Энэ удаагийн 84 дэх “Оскар”-ын шилдэг киноны шагналыг франц найруулагч Мишель Хазанавичусын “Уран бүтээлч” гэх дуугүй кино хүртлээ. Энэ нь Оскарын түүхэнд дөнгөж хоёр дахь удаа дуугүй кино шилдгээр тодорч байгаа онцгой тохиолдол юм. Хамгийн анхны Оскарын шагнал гардуулах ёслол буюу 1929 онд “Далавчнууд” гэх дуугүй кино шилдгээр шалгарч байсан билээ. Шилдгийн шилдэг шагналыг Холливуудын нэрт жүжигчин Том Круз найруулагч Мишель Хазанавичуст гардуулан өгөв. Францын азтай, одтой уран бүтээлчид тайзан дээр франц үнсэлт гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь харуулсан аж. Францын кино урлагийг өндөрт өргөсний төлөө Ерөнхийлөгч Николя Саркози киноны багийнханд баярын цахилгаан илгээсэн байна. Өнгөрсөн жил “Оскар”-ын шилдэг киноны шагналыг хүртсэн Английн найруулагч баярласандаа хэлээ залгиж, загас мэт дуугүй байсан бол энэ жил Франц найруулагчийн ярьж буйг хэн ч ойлгосонгүй гэж ажиглагчид бичиж байна. Уламжлал ёсоор өнгөрсөн оны “Оскар”-ын шагналт жүжигчин Натали Портман тайзнаа шилдэг эрэгтэй дүрийн шагналын эзнийг зарласан юм. “Уран бүтээлч” киноны гол дүрээр Францын жүжигчин Жан Дюжардин энэ хүндтэй шагналыг хүртлээ. Жан Дюжардин шагнал гардан авахдаа “Би Франц оронд хайртай“ гэж дуу алдан хэлжээ. Харин шилдэг эмэгтэй дүрийн шагналын эзнээр Их Британийн Ерөнхий сайд агсан Маргарет Тетчерийн дүрийг бүтээсэн жүжигчин Мерил Стрийп шалгарчээ. Түүнд шагналыг нь “Оскар”-ын шагналт жүжигчин Колин Фёрт гардуулан өгчээ. “Крамер vs Крамер”, “Буга намнаач” зэрэг киноны түүхэн дэх сор болсон бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин тайзнаа “Би ахиад хэзээ ч ийм их амжилт гаргаж чадахгүй гэдгээ ойлгож байна” гэжээ.
1. Шилдэг кино- Мишель Хазанавичус /Уран бүтээлч/
2. Шилдэг эрэгтэй дүр- Жан Дюжардин /Уран бүтээлч/
3. Шилдэг эмэгтэй дүр- Мерил Стрийп /Төмөр хатагтай/
4. Уран сайхны шилдэг найруулга- Данте Феретти /Хюго/
5. Шилдэг найруулагч- Мишель Хазанавичус /Уран бүтээлч/
6. Шилдэг эмэгтэй туслах дүр- Октавиа Спенсер /Тус/
7. Шилдэг эрэгтэй туслах дүр- Кристофер Пламмер /Анхдагчид/
8. Шилдэг кино зохиол- Вуди Аллен /Парисын шөнө/
9. Шилдэг нүүр хувиргалт- Брит Марк, Рой Хелланд /Төмөр хатагтай/
10. Шилдэг зураг авалт- Роберт Ричардсон /Хюго/
11. Шилдэг хувцас дизайн- Марк Бриж /Уран бүтээлч/
12. Гадаад хэл дээрх шилдэг кино- Асгар Фархади /Салан тусгаарлалт/
13. Шилдэг эвлүүлэг- Керк Бакстер, Ангус Волл /Луугийн шивээстэй бүсгүй/
14. Шилдэг дууны найруулга – Филипп Стоктон, Ежени Герти /Хюго/
15. Шилдэг дууны эвлүүлэг- Том Флейшман, Брит Жонн /Хюго/
16. Шилдэг баримтат кино- TJ Мартин, Дэн Линдсей, Рич Миддлмас /Undefeated/
17. Шилдэг анимейшн бүтээл- Гор Вербински /Ранго/
18. Шилдэг визуал эффект- Роберт Легато, Жосс Уильямс, Бен Гроссман, Алекс Хеннинг /Хюго/
19. Шилдэг киноны хөгжим – Людовик Бурс /Уран бүтээлч/
20. Киноны шилдэг дуу- "Man or Muppet" Брет Маккензи /The Muppets/
21. Дахин бүтээсэн шилдэг кино- Александр Пейн /Үр удам/
22. Шилдэг богино хэмжээний кино- Терри Жорж /Эрэг/
23. Богино хэмжээний шилдэг баримтат кино- Дэниэл Жанж, Шармин Обейд-Чиной
24. Богино хэмжээний шилдэг анимейшн кино- Уильям Жойс, Брэндон Олденбург /Ноён Моррис Лессморын шидэт номнууд/

Шилдэг эмэгтэй дүр- Мерил Стрийп /Төмөр хатагтай/

Шилдэг эрэгтэй дүр- Жан Дюжардин /Уран бүтээлч/

Сэтгэгдэл байхгүй байна