсэнээр  ажил ч бүтлээ. УИХ-ын мэдээ мэдээлэл телевизүүдээр  урсах болсон. УИХ-ын Тамгын газарт ажиллаж байхад удирдлагууд намайг сайн дэмждэг байсан. Би ч Г.Батхүү даргыг бат УИХ-ын дарга болно доо гэж найдаж байв. Г.Батхүү, Ц.Шаравдорж дарга  нар шиг  тулхтай, түшигтэй, зангарагатай,  улс, олон нийтийн эрх ашгийн төлөөх ажлыг дэмждэг удирдагчид олон байгаасай гэж боддог.

-Сэтгүүлчдийн төвөө нээж,   Хууль сурталчлах албаа байгуулаад  ажил сайхан жигдрээд иртэл гэнэт л албаны даргаас өргөдөл өгөөд гарсанд гайхсан шүү...

-УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр Шарваа дарга дээр ороод Архангайд эгч маань сонгуульд нэр дэвшиж байна. Бас бус хүний сонгуулийн сурталчилгаанд явах шаардлагатай ч боллоо. Ерөнхийдээ төрийн ажлаас хөндийрэх санаа байна. Төрд ажиллаад хийх ажлаа ч хийчихлээ.  Ингээд би сэтгүүлч Т.Баярмаадаа ажлаа  хүлээлгэн өгөх бодолтой байна гээд л шууд хэлээд тавьчихлаа.  Шарваа дарга  гайхширсан  харц,  асуулт хоёрыг хослуулж, дараа нь миний өргөдөл дээр цохсон. 

-Чамайг харж байхад дандаа нэг байгууллагыг босгоод яг ид сайхан оргилд нь хүргээд л орхисон байдаг?

-Энэ бол миний сайн хийгээд сул тал. Сайн нь тулгын чулууг тавьж галыг нь бадрааж ажлыг нь дэвжээж өгөөд, дараагийн хүмүүст үргэлжлүүлэн ажиллах боломж үлдээдэг. Би өөр гарц хайж,  шинэ шинэ боломж руу тэмүүлж, дараагийн  оролдлогоо хийж эхэлдэг. Тухайн үед би өөрийн мэдлийн сайт болон CNN шиг хүчтэй  хувийн телевизийн сувагтай болохсон гэсэн том мөрөөдлөө нуудаггүй,  байнга  бодоостой байснаа дотны хүмүүстээ  цухалзуулдаг байсан. Халуун цэг дээрээс шууд дамжуулдаг, нам харгалзахгүй бодитой мэдээлэл үзэгчдэд хүргэхсэн гэж хорхойсдог хүн.

-Хараад байхад Дууяад алдаа байгаагүй юм шиг санагдаж хийгүй л гишгээд байсан болов уу Ажил нь маш хурдан бүтдэг, хүнтэй маш эвсэг харьцдаг, санасан бүхнээ бүтээдэг хүн шиг санагддаг. Гэхдээ алдаагүй хүн гэж хаана байхав алддаг л байсан бизээ Гол алдаа гэж байсан уу?

-Би алдаагаа  ардаа гаргасан хүн гэж  өөрийгээ боддог. Хүнээ сайн танихгүйгээр хурдан ажилд аваад, сэтгэлийн хөөрлөөр  хурдан халах ч юм уу, бусдын хов живээр ажил явуулах, халуун цусаа дарахгүй омголон исгэлэн зангаасаа болоод хийтэй гишгэж байснаа эргэж бодож үзсэн. Аль болохоор алдаагаа давтахгүйг  чармайсны хүчээр харьцангуй багасгасан.  Байгууллага удирдахад хов живээс  ‘’зугтаах’’ гэж нэг том бэрхшээл бий.  Хов жив сонсоод   яаж ‘’залгиж’’ сурах вэ гээд л бодоод л явдаг. Гэтэл  хүн сонссон нууцаа   хадгалах  хугацаа  ердөө 73 цаг байдаг гээ биздээ. Тэвчээр шаардсан бүхэн надад сорилт болдог. Аль ч хүний сайн тал нь 60 хувь, муу тал нь 40 хувь гэж боддог. Сайн талыг нь урьд нь товойлгон  хэлж нэг сайхан тайвшруулчихаад угсраад  дараа нь шүүмжлэлээ дуулгахад даргадаа магтуулсан мэт  баярлаад өрөөнөөс чинь гарвал  удирдагч болжээ гэж өөрийгээ  цэгнэх хэрэгтэй. Хүн алдаагаа хүлээхээс айх биш,  алдаж байгаагаа  мэдрэхгүй явахаас  л айж явмаар юм билээ. Эмэгтэй хүнд түгээмэл байдаг сул талууд атаа, хорсол, шунал тачаалаа дарж сурсан. Харин одоо уур хилэнгээ жолоодоход суралцаж байгаа. Дээр нь  хүнд гомдохгүй байж яаж  сурах вэ гээд л бодоод л яваа. Гомдсон сэтгэл миний  дотор эрхтэнг гэмтээдэг гэдгийг л ухаарчихмаар юм билээ.  

