“Ньюанс” хамтлаг элэг нэгтнүүдээ эргэж явна

Ард иргэд нам хүчин, эрхэм горилогчдыг хурдан морь шиг уралдуулан ярьж, хөдөө хотгүй сонгуулиар амьсгалан санал хураалтын өмнөх өдрүүд сэрүүхэн, ширүүхэн үргэлжилж байна.  Урлаг соёлын зарим эрхмүүд дөрвөн жилдээ ганц тохиох өндөр ашиг орлоготой үеийг алдахгүй гэсэндээ нэр дэвшигчидтэй хамт орон нутаг руу онгоцоор ч нисч, газраар ч хурдалж яваа сурагтай.
Харин нэг л хамтлаг энэ бүхнээс ангид хаа холын Улаан-Үүд, Агийн Буриадад хүрч, ая дуугаа өргөн, элэг нэгтнүүдээ  эргэж яваа гэнэ дээ. Монголын урлагт попопера гэх шинэ урсгал бий болгосон “Ньюанс” хамтлаг мэргэжлийн өндөр ур чадвар, цаашлаад жинхэнэ одууд шиг биеэ авч явах байдлаараа хаана ч ялгарч, чансаагаа мэдрүүлдэг. Тэд энэ удаад ч сонгуулийн халтуурт оролцолгүй, сонгодог урлагийн төлөөлөл сонгодог хүмүүс гэдгээ батлан хойд хөршид аялан тоглож байна. Хамтлагийн ахлагч Амараа Дорнод аймгийн буриад хүн бөгөөд эцэг өвгөдийнхөө нутгийг эргэн, ард түмнээ дуу хуураараа хөгжөөж яваа аж. Тэд энэ сарын 25-нд нийслэл хотдоо эргэн ирэх юм.
Дашрамд дуулгахад жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтаргана” буриад түмний их урлагийн их наадам ирэх сарын 20-22-ний өдрүүдэд болно. Агийн Буриадын тойргийн дарга хичээнгүйлэн хүссэний дагуу “Ньюанс” хамтлаг “Алтаргана” наадамд оролцож, ая дуугаа өргөх болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025