Улс төрийн том гал тогоонд тод дүртэй байсан бүсгүйчүүдийн нэг нь Т.Ганди. Байсан гэж хэлэхийн учир нь амралтын юм шиг, шагналын ч юм шиг санагдах болсон “Элчин сайд” хэмээх албан тушаалд томилогдсоноосоо чимээ сураггүй, нам жим байгаа.
Чимээгүй байгаа боловч чимээтэй л байх ёстой улстөрч бүсгүйн 2011 онд "Гранд" сэтгүүлд өгч байсан ярилцлагыг дахин хүргэж байна.
Түүнээс ярилцлага авах гэж хагас жил хөөцөлдсөнөө нуумааргүй байна. Хэвлэлд тэр бүр ам нээдэггүй, тэр тусмаа хувь ертөнц, хувийн амьдралынхаа талаар яриа дэлгэж байгаагүй Т.Ганди хатагтай миний уйгагүй зүтгэлийг үнэлж цаг зав гарган, тэгэхдээ өнөөх “нууц” сэдвээрээ ярилцсан гэдэгт би итгэж сууна. Хувийн амьдрал, нууц сэдвээр нь анхлан яриулсан сэтгүүлч болсондоо би ч чамгүй омогшлоо.
Тэр товч бөгөөд тодорхой ярих аж. Нямбай, эмх цэгцтэй, эршүүд гэмээр өөрийнхөөрөө төрх. Хатуу, тууштай араншин. Зарим нь түүнийг төмөр хатагтай гэдэг. Гэтэл бас үгүй юм. Цоож нь онгойдоггүй цүүцээр түгжчихсэн юм шиг нууцлаг, дотогшоо түүнийг хэрвээ нээж чадвал, нэвтэрч чадвал хачин уянгалаг, гэгээн ертөнц халгиж байгаа.
Хатуу хэрнээ зөөлөн, эрс шулуухан атлаа эрмэг зоригтой араншин сайд бүсгүйг эн зэрэгт авчирсан байж болох. Гуравдугаар сард манай сэтгүүлээс зохион байгуулсан “Grand lady-2010” шилдэг эмэгтэй шалгаруулах ёслолын ажиллагааны улс төрийн номинацид Т.Ганди сайд уншигчдаас хамгийн олон санал авч рейтингээ, хэн болохоо тодорхойлсон билээ.
Ямартаа ч Монголын улс төрд түүн шиг оршин тогтнож буй эмэгтэй улс төрч байхгүй. Яг л үл унтрах бамбар мэт энэ талбарт “асаж” яваа эрхэм сайд тиймдээ л “төмөр хатагтай” хэмээх өргөмжлөл хүртсэн биз.
Улс төрийн тогоонд чанагдахаараа нэг болсон эрхэм сайд улс төрийн рингнээс буудаггүй амжилтын нууцаа чин үнэн сэтгэл хэмээн тодорхойлсон. Зөвхөн эмэгтэй улс төрчөөс, зөвхөн Төгсжаргалын Гандигаас гарах үг. Сонгууль надад ёстой сонин биш хэмээн бардамхан өгүүлсэн сайд дургүй хүрмээр их ажиллах юм билээ. Бүр nonstop busy. Хөшүүрэг нь өнөөх чин сэтгэл, үр дүн нь Монголын улс төрд баларшгүйгээр тамгалагдсан Төгсжаргалын Ганди хэмээх 5 үсэгтэй нэр үг, үүнийг дагасан орон зай юм байна хэмээн би дүгнэлээ.
-"Grand lady-2010" шилдэг эмэгтэй шалгаруулах ёслолын ажиллагааны нэр дэвшигчдээс та хамгийн олон санал авсан онцлог кандидат байсан.
Хоёр ч номинацид нэр дэвшсэн, улс төрийн номинаци дээр тасархай олон саналаар илүүрхэж гарч ирсэн. Энэ бүхэн таны улстөрчийнхөө хувьд бүтээж, бий болгосон юугаар ч үнэлэх аргагүй баялаг юм байна гэж сэтгүүлчийн хувьд бодож байснаа нуух юун.
Энэ бүхэн мэдээж их үнэ цэнээр, их цаг хугацааны ард танд ирсэн үнэлгээ байж таарна?
-Tөрд зүтгэж байгаа ганц нэг эмэгтэйд зориулсан үйл ажиллагаа бус салбар бүрт ажиллаж буй эмэгтэйчүүдийг ингэж урамшуулж байвал зүгээр л дээ. Эмэгтэй хүн ямар ч ажилд сэтгэлээсээ хоёр нүүргүй ажилладаг юм.
Ийм учраас эмэгтэйчүүдийг аль болох урамшуулж, дэмжиж, урам өгч байх хэрэгтэй. Үүний нэг илэрхийлэл нь "Grand lady" юм уу даа гэж бодсон. Харин миний хувьд "Grand" гэдэг өргөмжлөл, шалгуур үзүүлэлтэнд орох нь шулуухан хэлэхэд даруухан бус, хэт дөвийлгөсөн шагнал байсан.
-Яагаад? Та хэт даруу загнаж байна.
-Үгүй дээ. Яг миний насны олон хүүхдүүдээ тэжээгээд, бүх л амьдралын хатуу хөтүүг нуруундаа үүрэн туулж яваа, эсвэл чим чимээгүй өөрт ахадсан ачааг үүрэн хэнд ч тодорч харагдахгүй мөртлөө жинхэнэ баялгийг бий болгож яваа мянга мянган эмэгтэйчүүд байна.
Нүдэн дээр байгаа нь, төрд ажиллаж байгаа нь, илэрхийлж байгаа нь хэдэн эмэгтэй байгаа юм. Тэр олон агуу эмэгтэйчүүдтэй зүйрлэхэд миний хувьд тодорхойлолт нь их томдчихлоо гэж бодсон.
Харин нэг зүйл дээр бол өөртэй чинь санал нэг байна. Эмэгтэй хүний мөн чанар ерөөсөө нэг л зорьж чиглэсэн бол зүтгүүр талдаа. Хэрвээ би улс төрд ороогүй байсан бол маш сайн талх баригч байх байсан байх, эсвэл маш сайн сэтгүүлч байх байсан нь гарцаагүй, маш сайн нягтлан эсвэл маш сайн багш байх л байсан.
Өөрөөр хэлбэл ганцхан улс төрд орсондоо л илүү хүчирхэг, илүү их орон зайгаа олж аваад байгаа асуудал биш юм. Аливаа юм бүхэнд чин сэтгэлээсээ хандвал үр дүн нь хүссэн ч, хүсээгүй заавал гардаг.
Нөгөө талаас бүх зүйлийн хариулт цаг хугацаа л юм даа. Улс төрд олон жил унаж, босож, ялж, ялагдаж явахдаа хүмүүсийг ажигладаг юм. Тухайн сонгогдсон цаг үедээ ертөнцийг байлдан дагуулаад эзэлчихсэн юм шиг, хаан мэт загнаж байгаад жижигхэн салхи сэвэлзэхэд л хийсээд алга болж буй хүмүүс байна.
