Монголчууд халгай хэмээх энгийн хэрнээ гайхамшигт ургамлын ид шидийг эртнээс таньж мэддэг байсан. Дайн тулааны үеэр шархаа эдгээн, гэрийн нөхцөлд элдэв төрлийн өвчин эмгэгийг анагаах зорилгоор хэрэглэж ирснийг түүх шаштир гэрчилдэг. Харин орчин үед олон төрлийн эм, амин дэм бий болсон учраас хүмүүс халгайг тэр бүр хэрэглэхээ больж энгийн л нэгэн ургамал мэт үзэх болоод байгаа билээ. Тэгвэл эх орныхоо хөрсөнд ургадаг халгайг түүж, орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу үсчин гоо сайхны үйлчилгээнд нэвтрүүлж, үр шимийг нь хэдийнэ хүртэж олон арван үйлчлүүлэгчдийнхээ “үрчлээг” тэнийлгэж, үсийг нь эрүүл сайхан байлгаж буй буянтай хамт олон бол “Эко бьюти” салонынхан. Хорин жил халзан явсан эрхмүүдээс өгсүүлээд толгойндоо хачиг, мэсний сорви, хорт хавдартай болоод туяагаар эмчлүүлж үс нь унасан хүмүүсийг ч хэдхэн хоногийн дотор хүссэн үр дүнд нь хүргэсэн гээд энэ шижигнэсэн хамт олны толгойлогч нь Т.Оюунжаргал. Дуудах нэрийг эцэг эх, дуурсах алдрыг ард түмэн гэдэг шиг түүнийг Даагий хэмээх нэрээр нь хүмүүст илүүтэй таних байх. Шавилхан биетэй, шаг хийсэн гүйлгээ ухаан, цуцаж няцашгүй их хүч хөдөлмөр, сэтгэл бас зорилготой энэ бүсгүй үсчний “зэвсэг”-ээ барьсанаас даруй 10 гаран өнгөрсөн гэдэг. Гэвч тэр энэ ахархан хугацаанд их амжилтын эзэн болж, эх орондоо нэгэн брэндийг бий болгосон нь чухамдаа хэний ч мэддэггүй, хэний ч анзаарч ойшоодоггүй хар үгээр хэлбэл хатгуулахаас эмээж “хараал” тавин гишгиж байдаг тэр “халгай”. Хэний ч бодоогүй, сэтгээгүй тэр зүйлийг Даагий өнөөдөр бүтээж “Эко бьюти” салон “Халгай хандлах арга”, “Халгайн хандаар үсний эмчилгээ хийх арга”-аар Оюуны өмчийн газраас ашигтай загварын гэрчилгээг гардаж өөрсдийн орон зайг салбартаа тунхаглаж буй. Тиймдээ ч мянга мянган хүний үс, гоо сайхны энхийн манаад зогсож байдаг энэ хамт олон бахдам амжилтынхаа 5 жилийн ойг “SS” клубд тэмдэглэж үнэнч үйлчлүүлэгчидтэйгээ нэгэн оройг мартагдахын аргагүй өнгөрөөлөө.
Урлаг спорт, улс төр, бизнес гээд салбар салбартаа манлайлагч болсон эрхмүүдээс эхлээд хэдийнэ өөрийн гэсэн байнгын үйлчлүүлэгчидтэй болсон “Эко бьюти” салоны төрсөн өдөрт Ц.Оюунгэрэл сайд, топ модель Сэлэнгэ, “LADY” төвийн тэргүүн Р.Лхагвадулам, яруу найрагч Ц.Хулан тэргүүтэй алтартнууд уригдан ирсэн. Түүнчлэн баярын үйл ажилагааны үеэр тус салоны үсчин Бямбаа өөрийн мэргэжлийн ур чадвараа гайхуулж үзүүлбэр үзүүлсэн бол хөтлөгчийн хүсэлтээр захирал бүсгүй маань ч авьяасаа харуулж топ модель Сэлэнгийн үсийг ахархан хугацаанд гоёлын засалтаар засч сонирхуулсан нь уригдсан зочдын сэтгэлийг багагүй хөдөлгөөд амжсан шүү. Үйл ажиллагааны хамгийн том сюрприз болох Ц.Оюунгэрэл сайд “Эко бьюти” салоны залуухан захирлууд болоод ажилчдыг “Тэргүүний залуу - Алтан медаль”-аар шагнасан явдал юм.
Мөн мастер үсчин Т.Оюунжаргал хэдийгээр химич, ургамал судлаач мэргэжилтэй биш ч олон жил эрэл хайгуул хийсээр халгайн эмчилгээний технологийг зохион бүтээж, хожим нь өөрийн гараар халгай түүж эмчилгээ хийж эхэлсэн нь түүний эмэг эхтэй шууд холбоотой гэдгийг энэ үеэр онцолж байлаа. Ямартаа ч амжилтын түүхийг өөр өөрийнхөөрөө, хувь тавилангаараа зурж яваа мянга, мянган бүсгүйчүүдийн нэг болон амжилтаараа манлайлагч болон яваа Даагий болон түүний гэр бүл, хамт олонд ажлын их амжилт хүсэн ерөөж, “Эко бьюти” салоны 5 жилийн ойн баярын фото зургийг хүргэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна