Хэлбэр хөөлгүй хийж бүтээе гэсэн зорилго надад байна

Баянзүрх дүүргийн ИТХ-ын 26 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч А.Хаянхярвааг “Ярилцах танхим”-даа урьж,  ярилцлаа.
-Өөрийг тань монголчууд “Номин талст” хамтлагийн дуучин гэдгээр тань дэндүү сайн мэднэ. Гэтэл яг ярилцлага авах гээд өөрийн талаар судлаад үзтэл тодорхой хариулт гарч ирсэнгүй. Тийм ч учраас дэндүү сайн таньдаг юм шиг хэрнээ цаад мөн чанар, хувь хүний тань тухай тодорхойлолт нийгэмд тийм ч нээлттэй байдаггүй юм уу даа гэсэн сэтгэгдэл төрлөө?
-Хаянхярваа гэдэг хүн хэн юм бэ гэдэгт ойр дотны минь хүмүүс илүү сайн хариулт өгч чадна байх. Миний хувьд “Би тийм хүн. Ийм хүн” гээд яриад суухаас илүү өөрийнхөө хийсэн, бүтээснээрээ бусдад өөрийгөө таниулах нь чухал гэж боддог. Мэдээж нүүр, нүүрээ хараад яриад суухаар тодорхой хариулт гарч ирнэ байх л даа.
-Дуулахаас өөр хийдэг ажил тань юу вэ. Хувийн бизнестэй гэх мэдээллээс өөр дэлгэрэнгүй зүйл дуулдаад байдаггүй шүү дээ. Саяхан өөрийн тань гадныхантай хамт яваа зураг интернэтэд гарсан. Сэтгэгдэл дотор нь “Лиценз л наймаалцаж байгаа биз” гэсэн хардлага их байсан?
-Турк Монголын бизнес харилцааны шугамаар хэсэг турк ирсэн. Тэдний зураг байна билээ. Манайхан гадныхныг харахаараа шууд уул уурхай гэж ойлгодог болсон байна. Тийм юм байхгүй.
Тэр хүмүүс барилгын материал, тэр дундаа барилгын плитаны үйлдвэрийн чиглэлээр судалгаа хийж, хамтарч ажиллах гэрээ байгуулаад явсан.
-Манайтай гэхээр өөрийн тань компанитай гэсэн үг үү?
-Хэсэг найзуудтайгаа хамтраад гадаад, дотоод худалдаа, газар тариа¬лан, уул уурхайн тоног төхөөрөмж гээд олон чиглэлээр бизнес хийдэг.
-Хэдийнээс бизнес хийж эхэлсэн юм бэ?
-Анх хоёр, гуравдугаар ангиасаа бизнес хийж эхэлсэн гэж болно байх. Манай ээж “Нарны титэм”-д дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Ээжээсээ нэг өдөр “Малгай авч өмсөх гэсэн юм. Мөнгө өгөөч” гэхэд 500 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь малгай авч өмсөх гээд дэлгүүрээр явтал таарах малгай байгаагүй. Тэгэхээр нь Дэнжийн мянга руу гарч, 500 төгрөгөөрөө малгай авч өмсөөд ээж дээрээ ирсэн чинь “Миний хүү наад малгай чинь чамд зохихгүй байна. Хар өнгөтэй болохоор царайг чинь дараад байна. Ээж нь чамд зараад өгье” гэхээр нь ээждээ орхичихсон. Орой нь ээж мянган төгрөгөөр зарчихсан гээд өгсөн. Одоо бодоход толгойд тэр дороо л “Ингэж мөнгө олж болох юм байна” гэсэн бодол орж ирсн. Маргааш нь Дэнжийн мянга гарч, хоёр малгай авчирч, ээжээрээ заруулж байлаа. Орой нь ээж хоёр мянган төгрөг өгсөн. Энэ мэтээр дөрвөн малгай, найман малгай гэж явсаар байгаад сүүлдээ сагсны бөмбөг, нацос гээд янз бүрийн бараа зардаг болсон. Хичээлээ тараад шууд Дэнжийн мянга явна. Бараагаа авчихаад ээжид “Нарны титэм”дээр аваачиж өгнө. Тэр үедээ гэрийнхээ хүнсний хэрэглээг ганцаараа бие дааж элбэг хангачихдаг байсан. Дөрөв, тавдугаар ангид орохдоо ямар ч байсан 200-аад мянган төгрөгтэй болсон байсан. Тэр мөнгийг минь аав надаас зээлж авч байлаа шүү дээ. Анхны жижиг бизнесээ ингэж эхэлж байсан.
