Нэг ард түмэн гэдгээ харуулна

Төрийн Соёрхолт Д.Болд:
    Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгө өнгийн торгон дээлтэй урлаг, спортын одод хөлхөж, найруулагчийн дуу хадсан хөлтэй өдөр боллоо. Он удаан жил мартагдаад байсан монгол ёсолгоог хүндэтгэлийн мэндчилгээ болгож, орчин цагт дэлгэрүүлэх ажлыг МУ-ын Төрийн соёрхолт дуучин Д.Болд дэмжин, бусдыг хошуучлан ажиллаж байгаа. Бид Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд зориулж монгол ёсолгоог сурталчлах зураг авалтыг “Хэро” энтертайнментын уран бүтээлчид хийж байгааг сонсоод Төв цэнгэлдэхийг зорьсон юм. Энэхүү гэгээлэг үйл ажиллагааг дэмжиж УДЭТ-ийн жүжигчид, УДБЭЧ-ын уран бүтээлчид, Sweetymotion тэргүүтэй хамтлаг дуучид, сур харваачид ирсэн бөгөөд биднийг очиход зураг авалт дуусч байлаа. Дуучин Д.Болд МУ-ын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж  улс, хувьсгалын наадмыг нээж үг хэлсний дараа монгол түмнээрээ босч гараа дэлгэн ёсолцгооё гэж уриалж байгаа юм. Монгол ёсолгоонд зориулсан зураг авалтын дараа Д.Болдтой хөөрөлдсөнөө хүргэе.
-    Анхлан Монголпоп урсгалыг ард түмэндээ таниулсан дуучин Д.Болд монгол наадмаар монгол ёсолгоог дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Яагаад  монгол ёсолгоог сонгох болов?
-    Юуны өмнө уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй монгол наадам болох гэж байна. Нийт ард түмэндээ сайхан наадаарай гэж хэлье. Танай хамт олонд ч бас удахгүй болох гэж байгаа баяр наадмын мэнд хүргэе. Би монголпоп урсгалаар ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Удахгүй “Монголпоп-2” шинэ цомог маань бэлэн болох гэж байна. Бас наадамд зориулсан төрийн хүндэтгэлийн тоглолтонд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Би монгол ёслолыг дэмжиж байгаа. Монголчууд нэгдсэн сайхан ёсолгоотой болчихвол маш сайхан харагдах болов уу. Бид төрийн дууллаа дуулаад, Ерөнхийлөгчийнхөө үгийг сонсоод наадмаараа монгол ёсолгоогоо хийж байх юм бол бид нэг санаатай, нэг хүчтэй, нэг улстай, нэг соёлтой, нэг үндэстэн гэдэг санаа харагдах болов уу, тэр утгаараа би энэ ажлыг дэмжээд өөрийн хувь нэмрээ оруулаад явж байна.
-    Монгол ёсолгоог өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх үү, эсвэл зөвхөн уламжлалт, томоохон баяр наадмуудаар хийж байя гэж та бодож байна уу?
-    Ерөнхийдөө их хүндэтгэлийн ёслол. Сайн байна уу гэж мэндлэх болгондоо ёслохгүй. Хамгийн гол нь бүгдээрээ Төрийн дууллаа дуулсныхаа дараа нэгэн зэрэг ёсолгоогоо хийдэг болчихвол их сайхан болов уу. Тиймээс энэ бол хүндэтгэлийн монгол ёсолгоо.
-    Энэ зун их өвөрмөц. Сонгуультай, сонгууль дуусав уу үгүй юу наадам болох гэж байна. Та энэ жил хаана наадах вэ?
-    Би мэдээж Монголдоо наадна. Төрийнхөө хүндэтгэлийн тоглолтонд дуулаад энэ жил гэр бүлээрээ монголдоо сайхан наадна. Би Төв цэнгэлдэх хүрээлэндээ нээлтийн өдөр монгол ёсолгоогоо хийхийг бүр тэсэн ядан хүлээж байна. Тиймээс баяр наадмын талбайд цуглах монгол залуус, ах эгч, өвөө эмээ нарыг монгол ёсолгоогоо  хийгээрэй гэж уриалж байна. Бид нэг ард түмэн гэдгээ энүүгээр харуулна гэж би бодож байгаа.
-    Та наадмынхаа гоёлыг зэхсэн үү? Эсвэл олон сайхан дээлнийхээ нэгийг сонгох уу?
-    Би энэ удаа шинэ дээл бэлдэж байгаа, наадмаараа шинэ дээлээрээ гоёно. Миний дээлийг Лхагваа гэдэг оёдолчин урлаж байгаа. Мэдээж, төрийн тоглолтонд оролцох гэж байгаа урлагийн хүн гэдэг утгаараа сайхан дээл өмсөнө. Наадмын дээл хүний тэр жилийн өнгийг тодорхойлдог шүү дээ.
-    Камертон хамтлагийн ахлагчтай уулзсаных “Камертон-2” шоуны талаар асуухгүй өнгөрч болохгүй.
-    “Камертон-2” шоуны 4 дүгээр шат эхлэх гэж байна. Удахгүй бас шилдэг 4 залуу гарч ирэх байх. Бид ирээдүйтэй, рок попын ертөнцөд удаан амьдрах чанартай хамтлагаар ард түмэндээ бэлэг барина.
-    За, ярилцсанд баярлалаа.
Монгол бөхийн дэвээ, шаваа, сурчдын уухай, энгийн ард түмний хурай. Санасан, удаан уулзаагүй хүнээ харахдаа гараа дэлгэж, цээжээ тэнийлгэн угтах. Монгол түмний энгийн амьдралд шигтгээ мэт үлдсэн эдгээр үйлдэлд өнө эртнээс уламжлалтай монгол хүндэтгэлийн ёсолгоо бат шингэсэн байна. Үндэсний бахархал, уламжлалаа сэргээж наадмаар монголоороо ёсолцгооё.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025