Зууны манлай дуурийн дуучин хэмээх алдартаа илүү хайртай хэмээн онцолсон Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасан гуай өдгөө 70 насны сүүдэр зооглож буй. Гэлээ гэхдээ тэр Хөгжим бүжгийн коллеждоо багшилсаар явна. Хөл жаахан муу, нулимс ойрхон болсноос биш дал хүрсэн гэхээргүй толиотой, гялалзаж сууна. Сонгодог урлагийн буян юм болов уу. Хэд наслахаа мэдэхгүй, хэрвээ цаг хугацаа олдвол надад байгаа бүхнээ хойч үеийнхэндээ үлдээхийг хүсэж, цаг хугацаатай өрсөж сууна, ядахдаа театрын сайн үзэгч бэлдээд үлдээхсэн хэмээсэн түүний 70 насны ойд дуурийн театрын 9 гоцлооч буюу 9 примадонна хүндэтгэл үзүүлэх тоглолтыг саяхан хийсэн юм. Тоглолтын турш нүдэндээ нулимс цийлэгнүүлсэн зууны манлай, домогт примаддона цагтаа агуу их Оросын “Большой театр”-т дуулж, сонгодог урлагаар дэлхийг дэглэж явсан цуутай хатагтай. Агуу их Уртнасан гэхэд баргийн төрийн өндөрлөгөөс хүндэтгэж, сүрдэж хүлээж авдаг байсан домог мэт яриа бол ердөө өнгөрсөн зууных. Бидний амьдарч явсан 20-р зууны сүүл үеийнх. Түүний залуу нас, гоо үзэсгэлэнт төрхийг өнөөгийнхтэй нь харьцуулан харахад танд юу бодогдож байна.
Сэтгэгдэл байхгүй байна