-Сэргэлэн хүүхэд байсан бололтой?
-Тэгж хэлж болох л байх.
-Харин өнөөдөр бол та гэр бүлээ, бизнесээ, уран бүтээлээ яг нэг төвшинд хамтад нь барьж явж чадаж байгаа үлгэр жишээ залуу. Дээр нь улс төрд өөрийн гэсэн орон зайгаа бий болгохоор Баянзүрх дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байна. Бүхнийг ингэж тэгшитгэж авч явахын тулд та өөртөө тодорхой шаардлага тавьдаг уу?
-Гол нь хариуцлага гэж боддог. Хүн амьдралдаа барьдаг чиг шугам, үндсэн зарчимтай байх ёстой. Тэр нь өөрөө өөртөө бий болгосон жанжин шугамдаа үнэнч байх явдал. Гэр бүлийн амьдрал, бизнес, уран бүтээл гээд чадна гэж эхлүүлсэн бүх зүйлдээ хариуцлагатай байх ёстой. “Чадна” гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Би ингэж л боддог, Хүний амьдрал юм хойно олон бэрхшээл, саад тохиолдоно. Тэр болгонд тэвчих, итгэл үзүүлэх, тунгааж бодох хэрэг гардаг. Тэр болгонд сайтар тунгааж бодох хэрэгтэй юм шиг санагддаг. Амьдрал бүхэлдээ сэтгэл хөөрөл байна гэж байхгүй шүү дээ.
-“Номин талст” хамтлагийн 15 жилийн ойгоор охинтойгоо тай¬зан дээр дуулахыг тань харахад дэндүү гоё сэтгэгдэл төрсөн. Өөрт тань төрсөн сэтгэгдлийг бол илэр-хийлэхэд хэцүү байх. Тийм үү?
-Үнэндээ үг хэлмээр байсан ч үг хоолой давж гарахгүй байсан. Бахархмаар, баярламаар сэтгэгдэл төрсөн. Яг юу гэж тодорхойлж хэлмээр юм бэ дээ. Гайхалтай сайхан байсан шүү.
-Өөрийн тань онцгой нэг үзүүлэлт бол яах аргагүй “15 жилийн өмнөх  Хаянаа тэр л хэвээрээ” гэдэг нэг тодорхойлолт байх?
-Хөгширдөггүй гэж үү.
-Тэгж бодож байна уу. Бас нэг л зангаараа байдаг гэсэн тодорхойлолт байж болох юм?
-Тэгж хэлэх хүмүүс байдаг л юм. Мэдээж цаг хугацааны эрхээр хөгширдөггүй хүн гэж юу байхав. Миний бодлоор 30 гараад ирэхээр ачаалал даах чадвар нэмэгдэж, асуудлыг олон талаас нь харах, шийдвэр гаргахдаа илүү мөн чанар талаас нь ухаж бодох чанар нэмэгдээд ирдэг юм шиг санагдсан. Аль болох зөв шийдвэр гаргахыг хичээдэг болчихдог. Харин хэзээ ч зан ааш минь хувирч байсангүй ээ.
-Энэ нь улс төрд ороход тань нөлөөлсөн үү?
