Хамгийн марзан бөгөөд алдартай бүтээлүүд
2014/05/01

Хүний төсөөлөн бодох чадварт хязгаар үгүй. Хүн төрөлхтний түүхэнд гайхамшиг болон алдаршсан суутнууд ч олон.

Томас Эдисон, Никола Тесла, Александр Грахам Белл зэрэг суут хүмүүс байгаагүй бол та бидний амьдрал одоогийхоос тэс өөр байх байсныг үгүйсгэх аргагүй.

Бас түүхийн хугацаанд өөр, өөр газар өөр, өөр хүмүүс хоорондоо төстэй бүтээлүүд бүтээж байсан түүх ч бий. Хэдийгээр анхны электрон телевизорыг Фарнсворт бүтээсэн гэх боловч Владимор Зворикин ч уг төхөөрөмжийг анх бүтээсэн хүний нэг юм.

Басхүү хүний санаанд ч оромгүй сонин бүтээл бүтээгчид ч бий. Зарим ийм бүтээл хэний ч сонирхлыг татахгүй мартагддаг бол зарим нь эсрэгээрээ сонин содон байдлаасаа болж амжилтанд хүрэх нь ч бий.

Ингээд та бүхэнд хүний бүтээсэн хамгийн алдартай марзан бүтээлүүдээс танилцуулж байна.

Марзан Putty

Хүүхдүүдийн тоглох дуртай зунгааралдсан Putty-г монголчууд “замаасаг” ч гэж нэрлэдэг.

Өдгөө эрэлт ихтэй болсон энэхүү сонирхолтой зугааг цахилгааны инженер Жэймс Врайт маш санамсаргүй нээжээ. Тэрээр 1943 онд синтетик резин бүтээхээр ажиллаж байжээ.

Дэлхийн II дайн ид өрнөж байсан тухайн үед харилцагч орнууд резин гаргаж авах түүхий эдийн хомсдолд ороод байж.

Харин Врайтын бүтээл резин шиг хэрэгтэй болж чадаагүй ч хожмоо алдартай хүүхдийн тоглоом болж чаджээ.

Врайт энэхүү бүтээлээ силикон тос болон борын хүчлээс гаргаж авчээ. Тэрээр резин хийх гэж оролдож байхдаа багахан хэсгийг газар унагахад дээш ойж байгаа нь сонирхлыг нь ихэд татаж. Үүнээс хойш хоёр жилийн турш уг бүтээлийн дээжийг олон эрдэмтэд, инженерүүд рүү явуулсан ч чухам ямар зорилгоор ашиглахаа олж чадахгүй л байжээ.

Харин 1949 онд нэгэн тоглоомны дэлгүүрийн эзэн бүсгүй уг бүтээлийг олж авснаар үйлдвэрт ашиглахаасаа илүү хүнийг хөгжөөх тоглоом болж болох юм байна гэсэн санаа төржээ.

Гэсэн хэдий ч энэхүү санаа нь тэр дороо амжилтанд хүрээгүй бөгөөд бараг л дампуурах шахсан юм. Харин 1950 онд сонинд уг бүтээлийн тухай хэвлэгдсэнээр сая нэг юм олны сонирхлыг татаж амжилт олж чаджээ.

Гуяны булчин чангалагч (ThighMaster)

Урт төмрийг голд нь ороож зөөлөвчөөр бүрсэн энэ бүтээл хэрхэн олны талархлыг хүлээх болсон нь гайхалтай санагдаж байж болох юм.

Энэхүү бүтээл бол гуяны булчин чангалагч. 1990-ээд оны үед олон хүн ашиглах болсон дасгалын төхөөрөмж юм.

Гэсэн хэдий ч хэрвээ та турах хүсэлтэй байгаа бол уг төхөөрөмж танд төдийлөн тус болж чадахгүй. Уг төхөөрөмжийг ашиглан та булчингаа чангалж болох ч илүүдэл өөхийг хайлуулж чадахгүй юм.

