Бид хоёрыг удаан хамт байлгаарай гэж хоёулаа залбирдаг

Би түүнтэй яг дуралчихсан байхад нь уулзсан юм. Нүд нь гялалзаад, царай нь гэрэлтээд, хацарынх нь хонхорхой улам эгдүүтэй болоод тэр яг анх дурлаж байгаа жаахан охин шиг... Дурлал үнэхээр хүчтэй аж.

Энэ бол жүжигчин И.Одончимэг. Мэргэжлийн томчуудын зүгээс авьяас нь халгиж цалгисан жүжигчин гэх үнэлэлтийг авдаг нь түүнийг мэргэжлийн хүрээндээ хэн бэ гэдгийг нь төвөггүйхэн илэрхийлнэ. Харин хүнийх нь  хувьд би түүнд хайрлам, сэтгэл татагдам, гайхалтай үнэн бүсгүй хэмээх дүгнэлт өгмөөр санагдсан. Чин сэтгэл, зөв бодол, бүсгүй хүнд байх ёстой нинжин, уяхан сэтгэл цөм түүнийх аж. Тиймдээ ч амьдралынхаа чамгүй олон жилийг ганцаар үдсэн сайхан бүсгүй хайртайгаа учирч, гэр бүлийн аз жаргалд умбаж явна. Инээж, баярлаж, бас бодлогширч, нулимстай хоёр цагийн турш ярьсан бидний хөөрөлдөөн таньд нэгийг бодуулах биз ээ.

-Хүнээс ийм жүжиглэлт яаж гардаг байнаа гэмээр авьяас таниас үнэртдэг. Мэдээж та бол манай урлагийн урдаа барих сайхан бүсгүйчүүдийн нэг. Урлагийнхны карьерт авьяасаас гадна гадаад гоо үзэмж багагүй нөлөөлдөг байх. Та үүнтэй санал нийлэх үү?

-Нөлөөлнөө. Ер нь урлагийн хүнд гадаад төрх онцгой байр суурийг эзэлдэг. Тэгэх ч ёстой л доо. Би ээж, аавдаа баярлаж явдаг юм. Учиргүй дугуй хөлтэй эсвэл хүн харахад юу билээ гэмээр биш, ямар ч байсан ажиллаж хөдөлмөрлөж, уран бүтээлээ хийж явахад боломжийн бие хаа, царай зүс заяасанд тэр хоёртоо л баярлахаас өөрцгүй. Заримдаа манай жүжигчид сууж байгаад марзганадаг байхгүй юу, хамар амаа янз бүр болгоод ийм байсан бол баларав аа гээд /инээв/. Охин маань ч гэсэн хааяа миний хамар ийм, зүс яагаад ийм бор юм, тань шиг цагаан байж болоогүй юм уу гэхээр нь би охиндоо, “Чи харин ч ийм боломжийн царай зүс, бие хаатай төрүүлчихсэнд нь баярла. Ямар нэгэн байдлаар эвгүй төрхтэй төрчихсөн хүмүүс байдаг. Тийм бол яана” гэж хэлдэг юм. Ер нь хүн болгонд өөрт нь зохисон хамар, ам заяачихсан байдаг шүү дээ. Тийм болохоор заяасан төрхөндөө гомддоггүй юм аа.

-Таныг ялангуяа драм талдаа гайхалтай авьяастай жүжигчин гэж мэргэжлийн томчууд үнэлэж байхыг нэг бус удаа сонсч байсан юм байна. Драмаас хошин урлаг руу уруу татчихсан зүйл юу вэ?

-Янз бүрийн шалтгаан байна л даа. Юуны өмнө нь цаг үе нь тийм байсан. Одоо ч гэсэн дэлхий нийтийн театрын уран бүтээлчдийг харах юм  бол аль нэг театрт харьяалагддаг жүжигчин байхгүй шүү дээ.

