“Эхийн сэтгэл”-ийг уран зургаар илэрхийлэхүй

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан олон арга хэмжээ шил шилээ даран явагдаж байгаагаас хамгийн өвөрмөц хийгээд та бидний гоо зүйн боловсролд нэн чухал нь “Эхийн сэтгэл” нэртэй уран зургийн үзэсгэлэн байлаа.  “Арт хауз” галерейд өчигдөр нээлтээ хийсэн энэхүү үзэсгэлэнг уран зурагт элэгтэй, урлаг уран зургийн гайхамшгийг мэдэрч, бишрэн хүндэлдэг М.Түвшинбаяр, Д.Хишигжаргал хэмээх хоёр бүсгүй санаачилж, өөрсдийн хувийн цуглуулга болон Монголын томоохон зураачдын уран зургуудаас бүрдүүлж үзэгч олны мэлмийг баясгасан юм. Төв Азийн өргөн уудам нутагт идээшин нутаглаж, аж төрж, төр улсаа төвхнүүлж ирсэн нүүдэлчин монгол түмний бий болгож цуглуулсан эд  өлгийн болоод оюуны соёлын өв уламжлал нь арвин баян өвөрмөц олон талтайг харуулахыг илүүтэй зорьсон гэх эл үзэсгэлэнг “Эхийн сэтгэл” хэмээн нэрийдсэн нь учиртай. Тиймдээ ч Монгол эх хүний эх орон, байгаль дэлхий,   эр нөхөр, үр хүүхдээ хайрлах сэтгэл, эмэгтэй хүний ариун, нандин, дахин давтагдашгүй  гайхамшигт мөн чанарыг  уран зургаар илэрхийлсэн бүтээлийг  багтаасан  үзэсгэлэнд саатан, нүдээ баясгаж, сэтгэлээ хөглөхөөр ирсэн хүндэт зочид зарим зургийг үнэ хаян худалдан авч байсан нь Монголчуудын соёл, гоо зүйн мэдлэг боловсрол хэр өндөр түвшинд хүрч байгааг харуулах юм. Ямартаа ч уран зургийн гайхамшгийг нэгэн дээвэр дор цуглуулж, мэдрүүлж өгсөн энэ оройн хүндэт зочноор яруу найргийн дархан аварга Т.Галсан болоод зураач Содном, Содномцэрэн тэргүүтэй үе үеийн зураачид цугларч бүсгүйчүүдийг “магтан дуулж” байсан юм. Мөн энэ үдшийн эрхэм хүнээр зохион байгуулагч хоёр бүсгүйн ээж нар саатаж, охидынхоо хөлс хөдөлмөр шингэсэн бүтээлүүдээр бахархан, нүдэндээ нулимстай суусан нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж байлаа.
Мөн нээлтийн үеэр “Ирээдүй Энержи групп”-ын захирал М.Түвшинбаяр өөрийн ээж, үргэлж дэмжиж тусалж байдаг ах Сосорбарам болон нутгийн анд дуучин Т.Дэлгэрмөрөнгийн ээжид өөрийн үзэсгэлэнд тавигдсан зургийн дээжээс бэлэг болгон барьсан юм.
Ингээд олон үг үл нуршин та бүхэнд үзэсгэлэнд саатсан зочид болоод тавигдсан зургуудаас  сонирхуулъя.




 



 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • Эрка
    Үнэхээр гайхамшигтай Мундаг бүсгүйчүүд юмаа БАХАРХАЖ БАЙНАА АМЖИЛТ ХҮСЬЕ
    2013 оны 03 сарын 07 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025