Гэтэл ямар ч салбарт өөрийнхөө орон зайг бий болгохын төлөө аажуу боловч удаан тэмцэж асар их үнэ цэнэ бүхий капитал бий болгон ажиллаж чадаж байгаа хэсэг байна.
Ялгаа байнаа. Бүх зүйлд, ганцхан улс төрд ч биш бүгдэд чин сэтгэлээсээ тэвчээртэй хандах, 2-рт, энэ хандлагын үр дүн цаг хугацааны эцэст заавал гардаг юм аа гэж л хэлэх байна.
-Та насандаа баймгүй оворгүй, дэгжин хатагтай. Гэтэл тэр ёслолын өдөр албаны хувцастай ирсэн нь олон хүний гайхашралыг төрүүлэх шиг болсон?
-Японд цунами болсон өдөр байсан шүү дээ. Манай яам Японд гэрээт ажилтан явуулдаг. Нийт 14 байгууллагын шугамаар 300-аад хүн ажиллаж байна. Тэр бүх хүмүүсийн ар гэрээс яам руу залгаж, хүүхдүүд нь эргэж холбоо барих гээд бидний хувьд ажил ихтэй.
Яг энэ үед танай ёслолын үйл ажиллагаа таарчихсан юун хувцас солих цаг зав байтугай шагнал ч авах сэтгэлзүйн бэлтгэлгүй үе байсан. Тийм учраас тэр өдөр өмсөж явсан хувцастайгаа л очиж таарсан байх. Тэр олон хүний тэмүүлж ирсэн баяр хөөр, нэг удаа ч гэсэн нийгмийн стрессээсээ ангижраад, бусдын хүндэтгэлийг хүлээж гэр бүлийнхэнтэйгээ ая таатай байя гэсэн сэтгэлийг нь эвдье гэж би бодоогүй. Тийм ч учраас цунами энээ тэрээ гэж илүү дутуу юм ярьж тайлбар тавиагүй.
Гоёлын даашинзтай, үс зүсээ гоёчихсон бүсгүйчүүдийн дунд нэг бакаал шиг түрийтэй хар гутал өмсчихсөн, костюмтай нөхөр орж ирээд шагналаа аваад одоо боллоо гэсэн аятай шурхийгээд гараад явчихаар улс амьтан гайхсан л байх...
-Ер нь та гоёлын даашинзны хэр их цуглуулгатай вэ?
-Муу. Энгийн хувцас бас их муутай. Хувцасны шкаф онгойлгоход насаараа өмссөн костюм, хэдэн цамц, албаны өмсгөлүүд байдаг.
Өмсөж байгаа хувцас маань ажил албанд маань дүйж байгаа учраас тийм байдаг байх. Эмэгтэй л хүн болсон хойно гоё байх дуртай, тэгээд ч энгийн намирсан палааж өмсөөд алхах цаг ерөөсөө бараг гарахгүй юм байна шүү дээ.
Бас дээр нь өөрөө хэтэрхий их дэгжирхэх дургүй талдаа хүн юм билээ.
Хэрвээ та анзаарсан бол энгэр цээжээ ил гаргасан цамц, богино банзал өмсөж үзээгүй байгаа болов уу.
Ийм цог жавхаатай хүүхнүүд надад их л гоё харагддаг, харин өөрөө өмсөх болохоор нэг л чаддаггүй. Энэ миний дутагдал байхаа.
-Улс төр таныг ингэж өөрчилсөн байх, тийм үү?
-Үгүй байхаа. Би сэтгүүлч байхын л ийм байсан.
Цэргийн сэтгүүлчээр ажиллаж байгаад Ц.Балдорж эрхлэгчийн үүсгэн байгуулсан "Ардын эрх" сонинд хэлтсийн даргаар ажилласан юм. Хэзээний л цамцныхаа хамгийн дээд талын товчыг нь товчилчихсон явж байдаг. Магадгүй гэр бүлийн хүмүүжил маань энэ юм болов уу.
Аав маань цэргийн хүн, дээрээ олон ах, эгчтэй их дэгтэй өссөн. Нөгөө талаар хувь хүний характер гэж нэг юм бас байнаа.
Час улаан гутал өмсөөд явахаас нэг л ичээд байдаг юм. Яагаад тэгдэг юм бүү мэд. Багын л тийм хүүхэд байсан.
Эсвэл хэтэрхий том ээмэг, том бөгж, гялгар сялгар юм зүүж байгаагүй юм билээ. Өнгө гэхэд л дандаа завсрын өнгө сонгочихдог. Энэ бүхэн маань хэтэрхий уйтгартай нэг хэвийн харагдуулдаг байхаа.
Гэхдээ яахав дээ, заавал бүх хүн адилхан байх албагүй ш дээ. Өөрийнхөөрөө л байя гэж боддог юм шүү дээ.
-Дэлхийн улстөрч эмэгтэйчүүдийн гол имиж болсон богинохон тайралттай үс, тэгтлээ их makeup хэрэглэдэггүй, гаднаас нь харахад хатуу ширүүн гэмээр төрх таны мөн чанар, имиж болтлоо өөриймссөн харагддаг. Хааяа үүнээсээ залхах, өөрийгөө задалмаар, нээмээр үе байх юм уу? Та үнэнээ л хэлээрэй.
-Огтхон ч үгүй. Өөрөөсөө хэзээ ч залхаж байгаагүй. Хувцас хунар дээр миний бодол арай өөр юм байна лээ. Хар залуугаасаа төрийн ажил албанд зүтгэж ирсэн.
Гэр бүлийн маань орчин, манайд ирдэг ажил хэрэгч хүмүүсийн яриа, асуудлын уг руу нь, гүн рүү нь сонирхож өссөн юм шиг байгаа юм. Хүмүүсийн яриаг их чагнана, гадаа гар, тогло гээд аав ээждээ загнуулан гэрээсээ хөөгдөж гарна.
Чихэндээ нэг их том алмаз зүүчихээд хүн ичмээр юм яриад байвал шившиг биздээ. Би тийм байхыг хүсдэггүй. Энэ миний л ертөнц юм даа.
-Энэ ертөнцөд эмэгтэйчүүдэд зориулсан элдэв номлол, дүрэм журам маш их байдаг. Заримдаа залхмаар. Магадгүй эмэгтэй хүний амьдрах арга, тасалбар нь энэ юм болов уу гэж бодоход хүртэл хүргэдэг. Гэтэл та тэр дүрэм журмаас тэс хөндлөн зорчиж амьдарч ирсэн. Энэ бол хүчирхэг эмэгтэйчүүдийн араншин гэж би хардаг?
-Манай нөхөр гайхдаг юм. Бид танилцсан цагаасаа л би ийм үстэй байсан байх. Өөртөө итгэлтэй гэхээс илүү хэтэрхий өөрийгөө эвдэх сонирхолгүй хүн юм байна лээ.
Байгаагаараа л байгаад дуусах. Энэ юу нь буруу гэж. Хүмүүс өөрийгөө эвдсэнгүй, өөрчилсөнгүй, зоригтой байсангүй, нэг өдөр шар палааж өмсөж, нөгөө өдөр ногоон даашинз өмсөж, ээмэг зүүж, үсэндээ хими хийлгэсэнгүй л гэдэг юм.
