3. Пабло Пикассо: Дора Маар мууртай хамт
Үнэ: 95,200,000 ам.доллар
Дахиад л Пабло Пикассо. 2006 оны 5-р сард “Sotheby” дуудлага худалдаан дээр бас нэгэн дуулиан дагуулсан томоохон худалдаа болсон нь “Дора Маар мууртай хамт” хэмээх бүтээл. Суут зураачийн 50 гарсан насандаа сэтгэл алдарч, хамтдаа амьдарч байсан Дора Маар хэмээх бүсгүйг Пабло Пикассо олон бүтээлдээ мөнхөлсөнөөс хамгийн алдартай, өндөр үнэд хүрсэн нь эл зураг юм.
Этгээд сонин амьдралтай түүний гол шүтээн нь эмэгтэй хүн байсан төдийгүй дурламтгай Пикассогийн эхнэр эсвэл нууц амраг нь солигдоход дагаад уран бүтээлийнх нь арга барил, өнгө төрх өөрчлөгддөг байв. Зурагт дүрслэгдсэн Дорагийн хувьд түүнийг нэлээн нас дээр гарсан хойноо дурласан бүсгүй бөгөөд тухайн үедээ сюрреалистуудын анхаарлын төвд байсан энэ үзэсгэлэнт бүсгүйн урт хар үс, сайхан уруул, эршүүд занд нь татагдаж хэт дурласан байв. Ингээд суутны уран бүтээлд шинэ дүр, чичирхийлж долгиотсон шинэ өнгө гарч ирлээ. Эл бүтээл 1941 онд зурагдсан бөгөөд Нацистын эзэрхийллийн үед нэгэн цуглуулагчийн гарт орж түүнээс 1963 онд Мэри Блок хэмээх эр худалдан авчээ. Үүнээс хойш олон нийтийн өмнө гарч ирээгүй бүтээл 2006 онд гэнэт гарч ирж дуудлага худалдаагаар өндөр үнэ хүрсэн нь энэ.
4. Винсент ван Гог: Доктор Гачетын хөрөг.
Үнэ: 82,500,000 ам.доллар
“Би хэдий аймаар хөгшин, ууртай, бие муутай, ядуу болох тусам ямар ч өөгүй гялалзсан тунгалаг өнгийг бүтээж надад оногдсон хувь тавилангаас өшөөгөө авахыг хүсч байна” хэмээн ярьж байсан, ердөө 37 жил насалсан, Голландын суут зураач, постимпрессионизмын мастер Винсент ван Гогыг чихээ огтолж, чихээ огтолсон хөргөө зурж, эцэстээ амиа хорлож ертөнцөөс хальсаныг мэдэхгүй хүн ховор байх аа. Туйлын ядуу зүдүү, зүрх эмтэрэм хувь тавиланг туулсан түүний амьд сэрүүн ахуйдаа зарсан ганц бүтээл нь “Арли дахь усан үзмийн талбай” хэмээх бүтээл. Үхсэн хойноо алдаршсан Ван Гог амьдралынхаа сүүлийн нэг сар эмчлүүлж байсан эмчийн хөргийг “Доктор Гачетын хөрөг” бүтээлээрээ мөнхөлж үлдээсэн нь хамгийн их үнэд хүрсэн бүтээл болсон юм. Японы бизнесмэн Рой Сайто хэмээх баян эр түүнийг 82,5 сая ам.доллараар худалдан авч шуугиан дэгдээлээ. Хачирхалтай нь 1996 онд өөд болсон Сайто нас барсаных нь дараа зургийг чандарлахыг хүсэж байсан боловч зураг одоо хүртэл хадгалагдаж байна.
Ширээ түшин, шанаагаа тулж бодолд автан суугаа эмчийг уйтгар гунигтай, харсан хүн болгон нэгийг бодохоор төсөөлж зурсан. Гунигтай хэрнээ эелдэг зөөлөн, ухаалаг, мэдээж хөрөг бүрт байх ёстой тунгалаг байдалтай дүрсэлсэн хэмээн Ван Гог онцолсон байдаг.
5. Пьер-Аугуст Ренуар: Мулен де ла Галет
Үнэ: 78,000,000 ам.доллар
“Доктор Гачетын хөрөг”-ийг 82,5 сая ам.доллараар худалдан авсан Япон бизнесмэн Сайто 1990 онд энэхүү бүтээлийг 78 сая ам.доллараар худалдан авсанаар бүх цаг үеийн хамгийн өндөр үнэ хүрсэн топ 10 уран зургийн тавд жагссан юм. Франц зураач, импрессионизмыг үндэслэгчдийн нэг, амьдралын гэрэл гэгээ, баяр баясгаланг цацруулсан бүтээлүүдээрээ алдартай Пьер-Аугуст Ренуар энэхүү бүтээлээ 1876 онд бүтээжээ.
Монмартр уулын орой дээрх хуучин тээрмийг засч янзлан урлагийнхан цугладаг цэнгээний газар болгожээ. Чухам тэнд цугласан дотны нөхдөө моддын навчсыг нэвт гийгүүлэх нарны замхарсан туяанд уран дүрсэлсэн “Мулен де ла Галетт” бүтээл Ренуарын уран бүтээлийнхээ оргил үед бүтээсэн туурвил юм. Харж байгаа зүйлээ яг тэр чигээр нь, байгалийн гэрэл сүүдрийг натурал байдлаар нь гаргахыг зорьдог байсан нь энэ бүтээл дээр ч харагддаг. Тиймдээ ч түүний бүтээлүүд тод, өнгөлөг байдлаараа бусдаас ялгарсаар иржээ.
Сэтгэгдэл байхгүй байна