Дэлхийн хөгжмийн ертөнцдөө “Азийн дива” хэмээн нэрлэгддэг Өвөрмонголын дуучин бүсгүй Урнаа өчигдөр ДБЭТ-т хоёр цагийн тоглолтоо хийлээ.
Дуучин Урнаагийн талаар хүмүүс янз бүрээр л ярьдаг. Чухам яагаад өнөөдрийг хүртэл дэлхийд “Азийн дива” хэмээн дуудагдах болсон, түүний уран бүтээлийн онцлог, урлаг шүүмжлэгчид хэрхэн дүгнэдэг гээд олон асуултынхаа хариултыг өчигдөр болсон дуучин Урнаатай хийсэн “Урлагтай яриа”-наас олж авсан юм.
Монголын урлагийн зөвлөл байгуулагдаад 11 жил болж байгаа ч анх удаа “Урлагтай яриа” хөтөлбөрийг санаачлан дэлхийд нэрээ цуурайтуулсан дуучин бүсгүйг урин оролцуулсан нь зочдын талархалыг хүлээсэн юм.
Тэд энэ хөтөлбөрөө зүгээр ч нэг “Урлагтай яриа” гэж нэрлээгүй аж. Учир нь урлагт хайртай, дуртай, түүнийг бүтээж байгаа хүмүүсийн хүрээнд чөлөөтэй “уртай” басхүү залуусын хэлдэгээр “лаг” яриаг өрнүүлэхээр ийн нэрлэжээ.
Урнаагийн уран бүтээлийн түүх энгийнээс содон руу тэмүүлэн түүндээ хүрсэн их эрэлхийлэл, хөдөлмөр. Тэрээр Өвөр Монголын Ордост төрсөн малчин айлын охин. Мал хариулан өссөн бүсгүй урлагт төдийгүй гадаад ертөнцөд анх удаа 18 насандаа хөл тавин 1990 онд БНХАУын Шанхайн консерваторын Үндэсний Хятадын хөгжмийн институтийн ёочир хөгжмийн ангид элсэн орсон аж. Тэрээр энэ үеэдээ хөгжмийн амтанд илүү шунан үндэсний хөгжим, зэмсгээ ашиглаж бүтээлч, сайн уран бүтээл гаргахын тулд олон улсын бүх л хөгжмийн соёлыг сайн судалж мэдэх хэрэгтэйг ойлгосон аж.

Тэр үед Урнаа Хятадын хамгийн анхны, хамгийн сонирхолтой World Music прожектуудын нэг болох Robert Zollitsch-ийн "Gaoshan Liushui" ансамбльд дуучнаар ажиллах болсноор түүний урлагийн карьер бүрэн утгаараа эхэлжээ.
Сонирхолтой нь түүнд тив алгасан уран бүтээлээ туурвин дэлхийд нэр алдраа дуурсгах дуучин болоход ямар нэгэн продюссер, хөгжмийн байгуулагын ивээн тэтгэлэг туслалцаа байгаагүй гэсэн шүү. Өнөөдрийн энэ өндөрлөгт өөрийн хүчээр мацан хүрсэн гэхээр түүнийг бишрэмээр.
Тэрээр иргэншлээ сольсон тухайд Европын орон болон гадаадад уран бүтээлээ туурвихад Өвөр Монголын иргэн байх нь визний асуудлаас эхлээд бэрхшээлтэй зүйлс байнга тохиолддог байсан учраас энэ алхмыг хийсэн хэмээн ярьсан юм. Гэхдээ тэрээр иргэншлээ солилоо гээд би хэзээ ч эх нутаг Ордосоо хором ч мартаагүй, тиймдээ өнөөдрийг хүртэл Ордос ардын дуу, өөрийн уран бүтээлээ дэлхийн хаана ч төрөлх монгол хэлээрээ дуулдаг үүгээрээ ч омогшдог хэмээн бардам ярьсан шүү. Нээрээ л гайхмаар...Тэрээр англи, герман, хятадаар чөлөөтэй ярина. Урнаа “Би гадаад хэл дээр дуу дуулж чадна шүү дээ. Гэхдээ хүсдэггүй” хэмээн хээв нэг хариулна. ХБНГУ-ын ирэншилтэй түүнд Европт нэрд гарч, мянга мянгаар нь цомгоо борлуулсан баян уран бүтээлч больё гэвэл тухайн улсын хэлээр юм уу англиара дуулах нь илүү амжилт дагуулах хэдий ч тэр өөрийн зорилгодоо өнөөдрийг хүртэл үнэнчээр зүтгэсээр буйд нь мянга мянган үзэгч алга ташин шүтэн биширдэг бол уу. Тэрээр одоо ч жилдээ хоёроос гурван удаа Ордосдоо суугаа аав, ээж дээрээ очин нэг хоёр сараар байхдаа бэлчээрт малаа хариулан урлагт дуртай хүүхэд багачуудад өөрийн мэддэгээсээ харамгүй хуваалцан тусалдаг гэсэн. Ямартаа нутгийнх нь зарим хүмүүс түүнийг энд байнга л ирж малаа хариулаад явдаг ийм бүсгүй яаж дэлхийд нэртэй дуучин байх вэ дээ гэж ярилцдаг гэсэн шүү.