Урлагийн буянаар овоо олон улсуудаар явлаа. Хаана ч очоод харахад улсаас тэжээгддэг жүжигчин гэж байдаггүй. Бүх уран бүтээлчид чөлөөт маягаар ажиллаж байна. Нэг найруулагч уран бүтээл хийе гэх юм бол төслөө гаргаад тохирох жүжигчнээ сонгоод, гэрээний зарчмаар хамтарч ажиллах жишиг тогтчихож. Удахгүй манайх ч ийм болно л доо. Хошин урлагийнхан гээд муу яриад л байдаг. Магадгүй үүнийг илүү эрт мэдэрцгээсэн хүмүүс бол хошин урлагийнхан. Театрын амьдрал дэлхий нийтэд ямар зарчмаар явагдаж байгааг эрт мэдэрсэн учраас энэ сонголтыг хийсэн. Хоёрдугаарт, хүн өөртөө байгаа авьяасыг зохих хэмжээгээр худалдах хэрэгтэй. Тэгж байж амьдрах ёстой. Тэгэхгүй, би л авьяастай, би л сонгодогт тоглох ёстой хүн гээд энэ авьяасыг өөр юманд зориулахгүй байх шиг тэнэг мунхаглал байхгүй. Энэ бол хоцрогдсон ойлголт. Авьяас, арилжаа хоёр үргэлж хамт явдаг ойлголт. Өөрөөр хэлбэл, авьяастай л бол түүнийгээ арилжих ёстой. Хүмүүст таниулах ёстой, түүгээр өөрийгөө тэжээх ёстой. Тэр хэрээр өөдрөг, өнгөлөг амьдарч, орчин тойрондоо нөлөөлөх ёстой. Түүнээс биш өөрт байгаа авьяасыг хайрцаглаад байгаа юмуу, юу гэж ойлгоод байдаг юм, тийм хүмүүсийг би ойлгодоггүй. Авьяасаа үнэлж, арилжиж чадахгүй бол утгагүй ш дээ. Өөрөөр хэлбэл энэ бол цаг үеийн ритм юм даа. Өнөөдөр хүмүүс цаг хугацаатай уралдаж амьдарч байна, цаг хугацаа, өөрт байгаа боломжийг ашиглаж амьдарч байна. Тийм шаардлага ч амьдралаас урган гарч ирж байна. Театрт байхад өглөө 10 цагт дуудаад яах гээд байгаа нь мэдэгдэхгүй орой 5 цаг хүртэл байлгадаг байсан юм. Маргааш нь дахиад л 10 цагт дууддаг. Найруулагч та нартай 2 цагт уулзана гэсэн шүү гэдэг. Нөгөө найруулагч нь ч ирдэггүй. Хайран үнэт цаг шүү дээ. Үүний оронд өөр юм бүтээж баймаар байна ш дээ. Хөдөлмөрлөж байх ёстой, авьяасыг байнга тордож, хөгжүүлж байх ёстой. Би боддог л байсан юм, энэ ягаан театраас /драмын театр.сурв/ гарвал миний амьдрал дуусаа гэж, яг үнэндээ. Манай Найдаа найруулагч, Онон хоёр театраас гарахыг зөвлөсөн л дөө. Тэр үед би өөрөө гэр бүлээ тэжээдэг байлаа. Би нөхөртэй, хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг ч гэсэн аль болох бусдын зэрэгтэй амьдрах гэж хөдөлмөрлөж байсан. Гэхдээ л би өөрийнхөө санасанд хүртэл амьдарч чаддаггүй байсан юм. Харин надад өөрийнхөө санаснаар амьдрах боломж бий шүү дээ гэдгийг би мэдэрдэг байсан. Тэгсэн хэрнээ би чаддаггүй. Яагаад гэвэл би улсын жүжигчин. Театрт харьяалагдаж, улсаас цалин авч байгаа учраас 10 цагт нь ирэхгүй байж болохгүй. Түүнийг зөрчөөд ийш, тийшээ бригадаар явах юм бол цалингийн 30 хувийг хасч, торгодог байсан. Ийм юманд баригдах их хүнд шүү дээ. Одоо харин би харамсдаг юм. Илүү эрт театраас гарах байсан юм гэж. Би их олон он жилийг алдсан юм байна лээ. Театраас 2000 оны намар гарсан. Энэ хугацааг ядаж л 4 жилээр урагшлуулчихгүй яав аа, тэгсэн бол би илүү ихийг хийх байж. Би хэрвээ театрт цалин горилоод, оролцсон олигтой уран бүтээл ч байхгүй, өөрийнхөөрөө амьдарч чадахгүй байсан бол яана гэж. Одоо ч өөрт байгаа авьяасаараа өөрийнхөө амьдрал, гэр бүлийг зохих хэмжээнд тэжээж чадахгүй байгаа зарим нэг уран бүтээлчдийг хараад өрөвддөг юм. Угаасаа өрөвдмөөр шүү дээ.

