Хоймор сайхан нутгаар овоглуулж, хорин зургаахан насандаа улсын харцага цолны болзол хангаад байгаа энэ залуу эрийг ирээдүйн аварга хэмээн ам уралдуулан магтах бөхийн хорхойтон, багш, дасгалжуулагч нар цөөнгүй. Өчигдөрхөн болсон Чингэлтэй хайрханы хишиг барилдаанд түрүүлж өөрийн бэлтгэл сургуулилт, бяр тэнхээгээ харуулсан билээ. Ялангуяа шөвгийн дөрөвт энэ цаг үед эр бяр, ид хаваараа гайхуулж буй хүчит заан Ч.Санжаадамбатай хийсэн барилдаан. Ер нь Содном харцага өнгөрсөн наадмаас хойшхи заал танхимын барилдаанд алгасахгүй барилдаж, барилдах бүрдээ шөвгөрдөг хүчтэн гэдгийг хүн бүр мэднэ. Тиймдээ энэ жилийн наадмаар цолоо ахиулах, тэр бүү хэл түрүүлж ч мэдэх хүчтэнүүдийн тоонд тэр бичигдэж байгаа. Энэ дашрамд дуулгахад арван хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүү, удам дамжсан хүчтэн Ц.Содномдоржийн гэргий Ховд аймгийн харьяат Уянга хэмээх бүсгүй байдаг. Хосууд одоо нэг хүүхэдтэй.
Сэтгэгдэл байхгүй байна