
Их Эзэн Чингис Хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа, хүндэтгэлийн “Их Монгол” тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд 15.00, 19.00 цагт болж өнгөрлөө. Монголын урлаг, оюуны ертөнцийг илтгэх “Таван элемент” агуулсан цуврал бүтээлийг сэдэж, хэрэгжүүлэх бодолтой байгаагаа Д.Сосорбарам анхныхаа “Монгол” тоглолтын үеэр мэдэгдэж байсан юм. “Тав” гэдэг тоо нь тохиолдлын бус. Билэг, бэлгэдэл зүйн хосгүй соёл, уламжлалыг тээгч монголчуудын хувьд “таван махбодь”, “таван мэдрэхүй”, “таван өнгө”, “таван зүг”, “таван эгшиг”, “таван тансаг” гэсэн ойлголт байхаас гадна

“Тав”-ын тоо нь эрч хүчийг илтгэдэг нэн эртний бэлгэдэл болох тухай доктор, профессор С.Дулам тун тодорхой өгүүлсэн байдаг. Харин энэ удаагийн “арай олон” таван махбодь оролцсон тоглолтоо Д.Сосорбарам эзэн Чингисийн мэндэлсний 850 жилийн ой энэ онд тохиож байгаад бэлгэшээн их хаанд зориулсан хүндэтгэлийн цэнгүүн болгож үзэгчдэд толилуулсан юм.

Төрийн соёрхолт Д.Сосорбарам ерөнхий найруулагчаар нь ажиллаж буй энэхүү тоглолт уламжлалт төрийн концертоос өөр хэмнэлтэй болсон юм. Цэнгүүнд Монголын шинэ цагийн хөгжмийн урлагийн томоохон төлөөлөгчид болох таван хөгжмийн зохиолчийн үе үед бүтээгдсэн морин хуурын таван концертыг үзэгчдэд толилууллаа. Харин эдгээр концерт тус бүрийг таван удирдаач дохиж амьдруулна. Түүнчлэн таван өөр морин хуурч эдгээр бүтээл дээр гоцлох бөгөөд тэд мөн таван уртын дуучинтай хөг аялгуу нийлүүлж, тэднийг таван бүжиг дэглээч дэмжиж, бүжгийн хэлээр омогшуулсан.

Хүндэтгэлийн цэнгүүнд оролцох таван хөгжмийн зохиолч нь Ц.Нацагдорж, З.Хангал, Б.Шарав, Н.Жанцанноров, Б.Мөнхболд нарын Төрийн соёрхолтууд байх бол удирдаачид нь Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү, Д.Нямдаш, Р.Ганбат, Б.Нямдорж, морин хуурчид нь А.Батсайхан, М.Бүргэдбаяр, Н.Жигжиддорж, О.Чулуунбаатар, Д.Шинэцог, уртын дуучид нь Б.Батмэнд, Э.Болормаа, Б.Мөнхбаатар, А.Түмэн-Өлзий, Г.Энхбаатар, дуучид нь Ж.Алтанцэцэг, Ө.Уянга, Д.Отгонжаргал, Б.Маралжингоо, А.Түмэн-Өлзий, харин бүжиг дэглээчид нь С.Сүхбаатар, УГЖ Л.Ганчимэг, Д.Энхгэрэл, А.Даваахүү, Д.Баярбаатар нар байх ажээ. Түүнчлэн “Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” хамтлагаас гадна УДБЭТ, ҮДБЧ-ын симфони оркестрын уран бүтээлчид, “Увертюра” зэрэг уран бүтээлчид оролцсон юм. Энэхүү тоглолтонд Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, мөн “Чингис хаан”-ны дүрд тоголсон үе үеийн уран бүтээлчид гээд ёслол хүндэтгэл агуулсан тусгай хэмжээний тоглолт болж өнгөрлөө. Ингээд тоглолтын үйл явцаас сонирхоно уу?


















Сэтгэгдэл байхгүй байна