Сэргэлэн цовоо, гялалзуур Т.Өөдөө. Нэг хэсэг жүжигчин Ч.Ундралтай “Тату” хамтлагийн дууриаж хэсэг бужигнуулсан жүжигчин бүсгүй өдгөө даруухан гэрийн эзэгтэй болжээ. “Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хацар гоо охидыг тодруулдаг өвөрмөц ажилтай “Desoft media” студийн захирал М.Эрхэмбаяртай ханилсан Т.Өөдөө удахгүй 2 дахь хүүхдээ өлгийдөж авна.
Сүүлийн үед хэвлэлд ярилцлага өгөхөө больж “томоожсон” Т.Өөдөөтэй бид уулзахаар очиход угийн гав шув гэсэн хөдөлгөөнөөр тэнд эндэх ажил зохицуулан нэлээд завгүй шинжтэй угтсан. “Зураг авахуулахаар ч бэлтгээгүй дээ” гэж даруухнаар хэлэх түүний жирийн л төрх дүрх энэ. Угаасаа л хэн хүний жирийн дүр төрх амьдралд ойрхон, үнэн байдаг болохоор ямар нэг будмал бүсгүйн зурагнаас ч илүү эвлэгхэн. Ялангуяа удахгүй ээж болох гэж байгаа бүсгүйд илүү зохимжтой харагдана.
Бидний ярилцах яг энэ мөчид жүжигчин Т.Өөдөөгийн тоглож буй “Улаан пальто” киноны зураг авалт ид үргэлжилж байсан бол өчигдөрхөн зохиолч Т.Шүүдэрцэцэг FB-ээр зураг авалт дууслаа гэсэн баяртай мэдээг дуулгасан байна лээ.Ингээд Т.Өөдөөгийн яриаг сонирхоцгооё.
-Ойрд хэвлэлд ярилцлага өгөөгүй хүнээс шинэ, сонин мэдээлэл юу байна, ямар ажил хийж байна гэдгээс яриагаа эхлэх ёстой байх?
-Ойрд их кайфтай, таашаалтай ажил хийж байна. Миний маш их хүсч, зорьж, олж авсан мэргэжил маань жүжигчин. Даанч тэр болгон уран бүтээлийн саналыг хүлээж авч чаддаггүй, ажлын зав зай болохгүй ч гэдэг юм уу, янз бүрийн тохироо бүрдэхгүй, ихэвчлэн киноны саналуудыг буцаадаг. Харин сүүлийн үед надад ирсэн зохиолуудаас хамгийн их сэтгэл хөдөлгөж, өндөр үнэлсэн зохиол нь “Улаан пальто”. Арав гаруй жил хэвлэл мэдээллийн салбарт ажилласных зохиолын хувьд тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт өгөх туршлагатай болчихсон байгаа шүү дээ. Тийм ч учраас их л таашаалтай ажлаа хийж байна даа.

-Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Улаан пальто” гээд их хөөрхөн өгүүллэг байдаг байсан. Түүгээр кино хийж байгаа гэхээр бас л сонирхолтой л байна?
-Би эхлээд кино зохиолыг нь уншсан. Дараа нь Шүүдэрээ эгчээс өгүүллэгийг нь авч уншсан. Кино зохиол нь их таалагдсан.
-“Улаан пальто” өгүүллэгт урд насныхаа амьдралыг санагалзаад байдаг охины тухай гардаг. Өмнөх наснынх нь гоё ээж, гэр хороололд амьдардаг энэ насных нь ээж гээд 2 ээжийн дүр байдаг. Та аль ээжийнх нь дүрд тоглож байгаа вэ?
-Би гэр хорооллын ээжийн дүрд, нөгөө ээжийнх нь дүрд Байгаль эгч тоглож байгаа. Өнөөгийн нийгмийн хоёр давхаргыг төлөөлсөн дүрүүд гэж болох юм. Зарим хүмүүс шинэ монголчууд гэдэг дээ. Хөдөөнөөс хот руу шилжиж ирээд аятайхан амьдрах гээд үзэж тарж байгаа жирийн нэг гэр хорооллын айлын эзэгтэйн нийтлэг дүрийг төлөөлсөн эмэгтэй. Сувилагч мэргэжилтэй, оюутан, ганц охинтой амьдралдаа арчаатай, амьдралын төлөө тэмцэж байгаа эмэгтэй. Ийм дундаж амьдралтай, цалингаас цалингийн хооронд амьдардаг эмэгтэйн хандлага надад сонирхолтой байсан. Энэ дүрийг гаргаж ирж чадвал олон хүний дотоод сэтгэлд ойртож очих байх.