-Та Х ТҮЦ-ийн жүжигчнаас гадна найруулагчаар ажилладаг…

-Хамт олон итгэж үүрэг өгдөг юм л даа. Түүнээс биш би мэргэжлийн найруулагч биш. Найруулагч гэдэг чинь өөрөө их хүнд хөдөлмөр. Яах гэж түүнийг зориудаар хэдэн жилээр сурдаг юм? Учир байгаа шүү дээ. Хамт олон минь надад итгэдэг юм. Итгэж, хариуцлага хүлээлгэж байгаа учраас найруулагч гэдэг мэргэжлийн зарим ном судрыг нь үзэж, унших юмсан гэж боддог. Одоо бол цэвэр мэдрэмжээрээ хийж байна. Мэргэжлийн гэж хэлэхэд хэцүү. “Сэргээш-3”-ыг анх зориглож барьж авсан. Сэтгэл хангалуун явдаг. Ямар ч байсан хэдэн жилдээ “Сэргээш“-ийг гүйцэх хошин мюзикл гарахад хүнд. Үүгээрээ дараа дараагийн уран бүтээлчдэд цензур тавих хэмжээний болсон гэж бодож явдаг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд тайзан дээр тавигдах уран бүтээлээ бид нар бүгдээрээ хамтраад найруулчихдаг. Харин телевизээр гарах бүтээл эсвэл киногоо би найруулдаг. Дүрслэлийн талдаа илүү гэх үү дээ. Өөрөө ч энэ талдаа их сонирхолтой.

-Хошин урлагийнхныг нүд үзүүрлэх хүн бишгүй байх юм. Гудамжны урлаг, хуушуур хийж зах дээр зарахтай адил, энэ нь нийгмийн хөгжлөөс хойш чангааж байна гэж сүүлийн үед их ярих болжээ. Та үүнд ямар байр сууринаас ханддаг вэ?

-Шүүмжлэх нэг нь шүмжилнэ ш дээ. Шүүмжлэх ёстой юм чинь. Тэгж л санагдсан бол шүүмжлэг. Энэ тогоон дотор байгаа хүний хувьд хэлэхэд тэгж хэлтэл нь тоглодог хүмүүс байдаг шүү дээ. Байна. Бүгд л мундаг, бүгдээрээ сайн тоглолт хийгээд байна гэж хэлж болохгүй. Үүнийг харин үзэж байж, муу, сайныг ялгах хэрэгтэй. Ямарваа шүүмжлэл эзэнтэй байх хэрэгтэй. Түүнээс биш нийтэд нь хавтгайруулаад, олон хүний хөдөлмөрийг нулимаж болохгүй. Тэнэг, өрөөсгөл зүйл. Би бол нуухгүй ээ, манайхан дотор гадаад төрхөөрөө хүн инээлгэх гээд ч байгаа юм уу эсвэл ямар ч логикгүй, ямар ч зохиолын өрнөлгүй, төгсгөлгүй, юу хэлээд байгаа нь мэдэгдэхгүй үзэгдэл хийчихээд, түүнийгээ хүнд үзүүлээд байдаг хамтлагууд байдаг ш дээ. Гол нь үзэх хэрэгтэй, харах хэрэгтэй. Хэн нь юу хийж байна вэ гэдгийг ялгах хэрэгтэй. Энэ тогоонд чинь ийм нэг хэсэг байхад урлаг болгох гээд, дараа дараагийн уран бүтээлчдэд цензурыг нь тавих гээд, үүнээс ахих л хэрэгтэй юм шүү гээд шатыг нь өрөөд, хөдөлмөрлөөд байгаа уран бүтээлчид бас байна. Бүх юм сайн, муу хоёр талтай. Драмын урлаг ч гэсэн ялгаагүй, би тавигдаж байгаа бүхий л жүжгүүдийг үздэг. Хэцүүхэн, яана даа гэмээр, үнэхээр болхи хийцтэй, жүжиглэлт тааруу, найруулага муутай жүжгүүд зөндөө тавигдаж байна. Үүнийг бас муулаад байвал муулаад л байна. Гэтэл сайн жүжгүүд бас тавигдаж байна. Тийм болохоор өөрсдөө үз, ялга. Шалбааг дотор ч алт хэвтэж л байдаг.

-Охин маань одоо 16 хүрч байна. Охиндоо боломжоороо л цаг гаргах юмсан гэж боддог. Гэхдээ охиндоо хэр цаг зав гаргасан юм бол гэж хааяа хааяа боддог юм аа. Санасныг бодвол гаргаж чадаагүй. Би бага байхын л хүүхэдтэй болбол ингэж хүмүүжүүлнэ, тэгж суралцуулна, хичээлийг нь ингэж хийлгэнэ гэж боддог байлаа. Тэрэндээ би хүрээгүй ээ. Харин энэ хүслээ биелүүлэхэд миний ээж охинд минь ээжийн оронд ээж, эмээгийн оронд эмээ болсон. Бүхий л ураг төрлийн хэн байдаг юм, тэдгээрийн бүх үүргийг миний ээж гүйцэтгэсэн. Би гэхдээ өөрийгөө муу байсан гэж хэлэхгүй.

Хайрлахаас их зүйл үүдэлтэй л дээ. Хүнд их зөв сэтгэлийг бий болгодог. Зөв сэтгэл гэдэг маань бүх зүйлд зөв талаас нь хандах тухай асуудал юм.

-Таны мэргэжлийг өвлөх нь үү?