-Ээж аавын сургаальд бүүйвэлэгдэж  өссөн танхи охины хувьд аав ээжийн барилаар хүмүүжсэн нь ажиглагддаг юм. Их сайхан сургаальтай аав, ээжийн охин байжээ дээ?

-Хэзээд алдагдах албан тушаал, алдар хүндэд бүү дурла гэдэг үг бий. Үүнийг би өөрийн туулсан амьдралаар мэдэрсэн. Нэг удаа нэгэн алдартан  надтай ам зөрөхдөө “чамтай адил  алдах алдар нэргүй хүн биш”  гэсэн үг тухайн үедээ гашуун сонсогдож байвч алдар нэр хүнийг давилуун болгодгийг анзаарсан. Өнөөдрийн сайн яваадаа хүн ер нь бардах хэрэггүй  гэж боддог.  Ээж минь хүний хувь заяаг хяр дээр гарч харсан биш гэж ярих дуртай. Бас бардам сэтгэл баримтгүй гэж сургадаг байв. Амьдралд ирэхдээ  хүн нүцгэн ирдэг, энэ ертөнцөөс буцахдаа нүцгэнээрээ одох болно. Тэгэхээр шуналын сэтгэл хэрэггүй, цуглуулсан хөрөнгөө  байтугай өөрийн биеээ ч  өөдөө хөөрөхдөө  үүрээд авч явж чадахгүй гэдгийг  ухаарвал аливаад шунаж дэвтэх нь бага,  сэтгэл амар амгалан явах болно. Сэтгэл үгүй бол буг болно, итгэл үгүй бол сүг болно. Амьд мөртөө үхсэн мэт явахаас айж яв.

Өширхөхийн оронд өршөөж амьдар гэх мэт олон сайхан сургааль үг өврийн дэвтэрт минь бичээстэй явдаг. Хүн амьдралд гэгээрэх гэж ирдэг гээ биздээ. 45 наснаас хойш амьдралын сайхныг мэдэрч, өөдөө антенн барьж байна уу даа хэмээн  боддог. Хорин жил монголчууд бид нэг нэгнээ хараар будлаа, одоо хорвоог сүлж амьдрах цаг болсон гэж санаж байгаа шүү. Сайныг түгээе, сайн мэдээг дэлгэрүүлье, сайнтай садан мэт явье.

-Чамайг хараад байхад эзотерик талын их мэдлэгтэй санагддаг

 -Хүн амьдралын мөн чанарыг танихын хэрээр мэдрэмжтэй болж эртний өвөг дээдэс, аав ээжийнхээ сургааль номлолыг илүү их санагалздаг гэлтэй. Дэлхийн  олон улс орнуудаар хэрэн хэсч явсны  эцэст  Монгол Улсынхаа давуу тал, үүх түүхийг судалж дээдлэх хүсэл бадардаг юм билээ. Урьд нь төрсөн бие минь төрлөө мэдэхгүй, түмэн олон минь түүхээ мэдэхгүй явж иржээ гэж боддог. Гадаад орон, гадаад хүн,  гадаадын бүтээгдэхүүн,  гадаад боловсрол,  гадаадын зан заншил, соёл иргэншлийг сохроор шүтдэг байв. Бас бид өнгөт дэлхийнхээ аж амьдралыг зохицуулах  хуулийг ярих боловч бидэнд мэдрэгдэхгүй далд байгаа байгалийн хуулийг огт ярьдаггүй, танин мэдэхийг хүсдэггүй, хүний эрх хамгаалахыг ярихаас биш байгалийн эрхийг хамгаалах талаар ганц үг ганхийдэггүй. Уламжлалт зан үйл, ёс заншил, соёлоо  эцэг өвгөдийн,  элэнц хуланцын явдал мэтээр, эрт балрын бурангуй хоцрогдол мэтээр  өрөөсгөл хандсаар ирсэн санагддаг.’’Ёстой бурхнаа бургасаар ороолгосоор ’’ л ирлээ.  Хүн байгалийн барилдлага,  нүдэнд харагдахгүй түмэн нууцыг ойлгож танин мэдэж эхлэх тусам бид  бага алдана. Аж амьдрал сэргэнэ,  амьсгалах агаар ариусч,  булаг шанд бургилна. Зуд турхан, ган гачиг, гал усны аюул  арилна. Хүн ч тайван амгалан урт нас зооголно.

