Долгионтой шаргал үс, цэвэрхэн царай, өндөр тэгш бие бас хоолойн чадал дуугаралтаараа Оросын алдарт дуурийн дуучин Дмитрий Хворостовскийг өөрийн эрхгүй санагдуулах олонд танигдсан дуучдын нэг бол Б.Жавхлантөгс. “UBS” телевизээс зохион байгуулсан “Universe Best Songs-2010” наадмын гранприг өвөртөлсөн энэ залуу дуучин тэмцээний эхний шатнаас л хоолойн чадлаараа урлагийнхан болоод шүүгчдэд өндөр үнэлэгдэж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Соёл урлагийн их сургуулийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөнөөр мэргэжлийн дуучин гэх алдар хүндийн эзэн болсон тэрээр Монголын цагдаагийн дэргэдэх “Сүлд” чуулгад гоцлол дуучнаар ажилладаг. Тэгвэл дуучин Б.Жавхлантөгс Ялалтын баярт зориулсан бие даасан тоглолтоо Серж интернэшнл ХХК-ийн хамт олны дэмжлэгээр Эх, дороги... нэртэйгээр тун удахгүй толилуулах гэж байна. “Эх, дороги” тоглолт 5-р сарын 9-нд Соёлын төв өргөөний тайзнаа тоглогдох юм. Оросын аугаа их Ялалтын баярыг тохиолдуулан үзэгч, сонсогчиддоо барьж буй түүний тоглолтонд ОХУ-ын ЭСЯ, РЦНК, Оросын иргэний агаарын Аэрофлот компани, Аист ТВ зэрэг оросын томоохон байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд дуучин С.Наран, Б.Баярцэцэг нарын эмэгтэй дуучид оролцож, түүний тоглолтыг чимэх нь ээ. Мөн МУАЖ, Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филормонийн симфони найрал хөгжмийг ОХУ-ын гавьяат жүжигчин дэлхийн хэмжээний удирдаач Анатолий Чепурной удирдаж, дуучин Б.Жавхлантөгс Оросын алдартай дуунуудыг дуулж, үзэгч танд толилуулах юм байна.
Эх, дороги... ялалтын баярын тоглолтыг орос үндэстний амтат хоол, амтлаг бялууг монголчууддаа анхлан хүргэж, Улаанбаатарчуудын хэрэглээ болгож чадсан “Милая” , Украинская кухня сүлжээ ресторануудын удирдлага "Серж Интернэшнл” ХХК санаачлан ах дүү хоёр ард түмний олон арван жилийн түүхэн замыг алдаршуулан зохион байгуулж, монголчууддаа ялалтын баярын мэнд хүргэж байгаа юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна