Би Бээжинд хулгай хийж амьдардаг

Монголчууд хил дамнан хулгай хийж буй хууль бус үйлдэл хэрээс хэтэрч буйг хятадад суугаа  манай Элчин сайдын яамнаас анхааруулсаар байна. Сүүлийн үед бүлгээрээ, ах дүү, садан төрлөөрөө нийлж хулгай хийж байгаа тохиолдол ч нэмэгджээ. Бээжинд түр хугацаагаар оршин сууж буй Л гэгчтэй ярилцлаа.

-Бээжинд амьдраад хэдэн жил болж байна вэ?

-Хятадад ирээд зургаан жил болж байна. Хүний нутагт юм юм л үзэж явна. Гадаад паспортоо гээсэн болохоор туулайчилж амьдардаг гэх үү дээ.

-Хятад бол хүн ам ихтэй улс. Таньд ажил олдож байна уу?

-Би хорооллын гурван найзтайгаа анх хятадад ирж байлаа. Нэг найз минь Эрээнд амьдарч байгаад хэвлийн тус газраа хутгалуулаад нас барсан. Түүнээс хойш 2007 онд Бээжинд орж ирсэн юм. Эхэндээ Бээжинд биеэ үнэлж амьдардаг хүүхнүүдийн байраар хоног төөрүүлдэг байв. Сүүлдээ нэг найз хүүхэнтэй болсон. Түүнтэй хамт өдийг хүртэл амьдарч байна. Үнэнийг хэлэхэд би хулгайч. Томоохон хүнсний дэлгүүр, захуудаар  тойрч ажлаа амжуулна. Орлого бол янз бүр шүү дээ. Хамгийн ёндотой өдөр нь таван мянган ам.доллар шууж байсан үе ч бий. Цагдаад баригдах юм бол аргалаад гарна. Энд хулгайч нарт тусалдаг нэг цагдаа залуу бий. Бээжингийн хоёрдугаар тойрогт  ажилладаг юм.

-Яг ямар албан тушаалтай хүн та нарт туслалцаа үзүүлэх үү. Нэг удаа цагдаагаас суллуулахад хэр хэмжээний мөнгө төлөх үү?

-Албан тушаалыг нь би мэдэхгүй. Оргил гэж хятадын өмнөд мужийн өвөрмонгол залуу бий. Монгол эхнэртэй. Түүний найз. Бид Лу гө гө гэж авгайлдаг юм. Бичиг баримтгүй болохоор түүний монголчуудад хөлслүүлдэг “Намупан бэли” гэдэг хороололд бид амьдардаг.

Хүн л болсон хойно хаяа архи ууж нударга зөрүүлэх өдөр бий. Тэр үед цагдаа нар ирээд шалгана. Гадаадын иргэн хятадад нэг сарын хугацаанд л оршин суух эрхтэй. Хугацаа хэтэрсэн бол Монгол руугаа буцаадаг. Надад паспорт ч байхгүй болохоор цагдаа нар ирээд шалгалт явуулаад баригдах үедээ “гө гө аргалдаг юм. Хоёр жилийн өмнө 1500 юань төлдөг байв. Одоо нэмэгдсэн 3000 юаниас наашгүй. Заримдаа гэнэт шалгалт орж ирнэ.. Бид нар бодохдоо “Лу гө гө” биднээс  мөнгө цохих гэж цагдаа дуудаг юм болов уу гэж хардана. Тэгээд хэн мэдэх билээ.

-Найз бүсгүй чинь нярайлсан гэв үү. Бээжинд эмнэлэг нь хүлээж авах юм уу. Даатгал энэ тэр гэж бичиг баримт шаардсангүй юу?

-Найз хүүхэн энд хүүхдээ төрүүлсэн. Хордлоготой үед нь хувийн эмнэлэгт очиж дусал хийлгүүлж байв. Хүүхдээ бол гэртээ гаргасан. Бээжинд амьдардаг Энхээ гээд их эмч эгч бий. Архинд нэлээн дуртай. Найз хүүхнээ өвдөөд ирэхээр нь Лу гө гөтэй хамт явж Энхээ эгчийг авчирч төрүүлсэн. Дажгүй төрсөн шүү.

-Нутагтаа буцаж болохгүй юу?

-Би чинь цагдаад бүртгэлтэй хүн. Хятадаас Монголд буувал шууд л баривчлагдана шүү дээ.

-Яагаад?

-Удаа дараа хил дамнаж хулгай хийсэн гээд бүртгэлтэй

-Хятадад амьдарч байсан найзуудаас чинь шоронд орсон хүн байна уу?

-Миний нэг найз бий. Утасны карт хулгайлж байгаад баригдаад шүүхээс ял авсан. Одоо хоригдож байна. Бас нэг эхнэр нөхөр хоёр шоронд бий.

-Хятадын хууль чанга гэсэн. Олон удаа хулгай хийвэл гар хурууг тань тасалдаг юм биш үү?