-Үгүй гэж хэлж болохгүй байх. Миний хувьд улс төрийг багийн тоглолт гэдэг талаас нь хардаг. Аливаа шийдвэр гаргахын тулд заавал багаараа хэлэлцэх хэрэгтэй.
-Улстөрч хүний талаарх өөрийн тань тодорхойлолт?
-Яг үнэндээ ард түмний төлөө сэтгэл зүрхээ зориулах ёстой менежер нь байх ёстой гэж боддог. Гэтэл энэ цаг үед байр суурь нь солигдчихсон юмуу гэж харагддаг. Сонгууль болохоор нэг санадаг. “Та нартаа жигтэйхэн их хайртай” гэх маягтай. Би дөрвөн жилд нэг удаа сонгууль болдгийг их бага хугацаа юм гэж боддог шүү.
-Илүү урт байх хэрэгтэй гэж үү?
-Тийм ээ. Адаглаад зургаан жил байхгүй бол хийж бүтээж байгаа хүмүүсийн хувьд хэтэрхий богино хугацаа. Сонгуулийн жилд гэхэд ажил хийгээд байгаа юм бараг харагддаггүй. Шоудаад дуусдаг. Сонгууль дуусахаар томилгоо, маргаан мэтгэлцээн гэсээр байгаад асар их хугацаа алддаг шүү дээ. 
-Та тэгвэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос дүүргийнхээ ИТХ-д нэр дэвшихдээ ямар  зорилго тавьж байна?
-Би өөрөө 25 дугаар хороонд амьдардаг. Хар багаасаа энд өссөн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг бос¬гох ажилд би өөрөө гар бие оролц¬сон. Арваад компаниас тус бүрээс нь 30-аад сая төгрөг цуглуулж, хан¬дивлуулсан. Хувь хүмүүсээс гэхэд саяас эхлээд 10 сая хүртэл төгрөгийн хандив өгүүлсэн байгаа. Гол нь би энэ хорооны ирээдүйг их гоёор төсөөлж хардаг юм. Одоо Зайсан нэг их сонин биш болчихлоо. Ямар ч төлөвлөлтгүй баахан олон байшин. Зам нь нарийхан. Бөөн тоос, шороо. Дэд бүтцийн хүртээмж байхгүй болчихсон. Энд бол өөр. Орчин үеийн орон сууцны хорооллын жишиг хороог энд байгуулах бү-рэн боломж байна. Наад зах нь би хувьдаа энд үйлдвэр барихыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үүний оронд улсын сургууль, цэцэрлэг байгуулж, гудамж талбайг нь гоё тохижуулах хэрэгтэй.
-Ардын намын нэр дэвшигчдэд нэг айдас байгаа нь ажиглагдаад байна л даа. Тэр нь “УИХ-ын сонгуульд ялагдал хүлээчихсэн юм чинь одоо ч дээ” гэсэн айдас. Өөрт тань тийм болгоомжлол төрөх юм уу?
-Үгүй ээ. Надад ямар ч айдас алга. Би харин “Юу хийх вэ. Эхний ээлжинд сургууль, цэцэрлэгийг нь барьж өгнө. Үүний төлөө өдөр болгон нэг хуудас шаардах бичиг өгөөд байя” л гэж бодож байгаа.
-Хэнд вэ?
-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өгнө байх даа. Өдөр болгон аваачиж өгч байгаад ч болов шийдүүлнэ дээ. Ардчилсан намд нийслэлийн ИТХ-д ялалт байгуулсан гээд хааж боогоод, элдвээр хэлээд байх юм алга. Болохыг нь дэмжээд, болохгүйд нь хяналт тавиад явна.
-Товчхондоо ялагдлын дараах ялалт ирнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн үг үү?
-Итгэлтэй байна. Хүмүүс “Ардын нам ялагдсан” гэж ойлгоод байх шиг байна. Өнөөдөр УИХ-д аль ч нам нь олонхи болж Засгийн эрх бариагүй шүү дээ. Дөрвөн намын хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа.Тиймээс Ардын намыг шууд ялагдсан гэж дүгнэж боломгүй санагдана.
