“Our bodies, Ourselves” 1972 онд 12 эмэгтэй хамтарч энэ номыг бичсэн бөгөөд тухай үедээ ямар ч зар сурталчилгаа ашиглалгүйгээр 250.000 хувь борлогдож байжээ. Эмэгтэйчүүд өөрт тулгардаг эрүүл мэнд болоод сексийн асуудлуудыг хөндсөний дотор үр хөндөлт, жирэмслэлт, сэтгэл зүйн хямрал зэрэг сэдвийг зоригтой бичиж олон эмэгтэйн гарын авлага ном болгосон байна.
Шарлотта Бронте (1815-1866. Англи) “Jane Eyre” Үзэсгэлэн төгөлдөр биш ч гэсэн эмэгтэй хүн олны анхаарлыг төвд орж, үйл хөдлөл, амжилт бүтээлээрээ нэрээ дуурсгаж болдогийг Женийн дүрээр харуулсан. Гэхдээ зохиолын дунд үеэс нөгөө реалист Женийг хайр дурлалтай учруулж, бодит байдалд баймгүй харьцаа, уран дүрслэл бүхий үйл явдлыг шигтгэж өгсөн нь уншигчдад таалагдаж, Английн агуу зохиолч эмэгтэй гэдэг алдрыг түүнд хайрласан буй заа.
Эмили Бронте (1818-1848. Англи) “Wuthering Heights” Дэлхий ертөнцийн тухай багахан мэдлэг, гэр бүлийн хүмүүжил түүний төсөөлөн бодох чадварт нөлөөлжээ. Шарлотте Бронтегийн төрсөн дүү тэрээр 30 хан наслахдаа бичсэн зохиолуудаас хэвлэгдэж гарсан нь “Wuthering Heights”. Атаа хорсол, өш хонзонгийн тухай өгүүлсэн энэ ном гарсан даруйдаа шүүмжлэгчдийн хараанаас холдож чадаагүй ч өнөөг хүртэл Английн реализмын үеийн утга зохиолын үнэтэй нэгэн бүтээл хэвээр.
Сүзань Браунмиллер (1935. АНУ) “Against our Will” 1975 онд хэвлэгдсэн энэ ном хүчирхийллийн нөгөө өнцгийг нийтэд ойлгуулж, хохирогчийн буруугаас болж хүчингийн хэрэг үйлдэгддэг гэсэн олон нийтийн ташаа бодлыг няцаасан томоохон бүтээл юм. “Хүчин бол шунал тачаалын гэмт хэрэг бус, зөвхөн хүч чадлаа гайхуулсан хүчирхийллийн нэг хэлбэр юм” гэж тодорхойлжээ.
Перл Бак (1892-1973. АНУ) “The Good Earth” 1938 оны Нобелын шагналыг хүртсэн энэ зохиол Дэлхийн l Дайнаас өмнөх Хятадын нэгэн тосгонд болж буй үйл явдлыг өгүүлжээ. Өрнөдөд тийм ч танил бус ертөнц, жирийн нэгэн тариачин Ван Луний туулж өнгөрүүлсэн амьдрал, зовлон бэрхшээл, сэтгэлийн тэнхээг нарийн дүрсэлж, нүдэнд харагдтал өгүүлжээ. Хожмоо энэ бүтээл Бродвэйн тайзнаа амилж, Опрагийн номын клубт нэрлэгдсэнээр 2004 оноос хойш дахин зохиогчийнхоо нэр алдарыг дуурсгасаар байгаа юм.
Рэйчел Карсон (1907-1964. АНУ) “Silent Spring” 1962 онд хэвлэгдэх үед байгалийн түүхийн бүтээлүүдээрээ хэдийнээ нэрд гарсан Рэйчел Карсон олны анхаарал, шүүмжлэлд өртөж эхэллээ. Цацраг идэвхит хор, хортон шавьжны хор, хогийн ургамал устгагч, үйлдвэрийн хог хаягдал зэргээс болж байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг энэ номондоо хурц шүүмжилжээ.
(Үргэлжлэл бий)
Н.ЭНХСАЙХАН
Сэтгэгдэл байхгүй байна