Хүмүүс намайг бүтээсэн дүрүүд шигээ гал цогтой эмэгтэй гэж боддогт нь дуртай

-Жүжигчин Ааяа уран бүтээлээ нэлээд шаргуу хийж байх шиг байна. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин хачинаас ярилцлагаа эхлэх үү?
-Ажлын сонин гэвэл хамгийн сүүлд “Сарны гөлөг” инээдмийн кинонд тоглосон. Харин одоогоор “Тэр чинь би” инээдмийн шоу драмдаа тоглож байна. Манай жүжгийг үзсэн хүн бүхэн эргэн тойрныхоо хэн нэгнийг олж харна гэдэгт итгэлтэй байна. Амьдрал дээр хамгийн чухал нь мөнгө мөн үү, биш үү гэдгээс гадна мөнгийг чухалчилдаг хүмүүст амьдралын үнэ цэнийн талаар ойлгуулах болно. Би Анна Ивановна гэх эмэгтэйн дүрд тоглож байгаа. Энэхүү дүр маань миний мөн чанараас хол хөндий, маш их шуналтай эмэгтэйн дүр бөгөөд мөнгөний шуналаасаа болоод өөрийгөө хэнд ч өгөхөд бэлэн, нөхрөө хэнээр ч сольж чадах тийм эмэгтэйн дүр юм. Үзэгчид өөрөө ирээд үзвэл илүү сонирхолтой учир дэлгэрүүлж яримааргүй байна. Харин амьдралын сонин гэвэл саяхан буюу гуравдугаар сарын нэгэнд төрсөн өдөр маань болж өнгөрсөн. Төрсөн өдрийн баярын настер дуусаагүй байтал Март болоод арван хэд хоног бэлэгнүүдээ задалж үзээд сонирхолтой байгаа шүү. Би бэлэг авахаас гадна өгөх дуртай болохоор гуравдугаар сар миний хувьд аз жаргалын сар болдог гэж болно. Гэхдээ жүжгийн нээлт энэ сарын зургаанд болсон учраас найз нөхөдтэйгээ цуг баяраа тухтай тэмдэглэж чадаагүй.

-Та “Сарны гөлөг” кинонд  “Нохойныхоо дөрвөн мөчийг сарвайтал нь өшиглө” гээд нэлээд харгис эмэгтэй дүрд тоглосон байсан. Та ер нь амьтанд хэр хайртай вэ?
-Би амьтанд хайртай. Гэртээ муур, нохой тэжээдэг. Гэтэл энэ кинон дээр амьтны талаар муу муухай үгийг олж хэлдэг. Амьтан тэжээх нь тухайн айл гэрийг халуун дулаан уур амьсгалтай болгож, зөв энерги өгдөг. Мөн тэжээмэл амьтантай айлын хүүхэд бусад айлын хүүхдээс өвчлөл бага байдаг тухай эрдэмтдийн судалгаа байдаг. Хамгийн ухаантай амьтдын жагсаалтын нэгд адуу, хоёрт дельфин, гуравт нь нохой ордог юм билээ. Энэ кинонд дээр авъяаслаг залуу уран бүтээлчдээс гадна чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Анхны түүхэн кино болох “Улаан эрэг” болон “Помогите нам” зэрэг киноны уран бүтээлчидтэй ажилласан.

-Таныг үзэгчид тас тас инээсэн, цоглог, эрч хүчтэй эмэгтэй гэж хардаг. Бодит амьдрал дээр Ааяа гэдэг жүжигчин хувь хүнийхээ хувьд ямар эмэгтэй вэ?
-Өөрөө өөрийгөө үнэлж дүгнээд хэлэх нь хаашаа юм. Гэхдээ хүмүүс ам сайтай байдаг бөгөөд үзэгчид маань халуун дотноор хүлээж авдаг. Харин би тэр хэлсэнд нь дүйцэхүйц хэмжээнд байж чаддаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Би ер нь бүтээсэн дүрээсээ шал өөр хүн. Гэхдээ үзэгчид маань намайг бүтээсэн дүрүүд шигээ гал цогтой эмэгтэй гэж боддогт нь дуртай.

-Гэр бүлийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу?
-Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хамгийн том хүү маань эдийн засагч мэргэжилтэй, харин охин маань олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгсөх гэж байгаа. Нөхөр бид хоёр нэг ангийн хүүхдүүд бөгөөд хань маань СУИСТ-д багшилдаг. Тэгээд нохой муурынхаа хамт амар тайван аз жаргалтай амьдарч байна даа.