Олон дотор ийм хүн байж л байг л дээ. Намайг стильдээ үнэнч явлаа гээд төр, улс хохирчих гээд байгаа биш. Харин нэг зүйлийг хатуу хэлэхэд эмэгтэй хүн заваан, залхаг, хэтэрхий арчаагүй, өөрийгөө гаргуунд нь хаячихсан сул дорой байж болохгүй гэж боддог.
Унжгар, уйтгартай бус гоё байх хэрэгтэй. Зөөлхөн байх хэрэгтэй. Хүний сэтгэл рүү орж чаддаг байх хэрэгтэй. Өөрийнхөө зүрх сэтгэлийг хүнд ойлгуулдаг байх хэрэгтэй. Зөөлөн чанар бол эм хүйсийн бараг мөн чанар ш дээ. Үүнтэй бол би санал нийлдэг.
-Эмэгтэй хүний бүтээлч чанарыг илүүтэй үнэлдэг улстөрийн орчинд зохицох гэж өөрийн мэдэлгүй ийм имижийг та бүрдүүлсэн ч юм билүү?
-Түрүүн би өөрийгөө тодорхойлохыг оролдсон. Үндсэн зан чанар маань би тогос шиг гоёхыг хүсдэггүй. Нээрээ альбом үзэх үү?
Хэдэн оны зураг вэ гэмээр зураг байна шүү!
-Төгсжаргалын Ганди гэдэг нэр Монголын улс төрд дуулдаад хэдийнэ хориод жил улирчихаж.
Ялалт, ялагдал, нэр алдар, хүндэтгэл, үзэн ядалт, гүтгэлэг, хууран мэхлэлт, атаа жөтөө гээд улс төрийн тогоонд байх ёстой бүхнийг танд амсуулсан он жилүүд байж таарна. Та өөрийгөө хэр сайн улстөрч гэж дүгнэдэг вэ?
-Дүгнэлтийг бусад хүмүүс хэлэх байх. Ямар ч байсан улстөрд шатрын нүүдэл шиг явахгүй бол болохгүй. Ухаантай нүүдэл хийхгүй бэрсийг нь идчихлээ гээд онгирч байгаад ноёноо алдчихвал яана. Энэ бол улстөрийн тоглоомын зарчим.
-Тэгвэл эрчүүдийн тоглоомын ертөнц гэгддэг улстөрийн орчин, улстөрч Ганди гэдэг хувь хүнийг хэрхэн яаж өөрчилж байгаа бол?
-Сайн муу аль аль талаар нь өөрчилсөн байж таарааш дээ.
Сэтгүүлч, уран бүтээлч зэрэг өөр янз бүрийн мэргэжлийн хүмүүс эмоцио хэт хурц, шууд илэрхийлж болно. Улс төрд бол амны салиагаар ярьж болдоггүй. Мэдэхгүй байж тэнэгээ гайхуулах хэрэггүй гэж би боддог.
Аливаа хүнд хүчээр таалагдаж алга ташуулахаасаа хүлээн зөвшөөрөгдөх, хүссэн хүсээгүй итгэлийг нь олж авах хүртэл тодорхой хугацаа, хөдөлмөр орно шүү. Ингэж явсаар байгаад зан чанарыг минь чамбайруулчихсан байж магадгүй. Үгүй гэх газаргүй.
Нэг талаасаа сайн юм шиг хэрнээ нөгөө талаасаа муу байж магадгүй. Хүн л юм чинь тачигнатал хөхрөөд, мини банзал өмсөөд, цагираган ээмэг зүүгээд алдаж оноод явах цаг хугацаа, орон зай, хувь эрх чөлөө маань яах аргагүй хязгаарлагдсан байхыг үгүйсгэхгүй.
Нөгөөтэйгүүр нийгэм даган дуурайх хэмжээний байр суурь, мэдлэг туршлага ёс зүйн кодекстой байж хүлээн зөвшөөрөгдөнө шүү дээ. Урт улаан хумстай, нэг их загвар моод болсон эмч эмэгтэйд нярай хүүхдээ үзүүлээд, хүйг нь цөглөхийг та итгэж зөвшөөрөх үү?
-Нээрээ нэг л итгэл үнэмшил төрөхгүй юм байна шүү.
-Итгэхгүй. Би тэгж боддог.
Хэдийгээр хүний эрхийн асуудал ч гэлээ хөх нь ил гарсан цамц, богино банзал улстөрчийн гэхээсээ илүү төрийн албан хаагчийн ч кодекст нийцэхгүй.
Иймэрхүү зүйл ардчилсан нийгэмд хуульчилж болдоггүй ч яах аргагүй нийгмийн нэгээхэн хэсгийн тэр тусмаа түмний төлөөлөл болсон төрийн ажлын ёс зүйг яах аргагүй тодорхойлоод байдаг юм.
-Сая "Хувь тавиланг зохицуулах товчоо" гэдэг сонин кино үзлээ. Магадгүй таны хувь тавилан улстөрч байхаар зурагдсан учраас ийм дүр төрх зөвхөн таных байж болох юм л даа. Та ер нь хувь тавиланд хэр итгэдэг вэ?
-Хүн бүрийн хувь тавилан төрөхөөсөө л кодлогдсон байдаг гэж метафизикчид, экстрасенсүүд ярьж л байдаг. Зарим хүн хувь тавилангаа чирч явдаг. Зарим нь аз од нь гийсэн ч хувь тавилангаа тосч авч чаддаггүй.
Дэмжээд байхад эргэж унаад байдаг золгүй хувь тавилантай хүмүүс ч байдаг. Хувь тавиланд итгэхээсээ илүү өөрөө чирэхийг л эрмэлзэх хэрэгтэй юм билээ дээ.
Монголчууд бид билэгдлийн ард түмэн. Билэгшээлтэй зүйл бодож, ирээдүйгээс ирэх сайн сайханд найдах нь нэг талаар сайн юм шиг ч нөгөө талаар маш буруу. Яагаад гэвэл тухайн хүн аймхай, сул дорой байгаагийн шинж. Тийм учраас билэгдэлд бүх зүйлээ даатгаад хэн нэгнээс урьдчилж асуугаад эсвэл зурхайн ном уншаад болж л өгвөл өөрөөсөө нэг их хүчин чармайлт гаргалгүй бэрхшээл, саадаа тойрохыг хүсээд байгаа ч юм шиг.
Би тийм онцгой хувь тавилантай хүн гэж өөрийгөө боддоггүй. Юмыг яаж мэдэхэв, сэтгүүлчээрээ ажиллаж байсан бол зүрх сэтгэл дотор минь байгаа бүх зүйлс сад тавиад гайхамшигтай бэстселлэр роман, бүтээлүүд туурвичихсан байхыг үгүйсгэхгүй ш дээ. Яагаад заавал би улстөрч болсноороо онцгой гэж? Сайд гэдэг бүр ч онцгой ажил биш.
