“Буга шүтээн” яруу найргийн шинэ түүврээ уншигч авхай танд өргөн барьж байгаа яруу найрагч М.Хүрэлсүх бол дууны яруу найргийн өнөөгийн томоохон төлөөлөгч билээ. 2011 оны Морин хуур наадамд хөгжмийн зохиолч С.Мөнхбатын аялгуу, яруу найрагч М.Хүрэлсүхийн шүлгээр бүтсэн дуучин Ө.Уянгын дуулсан “Хурмастын дууч шувуу” тэргүүн байрын шагнал хүртэж байсан бол өнгөрсөн жилийн наадамд мөн түүний шүлгээр бүтсэн Монгол Улсын төрийн шагналт, урлагын гавьяат зүтгэлтэн Б.Шаравын ая, М.Хүрэлсүхийн шүлэг, ардын жүжигчин А.Долгор, залуу дуучин Л.Солонго нарын дуулж олны хүртээл болгосон “Аминаас үнэтэй Монгол” дуу энэ жилийн “Морин хуур” Гран Приг эздэдээ авчирсан гээд түүний шүлгүүд сүүлийн үед тэргүүн байруудыг заавал авдаг гэсэн уламжлал ч тогтоод байгаа. Мөн 2010 оны наадамд ч Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангисүрэн багшийн аялгуугаар хийгдсэн “Монгол минь ганцхан” дуу нь дэд байрын шагнал авч байсан. Ийнхүү гурван жил дараалан “Морин хуур” наадамд дээргүүр явсан түүнийг мэргэжил нэгт нөхдүүд болон урлагийнхан нь “Яруу найрагчийн шүлэг жил дараалан түрүүлж байсан тохиолдол Монголд байхгүй. Их ховор тохиол гэж бэлэгшээж түүнээс шүлэг авахыг хүслэн болсон залуу уран бүтээлчид дугаарладаг гэсэн шүү. Хүрэлсүхийн дууны шүлгийн аяс хэмнэл бусад шүлгүүд үүдэл санаа болдог хэмээн нэгэнтээ хэлж байсан. Түүний баталгаа нь яруу найргийн хоёр дахь түүвэр, энэхүү “Буга шүтээн” ном болж байна. Ном бүхэлдээ Монгол зан заншил, ёс журам, цадиг түүх аминаас үнэтэй газар шороо, өвөг дээдэс, шаштир түүхэнд эдүгээчлэн хандалгүй анх, энх, мөнх гурван цагийн барилдлага дунд яруу найрагч бээр дотоод сэтгэлийн зөн совингоо гэрэлтүүлэн дуулсанд энэ номын шинэ бөгөөд давтагдашгүй чанар оршиж байгаа аж. Тухайлбал “Би” хэмээн шүлгэнд:
... Би Тэнгэрээс илгээсэн зөн совинг
Түмэнд түгээсэн туйлч зайран
Ухаант дээдсийн учирлаж хэлүүлсэн
Утга төгөлдөр сургаалийн шаштир ... гэж найрагчийн зорилгоо тодорхойлж, энэ зорилгодоо хүрснаа шүлэг бүрээрээ нотолж байна. М. Хүрэлсүхийн шүлгүүдээс тэнгэрийн зөн совин гэрэлтэж, “ утга төгөлдөр сургаалийн шаштир” тодрох амуй. Ингээд “Буга шүтээн” шүлгийг хамтдаа уншицгаая. Ингээд тус номын нээлтэнд Соёлын яамны төлөөлөгч нар ирж М.Хүрэлсүхд Соёлын тэргүүний ажилтан цол олгосон баяр дээр баяр нэмлээ.








Сэтгэгдэл байхгүй байна