-Өвлөхгүй байх аа даа. Охин маань өөрөө дуртай. Би бол хүсдэггүй. Айдаг юм. Гэхдээ хүний хүсэл гэдэг хэцүү. Хориод байх тусам цааш явдаг. Миний охины хүсэл хаашаа,  түүгээрээ болно.

-Эцэг, эхчүүд хүүхэддээ мэргэжлээ өвлүүлэх дуртай байдаг шүү дээ. Та яагаад хүсдэггүй гэж?

-Яагаад гэвэл энэ амьдралыг биеэрээ туулсан учраас. Чи намайг хар л даа. Магадгүй би их олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг байсан. Миний тэр мөрөөдөл нэг талаар биелсэнгүй. Ердөө ганц охинтой. Дахиж хүүхэд гаргахыг хүсдэг. Гэтэл ажил маань болдоггүй. Тэгэхээр би энэ ажилд илүү дуртай байгаа биз. Ингэж л амьдарч байна. Энэ бол миний амьдрал, миний сонголт. Би охиноо олон хүүхэдтэй болоосой гэж хүсдэг /нулимс нь цийлэгнэв.сурв/. Гэр орондоо олон цагаар байж, хань ижилтэй сайхан амьдраасай гэж хүсдэг.

Би саяхныг болтол ганц бие гэж сонин хэвлэлээр бичүүлж ирсэн. Энэ бол эмэгтэй хүний хувьд хүсээд байх амьдрал биш. Олны танил байх чинь хүсээд байх зүйл биш шүү дээ. Сайхан үедээ сайхан, хэцүү үедээ хэцүү. Хашгираад орилоод, гудамжинд үсээ зулгаагаад чарлаад гүймээр үе амьдралд байдаг.

Охин маань энэ мэргэжлээс кайф авч чаддаг бол болно. Урлагийн тогоонд ачааг нь дааж, давж, ард нь гарч өдий зэрэгтэй амьдарна гэдэг эмэгтэй хүнийн хувьд бэрх. Амьдралд хандах өөрийн хандлагатай, өөрийн гэсэн бодолтой, тэвчээртэй, зоригтой өөрийн гэсэн нэр төртэй байхыг энэ амьдрал шаарддаг. Энэ бүхнийг дааж, тээж амьдарна гэдэг эмэгтэй хүн болгоны хүсээд байх амьдрал биш л дээ. Чи л өөрөө өөрийгөө хариуцаж, өөрөө өөрийнхөө төлөө амьдарч чадахгүй бол чи хэн нэгэнд гишгүүлээд өнгөрнө гэж би охиндоо хэлдэг юм. Эмэгтэй хүн их эмзэг амьтан. Амьдралд заримдаа хатуу үе байдаг. Үүнийг ганцаараа тэснэ гэдэг хэцүү. Миний охинд тийм сэтгэлийн тэнхээ бий билүү гэж боддог юм. Тэгмэгц л айдаг. Яагаад гэвэл миний охин надаас зөөлөн. Төрөлхийн чанар нь. Яахав, амьдралын хүнд хэцүү, бэрхээс шалтгаалж цаг хугацааны эрхэнд хат сууж болно. Гэхдээ л төрөлх чанар гэдэг бол өөрчлөхөд хэцүү учраас би айдаг юм. Урлагийн эмэгтэй хүн хатуу байж амьдардаг. Нэг л мэдэхэд янз янзын хэл аманд орооцолдоно. Олон хүний анхааралд байгаа хүн өртөх юм ихтэй гээд сул тал их байдаг.

-Тэгвэл таныг хатуу эмэгтэй гэж ойлгож болох уу?

-Би их зөөлөн хүн ш дээ, уг хүн нь. Багын л их зөөлөн хүүхэд байсан. Гоё цэцэг хараад ч юм уу эсвэл гоё бороо орохыг хараад л уйлдаг. Энэ талаар би их бодсон л доо. Яавал би хүнд дарлуулахгүй, бусдад дээрэлхүүлэхгүй, эрх чөлөөгөө боогдуулахгүй өөрийнхөөрөө амьдрах вэ гэдгийг эртнээс бодож эхэлсэн. Үүнд магадгүй миний эргэн тойрон байгаа хүмүүсийн амьдрал, эр нөхөртөө бариулж байгаа найзуудын маань нөлөө байсан байх. Их эрт бодож эхэлсэн учраас хатуу байх чанарыг өөртөө эртнээс суулгаж эхэлсэн юм болов уу. Эсвэл магадгүй урлагийн хүний араншин байж магадгүй. Зөөлөн юман дээрээ зөөлөн хэрнээ хатуу зогсох юмандаа хатуу зогсож чаддаг. Тийм араншин надад байдаг. Аливаа юманд зөв бодол, эрүүл сэтгэлгээ юу юунаас чухал. Өрөвдсөн ч зөв өрөвддөг, хатуурхсан ч зөв хатуурхдаг, уурласан ч зөв уурлах чанар хүнд байх ёстой.

