Амьд хөгжмийг шимтэн сонсдог мянга мянган залуусдаа нэгэн сайхан мэдээг дуулгах гэж буйдаа таатай байна. Учир нь тун удахгүй Монголд “Мichael Learns Тo Rock” хамтлаг аялан тоглолт хийхээр хөтөлбөрөө гаргажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өчигдөр Хөгжмийн зохиолч, УГЗ Б.Долгион, “Шар айраг”-ийн Г.Ганхүү, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат зэрэг зохион байгуулагчид хэвлэлийнхэнд дуулгасан юм. Тэдний хэлсэнээр 1990-ээд онд дэлхийн амьд хөгжмийн ертөнцөд ноёрхож байсан “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг алдарт хитүүд нь Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон “Michael Learns to Rock” хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолт хийж байгаа бөгөөд хөтөлбөрийн дагуу тэд 11 сарын 29-нд Индонезийн Баликпапан хотод аялан тоглолтоо үргэлжлүүлж, ирэх сарын 7,8-нд Улаанбаатар хотноо тоглосноор, аялан тоглолтоо өндөрлүүлэх гэнэ.Харин Монголын фенүүдтэйгээ уулзах тус тоглолт UB Паласын концертийн их танхимд дээр хэлсэн өдрүүдэд 19.00 цагт болно. Дашрамд сонирхуулахад энэхүү тоглолтыг “The Bootleg Beatles”-ийн Монгол дахь тоглолтыг санаачлан зохион байгуулсан “EVENTO” LLC урьж, Монголын Залуучуудын Холбоо зохион байгуулж байгаа юм. Харин тасалбар www.evento.mn сайтаар худалдаалагдах ба тасалбар нь “Micro Siesmic” компанийн хийсэн ухаалаг карт хэлбэрээр гарах бөгөөд дараа дараагийн шоу тоглолт, үзвэрүүдэд ашиглагдах боломжтой гэдгээрээ давуу талтай гэнэ. 





Сэтгэгдэл байхгүй байна