Америк удирдаач Монголд

УДБЭТ-ын хүндэт  зочин АНУ-ын Санфранциско хотоос ирээд байгаа юм байна. Тэрээр Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач Жин Дун Цай аж. Өмнө нь Монголд ирж ДБЭТ-ын тайзнаа “Аида”, “Кармен”, “Хунт нуур”-ыг удирдан  тоглуулсан юм. Мөн тэрбээр ДБЭТ-ын 50 жилийн түүхэнд анх удаа үндэсний дуурь, балетыг тайзнаа удирдан тоглуулсан юм.  Жин Дун Цай мөн А.Батдэлгэрийн “Тэнгэрийн ташуур” балетыг бичихэд нь туслан, зөвлөгөө өгч, удирдан тоглуулснаараа монголд анх удаа үндэсний бүтээлийг өлгийдөн авсан гадаадын уран бүтээлч болсон түүхтэй.  Тэгвэл тун удахгүй  ирэх долдугаар сарын 1-нд тоглох А.Аданын “Жизель” балетыг удирдахаар Монголд хүрэлцэн ирээд байна. ДБЭТ-ын балетын 49 дэх улирал энэхүү алдарт балетаар хаалтаа хийх юм.

Жин Дун Цай ирэх бямба гаригт буюу зургадугаар сарын 30-нд ДБЭТ-ын тайзнаа симфони найрал хөгжмийн томоохон тоглолтыг толилуулах юм. Тэрбээр Монголд анх удаа АНУ-ын уламжлалт хөгжим, Холливудын киноны алдартай аялгуунууд болон Бродвей театрт тоглогддог мюзиклийн зарим нэг хөгжмийг эгшиглүүлэн, үзэгчдийн сонорыг мялаах нь ээ. Тоглолтод ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид оролцох юм. Мөн Ө.Уянга, Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван нарын дөрвөн уран бүтээлч оролцох аж.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025