Энэ далимд хэлчихэд ном унших их чухал. Би багаасаа их уншсан. Өөрөө учиргүй гэгээрч, бясалгахгүй юм гэхэд ухаантай хүмүүсийн зохиосон ном унших нь амьдралд хандах, өөртөө хандах ухааныг хүнд өгдөг.

-Ер нь хошин урлагийнхан том жижиг, эрэгтэй, эмэгтэйгүй л таниас дөлж, эмээдэг юм билээ.  Бүсгүй хүний мяндсан ухаан, авьяасаараа бусдад хүндэтгэх  сэтгэлийг төрүүлж чадсан юм байна гэж би бодож байсан. Тэр ч утгаараа та хүчирхэг эмэгтэй, чадварлаг удирдагч байж таарна. Энэ бүхнийг танд амьдрал, өнгөрсөн цаг хугацаа өгсөн байх, тийм үү?

-Амьдрал өгөлгүй яахав. Түүнээс гадна гэрийн хүмүүжил гэж чухал юм байдаг. Ялангуяа эх хүний. Миний ээж багш хүн. Ээж маань намайг орчноо мэдэрдэг болсон цагаас эхэлж чамайг хайрлаж л байгаа бол чи тэр хүнийг хайрлах ёстой гэдгийг ойлгуулж ирсэн. Гэмт хэрэгтэн, хулгайч, луйварчин ч чамайг хайрлаж болно. Тэр хэн ч байсан чамайг хайрлаж байгаа нь агуу учраас чи бас хайрлах ёстой гэж ээж минь хэлдэг. Ер нь хайрлахаас их зүйл үүдэлтэй л дээ. Хүнд их зөв сэтгэлийг бий болгодог. Зөв сэтгэл гэдэг маань бүх зүйлд зөв талаас нь хандах тухай асуудал юм. Хүнтэй хэрэлдсэн ч гэсэн яагаад энэ надтай хэрэлдэв, юунаас болов гэж тэр хүний оронд өөрийгөө тавьж үзэж бодох хэрэгтэй. Тэгэхэд нөгөө хүнээ өмгөөлөх сэтгэл төрж эхэлдэг. Ер нь хүнийг хайрлана, хайрлаж сурна гэдэг олон сайхан зүйлийн эх ундарга болж өгдөг.

Хүмүүс надаас дөлдөг гэв үү. Магадгүй юм. Хаашаа ч юм бэ /бодлогоширов/. Би илэн далангүй юм шиг хэрнээ бас нууцлагдмал. Хүмүүс намайг халдаж, ойртож болдоггүй гэж ярьдаг. Гэтэл яг халдаад ярихаар бүх юмаа уудалж ярих чадвартай. Шууд ойлголцож чаддаг. Тэгээд хүмүүс ярьж болдог л юм байна ш дээ гэдэг юм /инээв/. Манай ажлын хамт олон хааяа ярьж хөөрч сууна л даа. Тэгэхэд манай Нарансолонго “Одоо л нэг Одноо эгчтэй сайхан яриад ойр боллоо гэхэд маргааш нь юу ч болоогүй юм шиг байдаг” гэдэг юм. Тэгээд би өөрийгөө хүмүүстэй хүйтэн, хөндий харьцаад байна уу гэхээр тийм биш. Тэр хүнийг ойлгосон, хайрласан халуун сэтгэл дотор байж л байдаг. Тэгээд юундаа байдаг юм. Магадгүй би шулуухан хүн байх. Энэ миний найз байж яагаад надад муу үг хэлдэг билээ гэж хүмүүс боддог юм байна л даа. Гэтэл тийм биш юм. Миний амьдралдаа баримталдаг гол зүйл бол хүн амьдралд, бас өөртөө шударга хандах ёстой. Чамд муу чанар бий бол шууд л хэлэх хэрэгтэй. Би найздаа ч дутагдал байвал нуулгүй хэлж чаддаг. Тэр нь зарим хүнд таалагддаггүй байж болох юм. Таалагддаггүй ч гэж надад хүн хэлж байсан. Энэ бас л магадгүй ээжээс минь олдсон хүмүүжил байх. Хоёрын хооронд нүүрийг нь хараад нэг юм яриад цаашаа хараад бас нэг өөр юм ярьдаг хүнийг би үзэн яддаг. Энэ маань олон хүнд таалагддаггүйг би мэддэг. Энэ хорвоод туйлын үнэн гэж байхгүй. Туйлын үнэн гэж байхгүйгээс хойш ихэнхи тохиолдолд үнэн байхыг хичээж амьдрах хэрэгтэй. Хайрлахдаа хүртэл үнэн байх  юмсан. Хүнд үг хэлэхдээ үнэн байх юмсан. Шүүмжлэхдээ ч гэсэн үнэн, зөв, тэр хүнд ойлгогдож, хэрэг болох талаас нь хэлэх юмсан гэж боддог. Тэрнээс биш үзэн ядаж, атаархсан үүднээс биш тухайн хүний амьдралд хэрэг болох талаас нь үнэнийг хэлж чаддаг байх юмсан.