-Таны амьдралаас хол дүр байна, тийм ээ?
-Миний амьдралаас хол. Яг ийм тохиолдол Өөдөө гэдэг хүний хувьд тааралдсан бол би арай өөрөөр хүлээж авна. Яагаад гэвэл би зөн мэдрэмждээ итгэдэг хүн. Илүү уран бүтээл, урлаг талын сэтгэлгээтэй, амьдралдаа ч гэсэн тийм байдлаар ханддаг. Илүү хийсвэр сэтгэлгээ тал руугаа хүн гэх үү дээ. Алимаа гэдэг эмэгтэйн дүр харин илүү бодит, хэдийгээр социалист үеийн тодорхойлолт ч гэсэн материалист эмэгтэй.
- УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн гэргий, загвар өмсөгч Байгаль энэ киноны бас нэг сонин кадр болох байх. Жүжигчин мэргэжилтэй ч гэлээ сүүлийн арав гаруй жил кинонд тоглоогүй гэдэг утгаараа яах аргагүй сонирхол татаж байна. Энэ киноны дүрийн сонголт их сонирхолтой юм шиг ээ?
-Миний бодлоор энэ киноны дүрийн сонголт маш оновчтой хийгдсэн. Долгор, Байгаль, Өөдөө гурав тэс өөр хүмүүс. Байгаль эгч бол мундаг жүжигчин, арав гаруй жил кинонд тоглоогүй. Би л хувьдаа Байгаль эгчтэй хамтарч кинонд тоглож байгаадаа их баяртай байна. Байгаль эгчийн дүр ч эргэлзээгүй л зөвхөн түүнд л тохирох дүр. Нуулгүй хэлэхэд өнөөдөр баян эмэгтэйн дүр гэхээр хэдхэн эмэгтэй жүжигчин тоглодог, дасал болчихоод байна. Харин Байгалиа эгч кино болгонд ороод тоглоод байдаг хүн биш.
-Та ч бас тэгтэл олон кинонд тоглоогүй санагдаад байна, сүүлийн үед?
-Тийм л дээ. Байгаль эгчийн тухайд бүр арван хэдэн жилийн дараа өөрийн гэсэн онцлогтой ийм кинонд тоглож байгаа. Ер нь би хамтран тоглож байгаа хүмүүстээ сэтгэл ханамжтай байгаа. Долгор бол сайн жүжигчин гэж үнэлдэг. Яалт ч үгүй эрэлт хэрэгцээ нь байгаа учраас сүүлийн үед олон кинонд тоглож байна. Өөрөө ч чадварлаг жүжигчин учраас хүлээн зөвшөөрөгдсөн. Цаашилбал, миний охины дүрд тоглож байгаа Энхнамуун бүр хайр татмаар.
Кинонд тоглож байсан олон хүүхдүүдийг би мэднэ. Хүчээр цээжлүүлсэн үгийг хэлүүлчихсэн юм шиг тоглодог нь ч бий. Энхнамууны хувьд цаанаасаа авьяастай юм шиг ээ. Их хөөрхөн энгийн, жаахан хүүхэд хэрнээ өөрийнхөөрөө дүрээ мэдрээд байгаа нь харагддаг. Илүү худлаа тоглолт байхгүй.
-Жүжигчин Долгорын охин гэсэн байхаа. Ээжийн авьяас бас байна аа...?
-Ээж хүн хүүхдийнхээ толь нь байдаг гэдэг. Ээжийнх нь аливаад хандаж байгаа хандлага охиноос харагдаад байгаа юм. Амьдралд, юманд үнэн хандаж байна.
-Нэлээд залуухан ээжийн дүр харагдах нь дээ, өөрийн тань амьдрал дээрээ байгаа байдлаар бол?