Халаасны загасчин (Pocket Fisherman)

ХХ зууны агуу ухаантнуудын тухай ярих гэж байгаа бол Рон Попейлийг орхиж болохгүй. Тэрээр тун гайхалтай наймаачин байсан ба тэрээрэ телевизээр худалдаж болох хамгийн л өвөрмөц бүтээлүүдийг худалдаж чаддаг байжээ.

Түүний худалдсан бүтээлүүдээс одоо ч хэрэгцээнээс гараагүй байгаа нэг зүйл бол “халаасны загасчин”. Нэрнээс нь харахад л ойлгомжтой уг бүтээл маань угсардаг загасны уурга юм. Халаасанд ч багтаж болох жижиг хайрцаганд савласан уургыг одоо ч ашигладаг хүмүүс цөөнгүй.

Робот чихмэл (Furbies)

Гэрийн тэжээмэл амьтантай болмоор байгаа бага насныханд бол виртиуал тэжээмэл амьтад бол хамгийн зөв сонголт юм. Виртиал тэжээмэл амьтад “Тамагочи” тоглоом худалдаанд гарснаар маш их эрэлттэй болсон юм. Гэсэн ч 1998 онд “Furby” худалдаанд гарснаар жинхэнэ тэсрэлт болжээ.

Фюрбиг хүн бүр нэгийг авах ёстой юм шиг л их худалдагдаж байсан ше бий. Худалдаанд гарснаасаа хойш гурван жилийн дотор 40 сая фюрби тоглоом борлуулагджээ.

Ямар учраас ингэж их амжилтанд хүрэх болов? Ер нь яг юу юм бэ? гэж та гайхаж байж магадгүй.

Фюрби бол олон хэлээр ярьж чаддаг электрон тоглоом юм.

Анх худалдаж авахад чинь өөрийнхөө үндсэн хэлээр ярьж эхлэх боловч харилцах тусам Англи хэлээр ярьж сурдаг юм байна. Мөн уг тоглоом нь өөр бусад фюрби тоглоомнуудтайгаа харьцаж чаддаг бөгөөд “Фюрбиш” гэж нэрлэгдэх зөвхөн уг тоглоомонд зориулагдсан хэлээр хоорондоо ойлголцдог юм байна.

Мөн өөр дээрээ мэдрэх төхөөрөмжтэй бөгөөд гар хүрэх эсвэл хөдөлгөж зөөх үед мэдэрч хариу үзүүлдэг юм.

Сэгсэрдэг туухай (Shake Weight)

Телевизийн зар сурталчилгаа, дуудлага худалдаа бараа бүтээгдэхүүний борлуулалт алдар хүндэд шууд нөлөөлдөг. Телевизийн шууд дуудлага худалдаагүйгээр амжилтанд хүрэхгүй байх байсан бараа бүтээгдэхүүнүүд ч олон.

Тэгвэл тэдний нэг нь энэхүү сэгсэрдэг туухай байж болох юм. Голдоо бариултай хоёр талдаа тусгай утсаар холбогдсон уг дасгалын төхөөрөмжийг ашиглахын тулд бариулнаас нь барьж байгаад сэгсрэх ёстой байна.

Зар сурталчилгааны тайлбараас үзэхэд уг төхөөрөмжөөр зургаан минут дасгал хийхэд энгийн туухайгаар таван удаагийн оролттой дасгал хийсэнтэй тэнцүү хэмжээний эрч хүч зарцуулдаг гэнэ.

Уг туухайны жин 1,13 килограмм бөгөөд эрчүүдээс зориулсан хувилбар нь хоёр дахин хүнд байдаг.

Рүүмба (Roomba)

iRobot компанийн робот оос соруулагчийг хүмүүс тийм ч марзан бүтээл биш хэмээн ярьцгаадаг. Харин “Рүүмба” худалдаанд гармагц хүн бүр л хараад инээж байсан байх. Дугуй хэлбэртэй робот газраар эргэлдэж юм хум мөргөн замдаа тоос соруулж явсан нь магадгүй хөгжилтэй санагдсан байх.