-Хуруугаа таслуултлаа хулгай хийнэ гэж юу байх юм. Цэвэрхэн л хийнэ шүү дээ.

-Зарим хотуудаар “Монголчуудыг оруулахыг хориглоно” гэсэн бичиг байрлуулсан байна гэх юм. Бодвол та нараас болсон байх даа?

-Шинжиньд “Монгол хүн орохыг хориглоно” гэсэн бичгийг дэлгүүрүүд нь байршуулсан гэж сонссон. Аргагүй ээ. Тэнд тэр чигээрээ монгол хулгайч нар бүгсэн байгаа шүү. Архидана. Согтуугаар брэндийн дэлгүүрт ороод гарахдаа давхарлаж тавьсан хувцсыг нь тэр чигээр нь авч гарч ирээд баригддаг юм. Нэг ийм онигоо байна. Хонконгод бол хаус хөлсөлж суугаад хулгай хийдэг монгол залуучууд олон бий. Нэг ийм онигоо байна. Хонконгод хоёр найз маань дэлгүүрийн гадаа архи уугаад сууж байтал хоёр цагдаа хүрээд ирж. Тэгэхээр нь найз маань “Бид хоёр зодолдоогүй байна. Яагаад манаад байна вэ” гэж асуутал “Удахгүй та хоёр ууж дуусаад зодолдоно” гэж хариулсан гэдэг. Үнэхээр монголчууд хаа явсан газартаа зодоон цохионоо хаяхгүй хүнд гарууд шүү дээ.

-Монгол гэдэг нэрийг сайн сайхнаар дуудуулж яваа олон хүн бий. Гэтэл нэг хэсэг нь зах дэлгүүрээс нохой шиг хөөгдөж буруу аргаар амьдарч буйд сэтгэл тань эмзэглэхгүй юм уу?

-Хүн зурсан зураг төөргөөрөө амьдардаг гэж би боддог юм. Өнчин өрөөсөндөө буруугаа тохохгүй ээ. Гэхдээ миний л сонгосон амьдрал энэ шүү дээ. Гутарч гуних үе бий. Түшээд авах ах дүү байхгүй хүн чинь ингэж амьдрахаас яах уу. Ажил хийх боломж бий юу Монголд. Үйлчилгээний газрууд нь сар ажил хийлгэсэн хэр нь мөнгө цаасаа өгөхгүй луу унжина. Маш бага хөлсөөр ажиллуулж байна. Би энд өдөртөө л сарынхаа хэрэглээний мөнгийг олчихдог юм.

Баригдвал яах вэ?

-Улаанбаатарт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст Л гээд миний зураг, нэр ус тодоос тод хар тансанд орсон байгаа шүү дээ.  Монголоос хулгайч нар сүүлийн үед олноороо ирэх болж. Дух Ганбаагийн найзууд гэж хэдэн залуус байна. Огт архи амсахгүй. Хонконг, Сингапур, Макаогоор дамжиж хулгай хийж аваад буцахдаа Бээжингээр дайрч үхрийн мах чанаж идэж аваад буцдаг. Тэд Монголд брэнд хувцсны дэлгүүр ажиллуулж тансаг амьдарч байна. Ер нь тэгээд хулгай хийж амьдарсан хүнийг яах юм бэ та нар гэж би хэлмээр санагддаг. Тэртэй тэргүй ажил хийе гэхээр олдохгүй. Авсан нь цалин нь хаана ч хүрэхгүй. Хөдөлмөр мөлжих гэсэн хүмүүс олон байна.

-Бээжинд яг хэдэн монгол хулгайч амьдарч байна?

-Одоо цөөрсөн. Бүлэг бүлгээрээ явна. Шарийнхан, Духынх гээд  дан ганцаараа хулгай хийх хүн байхгүй шүү дээ. Дандаа бүлэг зохион байгуулалтад орсон гэсэн үг. Ойролцоогоор 50 гаруй хулгайч ирж очин амьдарч байна. Гэхдээ Сингапур руу ихэвчлэн хулгай хийхээр явдаг юм. Тэнд хараа хяналт сул. Сул ч гэж дээ. Эхний арван хулгайг бол нээх тоохгүй. Мэдсэн ч мэдээгүй юм шиг явдаг юм цагдаа нар нь. Сингапурын цагдаа нар эхний удаа хулгай хийсэн хүнийг тэмдэглээд авчихдаг юм. Барихгүй. Тэгж байгаад бүлгээр нь барина даа. Миний найзууд Насаа, Бомбоо гээд хоёр найз казиногоос хулгай хийх гээд сахлаа их удаан ургуулсан юм. Сахлаа ургаад танигдахгүй болсон хойноо хулгайд хийгээд хилээр гарахдаа таксин дотор сахлаа хусаад гараад явсан тохиолдол ч бий. Хулгай хийхдээ янз бүрийн арга хэрэглэнэ шүү дээ.

Н.Түвшинжаргал

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025