-Улстөрд өөрийнхөөрөө тоглоход эрх чөлөө хэрэгтэй үүний тулд мөнгөтэй байх хэрэгтэй гэж экс Ерөнхий сайд С.Баяр ярьж байлаа. Та хэр эрх чөлөөтэй тоглогч вэ?
-С.Баяр дарга нэг талаас нь ярьсан байна. Буруутгах аргагүй үндэслэл.
Нөгөө талаас ямар ч хөрөнгө мөнгөтэй зүйрлэхүйц орон зай, капиталыг цаг хугацаа өөрөө бий болгож байдаг. Талхны мөнгөгүй тантай юу ярих вэ гэж нэг хүн надад хэлж л байсан. Тийм байж болноо, би мөнгөгүй байж болно.
Гэхдээ Ганди гэдэг энэ улс төр дэх орон зайг бий болгоход нэг хэсэг талхны мөнгөнөөс илүү олон тэрбум төгрөгтэй жишиж болохгүй хол орон зай, цаг хугацааг туулна шүү. Тэр тусмаа тэвчээрээр туулна гэж түүнд хэлмээр санагдаж байсан. Гэхдээ би хэлээгүй л дээ. Тэр хүн дараа нь ойлгосон байх аа...
-Би албан тушаалаа алдахаас айхгүй шинэчлэгч гэж та намынхаа нөхөрт нэг ширүүхэн дуугарч байсан санагдана. Эмэгтэй хүний хувьд бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.
Олон ч эмэгтэй энэ ертөнцөд янз бүрийн замаар орж ирсэн боловч нэг л өдөр арчигдсан байдаг. Нэг бол дундаа түр завсарлага авдаг. Гэтэл та тийм зоригтой хэлж чаддаг хэрнээ энэ талбарт өөрийн том орон зайгаа хэзээ ч алдаж явсангүй. Гишүүн сайд эсвэл сайдын суудалтайгаа л үлддэг цорын ганц эмэгтэй улстөрч шүү дээ.
Үүний нууц нь юу вэ? Таныг би их тэвчээртэй хүн юм гэж боддог оо!
-Хүссэнээрээ дүгнэлт хийх нь таны эрх байх. Ямар ч байсан улс төр эм байтугай эрэгтэй хүнд чангаддаг л ажил. Ганцхан, товчхон үг хэлье. Бүх инээмсэглэлийн дотроос хамгийн хуурамч нь ух байдаг гэж Далай багш хэлсэн байдаг юм. Далай багшийн хэлдэгээр бүх хүнд таалагдах гэж худлаа инээмсэглэж яах юм бэ. Нийгмээ мэдэрч, шаардлага гарвал эр зориг гаргаж, зарим үед өөрөө өөртэйгээ зөрчилдөх хүртэл тэвчээр заах хэрэг гарнаа. Ер нь л хэцүү дээ.
-Хэцүү нь яг юундаа байдаг юм бол?
-Улстөрчид холимог баг, маш олон ааш араншинтай, мэдлэг боловсролын янз бүрийн түвшинтэй хүмүүсээс бүрддэг. Хүссэн ч хүсээгүй бодлогоо авч гарахын тулд багаар тоглох үндсэн зарчимтай.
Нөгөө талаас хийж буй ажил нь өөрийнхөө эрх ашгийг золиосонд тавиад, нийтийн төлөө зүтгэдэгээрээ бас онцлог. Ар гэр орхигдоно, золиослогдоно. Өнгөц дүгнэхэд л иймэрхүү. Эрчүүдийн тоглоом гэж ярьдаг. Магадгүй эмэгтэй хүн эрчүүдээс үр хүүхэд, ар гэр, амьдралаа гэх илүү давхар хариуцлагыг үүрч явдаг болохоор тийм амаргүй байдаг байж мэднэ. Хүсүүштэй ажил биш.
Гэхдээ улс төрд хүмүүс яагаад оролцох ёстой юм бэ? Өнөөдрийн амьдрал болж байна уу, засаг, төрийн үйл ажиллагаа таалагдаж байна уу? Ямар ч цаг үед үгүй л байдаг. Үүнийг хүн бүрт биш юмаа гэхэд дийлэнхид нь нийцүүлэх гэж хэсэг бүлэг хүмүүс зүтгэхээс өөр аргагүй. Энэ нь улс төрд оролцох хэрэгцээ ганц надад биш гэхэд бусад хүмүүст байсаар л байна шүү дээ.
Хүсүүшгүй хэрнээ хойш алхаж болдоггүй ажил юм даа.
-Энэ бүхний эцэст та юунаас тав тух амсаж, тайвшралыг мэдэрч байна?

-Гэр бүлийн орчин. Тэр л орон зай миний өмч халдашгүй аз жаргал юм даа. Ганц хоёр телевизийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн аялал, адал явдалтай нэвтрүүлэг үзэх дуртай.
Манай гэр бүлийн хамтын бас нэг хобби бол кино үзэх. Нэг удаа Сингапурт явж байхдаа сүүлийн үеийн Оскарын шагнал авсан 100 кино худалдаж авсан юм. Тэрийгээ хааяа үзнэ. Яагаад Оскар авчихав гэдэгт л анхаарлаа хандуулна. Тэгээд ярилцана.
Хүүхдүүд дуу нь, жүжигчин нь гоё гэнэ. Би болохоор ерөнхий философит учир нь байна гэхээр манай нөхөр үгүй ээ, наад хийц чинь өөрөө цоо шинэ стандарт байна гэнэ.
Энэ бол манай гэр бүлийн үнэтэй цаг мөч, хэн ч халдашгүй, хүнд булаалгахыг хүсдэггүй цаг хугацаа юм.
Ажил төрлөөс болоод зарим үед хүн хартай муудах үе бишгүй гарна. Гэхдээ гэртээ тэр бүр таваг шидээд байдаггүй/инээв/.
Амьдрал хойно уйлах, инээх үе гарна. Гуниглах, шаналах үе ч байна. Хүний хүүхдийг өрөвдөөд нулимс хүртэл унагана, тэгээд ч би эмэгтэй хүн, ээж хүн шүү дээ. Тэр үед тэмдэглэл бичнэ дээ.
Улс төр, амьдрал, тэр бухимдуулаад байгаа зүйлтэй холбоогүй аян замын тэмдэглэл, хүний амьдралын мөн чанарын тухай тэмдэглэлүүд хөтөлнө. Иймэрхүү тэмдэглэлээр дүүрэн дэвтэр нэлээд хэд бий. Сүүлийн үед бичсэн жижигхэн жижигхэн тэмдэглэлүүдээрээ ганц хоёр ном гаргаж л байна.
-Улс төрийн энэ их цаг завгүй ажлынхаа хажуугаар мундаг мундаг ном, аян замын тэмдэглэл бичдэг нууц тань энэ юм байна?
-Мундаг нь ч юу юм бэ. Өөрөө өөртөө л бий болгосон хобби юм даа. Хүнд үзүүлэхэд ч ичмээр дамшиг даа гэдэг шиг л юм.
-Таныг улс төрд орсонд харамсах сэтгүүлчид, мэргэжил нэгтнүүд тань олон байдаг юм билээ?