Гэсэн ч рүүмба амжилтанд хүрч чадсан юм. iRobot –ийн инженерүүд тун гайхалтай түүхтэй. Тэд сансар судлалын роботоос эхсүүлээд хамгаалалтын төсөл ч боловсруулж байсан . Тэдний бүтээлүүд олон хүний амийг аварч шинжлэх ухаанд нээлт болж байсан юм.

iRobot анх 2002 онд рүүмбаг танилцуулж байжээ. Уг бүтээгдэхүүн гарсан цагаасаа эхлэн хэвлэлийнхний анхаарлын төвд байсаар ирсэн юм. Харин одоо уг компани маань “Скүүба робот”, “Лүүж робот” гэх мэт айл гэрийн ажлыг хөнгөвчилсөн олон бүтээлүүдээ худалдаанд гаргаад байгаа юм.

Хюла сандал (The Hula Chair)

Зүгээр сандал дээр сууж байхдаа гэдэсний харвингаа арилгахыг хүсч байна уу? Тэгвэл танд уг сандал яг тохирно.

Уг сандал нь доороо мотортой, тойрог хэлбэрээр хөдөлдөг юм. Энэ сандлыг ашигласнаар булчинг чангалж илүүдэл өөхийг хайлуулахаас гадна танд алжаал тайлах массаж хийж  болно.

Гэсэн хэдий ч уг сандлыг ашиглаад хүссэн үр дүндээ хүрэх эсэх нь эргэлзээтэй. Хүмүүсийн хэлж байгаагаар уг сандал дээр юу ч болоогүй юм шиг тэнцвэрээ олж суухад багагүй хүндрэлтэй гэнэ. MSNBC –ийн нэгэн фитнесийн сурвалжлагч уг сандал нь таны бэлхүүснээс нэг см ч тураахгүй бөгөөд харин таныг ямар нэг диско үдэшлэгт од болох боломжийг чинь нэмж болох юм хэмээн хэлсэн байдаг.

Фловбээ (Flowbee)

Хэрвээ та тосгоны үсчинг хайж байгаа бол хамгийн муухай үсний засалттай хүн дээр оч. Тэр л үсчин байгаа гэж хуучны яриа байдаг. Үсчин хүн өөрийнхөө үсийг нэг бол өөрөө засна нэг бол үс засах чадвар арай муу хэн нэгэн дээр очдог учраас ийм яриа үүсчээ.

Харин энэхүү фловбээ төхөөрөмж нь та өөрөө өөрийхөө үсийг мэргэжлийн юм шиг засах боломжийг бүрдүүлэхээр бүтээгдсэн юм байна.

Рик Хантсын бүтээсэн уг төхөөрөмж нь цахилгаан хайч, тоос сорогч хоёрын нийлмэлээс бүтжээ. Фловбээ нь таны үсийг тусгай хэсгээр татан оруулж давхар хутгаар тайрах ба бүх тайрагдсан үс тусгай саванд орсноор хог хаягдалд санаа зовохгүй байж болох юм байна. Нэмэлт хэсгийн тусламжтайгаар үсийг 1,3 – 15,2 см хүртэл урттайгаар тайрч болдог.

Ханцуйтай хөнжил (Snuggie)

Хэрвээ марзан бүтээлүүдийн шагнал гэж байдаг байсан бол уг шагнал яахын аргагүй ханцуйтай хөнжилнийх болох байсан байх.

Энгийн нэг хөнжлийг яаж илүү боловсронгүй болгож болох вэ гэж та бодож байсан уу. Тэгвэл ханцуй нэмээд л болоо. Хэрвээ та орондоо ном унших дуртай гар чинь даараад байвал Снагги-г сонгож болно.

Снагги нь худалдаанд гарсан цорын ганц бөгөөд анхны ханцуйтай хөнжил биш. Freedom Blanket, болон Slanket нэртэй бүтээгдэхүүн снаггигаас өмнө нь худалдаанд гарсан боловч снагги шиг сайн сурталчилгаа хийж чадаагүйн улмаас байр сууриа алдсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин