"Өөжинмед” үр шилжүүлэн суулгах төвийн шинэ байрны нээлт өнөөдөр (2018.06.28) боллоо. Гурван жилийн ойтой эмнэлэгийн үйл ажиллагаа, хүчин чадлыг өргөтгөсөн энэ нээлт давхацжээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 240 гаруй хүүхдийг энэ хорвоод хүн болж ирэх гэрэлт замыг бий болгосон тус төвийг олимпийн аварга Э.Бадар-Ууган, түүний гэргий Х.Азжаргал нар үүсгэн байгуулсан.
Анх эмнэлэг яагаад нээх болсон, Үр шилжүүлэн суулгах эмчилгээ, үйлчилгээг Монголд хэрхэн нутагшуулсан талаар “Өөжинмед” төвийн Гүйцэтгэх захирал Х.Азжаргал “Их сонин тохиолдлоор эмнэлэг байгуулах ажил эхэлсэн. 2009 онд бид хоёр Асашёорюү аваргын урилгаар Япон явсан юм. Тэгж очихдоо “Kato Ladies Clinic” эмнэлгийн үүсгэн байгуулагч Като захиралтай танилцсан. Като захирал их аваргыг дэмждэг, мөн боксын спортод сонирхолтой, тамирчдад хайртай хүн байсан. Тэр үед манай хүн мэргэжлийн бокст тоглоё гэсэн бодолтой байсан. Като захирал мэргэжлийн бокс сонирхдог байсан учраас эхлээд тийшээ ороход туслах талаар ярилцдаг байсан. Харин дараа нь өөрийн эмнэлгээ танилцуулж, жирэмслэлтийн хувиараа дэлхийд тэргүүлдэг төвийнхөө салбарыг Монголд нээж болно. Хэрэв та хоёр чадна гэвэл насан туршийн амьдралд нь хэрэг болох энэ эмнэлгийн ажлыг эх орондоо эрхлээд явуулах уу гэдэг санал тавьсан. “Миний энэ ажил их буянтай үйл. Бусад хүмүүст аз жаргал бэлэглэдэг” гээд санхүүгийн хувьд ч дэмжлэг үзүүлж, мэргэжлийн нөхцөл боломжоор хангая гэсэн. Нээрэн л тийм гэдгийг одоо өдөр ирэх тусам л ойлгож байна. Бид хоёр ч эхлээд энэ саналаас их сүрдсэн, үнэн дээ. Монголд яг тэр үед үр шилжүүлэн суулгах ажилбар хийгдэж байгаагүй. Мэргэжилтэн байхгүй. Тийм болохоор эхлээд их эргэлзсэн. Нилээд ярилцаж, бодож байгаад Като захирлын саналыг хүлээж авсан. Ингээд зургаан жилийн хугацаанд төсөл хэлбэртэй явсан. Бэлтгэл ажил хангаад. Япончууд маш нарийн тооцоотой, хариуцлагатай хүмүүс юм билээ. Тэр хугацаанд бараг төслийг зогсоох хүртэлх хэмжээний асуудал ч гарч байсан. Эргээд бодоход энэ хоёр үнэхээр чадах уу, чин хүсэл, зүтгэл байна уу гэх мэтээр хамтрагчаа судалж, турших гэсэн хэлбэр ч байсан байж магадгүй” хэмээн ярьсан юм.
-“2017 онд 100 хүүхдийн баяр гэж тэмдэглэсэн байсан. Эмчилгээний үр дүнд хэчнээн хүүхэд төрсөн байдаг вэ?” гэсэн асуултад тэрбээр “240-өөд хүүхэд. Одоо амаржихаа хүлээж байгаа 100 гаруй ээж байгаа” гэсэн бахархалтай хариулт өгсөн байв.
Монголын хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн эмнэлгийн цогц үйлчилгээ үзүүлж буй буянт үйлсийн өсөн дэвжиж буй үйл ажиллагааг дэмжиж, Үр шилжүүлэн суулгах төвийн нээлтэд баяр хүргэхээр олон салбарыг төлөөлсөн нэр хүндтэй зочид ирсэн юм. “Бяцхан амьдралын төлөө бид хамтдаа” уриатай “Өөжинмед” эмнэлэг өнөөдрөөс эхлэн Хан-Уул дүүрэг, 120 мянгатад “Монгол Хьюндай” шоурүүмийн зүүн талд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Т.ЦЭНГЭЛ
Сэтгэгдэл (1)