Татарууд сархдыг дайлаар мордлоо


Өнөөдөр долдугаар сарын тавны өдөр 19:00 цаг “UB palace”-аас  урагш, хойш зуун метрийн зайд залуусын хөл хөдөлгөөн ихтэй, шагийн билет  худалдаалагчдын  наймаа ч сайн байгаа бололтой. Энэ өдөр хип хоп сонирхогч залуусын хувьд жинхэнэ тэсрэлт болох гэж байгаа нь “Татар” хамтлагийн 10 жилийн ойн “Нөлөөллөөс дээгүүрт” тоглолт юм. “Татар”-ын тоглолтыг үзэх гэсэн залуус “UB palace”-ын гадаах хаалган дээр хоёр эгнээ болон уртаас урт дарааллыг үүсгэжээ. Хаалгаар оронгуут “Оpen air”-ын баруун, зүүн талд хоёр хэсэг тайз засаж, ивээн тэтгэгчдийн логог хадаж, тоглолтын бичлэг хийх камеруудыг байрлуулснаар тоглолт эхлэхэд бэлэн болжээ. Гэвч үзэгчид орж дуусаагүй тул тоглолт эхлэхгүй байгаа бололтой нэлээд хүлээлгэлээ. Үзэгчид эхнээсээ “эхлээчээ” хэмээн орлилдож, хоёр цаг хүлээлгэсний эцэст “Нөлөөллөөс дээгүүрт” тоглолт эхэлсэн юм. Тоглолтын зохион байгуулагчид бүгд “Татар” хамтлагийн логотой футволк өмсжээ. Хамтлагийнхан пүүз болон цамцаараа жигдэрч харин Жагаа цулгуй цагаан футволк өмсөж, энгэртээ жижиг камер зүүсэн байлаа. Тоглолтын дундуур хэд хэдэн сюрприз барьж, үзэгчдийг хөгжөөж, ивээн тэтгэгчдийн бэлгийг гардуулсан юм.
Тоглолтод  хип хоп дуучдын дунд төмөр хоолойтой гэгддэг дуучин  Хишигдалай, хайрын дууны  хан хүү A Cool, “Улаан туг” бүжгийн хамтлаг, исгэлэн хатагтай Уka, жүжигчин Шүүдэрцэцэг хамтран тоглогчидтойгоо ирж оролцсон нь олны анхаарлыг татсан зочдын нэг байв. Мөн хамтлагийн үнэнч фэн хэмээн өөрийгөө танилцуулсан нэг залуу хувийн зүгээс татарчуудад бэлэг гардуулсан нь хамтлагийн гишүүдийн шог зураг байсан.
Ахмад хип хопчдын эгнээнд хэдийнэ шилжсэн татарчууд тус тусын хувийн амьдралыг төвхнүүлж амжжээ. Хамгийн сонирхолтой нь тэд бүгд охидтой. Охид нь тэрсхэн насных гэж байгаа. Тоглолтын дундуур охидоо тайзан дээр гаргаж, үг хэлүүлэх гэсэн боловч Мөөгий, Жагаа хоёрын охид нэг л болж өгсөнгүй бололтой, “хайлтай” хэмээн хэлээ зажилж, олны эгдүүг хүргэсэн бол  Заяагийн охин “Татарт  төрсөн өдрийн мэнд хүргэе! Нөлөөллөөс дээгүүрт, аавдаа хайртай” хэмээж үзэгдийн болоод аавуудынхаа цөсийг хөөргөлөө.
Тоглолт ерөнхийдөө баруун, зүүн гэсэн хоёр тайзтай боловч, зүүн тайзан дээр хоёр гурван дуу дуулснаас өөрөөр сүртэй ашиглаагүй нь дэмий л илүү тайз засаж дээ гэх бодол төрүүлээд авсан. Ингэхэд хип хоп хамтлаг гэхээр бие бие рүүгээ элдэв үгээр дайрч доромжилсон, хараалын үгээр дууны үг нь бүрдсэн, хар тамхи татаж мансуурсан, хаа л муу муухай зүйл болно тэр бүхэнд хип хопчдын нэр ёс юм шиг дагалдаж явдаг нь гайхаад байх зүйл биш болсон гэхэд хилсдэхгүй. Харин хаа очиж татарчууд энэ бүхнээс хол байж чаддаг нь олзуурхууштай. Дууны үг, үглээ нь л гэхэд бусад ижил хамтлагуудаас өөр, өвөрмөц байж чаддаг гэдгийг онцлох нь зүй болов уу. Тэдний дуунууд залуусын амьдралтай илүү ойрхон байж чаддаг хэмээн фэнүүд нь ярьж байлаа. Товчхондоо хоёр цаг гаруй үргэлжилсэн тоглолт “UB palace”-д цугласан залуусыг нөлөөллөөс дээгүүрт байлгаж чадсан юм. Харин одоо тоглолтын нэрний цаад утга утга агуулгыг хэрэгжүүлэх л үлдлээ.
 Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж сүү өргөж амьдарцгаая хэмээн уриалга гарган хэрэгжүүлж байгаа. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн архидалтын эсрэг “LIKE”-д олон алдартнууд нэгдсэний нэг нь “Татар” байсан юм. Архидалтын эсрэг “Нөлөөллөөс дээгүүрт” төсөл хэрэгжүүлж нийслэлийн дүүргүүдээр үнэгүй тоглолт хийж залуусыг хөгжөөхийн хажуугаар Ц. Элбэгдоржийг сурталчлаад зуун сая төгрөг өвөртлөөд авсан сурагтай. Тэрээр энэ төслөөр олсон бүх мөнгөө архидалтын эсрэг үйлсэд зориулхаа мэдэгдсэн. Мэдээж зуун сая төгрөг өвөртөлчихсөн юм чинь тоглолтынхоо мөнгийг сайн үйлсэд зориуллаа гээд хотойхгүй биз.

 Мөн фэнүүддээ зориулж шинэ цомгоо 1000 төгрөгөөр худалдаалах гэнэ. “Нөлөөллөөс дээгүүрт” цомог нь “М аудио”студид бичигдсэн бөгөөд 10 дуутай. Уг цомогт дуучин A Cool болон Kiwi хамтлагийн ахлагч Ука нар хамтран ажиллажээ. Ихэнх хамтлаг дуучид цомог гаргаад, тоглолт хийгээд өнгөрдөг харин “Татар” нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаад архи, тамхи, хар тамхи зэргийг тоохгүй байя, тэдгээрээс дээгүүрт байя хэмээн залуусаа уриалан цомог болон тоглолтоо ийнхүү нэрлэжээ. Хэсэг нам гүмхэн байсан “Татар” дахин сэрж ерөнхийлөгчийн хамтаар сархдыг дайлаар мордлоо.









 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025