-Яагаад Ардын намд элссэн юм бэ. Тухайн үедээ “Нам дуучнаар дутав гэж” гэх шүүмжлэлийг нэлээн хүртэх шиг болсон?
-Ер нь бол хүн хүнээр дутдаг гэдэгт би итгэдэг. Манай намын дэргэд НАМЗХ гэж Монголын хамгийн том залуучуудын байгууллага байна. Ямар ч хүн өөрийн санасан бодсоноо хэрэгжүүлэхийн тулд бусадтайгаа санал бодлоо солилцож, багаар ажиллах хэрэгтэй болдог. Үзэл бод¬лоо илэрхийлж, үнэт зүйлээ хүр¬гэхэд хамгийн их тохирч байсан байгууллага нь НАМЗХ байсан. Тэр үед олон шүүмжлэл дагуулсан нь үнэн. Би хувьдаа Ардын намд элссэнээр дуучин хүнийхээ хувьд нэлээн эрсдэлтэй алхам хийсэн гэж боддог.
-Эрсдэл нь юу гэж?
-Зарим фэн маань надад гомдсон. Уг нь намчирхаад хоёр хуваагдаад байх нь буруу байгаа юм. Гэхдээ тухайн үед намайг шүүмжилдэг байсан хүмүүс бүгд улс төрийг хэт их сонирхох болсон нь харагддаг. Зарим нь улс төрд өндөр албан тушаал хашдаг болсон. Тэглээ гээд надад ам асуугаад байсан юм байхгүй. Харин ч би хүнд өөрийн гэсэн зорилго байгаад, түүнийхээ төлөө зүтгэх ёстой. Сонголтоо хийсэн бол хийсэн шиг хийж, түүндээ үнэнч байх ёстой гэдгийг би харин ч 23 настайдаа, харьцангуй эрт намд элссэнээрээ ойлгосон байх гэж боддог.
-Ардын намд итгэх итгэлийн тань хөшүүрэг юу юм бэ. Энэ намыг олон залуус нэг өдөр итгэж түшсэн шигээ өнөөдөр ялагдалтай нь зэрэгцээд хаяад гарч байгаа нь харагдаж байна шүү дээ?
-Тэр бол хувь хүмүүсийн сонголт байх. Надад бол итгэл бий. Энэ намд чадварлаг, тэмүүлэлтэй, хамгийн гол нь хүсэл зорилготой маш олон залуу бий. Би тэдэнд итгэдэг.
-Дүүргийн ИТХ-д нэр дэвших шийдвэрийг яагаад гаргасан юм бэ?
-Надад 2008 онд Нийслэлийн ИТХ-д нэр дэвших бүрэн боломж байсан. Гэхдээ би дэвшээгүй. Учир нь  би өөрөө даргын томилгоонд их дургүй л дээ.  Тэр үед тийм нөхцөл байдал үүссэн байсан учраас би нэрээ татаж авч байсан. Өөрийнхөө хүчээр гарч ирээд ард түмнийхээ төлөө ажиллахыг чухалчилсан. Энэ удаад цаг хугацааны хувьд болсон гэж бодож байгаа. Намдаа нэг ч гэсэн ялалт авчрах хэрэгтэй байна. Бас юм хийх хэрэгтэй шүү дээ. Түнэр харанхуйг гэрэлтүүлэхийн тулд нэг ч гэсэн лаа барьав гэсэн үг бий байх аа.
-Таныг нэр дэвшихтэй зэрэгцээд янз бүрийн  хардлага гарч байна уу?
