“Дээлтэй монгол” наадам болно

Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг дэлхий нийтэд  сурталчлан таниулах,  үндэсний өв соёлоороо бахархах үзлийг түгээн дэлгэрүүлэх  зорилготой “Дээлтэй Монгол” наадам  маргааш  12:00 цагаас Их эзэн Чингис хааны талбайд болно. Жил бүрийн долдугаар сарын 13-нд уламжлал болгон зохион байгуулдаг уг наадмыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан оролцогчдын хүсэлтийн дагуу түр хугацаагаар хойшлуулсан юм.
Энэ арга хэмжээний үеэр Монгол дээлийг Геннист бүртгүүлэх арга хэмжээ давхар явагдах бөгөөд  наадмын талаар бичлэг хийж  Геннис номыг бүртгэгчдэд явуулах  гэнэ.
“Дээлтэй монгол”  наадамд Монгол үндэсний дээл, хувцас хэрэглэл, монгол гэр үйлдвэрлэгчид, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, урчууд болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ,төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, үндэсний хувцсаараа гоёсон бүх насны, гадаад дотоодын иргэд оролцох боломжтой аж. Энэхүү наадамд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй иргэд оролцох юм.
 Наадмын үеэр ардын  урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Монгол гэрийн үзэсгэлэн, үндэстэн ястны болон нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээнүүдээс гадна “Дээлтэй Монгол Наадам”-ын үйл ажиллагааны үндсэн хэсэг “Монгол үндэсний хувцастай баярын жагсаал” болох аж.
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025