 Самар, жимс  түүлээ гэхэд сайхан мөчрийг нь хайрлаж  чадвал хишгийг нь бүрэн хүртэнэ. Байгалиа хайрлаж ирсэн эртний өвгөдийн уламжлалт зан үйлийг хэрхэн хялбаршуулах тайлбарлаж, амьдралын  хэвшил болгох вэ гэдэгт төвлөрч байгаа. С.Оюун сайдтай уулзаад санал солилцсон. Байгаль хамгаалахдаа уламжлалт зан үйл дээр нь тулгуурласан танин мэдэхүйн чиглэлийн  нийтлэл нэвтрүүлгийг ахиухан хүргэвэл нэн тустай,  хүмүүс ч таатай  хүлээн авна. Ингэснээр хүн байгалиа хамгаалах сэтгэлийн сахилгатай болж байж,  хамгаалж хайрлана. Байгаль хамгаална гэдэг хүний сэтгэлийн явдал гэж ойлгодог.  Ойлгуулж чадвал  заавал их хэмжээний  хөрөнгө хүч хаях шаардлагагүй,  харуул хамгаалалтаар мануулах ч албагүй  юм. Хүн сэтгэлээ манаж чадвал,  байгалиа хамгаалж чадна.

- Шинэхэн мэндлэх телевиз, сайтдаа ‘’Аравт’’ нэр өгсний  учир юу вэ.  Чамайг мөрөөдлөө биелүүлж,  ирээдүйн CNN-ийнхээ халуун чихийг атгаж эхэлж байна гэж миний хувьд бодож байгаа?

Бидний өвөг дээдэс оршихуйн бүтэц зохион байгуулалтыг аравтаар эрэмбэлсэн нь  мөнх тэнгэрээс орчлон хорвоог бүтээхдээ аравтын зарчмаар бүтээснийг хүлээн зөвшөөрсөн хэрэг.  Сансар огторгуй од эрхэс гаригууд ч аравтын системээр зохион байгуулагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, бүтэц зохион байгуулалтын аравтын систем нь Мөнх тэнгэрээс бидэнд тулган хүлээлгэсэн оршихуйн зохион байгуулалт буюу тэнгэрийн зарлиг. Тухайлбал, нар, нарыг тойрон эргэлдэх 9 гараг нь аравтын нэг  систем байх жишээтэй. Таталцал түлхэлцлийн харилцаа 10 зүйлийн дунд л хамгийн тогтвортой чанарыг олдог.  Арваас олон бол харилцаа сулардаг, арваас цөөн бол харилцаа улам идэвхждэг. Аравт нь байр байрандаа байх, хамгийн тогтвортой хэм хэмжээндээ байх харилцааг бүрэлдүүлж өгдөг. Хэн  нэгнээ биднээс давуу хэмээн ахлагчаар тавьж, хүлээн зөвшөөрөл бий болж чадвал аравт болж чадна. Аравтын ахлагч андгай өргөдөг байжээ. Андгайгаа зөрчвөл аравтаасаа гарч болно. Хэн нэгэн нөхөөд л явна. Чингис хаан болон түүний 9 өрлөгөөс бүтсэн аравтын нэг систем  байжээ гэж бодогддог. Нэг үгээр хэлбэл хас бүтцийг бүтээж байгаа учраас ТВ, сайтын логог  хас тэмдэгээр хийсэн. Дөрвөн зүгээс эрчим хурааж, тогтвортой орших нөхцөл бүрддэг. Аравт бол ард түмэн болой гэж  ч тайлж болно.

-Эрэн сурвалжлах  гэдэг угаасаа чиний хобби юм аа даа?

-Сэтгүүлчид бид одоо улс төрчдийн халааснаас гарч өөрсдийн мэргэжил, туршлагад найдан бие даан сэтгүүлчдийн дөрөвдэхь засаглал буюу өөрсдийн эзэмшил нутагтаа чин сэтгэлээсээ хариуцлагатай зүтгэх хувь үлдлээ. Бид намаар биш мэргэжлээрээ нэгдэх цаг болсон байна.  Саяхан нэг хуулийн байгууллагад ажилладаг хүнтэй уулзаж байхад ‘’Сэтгүүлчид худлаа бичихээ болих хэрэгтэй, хүүхнүүд биеэ үнэлэхээ болих хэрэгтэй’’ гэсэн нь бас л бодох асуудал. Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлчдийн зарчим бол АНУ-ын Мөрдөх товчооноос өмнө л  урьтаж мэдэх  ёстой гэсэн зарчим тавьдаг. Бас бүхнээс үнэн, бүхнээс түрүүлж хүргэх зарчим байдаг. Би сонин, ТВ, нам, яам, Их хуралд хүртэл ажиллаж үзлээ.  Олон сайхан хүмүүстэй ажил төрлийн  хэлхээ холбоотой ажилладаг, туршлага ч жигдэрлээ. Туршлага ихт тулгуурт нь, оролдлого ихт оройд нь гэдэг биз дээ.