-Анзаарагдахгүй байна. Харин ч чамд бол саналаа өгнө шүү гэх хүн олон байгаа. Нэр цэвэр залуу хүн энэ төрд хэрэгтэй гэж байна. Бас амьдардаг хороондоо юм хийж бүтээе гэсэн сэтгэлийг минь хүмүүс их дэмжиж байгаа шүү.  Гол нь энэ хороог жинхэнэ утгаар нь орчин үеийн жишиг хороолол болгох чин хүсэл, чин сэтгэл намайг хөтлөөд байгаа юм. Манай хороо хамгийн сэтгэл хангалуун хороолол болох ёстой. Би бас миний хүүхдүүд тийм л хороололд амьдраасай гэж бодож байгаа.
-Хорооноосоо халиад том амлалт өгөх хэрэг гарч байна уу?
-Ажилтай, орлоготой, боловсролтой гэх мэтээр үү.
-Тийм ээ?
-Дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байгаа хүн худлаа тийм том юм ярих хэрэггүй байх.  Хорооныхоо тухай л ярих ёстой. Харин дүүргийн ИТХ дээрээ очоод дүүргийнхээ хэмжээнд тэр бүхнийг ярих хэрэгтэй. Үүрэг нь ч энэ. Харин УИХ-д нэр дэвшиж байгаа бол Оюутолгой, Тавантолгойгоос эхлээд ажилтай, орлоготой гэсэн глобаль юм ярьж болно. Одоо бол хэрэггүй.
-“Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэрэгтэй” гээд яриад эхэлбэл харин ч сүртэй юм биш үү?
-Тэрийг чинь ярьж байгаа хүмүүс УИХ-ын гишүүн С.Ганбаатараас эхлээд зөндөө байна.
-Яах вэ дээ, түүн шиг яриад үз л дээ. Магадгүй “гоё” харагдах ч юм билүү?
-Хэлбэр хөөх хэрэггүй л дээ.
-Ирэх 2016 онд НАМЗХ-ноос чамгүй олон залуу УИХ-д нэр дэвших нь тодорхой байгаа. Энэ гэнэтийн гэмээр нэг үеийнхний дайралтыг та хэр хүчтэй гэж харж байна. Учир нь та өөрөө тэдний нэг эд, эс нь шүү дээ?
-Ямар ч байсан учиргүй нам¬чир¬хаж, туйлшраад   байдаггүй боловсролтой, нэр цэвэр залуус орж ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Тэр дунд өөрийн тань эзлэх орон зай?
-Хэр зай эзлэх вэ гэдгээ ирэх дөрвөн жилд хийх ажлаараа харуу¬лахыг л хичээнэ дээ. Мэдээж ялалт байгуулсан тохиолдолд шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
                                                                                                                                                                                Г.ОТГОНЖАРГАЛ

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

  • eo hariutslaga ch geh shig ene odoo bolimoor umaa oron suutsnii zeelee ch hugatsaandaa tolj chadahgui bjiij bolij uzmeeriin Uneheer hariutslagatai hun bankniihniig zeelee tol gej araasaa guilgeh uu teneg amitan
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Hoho jinhene helber huuj amidardag hun dee amjihgui baij bolivol deerdee neg hudlaa gar
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 83 zochin 15
    76 Nuursnii une haana buursan yum be Altankhuyag aa lalar mini chi baganuuriin hyamdhan nuursiig uniin buulgalaa gd bgaa buugaagui baij reclam tsatsaad sain hun bolj haragdah gd hicheegeed baihiin archaagui durak bnda chi ter hymdarsan gd baigaa nuursiig chin muu bolohoor ugaasaa humuus avdaggui yum ene chinii biznes yum bn l da 64
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 16 zochin 5
    66 Ardchilsan namiinhan ta nar odii boltol 20 garui jil ard tumnii moroodliig yrij tednii itgel naidvariig huleej hussen erh medeldee ochsonii daraa ingeh baisiimuu Tanai nam zov yrij buruu hiideg humuus bn amaaraa ajil hiideg 56
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 38 zochin 28
    51 Ardchilsan nam zaluusiig bohir uls tordoo tatan oruulahaa bolimoor yum zaluusaa ardchilaltai nas chatsuu baigaa chin huvi tavilan bish shuu dee 19
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 1 zochin 18
