Би рингэн дээр л зодоонч шүү дээ

Монголын цорын ганц эмэгтэй мэргэжлийн тулаанч Э.ЕСYЙ:

Спорт бол эр зоригийн тулааны талбар. Энэ талбарт тэр дундаа нохой зодоон, мэргэжлийн тулаан хэмээх сонсоход л өвөрмөц, хүнд спортоор хичээллэж, хүч үзэж яваа залуухан бүсгүйг танд танилцуулъя. Тэр магадгүй таны танил байж ч болох юм. Ямартаа ч арлын Японы эр зоригийн рингэн дээр 3 жилийн турш эх орноороо овоглож, бор зүрхээрээ тулалдаж ирсэн Э.Болормаа Есүй хэмээх рингний нэрээрээ спортын хүрээнд хэдийнэ танигдсан юм билээ. Багаасаа самбо, жудо, сумо бөхөөр хичээллэж, нэг л өдөр гэр бүлийнхнээсээ зөрөн байж зориг гарган арлын орныг зорихдоо тэр pro-wrestling буюу нохой зодооны спортод хүч үзэхээр явсан гээд бод доо. Баргийн бүсгүй хүнээс гарамгүй алхам байгаа биз. Гэхдээ тэр угийн цөс ихт цус, удмынх болоод тэр үү, нохой зодооноос мэргэжлийн тулаан хэмээх ахисан түвшинд хүч үзсээр нэг жилийг ардаа орхижээ. Түүнийг эх орондоо түр ирчихээд байхад нь уулзаж цөөн хором ярилцлаа. 
 

Таныг арлын орныхон болоод спортын хүрээнийхэн таних байх, харин жирийн уншигчдын хувьд шинэ танил гэж болно. Өөрийгөө танилцуулаач?
-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Э.Болормаа, дэвжээний маань нэрийг Есүй гэдэг. Японд 3 жил pro-wrestling буюу Монголчуудын хэлж заншсанаар бол нохой зодооноор 3 жил хичээллээд, жилийн өмнөөс fighting буюу мэргэжлийн тулаанаар хичээллэж эхэлсэн. Энэ чиглэлээр 4 тэмцээнд оролцож, 3 ялалт, нэг ялагдал хүлээсэн.
 

Эмэгтэй хүн спортын хүнд төрөл тэр дундаа нохой зодооны талбарт хүч үзэхээр шийдэж, хичээллэж байгаа нь сонирхол татаж байна л даа. Чиний хувьд энэ спортыг сонгоход хүргэсэн зүйл юу вэ?
Би самбо, жудо, сумогоор хичээллэдэг байлаа. Тэгж явтал Японоос pro-wrestling-ийн спортод хүүхэд шалгаруулж авахаар Монголд ирчихсэн байхад оролцож, тэнцээд Монголын анхны эмэгтэй pro-wrestling тамирчин болох зам маань нээгдсэн. 2007 онд Япон явж, 5-р сард нь анхны тулаандаа орж байлаа. Тэр цагаас хойш энэ спортоор хичээллэж, зуу гаруй тэмцээн, уралдаанд оролцлоо. Жилийн өмнөөс fighting буюу мэргэжлийн тулаанаар хичээллэж эхэлсэн. Эмэгтэй хүний хувьд бас хүнд төрөл. Гэхдээ чамлахааргүй амжилттай явж байна.
 

Энэ хоёр спортын ялгаа нь юу вэ?
Миний ойлгосноор pro-wrestling буюу нохой зодоонд 50 хувь нь шоу, 50 хувь нь fighting буюу тулаан гэж хувьдаа дүгнэдэг юм. Хүмүүс янз бүрээр тайлбарлах нь бий. Үзэгчдийн хувьд уран гоё мэх, уран чадвартай тоглолт буюу шоу чухал. Ялалт бол чухал биш. Мэргэжлийн тулаан буюу fighting зуун хувь өөрийн хүч чадлаа дайчилж ялалт авах гол зорилготой.
 

Мэргэжлийн тулаан дэлхий нийдэт хэр түгээмэл хөгжсөн байдаг вэ? Эмэгтэй тамирчид хэр олон байдаг бол?
Хөгжлийн эх орон нь Америк. Япон бол бэлтгэл сургуулилт хийж, суурь тавих газар нь юм болов уу гэж боддог. Японд бэлтгэлээ сайн хийчихээд Америкт очиж өрсөлдөх, ур чадвараа гаргах гэх юм уу. Эмэгтэй тамирчид цөөнгүй байдаг.
 

