Дэлхийг байлдан дагуулагч эсэргүү репперийн Gangnam style ба K-POPЫН СЭТГЭЛ МЭДРЭЛИЙН ӨВЧТӨН
2012 оны дэлхий нийтийн онцлох үйл явдалд орох шахуу байлдан дагуулалт хийгээд буй “Каннам стайл” дууны давалгаанд монголчууд ч мөн ялгаагүй автаад удаж байна. Хошин шог, шөнийн клуб ер хаанав тэнд Каннам стайл маягаар өөр өөрсдийн стилийг тодорхойлж байна. Тун ч инээдтэй, зарим талаар мэдрэл муутай ч юм шиг эл дуу, дууны клип youtube сайтын рекордыг эвдэхээ шахаж буй нь хүн төрөлхтний оюун ухаан улам нялхарч, улам саваагүй болсоор байгааг батлах мэт. Кино урлагаар дамжуулан соёлын attack гайгүй сайн хийдэг өмнөд Солонгос энэ удаад ийн “Каннам стайл”-аар бөмбөрцгийг бүрхэж байна. Угаас К-РОР буюу Солонгосын поп хөгжмийн урсгал дэлхийн чаартад өндөр байр суурь эзэлдэг ч энэ дуу шиг хит болж байсан нь үгүй.
Сөүлийн баячуудын хорооллынхноор дамжуулан хөрөнгөтнүүдийг элэглэсэн уг дууны эзэн PSY гэж ингэхэд хэн бэ? Косметик мэс засалд ороогүй Солонгосын цорын ганц царай муутай дуучин гэгддэг энэ элдэвтэй эр зүгээр нэг дуучин биш. Энэ мэт саваагүй, сонин гаж уран бүтээлүүдээрээ үргэлж дуулиан шуугиан тарина. Америкийн нэр хүндтэй их сургуулиудыг хаяж, бас болоогүй цэргийн алба, хар тамхины хэргээр шүүхэд дуудагдаж байсан гээд сахилгагүй, дэггүйгээрээ цуутай нэгэн. Түүнтэй илүү ойр дотно танилцацгаая.
Жинхэнэ нэр: Пак Жэ Сан
Мэргэжил: Дуучин, хөгжмийн продюсер
Төрсөн он сар өдөр: 1977.12.31
Матрын орд, могой жилтэй
Цусны бүлэг: В
Харьяалал: YG entertaiment, Universal Republic Records, SB project
Анхны цомог: 2001 он [Psy From The Psycho World]
Сонирхол: Бүжиглэх, аялах
Авьяас: кларнет, бөмбөр дардаг
Эсэргүү рэпперПак Жэ Сан 1977.12.31 өдөр БНСУ-д тус улсын томхонд тооцогдох компанийн захирлын гэр бүлд төржээ. Дунд сургуулиа дүүргэн АНУ-ын Бостоны их сургууль болон Berkleу хөгжмийн сургуульд элсэн орлоо. Гэвч эдгээр сургуулиа төгссөнгүй. Багаасаа дуу хөгжимд дур татагдаж хип хоп рэп чиглэлийг сонирхон дуулж эхэлсэн бөгөөд улмаар 2001 онд түүний анхны уран бүтээл болох Psy From The Psycho World цомгоо гаргаж олонд танигдсан. Харамсалтай нь энэхүү цомгийг ёс суртахуунгүй дуунууд багтсан гэсэн шалтгаанаар хориглож, олон нийтийн хэв журам зөрчсөн хэргээр шүүхэд дуудагдаж торгууль төлсөн байна. БНСУ бол хэдийгээр ардчилсан чөлөөт улс боловч одоогийн өндөр хөгжилтэй улс болоход нь нөлөөлсөн хөдөлмөрийн хатуу дэглэм, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт зан заншил, нийгмийн хэв журмыг сахих маш хатуу хууль дүрэмтэй, эдгээрээ чандлан сахидаг орон. Магадгүй нэг улс байснаа хожим хоорондоо дайтаж хоёр улс болон хуваагдаж одоог хүртэл дайны байдалтай байдагтай нь холбоотой биз.
2002 онд түүний хоёр дахь цомог гарч мөн л шүүхээс 19-с доош насныханд худалдаалахыг хориглосон нь тухайн үед олны дунд маргаан дэгдээгээд авлаа. Энэ бүх асуудлууд түүний имиж болоод дуу, дууны үг, түүнийгээ хүмүүст хүргэж байгаа байдалтай нь холбоотой гэдэг. Албан ёсоор өөрөө хэлээгүй ч түүний урлагийн нэрний утга буюу PSY гэдэг нь англиар (psych) сэтгэл мэдрэлийн гэсэн утгатай бөгөөд солонгосоор ССАИ гэж дуудагдана. Энэ нь ер нь жаахан гажигтай нөхөр гэсэн утгыг илэрхийлдэг юм. Нэлээд бүдүүн, хөдөөний танхай байрын царайтай эр. Тэгсэн мөртлөө санаанд оромгүй байдлаар бүжиглэн Америкийн гангстер репперүүд шиг орчлон хорвоогийн явдлыг байгаа чигээр нь гудамжны ёгт хэллэгээр уран бүтээлээ хийдэг нь Солонгосын нийгэмд маргаан үүсгэсээр иржээ.