-Урлагт хөл тавьсан тэр үеэ эргэн дурсвал. Тайз дэлгэцийн хэчнээн уран бүтээл хийсэн бэ?
-Доржсамбуу багш Эрдэнэтэд шалгалт авах үеэр би нууцаар шалгалт өгөөд тэнцсэн. Уг нь гэрийнхэн маань намайг гадаадад барилгын инженер болгох сонирхолтой байсан юм. Хамгийн анхны дүр маань дипломны ажил буюу гарын таван хурууны Сүрэнгийн дүр байсан. Би урлагт 29 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд Улсын багшийн их сургууль төгсөөд Хүүхэд залуучуудын театрт ажиллаж байгаад хувьчлалаар театр байхаа болиход Х ТҮЦ-д ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд хувиараа бие даасан уран бүтээл хийж байна.

-Таныг шашны цомог гаргасан төдийгүй шүлгийн цомгоо гаргахад бэлэн болоод байгаа талаар сонссон?
-Шашны дөрвөн цомог гаргасан. Мөн монголын гэр бүлд эерэгээр нөлөөлөхүйц гэр бүл салалтын эсрэг шүлгийн цомог гаргахад бэлэн болоод байгаа. Уг цомогт хальт харахад хөнгөн хийсвэр юм шиг хэрнээ эрчүүдээ өмгөөлсөн болон алдарт яруу найрагчдын ухаарал өгөхүйц нийт 21 шүлэг багтсан. Би нэг ангийн 38 хүүхдийн 31 нь гэр бүл салсан тухай сонсож байсан. Тэр үед надад гэр бүл салалтыг яаж зогсоох тухай бодол, эмзэглэл төрж, юу хийхээ бодсон. Амьдралд эмэгтэй хүн зонхилох шийдвэрийг гаргадаг юм шиг анзаарагдсан. Тэгэхээр эмэгтэй хүн жаахан тэвчээртэй байж, эрэгтэй хүний ганц нэг дүрсгүйтсэнийг уучилж чаддаг байвал амьдрал тэгш, бүрэн бүтнээрээ байж болно гэж боддог. Үүнд тус дөхөм болох зорилгоор энэхүү цомгоо гаргаж байгаа. Шашны цомгийн тухайд бурханы сургаалиудаар ухаарал гэгээрэл өгөхийг зорьж гаргасан бөгөөд ерөнхийдөө хоёр төрлийн цомог байгаа. Хэн ч сонсоход энгийн хялбар ойлгомжтой цомгууд болсон. Эдгээр цомгийг гаргахад бурханы шашны мэдлэгтэй байж гаргана л даа. Бурхан багшийн сургаальд “Өөрөө мэдчихээд бусдад хэлэхгүй бол хамгийн том нүгэл” гэсэн байдаг. Нийгмийн стресс бухимдал ихтэй байгаа энэ үед хүмүүс энэхүү цомгийг машиндаа болон гэртээ гэр бүлээрээ сонсвол тайвшрал олохоос гадна сэтгэл санаанд нь дэмжлэг болно. Ер нь энэ хорвоогийн хамгийн сайхан зүйл бол амгалан тайван амьдрал шүү дээ.

-Гэр бүл салалтын эсрэг гэр бүлд чиглэсэн зүйлийг урлагийн хүний хувьд хийж байгаа нь гайхалтай юм. Магадгүй гэр бүлийн цөм болсон хүүхдэд зориулсан цомог гаргах уу?
-Шүлгийн цомгоо гаргасны дараа хүүхдэд чиглэсэн зүйл хийхээр төлөвлөөд байна. Хүүхдүүдэд эх орон ч үзэл, ойлголтыг багаас нь зүрх, тархинд нь шингээж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол мянга хэлээд нэмэргүй. Өвөг эцэг маань эх орныхоо төлөө яах гэж есөн эрүү давж гарч байсан юм. Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхэнд ганцхан тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцдэг. Үүнийг хүүхдүүдэд ойлгуулахгүй бол бидний ирээдүй бүрхэг байна.

-Хэсэг хугацаанд урлагаас холдож чимээгүй амьдарсан. Энэ хугацаанд хаана юу хийж байв?
-Чимээгүй байх хугацаандаа дээр дурьдсан цомгууд дээрээ ажилласнаас гадна малын бэлчээрийн тухай баримтад кино хийсэн. Мөн хөдөө орон нутгийн бүх сумдад бараг хоёр ч удаа залуу бүтээлчидтэй хамтран уран бүтээлээ толилуулсан байгаа. Хүмүүс таг чиг алга болчихлоо гэдэг байсан. Үүл чимээгүй нүүж, нар чимээгүй манддаг шиг амар жимэр чимээгүй байх дуртай. Харин мэргэжил маань намайг дуулиан шуугиантай байхыг шаарддаг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • zochin
    turaache turaacheee khezeenii Ayaa biz de tegeed buduun khebeer l bkhin
    2013 оны 04 сарын 16 | Хариулах
  • *****
    uneheer emegteileg, goyo zurag bainaaa.dress and dupl ni "huurhun"
    2013 оны 03 сарын 18 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025