-Үргэлж халгиж цалгиж, халуун энергиэр орчноо дулаацуулж явдаг, санасан болгон нь сэтгэлчлэн бүтдэг Дууяагийн холын том  мөрөөдөл юу вэ?

-Гадаадын том, том  телевиз, банк  шиг шил толь  болсон байранд “Аравт” ТВ –ээ байрлуулаад,  хажуудаа уран бүтээлчдийнхээ   амьдрах байрыг бариулж, Германы ZDF телевизийн жишгээр менежмент хийнэ  гэж мөрөөдөж байна. Улмаар аль ч мэдээллийн хэрэгсэл,  аль ч  нам, улс төрөөс үл шалтгаалж,  хэн чадсан нь энэ зах зээлд өрсөлдөн гарч ирэх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байгаа. 

-Анхны шангаа татаж байгаа “Аравт” телевиз, сайтын ургац арвин байна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэгвэл хүсэл юу вэ?

-Монголын түүх бол дэлхийн түүх байдаг. Эцэг өвгөдийн үлдээсэн эх түүхээ сэргээж, монгол хүн бүр үндэсний ёс заншлаа дээдлэн явахад өстөн дайсан өврөөс ургахгүй, өнө мөнх бат орших болно.  Эзэнт гүрний үед эрхэм байсан бүхэн элж холдох ёсгүй.  Эх оронч, эцэг өвгөд, эх нутгаа хайрлах  үзлийг суулгах зорилготой байгуулагдаж байгаа манай телевизийг дэмжээрэй хэмээн уриалах  байна.

ТВ өөрөө маш их зардалтай,  гаргасан зардлаа бараг 20 жилд нөхдаг гэсэн  судалгаа бий. Хөлжье гэж хөөрөлхсөнгүй, хөх монголоо сэрээе, хүнээр нь авч үлдье гэсэн  сэтгэл өвөртлөн,  зориглон  хөдөлсөн минь энэ ээ. Хэвлэл мэдээллийн зах зээл бол оюуны үйлдвэрлэл.  Төрөөс энэ салбарыг зоригтой дэмжих бодлого явуулах учиртай.

Санхүүгийн хувьд хөл дээр нь босоход бас л аливаа бизнес эрхлэгчдийн нэгэн  адил урт, богино хугацаатай хөнгөлөлтэй зээлийн сантай болгох, тэр байтугай сэтгэл цагаан, зорилго тодорхой, амаргүй  хөдөлмөр эрхэлдэг цөөхөн  сэтгүүлчиддээ буцалтгүй зээл тусламжид хамруулан, тэнхэртэл нь  тэтгэх бодлого явуулах  халуун сэтгэлтэн төр засагт байгаа гэдэгт найдна.  Эдийн засгийн хувьд бие дааж, манай салбар хөгжинө, эрүүлжинэ.

Тус бүхэн  эцэг өвгөдийн түүхийг хойч үедээ үлдээх, ёс заншлаа сэргээж Монгол Монголоороо, хүн нь хүнээрээ үлдэж, мөнх оршиход таны  хувь хишиг,  өглөг  байх болно. Илэн далангүй ярилцлага хийсэн танай сэтгүүлийн хамт олонд урган гарч байгаа усан могой жилдээ улам сайн ажиллаж, эд хөрөнгийг биш эрдэм номыг, эцэг өвгөдийнхөө сургаалыг  эрхэмлэн яваарай хэмээн ерөөе.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (17)

  • Зочин
    Гайхалтай тусч, харин аальгүйтэж байгааг нь хараагүй, арай дэндүү номын
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Дулмааг үсэрдэг гэвэл эндүүрэл. Маш бодолтой бас номхон томоотой даруухан бүсгүй, Багаас нь мэднэ балайрсан авгай нар бас атаархана.
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин
    Нүүрэндээ мэс ч хүргээгүйг нь мэднэ. нөхөртөө ч түшигтэй, маш шударга шулуун үгтэй нийтлэл бичихдээ ч сайн нийтэд туслахдаа ч гаргуун. Намайг хүндээр өвдөж байхад 500 мянган төгрөг өгч байсан маш их баярлаж явдаг шүү найз аа.
    2018 оны 03 сарын 18 | Хариулах
  • Зочин
    маш аймаар хорчин хөгийн хар банзал авгай, шал хөгшин юм байж нүүр амаа татуулаад л балайраад явдаг,, нээх гачин нэвтрүүлэг хийдэг гэсэн солиотой болсон гэнэлээ, бас ан -ын дарга ч гэлүү ногоон нөхөртэй унтаад нөхөртөө алуулсан гэсээн киа киа
    2017 оны 02 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Энэ сэтгүүлч маш хөдөлмөрч бас тусархуу тэгээд даруухан эмэгтэй түүнийг янз бүрийн эртэй холбогдсон гэж дуулаагүй харин түүнд атаархаж байгаа хүмүүс л оргүй худлааг цуурч байж мэднэ амжилт хүсьe чи шүү
    2015 оны 03 сарын 08 | Хариулах
  • гандаанаа
    за энэ ч ёстой үл бүтэх балиар авгай даа. дандаа мөнгөөр харчуудтай үсэрнэ. ордонд байхдаа өрөөннөөдөө л шаалгаж байна ш дээ. янцаглаад ичихэд яана. муухай завхай эм дээ. ал нь одоо сунаад шуудай болоо биз
    2014 оны 05 сарын 20 | Хариулах
  • B.Zagdsuren
    Daichin hovorhon emegtei ajliin amjilt husii
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • Зочин
    сайн үйлс дэлгэрэг сайн хүмүүс олон болтугай
    2014 оны 05 сарын 19 | Хариулах
  • chimgee
    duuyag busdad vrgelj tusalj hariu nehdeggvi hvn gedgiig olon hvn medne minii medehiin setgvvlch erdenetsogtod ih hurliin gishvvded damjuulan tuslamj hvsehed battulga gishvvn 20 say tugrugiin ugch baisniign olon hvn medne ene asuuudaltai holbogduulan battulga gishvvnd bayarlaj yabdgaa ilerhiilie duuya chi turiin alba hiihed boloh beltgegdsen bolobson hvchin sh vv
    2014 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин
    Манай Эрдэнэмандалынх эцэг эх нь их ажилсаг хүмүүс байсан дууриасан байна эднийхэн их шударга ажлын хэнээтэй хүмүүс байдаг сайн л явцгааж байгаа юм байна нэг хүн ч гэсэн
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Yriltslaga taalagdlaa amjilt huse
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Мятрашгүй Жулиа
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Монголчууд хүний сайн сайханд хорсож явдаг болоо юу даа ямар ч сайхан хүмүүсийг янз бүрээр гутааж кайф авдаг гэсэн
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    Магтах юмтай хүн бусдаар магтуулахад юунд нь атаархдаг байна аа хөөрхий шээс нь гоожлоо юу аан
    2014 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин
    өөрөө өөриЙгөө сэтгэгдлээр магтахаа больчих доо бла бла эмээ, хо, хо, аниа
    2014 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин
    2000 онд өвөөгийнхээ хэлмэгдпийн байрыг надад бүтээж өгсөн миний сайн найз харин эргээд ямар нэгэн барьцаагүй хүнд тусалдаг ийм хүн олон байвал бид хөгжинэ
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Дууяа бол хүнд тусалбал тусалсан шиг тусалдаг хорыг найруулбал ямар ч улс төрчөөс дутахгүй мэдрэмжтэй хурдтай бас танилын хүрээ ихтэй юм юмтай элдэвтэй хүүхэн туршлагатай харин улс төрд орвол илүү зохино гэж зөвлөмөөр байна
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Сэтгүүлч Эрдэнэцогтын эмчилгээний зардлыг босгоход төрсөн эгч мэт зүтгэж тусалсныг чинь мартахгүй баярлалаа буян нь үр хүүхдэд чинь ирнэ ээ баярлалаа эгч ээ
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    харин ч ямар ч шуналгүй хүнээс хариу нэхэхгүй тусалдаг байхаа энэ бол магад үнэн
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Дууяа бол зөв сэтгэлтэй маш олон хүнд тусалж явдаг ховор хүн гэдгийг л мэдэх юм байна
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин
    ярьснаасаа маш эсрэг юм хийж, ярьж явдаг, мөнгөнд нугасгүй, жинхэнэ шуналтай, ховоор ажил явуулдаг, маш зальтай, шулмас даа, одоо эдний үеийнхэн эмээ, өвөө болсийшд киа киа
    2014 оны 05 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025