    61 Aaaaaa ardchilsan namiihan hudlaa yarina esvel hudlaa moroodno yum hiidiimuu muu ZALIHAA novshnuud Ta nariin ard tumen yamar humuus ve gedgiig chin tanij avsan bolohoor odoo oron nutgiin songuulid yamar nam songohoo ard tumen sain medej bgaa MAN ylnaa 72
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 9 zochin 34
    87 Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter SErdene uneheer durgui hurgej bn Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde 37
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 24 zochin 78
    65 Ardchilsan nam ingej duraaraa durgij bolohgui l yumsandaa ted heniig yamar alban tushaald tabih talaaraa l bodoj bgaa bolohoos bish ard tumnii sain saihan amidral mongoliin toloo huruugaach hodolgohgui baina 51
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 85 Mongolchuuddaa urialga hurgeh ni 37
    76 Za yahav zasag Ardchilsan nam baridag yum bol Oron nutgiin songuulid ardiin nam ylj bn tentsvertei niigem bolj chadna shuu tegehgui bol ardchilsan namiinhan gej ireeduin baychuudiin uul uurhai bolno shuu Ireeduidee haramsaj suuhgui bhiin toloo ardiin namiig songotsgooy 48
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 89 zochin 52
    65 Ardchilsan nam archaagui avilgach luivarchi arhichdiin niigemleg ta nar hun buhnii husel moroodol boloh ardchilal erh choloo gesen ugeer bambai hiij eh orniig mini zarj hudaldaj huvaaj idetsgeej baina Lalruudaa ard tumnii tevcheer aldrah ter ued oorsoddoo harmsan daa 74
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 58 zochin 19
    72 DDISH TV Company TV9 bolon TV5 televizuudiig haagui gedgee alban ysoor medegdeed bhad ardchilsan namiinhan ter tusmaa hurgan darga boloh Altankhuyag buh buruug DDISH TV company ruu oruulj medegdel hiiseer bhiin ichidgui yu uu Odoo ene chin arai dendenee 45
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 1 zochin 5
    55 Temuujin saidaa ta chin uul ni huuliin salbart araasaa daguulah hungui l gedeg baisan Iim hundlel huleehiin tuld huuliig deedeldeg baih ystoi baital 13 say hunii eruul mendiin uilchilgee avah erhiig zorchood ooriinhoo tansag oroond tuhlan suuh archaagui moroodloo ard tumnii ogson itgel erh medleer alban tushaalaaraa dalailgan avch baigaad chin uneheer haramsaj baina Ta ner heleh durtai ugee oorsoddoo neg heleed uzde ENE ARIUN YVDAL UU 55
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 46 Chinggis Khaan 50
    57 Ah duu torliin humuusee ondor alban tushaald tomilson huniig 20 tashuurdaj tsol hergem erh yambiig huraaj bai Ih zasag huulias 37
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 94 zochin 43
    0 Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter SErdene uneheer durgui hurgej bn Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde 65
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • 55 zochin 32
    16 Ardchilsan namiinhan deer doorgui ardchilsan namiinhniig songochihvol uneheer l bugdeeree oluulaa idej uuh bolomjiig ni bid nar oorsdoo gargaj ogno shuu Ingehguin tuld uuh tuuhtei ardiin namiig oron nutgiin songuulidaa songotsgooy bi uul ni ardchilsan namd sanalaa ogdog gevch ter SErdene uneheer durgui hurgej bn Bayngol duurgiig huviin omchoo bolgoh geed bnshde 60
    2012 оны 11 сарын 15 | Хариулах
  • Ичиж амьдар урлагийн ухаан муутай бацаанууд Ийм тэнэг болохоор чинь МАН -д уур хүрээд байдаг юм
    2012 оны 11 сарын 14 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025