-Амьдралынхаа багагүй хугацааг та ганцаараа үдсэн. Өөрөө хөдөлмөрлөж, өөрийгөө бий болгож, төдийгөөс өдий хүртэл амьдралыг ганцаараа үүрч явна. Хааяа ч гэсэн ганцаардах үе гарах юм уу?

-Байнаа. Байлгүй яахав. Хүн л болсон хойно амьдралын янз янзын бэрхшээл надад үүсч байсан. Тэр болгоныг ганцаараа гэхэд хаашаа юм, миний ээж бол амьдралын минь баяр баясгалантай, гунигтай бүхий л үед хажууд минь байж чадсан юм. Намайг ганцаардуулаагүй. Энэ хорвоогийн ээж болгон сайхан. Харин хүн болгон сайн ээж байдаггүй /уйлаад/ юм. Миний ээж тийм сайн ээж байж чадсан. Тиймээс би ганцаардлыг мэдрэлгүй өнгөрсөн.

Ганцаардал гэснээс ганцаар байж, оюун санааны ертөнцөөр чөлөөтэй аялна гэдэг шиг хааяа гуниглах, харамсах, санагалзах, уйтгарлах гоё шүү дээ. Үүнээс өөртөө эрч хүч авдаг. Би их олон жил тэгж явсан. Эргээд бодоход олон сайхан эр хүн миний амьдралд таарсан. Магадгүй их олон жил хүний нууц амраг байх хувь тавилан надад оногдсон. Тийм байхыг би хүсдэггүй байсан. Хүсэхгүй хэрнээ миний амьдрал тийм л байсан. Тэгээд би ингэж амьдрахыг цаашид хүсэхгүй, хань ижилтэй болъё гэж бодож байсан тэр нөхцөлд энэ боломж маань ирсэн. Ханьтай болсон. Надад маш сайхан байна. Одоо би харин эргээд хааяа “ганцаараа үлдвэл..” гэж бодохоор айдас төрдөг /инээв/.

Яагаад энэ олон жил ганцаараа байж чадсан юм болоо гэж одоо бодож сууна. Тэр он жилүүдийг яаж өнгөрөөсөн юм. Би мэдээгүй байсан юм билээ. Надад заавал ч үгүй хажууд түшиж тулах хань хэрэгтэй юм гэдгийг би мэдээгүй өнгөрөөчихсөн юм байна лээ. Харин ханьтай болсныхоо дараа хань ижил надад гарцаагүй хэрэгтэй байсан юм байна гэдгийг одоо ирж ойлгож байна. Бид хоёр хамтдаа амьдраад гурван сар болж байна.

Ингэж ярьж байхдаа тэрээр уйлж байсан. Нэг их хөөрхөн алаг нүднээс нь нулимс урсаад л. Би ч тэсгэлгүй дагаад уйлахаар шахсан. Энэ гайхалтай бүсгүй үнэхээр чин сэтгэлээсээ, яриад суухад сэтгэл татам юм. Магадгүй түүний charm чин сэтгэлд нь оршдог биз.

-Та яасан хөөрхөн юм бэ Одноо эгч ээ, чин сэтгэлээсээ…

-Чин сэтгэл гэдэг өөрөө хүнээс үнэртдэг юм билээ. Түүнийг нууж болдоггүй. Хүний нүдний харц, хөдөлгөөн бүх юм мэдрэгдэж байдаг учраас чин сэтгэлийг нууж болдоггүй. Тийм учраас хүнд сайхан үгийг хэлэхэд чин үнэн сэтгэлийнх үү, үгүй юу гэдэг нь харагддаг. Эмэгтэй хүнд байх ёстой нэг чанар юм уу гэж би боддог юм. Манай ээж эмэгтэй хүн их нандин байх ёстой гэж ярьдаг юм. Нандин гэдэг нь өөрөө их гоё үг. Нандин гэдгийн цаана чин сэтгэл нуугдаж байна гэдэг гайхалтай.

