“U film” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драм тавдугаар сарын 4-нд үзэгчдийн хүсэн хүлээсэн тоглолтоо тавилаа. Жүжгийг дан эмэгтэй уран бүтээлчид бүтээснээрээ онцлог.
Зохиолч Р.Эмүжин, найруулагч Ц.Баясгалан, хөгжмийн зохиолч Б.Ангирмаа, дизайнер Ариунаа Сүри, жүжигчин Г.Ундармаа болон шинэ залуу үеийн төлөөлсөн, жүжигчин С.Идэрмаа нарын таван бүсгүй өргөө гэрт үзэгчдийг урьж, урьд байгаагүй шинэ орчинд драм амилууллаа.
Тэдний дэглэсэн модерн драм цугласан бүсгүйчүүдэд эр хүний тухай халуухан шивнээ өрнүүлэх боломжийг олгосон гэлтэй.
Үзэгчид бараг тэр чигээрээ эмэгтэйчүүд. Зарим нь нулимстай, зарим нь бодлогоширсон... Бүгд сэтгэлдээ өөр өөрийн бодол, бодролоо түүсэн мэт.
Таван бүсгүйн хамтарсан шинэ бүтээл эмэгтэйчүүд юу бодож, юунд шаналж, юунд эмзэглэж, чухам юунд дурлаж явдгийг залуусын сэтгэлийн толионд үлдээж чадахаар модерн драм болжээ. Эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн, мөн чанар юунд оршдогыг мэдрэхийг хүссэн эрчүүдийг энэхүү драмд уримаар санагдав.
Та, би, чи хэн ч Ангарагаас ирсэн байж болно. Харин Ангарагт үлдэхийг хүсэх хүсэл нь дийлэх болов уу? Өөрийгөө тагнаад үзээрэй, хүүхнүүд ээ.
“Ангарагаас ирсэн эмэгтэй” модерн драмыг “Асем Вилла”-гийн өргөө гэрт тавдугаар сарын 17-ныг хүртэл тоглоно.
Т.БАТЦЭНГЭЛ
Сэтгэгдэл байхгүй байна