Хөнгөн жигүүр ургаж гүйцээдХолын тэртээ шувуу зорилоо
Онгон насны хосгүй учрал
Хайрын дээдээр чамдаа даслаа
Түмэн бээрийг гатлах замд
Төрсөн нутгийн уянга хоногшино
Үнэн батаар амьдрах замд
Зорьсон сэтгэлийн уяа чангарна
Хорвоо ертөнц уужим гэдгийг
Хунгийн дэгдээхэй мэдсэнгүй
Хонгор чамтай учрана гэж
Хорьхон насандаа бодсонгүй
Хэмээн өнгөрсөн зууны сүүлчээр ХБК-ийн дэрсхэн охидоос бүрдсэн “Эмоушн” хамтлагийнхан залуусыг байлдан дагуулж явсан тэр үе сэтгэлд тод санагдана. “Ингэн тэмээний нулимс”, “Намайг битгий уучил” жүжгийн дуу, “Шинэ жилийн дуу”, “Анхны алхам” киноны дуу тэргүүтэй бүтээлүүдээрээ олныг зүрх сэтгэлийг огшоож чадсан тус хамтлагийнхан төд удалгүй үнэнч фенүүдээ гонсойлгон алс хол Америкийг зорьсон тэр он жилүүд ч мөн сэтгэлд баттай орон зайг эзэлжээ. Тэгвэл энэ жил тэдний хамтдаа уран бүтээл туурвиж мянга мянган фенүүдтэйгээ ая дуугаараа учран золгосны 15 жилийн ой тохиож, төрсөн өдрийнхөө баярыг нэгэн үдэш нижгэр тэмдэглэв. “АСА” циркийн танхим дүүрэн үзэгчдийн тасралтгүй алга ташилтан дор бүтэн гурван цаг гаруй үргэлжилсэн тус тоглолтын аялгууг төрсөн өдрийн эзэд “Санахын аялгуу” дуугаараа эхлүүлсэн. Тайз засалт, гоёлын даашинз, уянгалаг, сүр жавхлант хөгжмийн ая бас тэдний сэтгэлээс урган гарах баяр, талархалын үгс. Энэ бүгд хурсан олны зүрхийг огшоож, баярын нулимс дуслуулахад хүргэсэн юм. Мэдээж тоглолтонд тус хамтлагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эрхэм ээжүүд, дотны анд нөхөд нь бүгд цугласан. Олон олон гайхамшигтай “SURPRISE” байсны хамгийн оргил нь тус хамтлагийн ууган гишүүдийн нэг Солонго үзэгчдийн өмнө гарч ирсэн явдал. Бүр уран бүтээлийн найзуудтайгаа хамтран бас гоцлон дуулж үзэгчдийг уяруулж орхив. Тэд “Анхны алхам” киноны дуу “Хунгийн дэгдээхэй”-г анх урлагт хөтлөн оруулсан найз Чинбаагийнхаа хамтаар дуулсан юм. Харин түүний дараагаар дөрвөн бүсгүй маань та бидний сайн мэдэх, үргэлж чихэнд сонсогдож явдаг “Ингэн тэмээний нулимс” дуугаа хамтдаа дуулсан. Энэ дууг Ц.Сарнай, Г.Сүндэрмаа, Э.Ганболор, Солонго нар дуулж байхад тайзны араас гэрэл тусч дуучин С.Сэрчмаа дууг түрэхэд үзэгчдийн алга ташилт дээд цэгтээ мэдрэгдсэн юм. Эгээтэй л 2000 оны эхэн үед тэдний хамтдаа дуулж, ид мандан бадарч байх ахуйд саатсан мэт сэтгэгдэл төрсөнийг нуух юун. Үнэхээр гайхамшигтай. Үзэгчдэд ч тийм мэдрэмж төрсөн биз. Энэ үеэр дуучин С.Сэрчмаа өөрийнхөө амьдралаас сэдэвлэн бүтээсэн УСК-ны дуугаа анхлан сонсгосон нь бас нэгэн гэнэтийн бэлэг байж чадсан болов уу. Мөн хамтлагийн бүсгүйчүүд “Бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн хугацаанд баяртай гунигтай үе ээлжилж байлаа. Тэр цаг мөчүүдэд бид хамтдаа уйлж, хамтдаа инээж байсан. Хэцүү үед бие биенээ түшиж тулж, шантарсан үед нэгэндээ итгэл зориг өгч байсан нь биднийг улам ихээр дотносоход нөлөөлсөн” хэмээж хоолой зангируулан ярьж байсныг энд дуулгая. Ямартаа ч 15 жилийн хугацаанд тус хамтлагийн туурвисан уран бүтээлээр нэгэн үдэш хамтдаа аялаж, тэдгээр бүсгүйчүүдээр бахархаж, хөөрч бас омогшиж өнгөрөөх хүн бүрт тааламжтай байсан биз ээ. Аан тийм энэ дашрамд тэд анхлан уран бүтээлийн ажлаа туурвиж байх ахуйдаа өдөр, шөнөгүй хөгжим тачигнуулж амараадаггүй байсанд тухайн үеийн байрны хөршүүдээсээ хүлцэл өчсөнийг уламжлая. Заавал дуулгаарай гэсэн юм шүү. Ингээд та бүхэн тоглолтын зургаас сонирхоно уу.






































Сэтгэгдэл байхгүй байна