- Кинод дээрээ л хар даа. Зохиолын өгөгдсөн насан дээрээ тоглож байгаа. Яг л над шиг гучаад насны ээж.
-Гэхдээ та наснаасаа илүү оворгүй харагддаг?
- Харин сүүлийн үед овоо нас руугаа дөхөөд байна /инээв/.
-Кинонд гардаг шиг үйл явдал Өөдөөд тохиолдсон бол... Та арай өөрөөр хүлээж авах байсан гэсэн. Таны шүлгүүд их сонин, далд, нууцлаг. Тэндээс таны ертөнц өөрөө их сонин юм байна даа гэмээр байдаг?
- Хэрвээ яг ийм амьдрал Өөдөө гэдэг хүнд тохиолдсон бол. Нээрээ л би ..... ямар ч байсан Алимаа шиг хүлээж авахгүй. Маш уян хатан, шууд хүлээн зөвшөөрч, итгэж үнэмшинэ. Тэгээд энэ чиглэлээр ажилладаг, эрдэмтэн судлаачид, философич, том эрдэмтэй лам багш дээрээ очих ч юм уу, тэр охины урд насны амьдралыг ойлгохыг илүү хичээх байсан.
- Та далдын хүчинд итгэдэг юм байна, тийм үү?
- Итгэнэ. Итгэлгүй яахав. Өөрийнхөө хувьд бурханы шашныг мухар сүсгээр биш, шинжлэн судлах талаас нь хардаг. Тэр ч утгаараа багштай болж, шавь орсон. Одоохондоо миний мэдэхгүй юм их байна.
- Өөрт чинь ямар нэгэн зөн мэдрэмж байдаг уу?
- Ер нь хүн болгонд зөн совин байдаг байх аа. Ялангуяа эх хүнд. Хүүхэд уйлахад хөх чинэрлээ гэж ярьдаг. Хугарсан гар, хөл янгинахад тэнгэр муухайрдаг уу, муухайрдаг. Иймэрхүү зөн совин хүн болгонд байдаг.
Хүмүүс янз бүрийн нөхцөл, янз бүрийн үзэл бодол дунд амьдралын туршид төлөвшдөг учраас тэр байдлаараа зөн совинг хүлээж авдаг. Би урлагийн хүн болоод ч тэр үү, арай илүү уян хатан, илүү хийсвэр сэтгэлгээг итгэж үнэмшиж үздэг, зөн совингоо сонсдог. Ямар нэгэн сонголт ирэхэд зөн совингоо дагах тохиолдол их байдаг. Амьдралын янз бүрийн сонголтууд ирэхэд зөн совингоо эхлэж сонсч, зөн совингоо дагадаг талын хүн. Зарим хүн бол бодит байдал, логикоо сонгодог гэдэг. Гэтэл зөн совин гэдэг бас л логик шүү дээ. Энэ утгаараа би зөн совингоо, өөрийгөө сонсдог. Түүнээс биш үзмэрч шиг таамаг дэвшүүлдэг хүн биш.
-Өөдөө хөгжмийн нэвтрүүлэг хөтөлсөн, нүд нь гялалзсан сэргэлэн, хөнгөхөн цагаахан эмэгтэйн дүрээр буудаг. Гэхдээ бичсэн шүлэг номыг чинь уншихад нэлээд хүнд, философилог, магадгүй гутранги үзэлтэй хүн юм шиг. Энэ хоёр дүрийн аль танд илүү тод байдаг вэ?

- Өнөөгийн нийгэм тэр аяараа хөнгөмсөг нийгэм. Ийм олон хөнгөмсөг юман дунд би гутранги юм шиг харагдаж болох юм. Гэхдээ би лав хэлбэр хөөсөн хүн биш. Агуулга дүүрэн байхыг эрмэлздэг, агуулга дүүрэн хүн.
- Одоо шүлэг бичиж байна уу?
- Их сонин юм билээ. Би анх таван настайдаа шүлэг бичиж байсан. 12-13 насандаа бичиж байсан зүйлүүдээ хэзээ хойно, хорь гарсан байхдаа, яруу найрагч, зохиолч Энхболдбаатар ахаас олж авч байлаа. Дөнгөж сургуулиа төгсчихөөд номтой болох юмсан гэж Энхболдбаатар ахтай ярилцаж, редакторлуулах гээд гар бичмэлээ өгчихсөн байсан. Тэгээд жүжигчин болж байна гээд энэ мөрөөдлөө хэсэг мартагнасан юм байна л даа.
Дараа нь нэг кинон дээр Энхболд баатар ахтай хамт ажиллахад надаас, “Өөдөө чи 10-р анги төгсөж байхдаа хорин нас хүрэхдээ номтой болох юмсан гэж ярьж байсан. Тэр бодол чинь байхгүй болсон юм уу?” гэж асуухад би сая санаж байгаа юм. Ингээд шүлэг өгүүллэгүүдээ авч ном болгож байсан. Тэгэхэд л шүлгүүдээ эргэж харахдаа би өөрийгөө олох шиг болсон.
Би угаасаа гуч хүртлээ бүх зүйлийг бий болгоно гэж зорьсон. Энэ арван жил үндсэндээ арай нэг өөр талаар бусдад өөрийгөө таниулсан цаг хугацаа гэх үү дээ. Миний ажил мэргэжил, амьдралын шаардлага байсан учраас жүжигчний ажлаа ч, хөтлөгчийн ажлаа ч хийж, юм юманд оролцож, аз туршсан, хийж болох юмнуудыг хийж, болохгүйг нь хаяж үзсэн цаг хугацаа. Алдаа оноо ч бий.
-Тийм ээ, таниас их олон “дүр” харагддаг. Жүжигчин Ундралтай хамтран дуулж, бүжиглэж бужигнуулж явсан үе бий. Та хоёрыг “ТаТу” хамтлагийг дуурайлаа, лесби юм уу гэж баахан яриа гарч байсан санагдана. Тэр он жилүүд танд юу өгсөн бол?
- Яахав дээ, тухайн үед олон нийтийн өмнө нээлттэй байж, олонд танигдах үе шат болсоон. Уг нь түүнээс өмнө жүжигт тоглоод эхэлчихсэн байсан. Бас л нэг хийж үзсэн, туршиж үзсэн ажлуудын л нэг. “Тату” стилийг дуурайж байсан нь одоо бодоход эр зоригтой байж.
- Надад хэдэн жилийн өмнө гарсан “Танайд хоноё” нэвтрүүлэг их таалагдсан. “Яана аа гэр цэвэрлээгүй байхад ирчихлээ” гээд л яг л өөрийнхөө байгаагаар, энгийн. “Ямар гоё байранд амьдардаг юм бэ? Чи амьдралынхаа тав тухтай байдлыг гоё хангачихсан байна” гэхэд “Аан моргейж, моргейж, бүх юм л зээл шүү дээ” гэж инээгээд л. Гэхдээ ганц бие залуу бүсгүй гэхэд тухтай сайхан амьдарч байсан. Энэ бүхнийг өөрөө бий болгосон болохоор бахархалтай санагдаж байсан?
- Тэгэлгүй яахав. Одоо бараг л насаараа л зээлтэй явж байна ш дээ, нууцгүй хэлэхэд.
- Гэхдээ таны амьдрал өнөөдөр өөр шатанд хүрсэн байх. Жишээлбэл Филипин хүүхдийн асрагчтай гэж сонссон?
- Тэр бол амьдралын үзүүлэлтийг тодорхойлох зүйл биш л дээ. Амьдралын шаардлагаар гарч ирсэн хэрэгцээ. Хэрэгцээндээ л зориулж хүүдээ асрагч авсан. Би ажлаа хийх шаардлагатай байна. Уран бүтээлээ хиймээр байна. Гэртээ сууж хүүхдээ өсгөдөг төрлийн хүн би биш юм шиг байгаа юм.
-Тэгэхдээ тань шиг ийм аятайхан, тэгээд урлагийн бүсгүйчүүдийг хүмүүс яагаад ч юм, хөнгөхөн, шалиг, амьдрал нь салж нийлсэн гэж хараад байдаг. Хөөрхий тэр амьтан нөхрөөсөө салчихдаг ч гэдэг юм уу, хүний нууц амраг болчихлоо гэдэг ч юм уу, хөнгөхөн ч юм уу, гунигтай амьдрал хүлээгээд байдаг юм шиг?