Эмэгтэй хүн их ариун байх ёстой, хир буртаггүй. Тэр ч утгаараа эр хүнд хайрлагддаг юм болов уу. Нэг залуугийн яриа миний сэтгэлээс ер гардаггүй юм. Янз бүрийн бүсгүйчүүдтэй үерхэж, нөхөрлөөд явдаг залуу л даа. Миний танил. Энэ үгийг хэлэх үедээ миний танил нэг бүсгүйтэй үерхэж байсан юм. “Одноо, би олон бүсгүйчүүдтэй үерхэж явсан. Энэ хүн л надад таалагдсан. Энэ олон бүсгүйчүүд дундаас би энэ хүнийг л хайрлах байх. Яагаад гээч. Түүний чин сэтгэл нь надад мэдрэгддэг юм аа. Өмнөх бүсгүйчүүд бүгд худлаа байсан, хуурамч байсан. Тэр бүгд миний мөнгөнд дурлаж байсан” гэж ярьж байсан. Тэгэхээр эрчүүд ч гэсэн эмэгтэй хүн чин сэтгэлээсээ байна уу үгүй юу гэдгийг мэдэрдэг байх нь. Хүн угаасаа их мэдрэмжтэй амьтан шүү дээ.

-Уучлаарай, та хариулахгүй ч байж болно. Ингэхэд алаг нүдэн Одноогийн сэтгэлийн татсан тэр азтай залуугийн тухай тодорхой мэдэж болох уу?

-Нуугаад байх юу байхав. Бид хоёр хамт ажилладаг. Хамт байдаг болохоор сайхан байдаг юм. Хөдөө гадаа явах ч юм уу, тоглолттой үед хэн хэнийгээ оройтлоо энэ тэр гэх юм байхгүй. Хажууд болохоор түшигтай. Хоолоо идсэн ч хувааж иднэ. Сайхан л байна. Би бас айдаг. Энэ аз жаргал минь урт удаан үргэлжлээсэй. Ингээд хүрээд ирэнгүүт битгий богинохон байгаасай гэж залбирдаг. Амьдралд гэнэтийн зүйл их байдаг шүү дээ. Магадгүй бид хоёрын насны зөрөө их учраас амьдралын шаардлагаар хоёр тийшээ болж болно. Үүнд би бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мэдээж тэгэхгүй л гэж бид хоёр амьдарч байгаа. Гэхдээ амьдралд юу эс тохиолдох билээ. Хэзээ ч гэж амалж болдоггүй шүү дээ. Хоёулаа тэгэхгүйн төлөө амьдарна гэж нийлсэн. Магадгүй амьдралд тийм юм гарах юм бол бэлтгэлтэй л байх ёстой гэж бодож байна. Тийм юм тохиолдлоо гэхэд амьдарсан амьдрал маань тэр аз жаргалыг нөхөж чадах хэмжээний амьдрах хэрэгтэй.

-Олон жил ганц бие явсан таны хувьд энэ сонголтыг хийхэд амаргүй байсан байх? 

-Миний энэ сонголтонд магадгүй миний их ойрын танил гэр бүлийн залуухан хосууд гэнэт өөд болсон нь нөлөөлсөн. Тэгэхэд би үнэхээр “шок”-нд орсон. Тэгээд гэнэт сөхөө аваад эргээд бодсон чинь би үргэлж л бусдыг бодож амьдарч. Нэг хүнтэй танилцсан ч гэсэн эхнэрийг нь гомдоочихгүй юм шүү, хүүхэд өнчрүүлчих вий, гэр бүлийн жаргалыг үгүй хийж яахав гэж бодож бусдын төлөө амьдарч ирсэн юм байна. Өөрийнхөө төлөө, өөрийнхөө аз жаргал, хайр дурлалд сэтгэлээ зориулаагүй юм байна. Тэгээд би өөрийнхөө хайр дурлалд  сэтгэлээ зориулъя гэж бодсон. Магадгүй энэ жил миний амьдралд, миний оюун тархинд өөрийгөө хайрлах цоо шинэ сэтгэгдэл бий болсон. Тэр хоёр хүний төгсгөл надад тэгж гүнзгий нөлөөлсөн хэрэг. 

Би “Сэргээш-3” тоглолтоо хийж байхдаа зөвхөн нэг насны энэ амьдрал үнэтэй гэж бодож, амьдралыг хайрлах их олон сайхан мэдрэмж авсан хэрнээ өөрийгөө хайрлах талаар бас дутуу л бодсон юм билээ. Амьдралын үнэ цэнийг жинхэнэ утгаар нь би сая ойлгосон. Тийм ч учраас хэн юу гэж хэлэх нь хамаагүй өөрийнхөөрөө амьдармаар байна. Сайхан амьдараар байна. Би хайрламаар байна. Би ямар ч татлаа, түтлээгүй, ар гэр гэхгүйгээр хүнтэй амьдарч үзмээр байна. Би энэ сонголтоо хийсэн. Яг үнэндээ миний насныхан бүгдээрээ гэр бүлтэй хүмүүс байдаг шүү дээ. Тийм болохоор ард түмэн минь намайг буруутгахгүй байх аа. Би хэн нэгний эр нөхрийг булаагаагүй. Хэн нэгэн хүүхдийг өнчрүүлээгүй. Би өөрийнхөө бодсон амьдралаар өөрийнхөө хайрласан эр хүнийг сонгосон. Магадгүй их олон жил ганцаараа явсан болохоор миний эр хүнд хандах босго жаахан хатуу байсан байж болох юм. Гэхдээ энэ бүхнийг давж гарч чадсан болохоор би Баагийгаа /Т.Бархүү/хайрлахаас өөр аргагүй. Тэр надаас илүү зоригтой. Өмнө нь би бүх нөхцөл бүрэлдсэн ч гэсэн шийдвэр гаргаж чадахгүй байсан. Тэгэхэд надад зориг эрч хүч өгсөн хүн бол Баагий. Одоо хоёулаа залбирдаг, бид хоёрыг удаан хамт байлгаарай гэж.

