Сүүлийн үед шинэ уран бүтээл хийхгүй хэсэг хугацаанд завсарлага аваад байсан эрхмүүд “Мартын-8” буюу ОУ-ын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан борооны дараах мөөг шиг тоглолтын зар түгээх болсон. Тухайлбал, нийтийн дуучид дундаа чадалтай хоолойтойд тооцогддог дуучин Г.Эрдэнэтунгалаг шинэ уран бүтээл гаргалгүй бараг жилийн нүүрийг үзсэн. Тэгвэл тэрээр эмэгтэйчүүдийн эрхийн өдөр буюу 3-р сарын 8-нд “Сүүтэй энгэрийн аялгуу” нэртэй VIP цэнгүүнээ “Улаанбаатар” ресторанд хийх гэж байна. Цэнгүүний TAX-ийн үнэ нь 88 мянган төгрөг бөгөөд хамтлаг дуучдын тоглолттой харьцуулахад нэлээд үнэтэйд тооцогдох юм. Түүний цэнгүүнд МУГЖ Г.Хонгорзул, Г.Ариунбаатар, дуучин Т.Дэлгэрмөрөн, “Эртний сайхан” чуулга оролцох гэнэ лээ.
Харин нэгэн үе түүнтэй хамтран дуулж нийтийн дууны салбарт чамлахааргүй орон зайг эзлээд байсан МУСТ, дуучин Т.Батсайханы хувьд мөн л удтал сонсогчдоо хүлээлгээд байлаа. Тэрээр ирэх 7, 8-ны өдрүүдэд АСА циркт “Жаргааж амьдрахсан ээжийгээ” хэмээх бие даасан тоглолтоо хийнэ.

"Цэцгэнд төөрсөн эрвээхэй", "Бодлын бороо", "Цаг мөнхийн хайр" зэрэг нийтийн дуунуудаар ард түмний талархалыг хүртсэн МУСТА, Дуучин Л.Чулуунбаатар удтал хүлээлгэсний эцэст 2 дахь бие даасан тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тоглохоор болсон юм. Энэхүү тоглолтоо "Тандаа мэхийн ёсолъё" хэмээн нэрлэсэн бөгөөд тэрээр өнөөдөр 19:00 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд ганцхан удаа “мэхийн ёслох” юм байна.

Эзэн Чингис хааны үеэс улбаатай гал тахих ёслолыг эхлүүлж өнгөрсөн жилүүдэд монгол эх орноо нар зөв тойрсон “МУГЖ асан” С.Жавхлан “Хамаг Монгол” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байгаа. Монгол туургатан нэгдсэн энэхүү төсөлд ОХУ-ын Халимаг улсын дуучин Жангарч, Шаран Диймаа, ОХУ-ын Тува улсын төв театрын гавьяат жүжигчин, дуучин, хөөмийч Саидаш Монгуш, ОХУ-ын Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонголын “Хөх хээр” хамтлагийн дуучин М.Баясгалан зэрэг алдартанууд нэгдээд байгаа юм. Тэд “Монгол туургатны хүндэтгэлийн нэгдсэн тоглолт”-оо ирэх 7-8-ны 19:00 цагт “UB PALACE”-ын концертын их танхимд хийнэ.

Дуучин, хөтлөгч, жүжигчин гээд нэг биед ахадсан гэмээр авьяслаг хатагтай Д.Цовоо, “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайтай хамтран бүсгүйдийг баярлуулахаар “Хайрын дуу” нэртэй амплаггед тоглолт хийх гэж буй. “Манай орцны миний дуунууд-3” цомгийнхоо нээлттэй хамтатган хийх гэж буй тус тоглолт 7, 8-нд Баянгол ресторанд 19.00 цагт болно.

Нэг хэсэг хувийн карьеараа хөөж, хамтлагийнхаа уран бүтээлд завсарлага аваад байсан “Voice group"-ийнхэн ирэх 07,08-нд уран бүтээлийн цэнгүүнээ хийхээр болоод байгаа. Монголын сонгодог урлагийн нэрийг дэлхийн тайзнаа дуурсгаж яваа тэдний 4 дэх тоглолт "VOICE СОНГОДОГ ҮДЭШ" гэх бөгөөд Улсын Филармонийн концертийн танхимд 19 цагаас тоглох юм.

Сар шинийн өмнөхөн "Соёлын тэргүүний ажилтан" хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр хэмээх эгч дүүс бүсгүйчүүд өөрсдийн бие даасан “Ижий эх орон” тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан тавихаар болсон. Энэ нь авьяаслаг бүсгүйчүүдийн гурав дахь бие даасан тоглолт бөгөөд бүх эмэгтэйчүүд, ээжүүддээ зориулж буй уг тоглолтод энэ 7-ны өдөр “Соёлын төв өргөө”-нд 17.00 цагаас ганцхан удаа болох юм.

Сэтгэгдэл байхгүй байна