
1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан Данийн алдарт “Michael Learns to Rock” хамтлаг Монголын фенүүдээ хоёр өдөр доргиогоод буцав. "Таке mе tо уоur heart", "Paint my love", "Sleeping child"" зэрэг алдарт хитүүд нь монголчуудын зүрх сэтгэлд хэдийнэ хоногшсон тус хамтлагийнхан 14 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн талаар бид өмнө дуулгаж байсан. Хамтлагийг "Evento" LLC урьж, тоглолтыг Монголын Залуучуудын холбоо зохион байгуулсан билээ. Ямартаа ч Ази дахь аялан тоглолтоо манай улсаар өндөрлүүлж буй “MLTR” хамтлагийн тоглолт цагаасаа бага зэрэг хоцорч эхлэсэн юм. Хэдийгээр товлосон цагаасаа 30 минут хоцорсон ч Монголын фенүүд нь тэднийг нижигнэсэн алга ташилт, уухайн дор маш халууханаар хүлээж авсан. Мэдээж хамтлагийнхан ч үзэгчидтэйгээ аль болох ойр байхыг хичээж хамтдаа дуулахыг уриалж байсан ч Монголчуудын хэлний мэдлэг тааруухан, дууны үгийг нь мэддэггүйн харгайгаар тийм ч сайхан байж чадаагүй болов уу. Дуулсан дуу болгоныхоо дараа фенүүдээ баярлалаа гэдэг үгийг харамгүй хэлж байсан тус хамтлагийн дуунуудаас Монголын залуус хамгийн сайн мэддэг нь “Take me to your heart” л байсан юм. Энэ дууг эхлэхэд “UB palace”-ын танхим дүүрэн үзэгчид бараг бүгдээрээ дагаж дуулж, баярлаж, зарим нь бүр босоод зогсчихсон байгаа харагдсан. Үнэхээр ч 2006 онд дэлхийд хамгийн олон удаа татагдсан энэ дууг мэдэхгүй, сонсоод дагахгүй гээд ч яах билээ. Энэ мэтээр тайзыг эзэгнэсэн дөрвөн залуу, танхим дүүрэн үзэгчдийн халуун дулаан уур амьсгалын дор хоёр цаг гаруй үргэлжилсэн уг тоглолтын дуу бүхнийг түрэн дуулахгүй ч гэлээ мэддэг хэдийгээ хоолой мэдэн дуулж, хамтлагийн дөрвөн залуугийн дуунд уярч, дэргэдээс нь харж байгаадаа баярлаж хөөрсөн хүн олон байсан юм шүү. Харин тоглолтыг үзэхээр манай урлаг соёлын хийгээд олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн. Ганц олдож буй боломжийг яаж алдаж болох билээ. АН-ын генсек хатагтай Ц.Оюундарь, “Guys”-ын Мягаа, Монголын "Рояал" академийн захирал Н.Учрал гэргийн хамт, “UBS”-ын залуу хосууд болох Чойжилсүрэн, Э.Уянга гэх мэт.














Сэтгэгдэл байхгүй байна