ХААН банк Өрсөлдөөний хууль зөрчжээ
2018/05/21

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас (ШӨХТГ) иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хийсэн шалгалтын талаар өнөөдөр (2018.V.21) мэдээлэл хийв. Ингэхдээ Хаан банк, Шатахуун түгээх станцууд, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төв, дэлгүүр, хууль бус зар сурталчилгаанд хийсэн хяналт, шалгалтын үр дүнгээс танилцууллаа. 

ШӨХТГ-аас Хаан банкны хууль бус үйлдэлд хариуцлага тооцож, Өрсөлдөөний тухай хуулийн дагуу торгууль ногдуулжээ. 

ХААН банк Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа эрхлэгч, даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20 мянган төгрөг байсныг нэг сая төгрөг болгосон, данс хөтлөлтийн хураамж гэж авдаггүй байсныг сар бүр 5000 төгрөг авахаар шийдвэрлэсэн байжээ. Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд дансны гүйлгээг хязгаарлаж, зарлагын гүйлгээ хийгдэхгүй болохыг анхааруулсан мэдэгдэл хүртэл хүргүүлсэн байжээ. 

Ингээд ШӨХТГ-аас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгахад, Хаан банкны дээрх үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, зах зээл дэх өөрийн давамгай байдлаа буруугаар ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул 493 сая 387.520 төгрөгийн торгууль ногдуулжээ. Аж ахуйн нэгжүүдээс ШӨХТГ-т ирүүлсэн уг гомдол, мэдээллийн дагуу хийсэн шалгалтын дараа Хаан банк дээрх шийдвэрээ цуцалсан байна. Зах зээл дэх давамгай байдлаа ашиглан хууль зөрчиж, иргэд, байгууллагыг хохироохгүй байхыг ШӨХТГ-аас анхааруулав. 

Тус хэвлэлийн хурлаар мөн ШӨХТГ-аас чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд, иргэд, хэрэглэгчид, аж ахуй нэгжийн гомдол, мэдээллийн дагуу зохион байгуулсан хяналт, шалгалтууд болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан орон даяар зохион байгуулж буй “Хүүхэд хэрэглэгч” аяны үйл ажиллагаа, явцын талаар мэдээлэл өгсөн. 

Тус газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд хэрэглэгч” аяныг тавдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 1-ний хугацаанд хүртэл зохион байгуулах аж. Аяны хүрээнд баярын өдөр Сүхбаатарын талбайд хэрэглэгчийн булан ажиллуулах ба дэлгүүр, худалдааны төвүүдэд худалдаж буй хүүхдийн бэлгэнд хяналт шалгалт хийж эхэлжээ.

Б.БИЛЭГ
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин