Оросын нэрт хөгж¬мийн зохиолч М.И.Глин¬кийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналт Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар “Монгол сонгодог” төслийг санаачлан Монголын нэрт хөгжмийн зохиолч Төрийн хошой шагналт, АЖ Н.Жанцанноровын сонгодог бүтээлүүдээр “Монгол сонгодог” цуврал-I талархалын концертоо өнгөрсөн амралтын өдөр толилууллаа. Тус тоглолтонд зөвхөн нэг хөгжмийн зохиолчийн дуунууд дууллагдсан бөгөөд Монголын сор болсон жинхэнэ монгол сонгодог тоглолт болсон юм. Тоглолтонд урилгаар Монголын сонгодог урлагийн төлөөлөл болсон АЖ А.Долгор, ДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ө.Уянга, “Voice group”-ын дуучин СТА Д.Отгонжаргал, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармоны симфони найрал, Морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон цомхон хэмжээний гайхамшигтай сайхан тоглолт болсон бөгөөд ирсэн зочид сэтгэлийн их таашаал авсан нь илт байсан. Тоглолтын хөтлөгчөөөр 

АЖ.Н.Жанцанноров, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ нар хамтдаа тун өвөрмөцөөр хөтөлсөн юм. Тайзны зүүн талд хоёр сандал зэрэгцүүлэн тавьсан нь ороод л нүдэнд туссан. Магадгүй сууж дуулах юм болов уу гэсэн бодол төрсөн гээч. Гэвч хоёр хөтлөгчид зориулж ийн зассан байв. АЖ Н.Жанцанноров гуай хошигнож яг л хаан, хатны суудал шиг сүртэй юм, ингэж зассан гэж бодсонгүй хэмээн тухлах нь олныг хөгжөөгөөд авсан шүү. Тоглолт эхлээд л Н.Жанцанноров гуай ахин дахин босож, суухдаа хүртэл хөгжмийнхөө хөг ая, эгшигэнд уярчихсан Ариунбаатар биш Жанцанноров гуай дуулж байгаа юм шиг үйл хөдлөлөөрөө харуулж байсан. Энэ их агуу хөгжмийн зохиолчийн санаа сэтгэлд нийцэж хамтдаа ийм сайхан тоглолт үзэгчдээ хүргэж байгаад нь ард түмнийхээ өмнөөс алга ташин баяр хүргэмээр. Жанцанноров гуайн дуунуудыг дуулаагүй дуучин монголд тун цөөхөн. Гэхдээ хамгийн их дууг нь дуулсан АЖ А.Долгор түүний араас МУГЖ Г.Ариунбаатар орж байгаа аж. 
Тоглолтын оргил хэсэг нь “Хань минь дээ” дууг дуулснаар эхэллээ. Яагаад тоглолтын оргил хэсэг байсан юм бэ гэхээр “Хань минь дээ” дууны үгийг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж бичиж, Н.Жанцанноровоор ая хийж Г.Ариунбаатар дуулсанд байгаа юм. “Ж.Бямбадорж гуай амьдралдаа ганцхан шүлэг бичихдээ ийм гайхалтай дууг бүтээсэн нь бахархмаар. Мөн ийм сайхан бүтээлд ая оруулж өгсөн найз Н.Жанцанноров, болон дуулсан Г.Ариунбаатар нарт цэцгийн баглаа бэлэглэж баярлаж талархсанаа илэрхийллээ. Бас сонирхуулахад Н.Жанцанноров гуай Г.Ариунбаатартай хамт хөгжмөө дарангаа “Бурхан бумбын орон” дууг хоршин дуулж үзэгчдэд гараа хорстол алгаа ташсан гэхэд болно. Маш эвлэгхэн дуулж үзэгчдийг хөгжөөж чадсан юм. Ийнхүү 30 минут хоцорч 3 цаг үргэлжсэн ёстой чихэр шиг амттай тоглолт өндөрлөж үзэгчид дуучин, хөгжмийн зохиолч нарт хүндэтгэл үзүүлж цэцгийн баглаа гарын бэлэгээ гардуулснаар тоглолт өндөрлөсөн юм. Ингээд тун удахгүй “Монгол сонгодог” тоглолтын үргэлжлэлийг дахин үзнэ гэдэгтээ тэсэн ядан хүлээж байгаа үзэгчид олон байгаа гэдэгт итгэлтэй байна. 

































Сэтгэгдэл байхгүй байна