-Би тэгж боддоггүй ээ. Харамсах юм алга. Алдсан ч юм алга. Гэхдээ өөрийн чинь нэрлээд байгаа хүчирхэг эмэгтэй, гигант, гранд гэдэг үгийг олж автлаа бол өдий байна.
Харин өнгөрсөн хугацаанд оюун санааны сор дээж болсон энэ олон ухаантай хүмүүсийн дунд ажилласнаараа илүү өөрийгөө хурцалж, хичнээн дээд сургууль, хэдэн доктор, профессорын ажилтай дүйцэхүйц оюуны хуримтлалыг өөртөө олж авсан гэж олзуурхаж явдаг шүү.
Энэ хуримтлуулсан зүйлээсээ жаахан ч гэсэн хэсгийг нь хэрэгжүүлж ажиллах завшаан тохиож байлаа. Энэ маань л алдсан гэхээсээ тэр бүр хүн хүсээд, боломж олдоод байдаггүй ажил, амжилт юм болов уу.
Сэтгүүлч байсан ч гэсэн, би хэнээс дутахав. Хэн нэгэн нөхөдтэйгөө нийлээд телевиз байгуулчихсан эсвэл аль нэг сонинд улс төрийн тойм бичээд завсраар нь киногоо хийгээд явж байна шүү дээ. Сэтгүүлч биш байж, багш ч байж болно ш дээ. Заавал энэ ширээ дөрвөлжин байх ёстой юм уу, хүүхдүүд яагаад заавал эгнэж суух ёстой гэж, тойруулаад суулгаж болдоггүй юм уу, гээд өөрөө өөртөө шинэ ажил бий болгоод мөн л завгүй явах байсан байх даа.
-Улс төрийн сэдвээсээ бага зэрэг холдъё. Таныг оворгүй харагддаг, нууц нь юунд байдаг юм бол гэж олон хүүхнүүдийн амнаас сонсож байлаа. Та дуулж байв уу?
-Сонсож байсаан. Нууцсаад байх юу байхав. Би ямар саран дээр амьдарч байгаа биш. Нийгмийн дунд амьдарч байна. Сайн муу, сайхан муухай яриа бүрэн гүйцэд биш ч гэлээ шунгинаад л өнгөрнө. Би танд нэг зураг үзүүлье. /Ээж, охин, ач охин гурвын зураг үзүүлэв/
-Та гурав их адилхан юм. Ээж чинь их ануухан байгааг харахад удамшлынх бололтой?
-Ээж маань энэ жил 83 хүрч байгаа. Манайхан ер нь их овор багатай. Би энэ зургийг гутал доторх оймс, оймсон доторх хөл гэж хошигнодог юм /инээв/.
-Таны альбомыг үзэж байхад их сайхан, үзэсгэлэнтэй бүсгүй байж. Хайрын захиа хэр авч байсан бэ?
-Цэргийн хүн нууцаа хэлдэггүй юмаа /инээв/.
-Та хэр дурламтгай вэ?
-Залуу насандаа дурлахгүй байна гэж байхгүй ш дээ.
Би ер нь битүүдүү ааштай. Сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлээд байдаггүй. Эмэгтэй хүн хүссэн ч хүсээгүй аав шигээ эр хүнийг хайдаг. Эрэгтэй хүн ч гэсэн ээж шигээ бүсгүйг хайж явдаг гэж уншсан юм байна.
Би ч гэсэн аав шигээ их ухаалаг, хатуужилтай, намайг ямар ч үед халуун гараас минь хөтлөөд аваад явах эр хүнийг хайгаад явсан юм шиг байна лээ. Тэр хүнээ би олсон.
Тэр хүнтэй танилцаж болох уу? Улс төрч эмэгтэйн найдвартай ар тал байна гэдэг тааламжтай эд биш. Нөхөр тань хэр их гомдлын үг унагадаг вэ?
Тэр хүн миний төлөө бүхий л амьдралаа зориулж, амьдарч ирсэн.
Агуу сэтгэл ээ?
Юун үнэн үг вэ? Тэр л үнэн гэж хэлэх байна.
Би андуураагүй бол бас сэтгүүлч мэргэжилтэй билүү?
Үгүй, Инженер. Оюунлаг бас зарчимч нягт нямбай хүн. Бид хоёр их либерал гэр бүл. Чи тэглээ, би ингэмээр байна гэж бие биендээ хүсэл бодлоо тулгаж явсангүй, нэг нэгнийгээ хардаж сэрдэж бие биенээ хатуу ширүүн үгээр гомдоож байсан тохиолдол бид хоёрын амьдралд гараагүй юм байна лээ. Шулуухан хэлэхэд хэн хэнд маань хэрэлдэх зав гарсангүй.
-Нууцын тайлал нь танд байна гэж харж байна. Эрчүүдийн хувьд эмэгтэй хүнээс дандаа эрж хайдаг сайн эзэгтэй, халамжтай гэргийн сайн сайхан чанаргүй, тийм хүсмээр эмэгтэй биш байж нэг хүнийг зөвхөн өөрийнхөө төлөө амьдруулж чадаж байна гэдэг гайхамшигтай биш гэж үү. Энэ нууцаасаа хуваалцвал
-Өөрөө намайг хэт их үнэлээд байх шиг байнаа. Би боддог юм. Амьдрал бол алдаа оноотой, зөөлөн, хатуутай.
Амьдралд зовлон жаргал, гуниг шаналал юу эс тохиолдохов. Гэхдээ эмэгтэй хүн ажил дээрээ хатуу ч амьдрал дээрээ зөөлөн байх хэрэгтэй.
Би амьдралын сайд, гэрийн дарга биш. Гэртээ би жирийн л гэрийн нэг эзэгтэй. Эр нөхрөө хайрлаж хүндэтгэсэн, ширүүн дуугарахад нь дуугаа намсгаад хүлээгээд авчих сэтгэлийн тэнхээтэй байхыг хичээдэг юм. Тэр гэрийн эзний дараагийн суудалд суух хүн гэдгээ би цаг ямагт мэддэг.
-Таны нөхөр хэр их хүч, чармайлт гаргаж таныг өөрийнх болгож байсан бэ?
-Нэг их айхтар биш ээ. Хоёулаа л бие биедээ эсрэг хоёр цэнэг шиг л татагдсан. Сайхан залууд, сайхан охинд залуу нас дурладаг ш дээ.
Энэ залуугаас яаж ийм гоё шүлэг гардаг юм бол, яаж ингэж гитар тоглож, дуулдаг юм бол, яаж ингэж сагс тоглож сурсан юм бол.. Дээр нь энэ том техникийн их сургуульд яаж ингэж амжилттай суралцдаг юм бол гээд л татагдчихгүй юу..
-Гэрлэлт дээр оюуны зиндаа их тод анзаарагддаг юм шиг ээ. Нөхрийн тань таны сэтгэлийг татсан гол зүйл юу юм бол?
