Бен Мурфи Монголчуудыг гайхашруулна

Дэлхийн илбийн рeкордын эзэн Австралийн алдарт илбэчин Бен Мурфи өөрийн дахин давтагдашгүй шилдэг үзүүлбэрүүдээ анх удаа Монголын үзэгчдэд толилуулахаар болсон билээ. Тэгвэл алдарт илбэчин өчигдөр манай улсад ирсэн бөгөөд дөнгөж сая хэвлэлийн хурал зарлаж тоглолтынхоо талаар сонирхууллаа. Түүний гайхамшигт тоглолт ирэх зургадугаар сарын 1,2-нд 14:00, 19:00 цагуудаас “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд болох нь. Бен Мурфигийн Монголд тоглож буй анхны тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Ариана Уорлд” ХХК ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар монголын хошин урлагийн хамгийн ууган хамтлаг болох “Шилдэг өнгө” продакшн болон, Монголын илбэчдийн холбоо нар ажилаж байгаа гэнэ. Харин хэвлэлийн хуралд Бен Мурфи, түүний хамтран илбэ үзүүлэгчид болон зохион байгуулагч “Шилдэг өнгө” продакшны ерөнхий найруулагч Хүсэлбаатар, Олон улсын илбэчдийн холбооны гишүүн, Монголын илбэчдийн холбооны тэргүүн СТА Ц.Баярсайхан нар оролцлоо.
Бен Мурфигийн тухайд усаар дүүргэсэн цоожтой шилэн хоргоноос алга болон гарч ирэх үзүүлбэрээрээ алдарт илбэчин Хүдинигийн дэлхийн рекордыг эвдсэнээрээ дэлхий даяар олон олон шүтэн бишрэгчидтай болсон аж. Мөн АНУ-д бүтэн жилийн турш 300 гаруй шоу тавихад нь бүх тасалбар нь борлогдож дуусдаг дэлхийн хэмжээний илбэчин гэнэ.
Харин эх үрсийн баярыг тохиолдуулан тоглох энэ удаагийн тоглолтонд Бен Мурфи болон түүний хамтрагч үзэсгэлэнт Шерин нарын итгэмээргүй алга бололт ба гэнэт гарч ирэх үзүүлбэрүүд, мөн эмэгтэй хүнийг хоёр болон түүнээс олон хэсэг болгон хуваан хөрөөдөх, Шерин-ийг алчуур шиг мушгих, ширээ агаарт хөөргөх зэрэг олон олон үзүүлбэрүүд, шоуны үеэр тайзан дээр үзэгчдээс урин толилуулахаа хүртэл дуулгалаа. Юутай ч дэлхий дахинд нэр алдараа дуурсгасан илбэчин Монголд анх удаагаа өөрийн гайхамшигт үзүүлбэрүүдээ толилуулахаар ирснийг дахин дуулгая.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025