Хэдий тийм ч тэрээр 2002 оны 9-р сард гурав дахь цомгоо гаргасан бөгөөд Champion дуу нь жинхэнэ хит болсон юм. Түүний харьяалагдаж байсан хөгжмийн компани санхүүгийн бэрхшээлтэй тулгарсанаар YG entertaiment компанитай гэрээ байгуулсан бөгөөд энэ нь ч түүнийг цаашид од болон гялалзахад нөлөөлсөн байна. Энэ нь одоогийн k-pop-ыг тодорхойлж байгаа BIG BANG, 2NE1 зэрэг хамтлагуудыг эгнээндээ багтаасан компани юм.


Шуугианы эзэн
35 настай танхай репперийн шуугиан зөвхөн уран бүтээлийн дэггүйтлээр дуусахгүй. Тэрээр 2011.11.15-нд каннабис мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт холбогдож таван сая воны торгууль төлжээ.
Цаашилбал 2003-2005 оны 11-р сар хүртэл нэгэн компанид программ хангамжийн ажилд албан ёсны зөвшөөрөлтэйгээр томилогдон цэргийн алба дүйцүүлэн хаасан байна. Гэвч 2007 оны 5-р сард прокурор түүнийг цэргийн дүйцүүлэх албыг хуулийн дагуу хаагаагүй гэсэн мэдэгдэл хийн Ссаи-гийн ажиллаж байсан компанийн захирал, менежерийг мөрдөн байцаалаа. Мэдээж түүнийг ч бас байцааж, байцаалтын явцад тэрээр өөрийгөө програм хангамжийн чадваргүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. 2007.06.18 өдөр Ссаи хэвлэлийн бага хурал зарлаж цэргийн албаны шийдвэрийг дагах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн ба дахин цэрэгт явахаа ч хэлсэн байна. Гэтэл цэргийн албанаас түүнд 1 жил 8 сарын хугацаагаатай жинхэнэ цэргийн алба хаах шийдвэр гаргасан боловч Ссаи энэхүү шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандав. Цэрэгт байх хугацаандаа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан боловч 2008.08.21 өдөр дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Дээр дурдсанчлан хөрш оронтойгоо дайны байдалтай байдгаас ч тэр үү, цэргийн албанд ихээхэн эмзэг ханддаг тус оронд энэ нь нэлээн том шуугиан тарьсан юм.
Gangnam styleСсаи 2012.07.15 өдөр Солонгосын SBS телевизээс зохион байгуулдаг “Шилдэг дууны чарт” хөгжмийн нэвтрүүлэгт өөрийн өдгөө байлдан дагуулаад буй “Каннам стайл” хэмээх дуугаараа тайзнаа эргэн гарч ирлээ. 2012.08.15 өдөр Сөүл хотын Жамшил стадионд болсон PSY"s Summer Stand Soaked Show-гаар энэхүү дуугаа дуулж сонирхуулсан. Наймдугаар сарын 25-ны өдөр MBC телевизээс зохион байгуулдаг хөгжмийн нэвтрүүлгээр түүний концертыг дамжуулжээ. Энэ мөчөөс эхлэн Ссаи дэлхийн хэмжээний од болов. Сөүлийн Каннам дүүрэг бол тус орны элитүүд ажиллаж амьдардаг газар бөгөөд “Каннам стайл” дуу чинээлэг давхаргыг элэглэн тэдний онгироо сагсуу байдлыг шоглосон утгатай дуу. Дууны клип нь ч түүнийгээ дагаад маш этгээд сонин хэмнэл бүжигтэй ба чухам үүгээрээ л дэлхий нийтийн анхаарлыг татсан гэхэд болно. Уг дууны клипийг YOUTUBE –ээр одоогийн байдлаар 220 сая хүн үзэж тус сайтын рекорд амжилт руу дөхөж явна.


Ссаи энэхүү дуугаараа АНУ-ын шоу бизнест хүч сорьж 2012.08.23 өдөр VH1-ын Big Morning Buzz Live нэвтрүүлэгт оролцож өөрийн клип дээрх бүжгээ хийж сонирхуулан 10-р сард дахин ирэхээ амлажээ. Мөн 2012.09.06 өдөр Los Аngelos –ын Staples Center-т болсон MTV VIDEO MUSIC AWARDS 2012-т уригдан оролцов. Уг шагнал гардуулах ёслолын ажиллагаанд тэрээр ирсэн зочдод өөрийн бүжгээр бэлэг барьсан ба “Миний хувьд сэтгэл өндөр бас маш их аз жаргалтай байна” гэжээ. Үүнээс хойш дэлхийн бараг бүх л томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр их бага хэмжээгээр түүний тухай гарсан ба цаашид ч үргэлжлэх төлөвтэй. Үүний илрэл нь ирэх 11-р сард болох MTV Europe Music Awards -2012 -т “Gangnam style дуу” best video буюу шилдэг видео номинацид нэр дэвшсэн явдал юм. Ийнхүү галзуу рэпперийн адал явдал үргэлжлэхдээ эх нутгаасаа хальж, дэлхийн дэвжээнд гарч ирсэн нь тэртээ нэгэн цагт англиар дуулдаггүй Испанийн Los del Rнo-Macarena дуугаар, Германы Lou Bega–Mambo №5 дуугаар дэлхийг байлдан дагуулж байсан шиг Солонгос залуугийн дуу дэлхийн хит болж байна.
А.Амка
Сэтгэгдэл байхгүй байна