“Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон бусад албаны төлөөллүүд, 40 гаруй байгууллагын ажилтан албан хаагчид, нийслэлийн иргэд оролцлоо.
Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан юм.
Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхт 90 жилийн ой нь тохиож буй Нэгдүгээр төрөх буюу Нийслэлийн өргөө амаржихын хашаанд эмнэлгийн ажилчдын хамт мод тарилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Мод тарих үндэсний өдөр зарлах тухай зарлиг гарснаас хойшх долоон жилийн хугацаанд 10 сая гаруй мод тарьснаас 7 сая гаруй нь ургасан байдаг талаар дурдаад бүх нийтээрээ мод тарих нь зөв ч мод суулгах, тарихдаа мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг авах, мод тарьсны дараа арчилгаа, ургалтад маш сайн анхаарах ёстой талаар ярьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон эмнэлгийн ажилчдад өмнийн говьд 150 мянга гаруй мод болон говийн нэн ховор, ховордсон ургамлуудыг тарьж, есөн га талбайг ойжуулж, усжуулсан Байгаль орчны гавьяат ажилтан Д.Бараадууз мод тарих, цаашид хэрхэн арчилж хамгаалах талаар зөвлөгөө өгсөн юм.
С.Эрдэнэтуул: Ундны усыг хамгаалах хамгаалалтын зурвас хэлбэрээр 5000 мод тарина
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ нийслэл хотын ногоон байгууламжийн массыг нэмэгдүүлэх, эрүүл эко орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд жил бүрийн 5,10 дугаар сард "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулж байна. “Хүн бүхэнд цэвэр агаар, Мод бүхэнд ус” уриатай хаврын мод тарилтын нээлтийн үйл ажиллагаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өнөөдөр /2018.05.12/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НЗДТГ-ын удирдлага, албан хаагчид, НИТХ-ын төлөөлөл оролцлоо.
Мөн Монгол Улсын их хурлын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Дулааны III цахилгаан станц ТӨХК, “Орчлон” дунд сургууль, Улаанбаатар бүрэн дунд сургууль, “Моннис” групп, Монгол банк, Монгол Улсын Хөгжлийн банк, Олон улсын энэрлийн байгууллага зэрэг 40 гаруй иргэн, байгууллага хамт олон оролцож ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр орууллаа. Мөн өмнөх жилүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьсан иргэд, байгууллагууд тарьсан модондоо арчилгаа, усалгаа хийж оролцов.
Энэ жилийн хаврын мод тарилтаар хайлаас, чацаргана, монос, голт бор, улиас, гацуур, нарс, шар хуайс гэсэн 8 төрлийн нийт 5000 орчим мод таригдах юм.
“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга С.Эрдэнэтуул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгдүгээрт эрэмбэлэгдэх зорилго бол нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах. Үүний тулд бид ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд анхаарч, жил бүрийн хавар, намрын мод тарилтаар ундны усны зурвас дагуу шинэ тарилтыг төлөвлөн мод тарьж байна” гэлээ.
Сэтгэгдэл байхгүй байна