-Харамсалтай нь /инээгээд/ миний амьдрал эсрэгээр. Би тогтсон сайхан амьдралтай. Сайн ханьтай, хөөрхөн хүүтэй. Бид хоёр гар гараасаа атгалцаад, аз жаргалтайгаар амьдралаа бүтээх, дээшлүүлэх гээд явж байгаа залуу гэр бүл.
- Эсвэл нөхрийг нь хүүхэмсэг болгоод харагдуулчих гээд л байдаг.
- Харамсалтай нь ямар ч үзүүлэлт нь манай гэр бүлд байхгүй юм байна /инээв/.
- Яагаад хүмүүс урлагийнхныг хөнгөхөн, бүтэлгүйхэн амьдралтай гэж боддог, эсвэл урлагийн эмэгтэйчүүдээс тийм амьдрал хайгаад байдаг юм бол?
- Мэдэхгүй дээ. Хэтэрхий их карьер хөөдөг, амбицтай, нэрд гарах хүсэл нь хэтдавамгайлсан хүмүүст, магадгүй олны нүдэн дээр сенсацитай байх хэрэгтэй байдаг юм болов уу. Миний хувьд бол тэр бүх зүйл ард хоцорсон. Би магадгүй түрүүлээд олонд танигдах ажлуудаа яг тухайн цаг үедээ, нийгэмдээ тааруулаад хийчихсэн байх.
Дуу дуулаад, хошин шогт ч тоглоод, эротик дүрд тоглоод, сенсаци үүсгэх үедээ үүсгээд л, ярилцлага өгөх хүсэлт болгоныг нь зөвшөөрөөд, янз бүрийн хэл аманд орооцолдоод л. Энэ бүхэн одоо ард хоцорсон.
- Гэхдээ бас ийм өөрийн гэсэн үзэл бодолтой, төлөвшсөн баялаг, эмэгтэйд магадгүй таарч тохирох эр хүн олдохгүй, хэцүү байх? Тэгээд ч урлагийнхан өөрсдөдөө таарч тохирох ханиа олоход хэцүү байдаг гэх юм билээ.
- Үгүй ш дээ. Амьдрал чинь асар баялаг. Яагаад надад таарч тохирох хүн олдохгүй гэж? Би хувьдаа маш итгэлтэй байсан. Яг л миний бодол санаанд нийцсэн, ёстой л миний мөрөөдлийн ханхүү шиг хүнтэйгээ учирч, сайхан амьдарна гэж бодож байсан. Түүгээр ч болж байна.
-“Танайд хоноё” нэвтрүүлгийн төгсгөлд хөтлөгч “За баяртай” гээд гараад явахад Өөдөө их гунигтай харагдаж байсан?
-Би тэр үед хамгийн хайртай хоёр хүнээ хорвоогоос үдчихээд удаагүй байсан юм. Хорвоод ганцхан ахаа алдчихаад удаагүй, гуравхан сарын дараа ээж минь өнгөрсөн. Ээжийн маань 49 хоног нь дөнгөж өнгөрөөд байсан үе. Тийм үеийг төсөөлөөд үз дээ.
- Тэгээд л би таныг их ганцаардмал байдаг юм байна даа гэж бодсон?
- Тэр үе надад ихийг бодогдуулсан л даа. Тэгж санагдахаас ч аргагүй, баяр баясалтай байх гээд ч болдоггүй үе байдаг. Төрсөн эхийгээ залуугаар нь бурханы оронд үднэ гэдэг тийм амархан гарчих сэтгэлзүйн дарамт биш. Одоо бодоход тэрнээс хойш би нэг жил, хоёр жил шокийн байдалтай явсан юм шиг байна лээ. Тухайн үед хүн өөрийгөө мэдэхгүй, “Одоо би сэтгэл санаа сэргэг сайхан л байна” гэж бодоод явдаг. Сүүлд бодоход ганцаардмал ч юм шиг болчихсон байсан. Ийм үед хүн өөрийгөө мэддэггүй юм ш дээ. Хөндлөнгөөс хараад, дүгнээд л байдаг ч хамгийн хайрласан, дотны найзууд ч, чи ингээд өөрчлөгдчихөж, тусламж хэрэгтэй байна гэж хэлэх нь ховор байдаг юм билээ.