-Ямар ч гэсэн өөрийн гэсэн бодолтой л эр хүн. Миний амьдралыг энэ чигээр нь дааж, бэрхшээл тулгарахад аав шиг минь духан дээр үнэрлэдэг, амжилт олж дэвшиж дээшлэхэд минь зулай гишгэж төрсөн ах шиг мөрөөр минь тэвэрчихдэг эр хүнийг олж авсандаа би азтай эмэгтэй.
Энэ бол эмэгтэй хүний хамгийн эрхэм чухал зүйл. Ажил, албан тушаал юу ч биш. Эд хөрөнгө ч цагаа тулах дээр юу ч биш шүү дээ. Эмэгтэй хүн бүр өөрийг нь хайрладаг эр хүнийг олж сууна гэдэг тэр бүр тохиолддоггүй аз завшаан юм.
-Бас хувь тавилан…
-Том хувь тавилан. Нөгөө талаар гоё сайхан нь яахав ээ, яанаа гээд ганцаардаад, яах вэ гээд самгардах үед миний ард түшээд авах уул шиг түшигтэй эр хүн бий шүү гэсэн итгэл намайг амьдралд авч явдаг.
Магадгүй ийм ар талтай учир эмэгтэй гэлтгүй би гэдэг хүн хатуу, ширүүн гэж дүгнээд байдаг улс төрд бууж өгдөггүй, сөхөрдөггүй явдаг байх.
-Гайхалтай хариулт байна. Энэ зуны наадмаар тантай хөтлөлцөж ногоон асрыг чимсэн сайхан охин эгээ л таны залуу насны хуулбар шиг санагдсан.
Хүүхдүүдийнхээ боловсрол мэдлэгт та хэрхэн анхаарч байна? Мэдээж гадаадад суралцаж байгаа болов уу?
-Үгүй хоёулаа Монголд сурдаг. Найман өрөөтэй, бие биенээ утсаар дууддаг гэр бүл байдаг гэж би сонсож байсан. Энэ бол бид хоёрт байхгүй давуу талыг хараад бусдад атаархаад байгаа юм биш л дээ. Зүгээр л инээдтэй санагддаг юм.
Өөрөө өөрсдөдөө байгаа энэ л амьдралдаа кайфтай амьдрахыг чухалчилдаг даа. Энэ насандаа эдлэж дуусахгүй эд хөрөнгө цуглуулаад яахав дээ. Тэртэй тэргүй цуг аваад үхэх биш.
Тийм учраас хоёр хүүхдээ багаас нь хүн шиг хүн болгохыг л хичээж ирсэн. Миний хүү, охин хоёр нэр хүндтэй, том сургууль төгссөн гайхамшигтай эрдэмтэд ховор мэргэжилтнүүд болно гэхээсээ ямар ч байсан хүнлэг хүмүүс болно. Би үүнд эргэлзэхгүй байна.
Бид хоёр хүүхдүүддээ тэр эсийг суулгаж өгсөндөө сэтгэл хангалуун явдаг шүү. Хэлтэй устай, спортоор хичээллэдэг. Энэ бол бусад бүх хүүхдүүдээс ялгараад гайхуулаад байдаг зүйл биш шүү дээ. Хамгийн гол нь бусдын төлөө эмзэглэдэг, зүрх нь шархирдаг, нулимс нь дусалдаг байна гэдэг үнэтэй чухал чанар юм.
Хар шил зүүгээд үнэтэй машин уначихсан, үсээ гельдчихсэн, том том сургуулийн диплом барьчихсан хэр нь нүдэн дээр урсаж байгаа зовлонг ямар ч реакцигүйгээр дайраад өнгөрч байгаа "хөлдүү" залуус олширч байна. Тийм л болгомооргүй байна. Ажил мэргэжлээ өөрсдөө сонгож амьдрал ахуйгаа өөрсдөө бий болгоно биз дээ.
-Гэрийн хүмүүжил, удам судар гэж чухал юм байдаг. Танай гэр бүлийн үнэт зүйл эндээс харагдаж байна л даа. Та аав, ээжээсээ юу авч үлдсэн бэ?
-Ээж маань урлагийн хүн, аав маань цэргийн хүн байсан. Аавыгаа би амьдралын аль ч үед хугараагүй ноён нуруу гэж боддог юм. Сэтгэлийн асар их хаттай хүн байсан. Аавын маань бүхий л амьдралдаа барьж ирсэн зан чанар надад өдөр өдрөөр, бага багаар суусан юм болов уу гэж боддог.
Ээжийн маань цээжиндээ хиргүй болтлоо юмаа яриад тас тас хөхөрчихдөг зан байна. Хүний сайхан сэтгэл юм даа. Бас их цог жавхаатай.
-Гэр бүл гэж юу вэ?
-Хэн ч нэвтэрч орохгүй, жижигхэн цайз. Тэр цайздаа хэн нэгнийг урилгагүй хүч түрэмгийлж оруулах дургүй. Цайзынхаа хатан нь би, хаан нь миний нөхөр.
-Хайр дурлал гэж юу вэ?
-Хайр бол бурханы хишиг. Дурлал чөтгөрийн бэлэг гэсэн үг байдаг. Шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарласан жижигхэн эссе уншиж байсан юм. Дурлахад ердөө 20-30 секунд хэрэгтэй гэнэ. Хайр бол тодорхой хугацаанд үргэлжилдэг, тодорхой орон зай, харилцааг бий болгодог зүйл. Мянган удаа ч дурлаж болно. Нэг удаа хайрлаж, хариуцлагатай амьдрах ёстой байх шүү.
-Нэгэнт хайр, гэр бүлийн сэдэв хөндсөнийх нууц амрагийн талаар асуумаар санагдлаа.
Манай нийгэмд амьдралын гуравдагч хүн, нууц амрагийн асуудал хурцаар яригдах асуудал хүртлээ өндрөө авчихаж л дээ. Та энэ тал дээр юу ярих вэ?
-Хамгийн том эрх чөлөө бол сэтгэлгээний эрх чөлөө. Эд хөрөнгө, албан тушаал, орон байр гээд бусад зүйлийг булаагаад авчихаж болдог зүйл. Оюун санааны эрх чөлөөг хэн ч булааж авахгүй. Би өөрийгөө эрх чөлөөтэй байлгахын тулд бусдыг эрх чөлөөтэй байлгах ёстой.
Хайр буруугүй, сэтгэл буруугүй гээд дуулдаг. Хэн нэгэнд нь хэзээ ч юм бэ хайрламаар, дурламаар үе тохиож болно ш дээ. Тэр үеийг нь хүндэтгээд өнгөрөөчих хэрэгтэй юм шиг санагддаг.
Хамгийн гол нь амьдралаа үрж болохгүй. Амьдрал гэдэг их өөр зүйл. Ганц өөрийнхөө төлөө бус олон хүний амьдрал, хувь заяаны төлөө хариуцлага хүлээх ойлголт шүү дээ.
