Одоогоос хоёр жилийн өмнө “MN25 суваг” телевизээс “Making the band” нэртэй шоу нэвтрүүлэг санаачилж, түүнийг “Up music” продакшн хамтран хэрэгжүүлсэн билээ. Энэ төсөл нь Монголын рок, поп урлагийн шинэ нүүр царайг бий болгон залуусын шүтээн болсон хамтлаг төрүүлэх явдал бөгөөд өөр өөрийн зан, төрх, мэдлэг боловсрол, дуулах хүсэл сонирхолтой 300 охиноос авьяас, ур чадвараараа шалгарсан нэгэн хамтлагийн өлгийдөн авсан нь хаврын анхны “яргуй” буюу “Anemone” хамтлаг байсан юм. 
Өнөөдөр тэр цэцгүүд хавартай уралдан дахин дэлгэрлээ. Учир нь “Anemone” хамтлагийн охид өнөөдөр “Хаан банк театр”-т улаан хивсний ёслолоор “Anemone” нэртэй анхны цомгийн баяраа хийн сонсогч, фенүүддээ албан ёсоор цомгоо танилцуулж, бяцхан тоглолтоороо бэлэг барилаа. Тэд хаврын анхны яргуй болон өнгө өнгөөр алаглан тайзыг чимсэн. Тэдний энэ удаагийн нүд гялбам хурц, шинэ өнгө төрхийг “United colors of Benetton”-ынхон бүрдүүлсэн байна. Яг л өнгө өнгөөр алаглах үзэсгэлэнт охид анхны цомогоо ийнхүү фэнүүдийнхээ гар дээр тавьж байгаад нэг л итгэхгүй байснаа баярын нулимсаар илэрхийлж дэмжиж тусалсан гэр бүл хамт олондоо баярлаж талархснаа харамгүй хэллээ. Тус цомгонд “Хаврын хайр”, “Чи яг дурлал шиг”, “Хэлээгүй”, “Always young” зэрэг найман дуу багтсан бөгөөд ес дэх нь “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ээж ээ” дууны дан хөгжим эгшиглэснээр өндөрлөх аж. “Anemone” цомгийг өнөөдрөөс эхлэн “UBS CD Shop”, “Hi-Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбар, хуур.mn сайтаар дамжуулан 15 мянган төгрөгөөр борлуулж эхэллээ. Хуур.mn сайт нь цаашид “Anemone” хамтлагийн анхны цомгийн дуунуудыг mp3 болон бүхэл цомгоор нь татаж авах, сайтаар дамжуулан хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллах юм.




Сэтгэгдэл байхгүй байна