-Сайхан мэдээ байна. Ингэхэд алаг нүдэн Одноо энгийн амьдрал дээр их энгийн чөлөөт маягаар, жийнс пүүзтэй явж байдаг гэж олон хүнээс сонсч байлаа. Уг нь хамгийн тансаг хувцаслах боломж гэвэл таньд л баймаар…

-Би ер нь энгийн байх дуртай. Хэт чамирхалд угаасаа дургүй. Чамирхаад байгаа хүн ч надад таалагддаггүй. Нэг их гоё хувцас өмссөнөөрөө бусдад гоё харагдах нь юу л бол. Аливааг харах өнцөг, үнэлэмжээс шалтгаалдаг зүйл.  Хүний гадна байдлаар бусдыг үнэлдэг хүмүүс байдаг. Миний хувьд гаднах өнгө төрх гэхээсээ илүү дотор хүнээр нь, оюун ухаанаар нь үнэлдэг. Угаасаа тийм хүмүүс цаанаа л гоё байдаг юм. Түүнээс гоё сайхан юм, гадаад төрх гэдэг богино настай хэврэг.

Хувцасны тухайд би жийнс ерөөсөө өмсдөггүй. Дэндүү сонин санагдаад байдаг юм. Магадгүй хар залуудаа хиртэй жийнстэй хүн их харсан болохоор тийм санагддаг байж болох юм. Пролетари хувцас шиг. Ялангуяа тайзан дээр жийнстэй гарна гэж санаанд ер буудаггүй. Хүн ийм амархан “штамб”-нд орж байгаа биз.

Охин маань харин одоо жийнс өмсөөч ээж ээ гэж ятгаад байгаа. Тэгэхээр нь би өөрийгөө бас л нэг юманд баригдаад байна даа гэж боддог юм. Би чөлөөтэй хувцаслахыг хичээдэг. Материалыг нь чухалчилдаг. Ер нь энгийн байх гоё ш дээ. Тэрнээс биш цаасан цэцэг шиг байх хэрэггүй. Брэнд, фирм л гэдэг. Зохисон л байвал хямдхан ч байсан болохгүй нь юу байгаа юм. Үнэтэй юм өмссөнөөрөө гоё харагддаггүй ш дээ. Заавал тийм фирм, ийм брэнд гэх шаардлагагүй. Тиймэрхүү юм яриад байгаа хүмүүс надад их сонин санагддаг. Хаашаа ч юм бэ, ямар улсууд тийм юм ярьдаг юм. Надад бол ядуу л санагддаг.

Цаг зав гаргаж, чин сэтгэлээсээ яриа өрнүүлсэнд баярлалаа. Танд амжилт, аз жаргал хүсье!  

Жүжигчин И.Одончимэгтэй энэ ярилцлагыг 2 жилийн өмнө хийж байж. Сэтгүүлчийнхээ хувьд түүний дотрыг уудалж чадсандаа мэргэжлийн их кайф авч билээ. Тод, том дотоод ертөнцтэй хүмүүстэй ярилцана гэдэг бидний мэргэжлийн хамгийн сайхан тал нь байдаг. Тийм боломж олгож, “БИ” гэх дотоод ертөнцөө тод тунхаглаж, хачин эрхэмсэг хэрнээ илэн далангүй ярилцсан Одноо эгчид дахиад баярлалаа гэж хэлмээр байна. Цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ алдахгүй энэ ярилцлагыг дахин нийтэлсэндээ ч таатай байна. Алаг нүдэн бүсгүй чухам энэ ярилцлагаараа анх удаа гэр бүлтэй болсноо албан ёсоор зарлаж билээ. Одоо ч тэд хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа. Алаг хөөрхөн нүднээс нулимс унагаж чадсан тэр залуу мэдээж жүжигчин Т.Бархүү.

Ярилцсан М.Уранчимэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    gaihaltai huchtei emegtei
    2014 оны 10 сарын 28 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025