-Танд найзууд чинь тухайн үед хэлж байгаагүй юу?
-Сүүлд л өөрийгөө их гунигтай, шоконд орчихсон байснаа ойлгосон. Ихэнх хүмүүсийг хараад байхад тийм л байдаг.
- Багадаа бас их гунигтай өдрүүдийг өнгөрүүлсэн гэж ярьж байсан?
- Хүүхэд өөрийнхөө амьдралыг өөрөө мэдэхгүй, сонгохгүй шүү дээ. Хүүхдийн амьдрал олон хүмүүсийн гарт байдаг, тийм биз дээ. Тэрийг одоо яриад яахав дээ.
- Хүүхэд нь том болж байна уу?
- Одоо гурав хүрч байна.
- Бас нэг юм асуух гэсэн юм. Ямарваа нэг айгууллага, бизнесийг эмэгтэй хүн толгойлж явахад хэцүү байдаг. Таны хувьд бизнесийн ямар шатандаа явж байгаа вэ?
- Би тийм том бизнес толгойлж байгаа аймаар бизнесмэн хүн биш ээ. Зүгээр л уран бүтээлч.
- Студи гэдэг чинь толгойлж явахад хэцүү л ажил биз дээ?
- Толгойлж ядаад байх юм байдаггүй юм аа. Энд нэг их толгой гашлаад байх юм ч үгүй. Дуртай ажлаа хийж байна. Хамт ажиллаж байгаа залуучуудтайгаа толгойлогч, гүйцэтгэгч гэдэг байр сууринаас ханддаггүй. Хамтарч ажиллаж байгаа уран бүтээлчид гэдэг байр сууринаас бүх зүйлд ханддаг. Цалин хөлснийхөө асуудал дээр ч ялгаагүй.
-Ихэнхдээ л завгүй байдаг уу. Сонсоод байхад ажил ихтэй л байгаа бололтой?
-Зав гэдгийг чинь хүн өөрөө л гаргаж ирнэ ш дээ. Хүн завгүй л байх хэрэгтэй. Завтай байх ямар шаардлага байгаа юм бэ? Тийм биз дээ. Ямар ч их ажилтай хүн зав гаргана.
-Удахгүй “Улаан польто” киноныхоо нээлтийг хийчих байх. Өөр ямар ажлууд байна?
- Өө тэгээд ажлууд ундраад гараад ирдэг юм даа. Бид янз бүрийн төсөл хэрэгжүүлээд л байж байна. Киноныхоо дараа нэг шинэ нэвтрүүлэг эхэлнэ.

-Ямар нэвтрүүлэг вэ?
-Интерьер дизайны гоё сонирхолтой нэвтрүүлэг хийнэ дээ. Аль болох хүмүүсийн оюуны хэрэгцээнд нийцсэн сонирхолтой сайхан нэвтрүүлэг хийе гэж бодоод л явж байна. Одоо чинь телевизийн урлаг их нарийн ур чадвар шаарддаг болчихоод байна. Интернэт ертөнцийг гүйцэх хэрэгтэй болчихоод байна ш дээ. Яаж хийж байгаад чадлынхаа хэрээр үзэгчдийг хамруулсан бүтээл хийхийг хүсч байна. Нууцгүй хэлэхэд телевизийн нэвтрүүлэгүүд ямар муухай сонирхолгүй болчиховоо. Хүн болгон интернэтээс л мэдээлээ авдаг болчихож. Яагаад тэнд богинохон мөртлөө сонирхолтой материалууд тавигдаж байна. Олон хүн хүссэн цагтаа үзчихэж байна. Тэр хэрэгцээг хангасан мөртлөө илүү шаардлага хангасан байж телевиз рүү үзэгчдийн татдаг цаг болчихоод байна.
- Амжилт хүсье
- Баярлалаа.
Ярилцсан А.Ананд
Сэтгэгдэл (3)