“Ус дээшээ урсдаг” буюу “Хангай ба түүний нөхөд” телевизийн олон ангит уран сайхны киноны нээлтийн улаан хивсний ёслол өчигдөр “Тэнгис” кино театрт болов. Нэрнээс нь эхлээд хэн бүхний сонирхлыг татсан эл кино нь өнөөгийн нийгэм авлигад идэгдсэний амьд жишээг харуулахыг зорьсон байна.
Цагдаа, хуулийн байгууллагатай хамтран бүтээсэн “Ус дээшээ урсдаг” кино нь 28 ангитай бөгөөд “NTV” телевизээр энэ сарын 28-аас эхэлж өдөр бүр 18:00 цагаас гарах аж.
Ямар ч байсан киноны эхний анги нь тун давгүй юм. Борооны дараах мөөг шиг өдөр бүр шахуу нээлтээ хийх кинонуудаас бас ч гэж өөрийн гэсэн өнгө төрхтэй, онцлогтой юм. Киноны хөгжмийг хөгжмийн зохиолч Г.Ганг бичсэн бөгөөд тун ч мэдрэмжтэй, мундаг гэдгээ бас нэг харуулсан гэмээр.
Харин кино зохиолыг Д.Мэндсайхан, С.Энхцэцэг нарын зохиолч, сэтгүүлч, хуульч, эрхзүйч мэргэжилтэй хүмүүс хамтран бичсэн бөгөөд бодит амьдралаас сэдэвлээгүй гэдгээ онцолж байсан. АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр АНУ-ын Азийн хөгжлийн сангаас хэрэгжүүлж буй "Ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх" төслийн хүрээнд "Глоб интернэшнл" төв, "Зориг сан", NTV телевиз хамтран уг киног бүтээжээ.
Г.Есүй
Сэтгэгдэл (1)