Урнаа “Би мөнгөтэй баян хүн биш ээ. Гэхдээ хэзээ ч би мөнгө бодож уран бүтээлээ хийж байгаагүй. Миний уран бүтээлүүд дотоод сэтгэлээс минь ундран гардаг. Би үзэгчдэдээ чин сэтгэлээсээ дуулдаг. Та миний дууг яг над шиг нүдээ аниад сонсоод үзээрэй” хэмээн энэ үдэш ирсэн зочдод “Эр хоёр загал”, “Цугуйн шил” дуугаа дуулж өгсөн юм.
Урнаагийн тоглолт бүр өвөрмөц болдог. Учир нь тэрээр дуулах дуу бүрээрээ дараалал гарган хөтөлбөр зоодоггүй. Тэр мэдрэмжиндээ хөтлөгдөн уран бүтээлчид, хөгжимчидтэйгөө энэ л зарчмаар хамтран ажилладаг аж. Бас нэг онцлог нь тэр тайзнаа зөвхөн дуулаад байдаггүй. Тухайн дууныхаа талаарх түүх, домгийг нь ярьж өгөн араас нь дуулдаг. Тэрээр Ордос нутгийг дууны далай шүлгийн өлгий гэдэг бөгөөд дуу бүр нь түүхтэй энэ бүхнийг нь эмээ маань бага байхаас минь ярьж өгдөг байсан учраас би үүнийг бусадтай хуваалцах дуртай хэмээн хэлсэн юм.
Түүний уран бүтээлийн бас нэг онцлог нь уламжлалаа орчин үетэйгээ эн зэрэгцүүлдэг. Урнаа уран бүтээлээ туурвихдаа зөвхөн үндэсний хөгжим хэмээн хязгаарлагдахгүй сонгодог хөгжим хийл, хэнгэрэг, Баваарын бишгүүр, Баваарын ятга, Персийн Zarb, Daf, Udu зэрэг үндэсний хөгжим, хэц бөмбөр, морин хуур, баян хуур зэрэг хөгжмүүдээр улам баяжуулан үзэгчдэд хүргэдэг. Тиймээс түүний хөгжмийн хамтрагчид дэлхийн өнцөг булан бүрт бий.
Энэ удаа Монголд хийх тоглолтдоо Ираны аав хүү гурван уран бүтээлчийн урьж авчирсан нь Монголын үзэгчдэд зориулан бэлтгэсэн том бэлэг нь юм. Учир нь өдгөө 80 хол гарсан дэлхийн алдарт хэнгэрэгчин буюу цохивор хөгжимчин нь сүүлийн үед тайзнаа тоглохоо больсон хэдий ч Урнаагийн урилгыг хүлээн аван Монголд ирээд байгаа энэ аж. Аав нь хоёр хүүтэйгээ нийлэн энэхүү хөгжмөөрөөр ёстой үзэгчдийг алмайрууллаа.
Түүний тоглолтыг “Tseren tours” санаачлан, ивээн тэтгэн, зохион байгуулж байгаа бөгөөд “Tseren tours”-ын захирал, хатагтай Э.Цэрэндолгор энэ жил тохиож байгаа компанийнхаа 20 жилийн ойгоороо Урнаа Цахар Тугчийг дахин давтагдахгүй ганц тоглолтыг Улаанбаатартаа зохион өөртөө бэлэг барьж байгаа аж. Сонирхуулахад, тэрээр найман жилийн өмнө Урнаагийн тоглолтыг Улаанбаатарт зохион байгуулж байхад тоглолтын өдөр 30 гаруй тасалбар нь зарагдан үзэгчгүй шахуу сандарч байсан бол энэ удаад тоглолт болохоос өмнө хэдийнээ бүх тасалбар эзэндээ очиж ДБЭТ-т суух суудалгүй болтлоо өнөөдөр дүүрсэн байсан. Ийнхүү Азийн дива Монголд бууж мордлоо.
Сэтгэгдэл байхгүй байна