-Хайр сохор, тийм ч учраас дурласан бол ямар муу хүнийг уучилдаг харин тунирхал бол хэзээд байдаг. Үүнээс гэр бүлийн маргаан үүсч, даамжирвал салалтанд хүрдэг гэдэг ч юм уу. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Тунирхдаггүй, муудаж сайддаггүй амьдрал гэж юу байдаг юм бэ? Гэхдээ бүх зүйлийг цайруулж бодохыг хичээдэг. Тэр чанараараа бид нар амьдралаа өдий хүртэл бат бэх байлгаж ирсэн.
Би дүү нартаа "Чи хүнээс илүү сайхан ааштай юу, хүнээс илүү царай зүстэй юм уу, хүнээс илүү ажилтай, хуримтлалтай юм уу? Хүнээс илүү амьдралаа аваад явах манлайлагч нь юм уу? тийм биш л юм бол битгий тэрсэлдэж амьдар! бууж өгч амьдарч сур. Ухаанаараа тэвч, хүлээ. Тэгээд амьдралаа хадгалж, аварч үлд" гэж хэлдэг юм.
-Та амьдралынхаа хамгийн хүнд бас сайхан үеэ дурсаж болох уу?
-Би хэдийгээр өөрийн чинь тэвчээрийг баран баран байж анх удаа шахуу ийм ярилцлага өгч байгаа боловч бэстселлэр ярилцлага болгох гэж байгаа юм шиг бүх амьдралаа тоочмооргүй байна.
Хүний үздэг бэрхшээл саад, тотгор намайг тойроогүй. Хүний амсдаг жаргал намайг бас тойрдоггүй. Бэрхшээл тохиоход дахиж босохгүйгээр сөхөрч болохгүй. Өөртөө хатуу боддог бодол бол энэ. Жаргал тохиоход ташуурч болохгүй. Хэзээ нэгэн цагт зовох үе тохиодог гэдгийг би мэддэг. Амьдрал гэдэг өөрөө жинлүүрийн таваг шиг л зүйл шүү дээ.
-Атаархал гэж юу вэ?
-Хэн нэг нь өөртөө байхгүй давуу чанарыг бусдаас олж харахыг л хэлээд байх шиг байгаа юм. Тэгээд тэр хүсэл эрмэлзлээ биелүүлэх гэсэн янз бүрийн оролдлогынх нь илэрхийлэл нь атаархал юм уу даа гэж боддог. Тийм ч биз, үгүй ч биз. Илэрхийлэхдээ зөв л илэрхийлж сурах хэрэгтэй дээ.
Заавал яагаад тэрсэлдэн тэмцэлдэх гэж оролдоод байдаг юм бол. Үүнийхээ оронд тэр хүнд байгаа илүү чанарыг өөртөө бий болгох гэж тэмүүл л дээ. Чардай. Уйгагүй хөдөлмөрлө. Нэг л мэдэхэд тэр хүсээд байгаа давуу тал чинь таны давуу тал болох болно.
Та тэгвэл бусдын юунд их атаархдаг вэ?
Нэг их олон юманд атаархал төрдөггүй.
-Бүх зан чанар, бүх зүйл танд байдаг гэсэн үг үү?
-Үгүй дээ. Мөнгөтэй өнгөтэй юм болгонд атаархахаасаа энэ ямар их мэдлэгтэй, хэдийдээ хаана ингээд оюунлаг болчихдог байнаа гээд нэг тийм цагаан атаархал гэх юм уу сэтгэгдэл төрдөг л юм.
-Ингэхэд улс төргүйгээр таныг төсөөлөх гээд үзье л дээ. Ганди сайд өнөөдөр чухам юу хийгээд хаагуур явж байх байсан бол гэж бодож үзсэн үү?
-Ямар ч агуу гайхамшигтай байсан төр улс нэг хүнээр дутдаггүй юмаа. Өөртэй чинь цуг сэтгүүл гаргаад л ном бичээд л явж байх юм билүү? Ямар ч байсан зүгээр сууж байхгүй байсан биз дээ/инээв/.
-Хүн бүрт өөрийн эрхэмлэх үнэт зүйл, нандигнах юм байдаг. Таны хувьд тэр нь юу вэ?
Н-өхөрлөлийг эрхэмлэдэг, урвалтыг тэсвэрлэдэггүй. Дээрээс нь хүлээц тэвчээр байна. Энэ бол миний эрхэмлэж явдаг үнэт зүйл.
-Үнэт эдлэлээс алийг нь та таашаадаг вэ?
-Жижигхэн, чанартай, цөөхөн. Би жишээ нь нэг ээмэгтэйгээ сар явчихдаг хүн. Аймаар үнэ цэнэтэй гэхээсээ илүү өнгө, энергинд нь болдог уу, сафир зүүх дуртай. Даруухан харагддаг. Цэнхэр өнгийн чулуу шүү дээ. Тэнцвэржүүлэгч, бодол санааг тогтворжуулагч чулуу гэж бичдэг юм. Өнгө нь миний костюман дээр гайхалтай зохицдог юм.
-Таныг ажиглаж байхад дэндүү цаг наргүй ажиллах юм. Бүх сайдууд тань шиг ажилладаг бол улс эх орон ч суга хөгжих байх даа гэж өөрийн эрхгүй бодоход хүргэлээ. Энэ амьдралын ритмээс хэзээ нэгэн цагт мултрах байлгүй дээ. Тэр үед юу хийх бол?
-Тэр үед эх орноороо бас улс орнуудаар аялна. Үзэх театр, гоё сүм, сайхан байгаль... Хоёулаа 3 давхар байшингаар яах юм, дээд давхарт нь гарч амжихгүй байсаар байгаад өтөлчих байлгүй.
-Танайх одоо хаана амьдарч байна вэ?
-13-р хороололд.
-Та хэр шүтлэгтэй хүн бэ? Шашны талаар баримталдаг зарчим тань юу вэ?
-Шашинд хүндэтгэлтэй ханддаг. Хүн төрөлхтөн мянга мянган жилийг туулж ирэхдээ өөрсдөдөө бий болгон, бүтээсэн оюуны үнэт зүйл шүү дээ. Уламжлал, соёл, ёс, билгэдлийн шинж чанарын түвшинд маш хүндэтгэлтэй ханддаг. Шүтлэгийн тухайд нийтлэг монголчуудынхаа нэгэн адил бусдад хор гэмтэй юм хийхгүйн төлөө хичээдэг. Хувь заяанд нь эргэлт хийчихээр тус дэм хийчихэж чадахгүй бол ядахдаа "нүгэл" гэсэн томъёолол бүхий саад тотгорыг бий болгочихгүй юмсан гэж хичээж явдаг шүү.
-Хамгийн сүүлд та хэзээ уйлсан бэ?
-Уйлах үе гарнаа. Хааяа уйлж байхгүй бол стресс тайлагдахгүй ш дээ. Эрчүүд шиг архи уугаад стрессээ гаргачих биш.
-Дуулим энэ хорвоог дурлал, дарсгүйгээр яаж туулах вэ гэдэг шүлэг байдаг. Дарс амтлах уу?
-Ховор доо. Учиргүй дургүйдээ биш жаахан вино уучихаар энд тэнд улайгаад байдаг харшилтай юм шиг байна лээ. Хааяа маш сайн чанарын дарс маш бага хэмжээгээр уух дуртай. Уугаад "онгирмоор" л байдаг юм /инээв/.
