“Бөхийн өргөө”-нд барилдаан үзэхээр ирсэн үзэгчид И.Доржсамбуу гарьдын толгойг хага цохижээ. Үзэгчдийн хэрээс хэтэрсэн авир бямба гаригт болсон Зэвсэгт хүчний 92 жилийн ой, "Монгол цэргийн өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр гарсан юм. Долоогийн даваанд барилдсан гарьд И.Доржсамбуу, харцага Ө.Бат-Орших нарын барилдааныг маргаантай болсон гэж уурссан үзэгчид талбай руу ундаа, усны сав, ууж байсан шил, савтай бүхнээ чулуудаж, гарьдын толгойг гэмтээв.
“Бөхийн өргөө”-нд болдог барилдаан бүрт гардаг энэ эмх замбараагүй байдлыг цэгцлэх цаг болсон юм биш үү. Хөлийн цэц, гарын даа нарын буруу шийдвэр, эсвэл бөхчүүдийн элдэв авираас энэ бүхэн үүдэлтэй байж болно. Гэлээ гэхдээ бөхөө дээдлэн үзэж суугаа эрчүүд монгол бөхийнхөө дэвжээ, тэргүүн рүү хогоо шидэлж суухыг харах ичгэвтэр байлаа.
Монгол бөхөөс жудаг нэхэж байгаа үзэгчид өөрсдөө ч авир зан, жудаг ёсоо дээдэлдэг байхыг сануулмаар байна. Эр бяр, хүч чадлаа дэвжээн дээр асгаж чадахаа байсан монгол эрчүүд ийм маягаар л омгоо дардаг болсон нь гутамшиг юм даа.
News.mn
Сэтгэгдэл байхгүй байна