Ингэхэд таны бага нас хаана өнгөрсөн бэ? Спортын энэ төрлийг сонгоход аав ээж, гэр бүлийнхэн чинь яаж хүлээж авсан бэ?  
Би Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул. Гэхдээ хотод төрж, өссөн. Эгэл жирийн айлын охин. Ийм спортоор хичээллэнэ гэж мэдсэнгүй, бодсонгүй явлаа. Нэг мэдэхэд л Монголын анхны бөгөөд цорын ганц pro-wrestling-ийн тамирчин гэгдээд, эх орныхоо өмнө үүрэг даалгавар үүрээд явж байна. Мэдээж анх энэ сонголтыг хийхэд гэрийнхэн дуртай байгаагүй. Бүгд эсэргүүцсэн. Ямар ч айлын ээж, аав охиноо рингэн дээр зодоон, нүдээн хийхийг юуг нь хүсэхэв. Гэхдээ би зориглосон. Залуу насандаа өөрийнхөө хиймээр байгаа зүйлээ хийж, ааг нь амтагдаж байгаа юмаа үзээд алдъя гэж гэрийнхэндээ хэлсэн.
 

Нохой зодоон.. нэрийг нь сонсоход ч эмэгтэй хүнд ахадсан зүйл. Хувийн ааш араншин, олон эрчүүдийн дунд өссөн зэрэг нөлөөлсөн зүйл байх уу?
Манайх, эхээс зургуулаа. 2 эрэгтэй, 4 эмэгтэй. Би Хилийн цэргийн дээд сургуулийг төгссөн. Олон харчуудын дунд 4 жилээ өнгөрөөсөн. Тэр нөлөөлсөн байж болох юм. Гэхдээ сүрхий эршүүд зан байхгүй., даруухан охин байсан.
 

Тулаанд орохын өмнө айж сандрах нь мэдээж байх. Рингэн дээр гарахаас өмнө хийж заншсан ямар нэг сэтгэлзүйн бэлтгэл, өөрийгөө зоригжуулах юм байдаг уу?
Сандрал хүнд байх ёстой чанар. Сандралаа “Төрийн дуулал”-аа сонсож дардаг. Төрийнхөө дууллыг сонсож нэг огшиж аваад, эх орноо бодоод, би чинь Монголын ганц тамирчин, чи ялагдвал Монгол давхар ялагдана. Чи ялах ёстой гэсэн үүргийг өөрөө өөртөө өгөөд рингэн дээр гардаг. Тэнд байгаа Монголчууд маань их дэмждэг, далбаагаа барьчихаад үзнэ. Тэр нэг талаар надад тэдний зүгээс өгч буй итгэл, урам нөгөө талаар том ачаа байдаг. Тэдний өмнө надад ялагдах эрх байхгүй гэж боддог. Энэ бүхэн зоригжуулдаг юм.
 

Бүдүүлэг асуулт тавьж байгаагаа мэдэж байна л даа, нууц биш бол та одоо хэдэн настай вэ? Энэ спортоор хэдий хүртэл хичээллэх вэ?
Энэ спортод балчир тамирчдаас авахуулаад гуч, дөчин настай хүмүүс ч хүч үздэг. Би одоо 25 настай. Өөртөө 2-3 жил хичээллэнэ гээд зорилго тавьчихсан байгаа. Залуу насны аагтай байх үедээ л энэ спортоор хичээллэж, ямар түвшинд хүрч чадахаа үзье. Тэрнээс цааш хичээллэхгүй.
 

Рингэн дээрх таны, цаашилбал Монголчуудын өрсөлдөгч хэн бэ?
Америкчууд. Япончуудыг би өрсөлдөгчөө гэж үздэггүй. Амжилтыг шат ахиулах гишгүүр гэж ойлгодог. 3-р сарын 11 буюу цунами болдог өдөр би Америктай тулалдах тэмцээнтэй байсан юм. Харамсалтай нь байгалийн гамшиг нүүрлэсний улмаас тэсэн ядан хүлээж байсан тулалдаан маань хйошилсон. 5-р сарын 14-нд болох юм. Гэхдээ Америк маань нутаг буцчихсан учраас оронд нь Япон хүндтэй тулалдахаар болсон.
 

Спорт, урлагийнхан амжилт гаргахад сэтгэлзүйн тус дэмжлэгээс гадна эдийн засгийн хөшүүрэг маш чухал хүчин зүйл болдог. Таны хувьд бэлтгэл сургуулилт хийх, Японд амьдрах боломж нөхцлөө хэрхэн хангаж байна? Элэг нэгтнүүд чинь хэр их дэмжиж тусалдаг вэ?
Уг нь өдөрт 2 удаа, өглөө, оройд бэлтгэл хийх ёстой байдаг. Миний хувьд өглөөний бэлтгэлээ хийгээд оройны бэлтгэлийн цагтаа ажил хийдэг. Япон дэлхийн №1 өртөг өндөртэй орон. Тэнд ажил хийхгүй бол амьдарч чадахгүйд хүрнэ. Яг одоогоор надад өөрийн гэсэн спонсор, цалинжуулдаг пүүс компани байхгүй. Зуун хувь өөрийгөө спонсорлоод, зуун хувь бор зүрхээрээ энэ спортод хүч үзэж, эх орныхоо нэрийг тэнд гаргаж байна. Энэ боломжийг ашиглаад хэлэхэд спонсор компани хандаад, намайг дэмжих юм бол Монголынхоо нэрийг өөрийнхөө чадлын хэмжээнд гаргахад бэлэн байгаа гэдгээ хэлье. Угаасаа спорт ивээн тэтгэлэг, тусламж дэмжлэггүйгээр явдаггүй юм байна. Гэхдээ яахав, өдий дөрөв, таван жил зөвхөн өөрийнхөө хүч, хөлс хөдөлмөрөөр явж ирсэн болохоор ухармааргүй байна. Хэрвээ Монголчууд маань дэмжвэл үүнээс илүү амжилт гаргах боломж байна, гаргах болноо гэж амлах байна.  


Өөрөө 3 ялалт, нэг ялагдалтай гэлээ. Ялалт байгуулсан тохиолдолд бай шагнал нь хэд байдаг вэ?
Хэлэхэд ичмээр л дээ. Маш бага үнэлгээтэй байдаг. Америкт үл ялиг өндөр үнэлдэг. Нуух юу байхав, 600 ам.доллар авдаг. Хоёр компанид зуу, зууг өгөөд, үлдсэн 400 нь минийх болдог. Тамирчдын бэртэл гэмтлийг эдгэрч дууссаны дараа тулалдуулдаг учраас тэмцээн маань 3 сард нэг удаа болдог. Гурван сард 400 доллар гэдэг хэцүү л дээ.

Ямартай ч эр зориг, залуу халуун сэтгэлээр спортын ийм хүнд, өвөрмөц төрөлд хүч үзэж байнаа танд элэг нэгтнүүд чинь тусалж дэмжих байх аа гэж итгэж байна. Сонирхоод асуухад найз залуутай юу? Эх орондоо хэр ирж байна?
Сумочид маань их тусалж дэмждэг. Ялангуяа манай Харамафужи Бямбадорж. Анхны нөмрөгийг маань ивээн тэтгэж хийлгэж өгч байлаа. Шаардлага гарвал хэлээрэй, тусална дэмжинэ гэдэг. Маш их баярладаг. Одоогоор найз залуугүй. 2-3 жилийн дараа энэ спортыг орхино гэж би хэлсэн. Тэр үедээ эгэл жирийн сайхан эзэгтэй болно доо.

Ер нь эрчүүд яаж хүлээж авдаг вэ?
Би рингэн дээр л зодоонч болохоос энгийн үед жирийн л бүсгүй.
 

Баярлалаа, танд том амжилт хүсье!
Танай сэтгүүлийн хамт олонд ч гэсэн баярласанаа илэрхийлээд амжилт хүсье. Мөн энэ дашрамд хэлэхэд Говь-Алтай аймгаас сонгогдсон Их хурлын гишүүн Ж.Энхбаяр ах маань тусалж, дэмжинэ гэдгээ хэлж, хэлэлцээ явагдаж байна. Энхбаяр ахдаа маш их баярлалаа, таны болоод Монголынхоо нэрийг өндөрт өргөнө, Монгол бүсгүйчүүдийн нэрийг алдаршуулна гэж хэлье.

М.Саян

2014.3.11

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • Зочин
    TIEGELGUI YAADGII TENEG BIZDAA WE OOROO SHADHAHGUI BJIIJ AMAA TAT
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin
    Yum bolgoniig mongol orniihuu tuluu gej buu yari.odoo monholulsiin tuluu zodoldood baigaa hereguu.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin
    Yum bolgoniig mongol orniihuu tuluu gej buu yari.odoo monholulsiin tuluu zodoldood baigaa hereguu.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin
    Yum bolgoniig mongol orniihuu tuluu gej buu yari.odoo monholulsiin tuluu zodoldood baigaa hereguu.
    2014 оны 04 сарын 24 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025