-Таныг олонх нь ааш муутай гэж дүгнэдэг. Бас Монголын улс төр дахь Төмөр хатагтай гэцгээдэг…
-Тийм ч хөөрхөн ааштай биш ээ, биш. Бусдад хэтэрхий их таалагдах гэж хичээх гэдэг нь мөн чанарыг маань алдагдуулаад байгаа юм шиг санагддаг... Байгаагаараа л байя гэж боддог.
Чадахгүй бол чадахгүй. Төмөр хатагтай, энэ одоо болиосой, үхдэггүй ээ, бууж өгдөггүй ээ гэж л ярьдаг юм гэсэн. Би тоодоггүй ээ.
--Гэхдээ улс төр хуурамч инээмсэглэхийг, баг зүүхийг шаарддаг шүү дээ?
-Үгүй юм байна лээ.
-Нээрээ та нэг удаа телевизийн камерын өмнө уурлаж, хашгичиж байсан санагдана.
Уг нь камер бол улстөрчдийн жинхэнэ жүжиг тавьдаг газар шүү дээ. Та эсвэл тэр үед телевизийн камер байна гэж мэдээгүй юм уу?
-Тэр үед би УИХ-ын гишүүн байсан юм. Хадгаламж зээлийн хоршооны асуудлаар хэдэн эмэгтэй, тэдэн дунд жаахан хүүхэд тэвэрчихсэн нэг эмэгтэй Гандиг гаргаад ир гээд орилоод байсан гэсэн. Камер байна уу, юу байна би тоогоогүй. Энэ хүүхэд бол чиний өмч биш, Монгол улсын төрийн өмч. Хүүхэд барьж улс төр хийдэггүй юм. Чамд тийм эрх байхгүй гэсэн. Зад хэрэлдсэн.
Дараа нь хүмүүс зөв байна л гэж байсан. Төрийг рекетлэдэг хүмүүс олширч байна. Гудамжны хүмүүсийг нийгэмшүүлж байна, мөнгө өг, үгүй бол сонинд бичнэ, телевиз дуудаж гаргуулна л гэнэ, Дарамтлуулна, албан тушаалаас чинь огцруулна гэнэ.
Би тохирсон хариултыг нь өгөөд тас загнаад гаргадаг. Яагаад алба залгуулж байгаагаараа төрийн албан хаагчид хэн дуртай нэгэнд рекетлүүлэх ёстой юм бэ? Ажлыг нь хийлгэхээ болиод байна. Амташчихсан байна. Төрд ажиллаж байгаа бүх хүмүүсийг хулгайч, дээрэмчин, мангар тэнэг гэнэ. Тэр доромжилж дайрч давшлаад байгаа дотор чинь төр түмний төлөө зүрх сэтгэлээ зориулаад, амьдралаа, үр хүүхдээ, өвчтэй ээжийгээ орхиод энэ ард түмний бас л нэг хэсэг болсон хүмүүс ажилтнууд, залуучууд ажиллаж байна.
Ингэж эх захаа алдаж болохгүй. Ийм үед нь би таарсан үгийг нь хэлээд л гаргачихдаг. Би яахлаараа тэр хүмүүст таалагдах гэж төрийн ажлын үндсэн бодлогыг алдагдуулах ёстой гэж? Ер нь төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс их аймхай болсон байна.
Хэн хүмүүст хэлэх үг байлгүй л яахав, хүлээж авах шүүмжлэл ч бас байна. Ухаалаг шүүмжлэлийг бол хүлээж авах хэрэгтэй. Харин сиймхий завсраар нь улс төрөөр бизнес хийгээд, төрийн албан хаагчийг доромжлоод, нэр хоч өгөөд дундаас нь мөнгө хөрөнгө завшаад байгаа хүмүүст бол тохирсон хариуг нь өгөх хэрэгтэй ш дээ. Айгаад, аргадаж гүйгээд төрийн ажил завхаруулж, төсвийн мөнгийг луйварчдад завшуулж болохгүй.
-Та дөрвөн удаа дараалан парламентад сонгогдсон манай хамгийн хашир туршлагатай парламентчдын нэг. Энэ бүхний эцэст Ганди бол сонгогдох л ёстой хүн мэтээр нийгэм хүлээгээд авчихсан байсан гэхэд болно. Харин сүүлчийн сонгуулиар та өвдөг шороодсон. Хүлээж авахад мэдээж хэцүү байсан байх даа?
-Унаж л байдаг, босож л байдаг, урд хойноо ороод удаан жил ажилладаг алба шүү дээ, улстөр гэдэг. Яг цагаа тулбал улс төр миний өөр сонголтгүй хувь тавилан бас биш ш дээ. Зарим хүмүүс энэ эмэгтэй улстөр л хийхгүй бол амьдрах аргагүй болсон байх гэж боддог байж магадгүй.
Үгүй дээ. Би авьяаслаг сэтгүүлч. Чадалтай редактор. Маш сайн сонины ажилтан. Үүгээрээ магадгүй би илүү оюуны болоод мөнгөний капитал хийж чадна. Ялагдал мэдээж хэрэг гашуун байлгүй яахав. Гэхдээ жил тойрон, эсвэл дөрвөн жилийн турш уйлаад хэрэггүй ш дээ. Ялагдлыг дараагийн ялалт болгохын төлөө ажиллах ёстой.
-Ялалт, ялагдлын тухайд таны бодол?
-Дандаа ялагддаг, дандаа ялж, дийлж байдаг хүн гэж байдаггүй юм. Ялагдаж байж ухаарал авдаг. Ялаад байвал тэнэгрүүлдэг. Хөдөлгөөн болгон зогсох ёстой газраа зогсох ёстой гэдэг шиг нэг удаа унасан нь зөв ч байсан байж магадгүй. Булхай, луйвар янз бүрийн юм бол би ярьж чадна л даа. Яримааргүй байна.
-Дараагийн сонгууль хаяанд ирчихлээ. Та нэр дэвших үү?
-Сонгууль миний туйлын зорилго биш гэж дээр би хэлсэн. Харьяалагдаж байгаа улс төрийн намдаа цаашилбал төрийн бодлогод нөлөөлөхүйц зөв голдиролтой мөрийн хөтөлбөр хийж өгөх, оюуны хувь нэмрээ оруулах, ард түмнээ соён гэгээрүүлэхээс бол хойш сууж болохгүй.
Энэ нам, энэ төрийн бэлтгэгдсэн тодорхой тооны боловсон хүчний нэг нь яах аргагүй би. Баярлалаа, баяртай, гишүүн, сайдаар олон жил ажиллуулсанд тань талархаж байна гээд цүнхээ үүрээд яваад өгнө гэдэг дэндүү хувиа бодсон асуудал. Энэ нь нэр дэвших дэвшихгүйгээс огт өөр ойлголт шүү.
-Цаг зав гаргаж илэн далангүй ярилцсанд баярлалаа.
"Гранд" сэтгүүл Ярилцсан М.Уранчимэг
2011 он
Сэтгэгдэл (1)